Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Э , түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э ад холбогдох 17050001490022 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкийн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт суух, ял шийтгэлгүй, Э  . Шүүгдэгч Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э  мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э ын өгсөн: “... Тухайн үед миний гар утас алга болчихсон байсан учраас Цогтбаатарыг миний гар утсыг авчихлаа гэж бодоод цохисон юм. Тэгтэл Цогтбаатар аваагүй, харин манай орцны цэвэрлэгээг хийх гэж байсан жижүүр байсныг мэдээд Цогтбаатар ахаас уучлалт гуйж хохирлыг нь бүрэн барагдуулсан. Би Цогтбаатар ахыг цохиж гэмтээсэндээ гэмшиж байгаа бөгөөд Цогтбаатар ахаас сайн дураар уучлалт гуйж сайн дураар эвлэрч хохирлыг барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч Л.Цогтбаатарын өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын 30-ны өглөө 7 цаг 10 минутын үед цэвэрлэгээ хийх гээд дээшээ гарах гэрэд лифтний үүдэнд цагдаа цамцтай согтуу хүн байсан. ... Тэгээд би хамт амьдардаг П.Батсүхийн хамтаар 12 давхарт гараад цэвэрлэгээ хийх гэхэд нөгөө залуу араас гарч ирээд өмднийхөө суран бүсийг гартаа барьчихсан ирээд ямар нэг үг дуугаралгүй шууд зүүн талын нүд рүү 1 удаа цохисон. ... тэгээд 15 орчим минутын дараа тухайн залуу дахин орж ирээд миний гар утас, түрүүвчийг өгөхгүй бол ална шүү гэж хэлээд зогсоод байхаар нь дахин цагдаагийн 102 дугаар руу залгахад өмнө ирсэн ахмад ирээд нөгөө залууг аваад явсан ... Э  гэж залуу гэнэт л цохиод авсан. Дараа нь Э  надад хэлэхдээ гар утас алга болчихсон учраас таныг цохичихлоо гэж уучлалт гуйсан. ... Э  надаас уучлалт гуйж 100,000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн тул надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 17 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 05- ны өдрийн 8617 дугаар: 1. Цогтбаатарын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ болон, Шүүгдэгч Э ын хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч С.Энхтайван мэдүүлэхдээ: “... Би Э тай 1996 онд хамт ажилладаг байж байгаад танилцаж одоог хүртэл сайн найз нөхөд байгаа. Э  бид 2 Айр карго экспрэсс нэртэй компани байгуулж агаарын тээвэр зууч чиглэлээр одоог хүртэл үйл ажиллагаа явуулж Э  захирлаар нь ажиллаж байгаа. Э  эхнэр, 2 хүүхэдтэй. 2006 онд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж салсан. Одоогоор ээжтэйгээ хамт амьдардаг. Хүнтэй нийтэч зантай,ээждээ халамжтай ...” гэх мэдүүлэг /хх-н 39/, - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүгдэгч Э ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Э ад 453 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 453,000 төгрөгөөр торгох ялын саналаа яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Э  нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны Баянгол дүүргийн 17 дугаар хороо 66 дугаар байрны гадаа иргэн Л.Цогтбаатарыг цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Э ын өгсөн “...Тухайн үед миний гар утас алга болчихсон байсан учраас Цогтбаатарыг миний гар утсыг авчихлаа гэж бодоод цохисон юм. Тэгтэл Цогтбаатар аваагүй, харин манай орцны цэвэрлэгээг хийх гэж байсан жижүүр байсныг мэдээд Цогтбаатар ахаас уучлалт гуйж хохирлыг нь бүрэн барагдуулсан. Би Цогтбаатар ахыг цохиж гэмтээсэндээ гэмшиж байгаа бөгөөд Цогтбаатар ахаас сайн дураар уучлалт гуйж сайн дураар эвлэрч хохирлыг барагдуулсан...” гэх, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Л.Цогтбаатарын “...2017 оны 6 дугаар сарын 30-ны өглөө 7 цаг 10 минутын үед цэвэрлэгээ хийх гээд дээшээ гарах гэхэд лифтний үүдэнд цагдаа цамцтай согтуу хүн байсан. ... Тэгээд би хамт амьдардаг П.Батсүхийн хамтаар 12 давхарт гараад цэвэрлэгээ хийх гэхэд нөгөө залуу араас гарч ирээд өмднийхөө суран бүсийг гартаа барьчихсан ирээд ямар нэг үг дуугаралгүй шууд зүүн талын нүд рүү 1 удаа цохисон. ... Э  гэж залуу гэнэт л цохиод авсан. Дараа нь Э  надад хэлэхдээ гар утас алга болчихсон учраас таныг цохичихлоо гэж уучлалт гуйсан. ... Э  надаас уучлалт гуйж 100,000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн тул надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8617 дугаар дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Э ын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар Э ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналыг гаргав. Шүүгдэгч Э ын үйлдсэн гэмт хэрэг нь танхайн сэдэлтээр үйлдэгдсэн байх тул түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгдэгч Э ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Хохирогч Л.Цогтбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “...Э  надаас уучлалт гуйж 100,000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн тул надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх /хх-н 17/ мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Э ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э ыг торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ