Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 117/ШШ2021/0009

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жид холбогдуулан гаргасан “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Б.Цд холбогдох шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “... улсын байцаагч А.Ж нь ... Б.Ц нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр маршрутын бус замаар тээвэр хийж хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх журам зөрчсөн ...” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Б.Цд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянахад:

1. ... шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт холбогдогчийн овог нэр, регистр, ажил, албан тушаал, хаягийг бичээгүй, зөрчлийг мэдүүлгээр нотлогдсон гэж бичсэн боловч мэдүүлгээр тухайн зөрчил нь нотлогдоогүй, бусад нотлох баримтаар нотлоогүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээ хэсэгт Зөрчлийн тухай хуулинд заасан хэмжээ нэгжээр бичээгүй 50000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан. Мөн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар тодорхой бичээгүй, ямар хуулийн зүйл заалтаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байгаа талаар бичээгүй, зөрчил үйлдсэн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн болохыг тогтоогоогүй болох нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ... “, 4.14 дүгээр зүйл “... Нотлох баримт ...”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “... эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ ...”, 3.5 дугаар зүйл “ Хууль ёсны төлөөлөгч”, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалгасан он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн.

2. Улсын байцаагч А.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Цд маршрутын бус замаар тээвэр хийж хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх журам зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн А хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр холбогдогч Д.Цд ... дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Б.Ц нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус тусад нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон .... А.Жийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Цд    шийтгэл    оногдуулсан    шийдвэрийг      хүчингүй    болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү 2021.02.08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлэхдээ:  “... улсын байцаагч А.Жид холбогдох, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Б.Цд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.

Хариуцагч А.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Зөрчлийн тухай хуулийн 7.2-р зүйлийн 7 “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг Засгийн газар батална” гэж заасан байдаг. Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтаар “Шийтгэлийн хуудас”-ны маягт баталсан байдаг. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай маягтад нэгжээр бичих хэсэг огт байхгүй.   Харин уг маягтын шийдвэрлэх хэсгийн 2 дахь заалтад төгрөгөөр бичихээр заасан байгаа тул үүний дагуу бичсэн болно.

 Прокурорын дүгнэлтэд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан мэтээр бичсэн ба улсын байцаагч миний бие 2019 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа огт явуулаагүй болно. Прокурор нь улсын байцаагчдын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хянаж үзэхдээ удирдамж, төлөвлөгөөгүйгээр хийж, дуртай үедээ татан авч шалгаж байгаа нь Монгол Улсын ерөнхий прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар баталсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар” -ын 4.12.1 “Прокурор нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг удирдамж төлөвлөгөөний дагуу улиралд 3-с доошгүй удаа шалгана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 4.1.4 “хөрс хамгаалах” гэж хөрсийг хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр доройтохоос хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хөрс хамгаалахад авах нийтлэг арга хэмжээг заасан бөгөөд 6.1.6 “олон салаа зам гаргахгүй байх” гэж тус тус заасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгосон нь хуульд нийцэж байгаа болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл /Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх/-ийн 1.1, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, зөрчил үйлдэгдсэн, ... зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол газар дээр нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгагдсан. Холбогдогч Б.Ц нь нүүрсийг тээвэрлэх үндсэн маршрутын дагуу тээвэрлээгүй, шинэ зам гаргаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн тул хөрс хамгаалах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх журмыг зөрчсөн гэж торгууль оногдуулсан болно” гэжээ.

  Хариуцагч 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  “... Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичигт нэмэлт санал байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна” гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч А.Жад холбогдуулан “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Б.Цд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичиж ирүүлсэн  ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т зааснаар маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж өөрчилжээ.

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалаас үзэхэд холбогдогч Б.Ц нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ... дугаартай актыг биелүүлж, 50 нэгжтэй тэнцэх буюу 50000 төгрөгийн торгуулийг төлсөн байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эсэх талаар 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 21 тоот албан бичгээр тодруулсантай холбоотой болно.

Хариуцагч     улсын     байцаагч      А.Ж    нь     өөрчилж    ирүүлсэн нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гардан авч, уг шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Хариуцагч А.Ж нь Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Тодруулбал шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хүлээн авснаар нэхэмжлэгчийн ашиг сонирхол хамгаалагдах нөгөө талаас зөрчилд холбогдогч Б.Ц нь зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулийг бүрэн төлсөн, хуулийн хугацаанд холбогдох байгууллагад гомдлоо гаргаагүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.  

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жд холбогдуулан гаргасан “2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 0152325 дугаартай Б.Цд холбогдох шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоохшаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч улсын байцаагч А.Жийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                              В.Ц