Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2026/0229/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Э.Улаанаа,

Хохирогч*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******ид холбогдох эрүүгийн 2618000000134 дугаартай хэргийг 2026 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1974 оны 06 сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Хонгор сум, 02 дугаар баг,*******, хөдөө тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2025 оны 09 сарын сүүлээс эхлэн 2026 оны 01 сарын 27 хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт өөрийн эхнэр*******г бусадтай хардсан шалтгаанаар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин*******гийн байнга унаж хэрэглэдэг өөрийн өмчлөлийн Toyota sai маркийн******* ДАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байршил заагч зориулалттай GPS төхөөрөмж байршуулсан бусдын хувийн орон зайд дур мэдэн хөндлөнгөөс орж хянах замаар*******г мөрдөн мөшгөсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн: Адуугаа зараад тоог нь багасгахад илүү гарсан GPS төхөөрөмжийг өөрийн эзэмшлийн хоёр машиндаа хуваагаад хийсэн. Ингэж хийсэн зорилго нь машин явж байгаад эвдэрвэл очих зорилготой байсан. Түүнээс би эхнэр*******г хардаад очиж байсан зүйл байхгүй. Би энэ төхөөрөмжийг машиндаа хийсэн талаар эхнэртээ хэлээгүй. Учир нь миний эзэмшлийн машин тул хэлээгүй гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

Гэмт хэргийн талаарх хүлээн авсан тэмдэглэл, хохирогч*******гийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, өргөдөлдөө хавсаргасан тээврийн хэрэгсэл дотор байрлуулсан адууны GPS төхөөрөмжийн гэрэл зургууд /хх-ийн 2-6/,

Хохирогч*******гийн: Манай нөхөр ******* нь маш их хартай намайг ажил, гэр, хүүхдийн сургуулиас өөр чиглэлд явах юм бол харддаг, хардахаараа янз бүрээр харааж дарамталдаг. Би өөрийн унадаг Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг унахгүйгээр өөр хүний машинд буюу найз нөхдийнхөө машинд суучих юм бол “чи яагаад өөр хүний машинд суув, юу хийж яваад байгаа юм. Наадуул чинь секс хийх залууг чинь олж өгдөг юм уу? Та хэд бөөндөө нийлээд групп секс хийдэг юм уу” гэх зэргээр харддаг. Мөн “чи хэдэн залуугийн боов суллав, чи янхандаж байгаад ирлээ, гичий” гэх зэргээр хаана ч хамаагүй над руу дайрч орилж хашхирдаг. Манай нөхөр ******* миний унаж хэрэглэдэг Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж хэзээ байршуулсныг мэдэхгүй байна, ямартай ч 2025 оны 11 сараас хойш би хаана байгаа, хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй байхад намайг хаана байгааг, хаашаа явж байгааг, хаана удаан зогссон, хаагуур хаагуур явж байгааг мэдээд байсан. Тэгэхээр нь би гайхаад “чи яаж мэдээд байгаа юм” гэж асуухад “чамайг миний таньдаг хүн тэнд явж байна, тэнд зогсож байхад нь таарсан гэж ярьж байсан” гэж хэлдэг байсан.

2025 оны 11 сараас өмнө намайг хүүхдийн сургууль, ажил, цэцэрлэг, гэрээс бусад чиглэлд явахад ******* мэддэггүй байсан. Харин 2025 оны 11 сараас дээрх чиглэлээс өөр тийш явах юм бол шууд залгаад “чи хаана байна, юу хийж байна” гэж асуудаг болсон. 2025 оны 12 сарын дундуур Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ ” гэх газрын хажуу талын 15 байрны урд зогсоолд Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслээ тавиад бөө дээр ороод засал хийлгэчхээд гараад ирсэн чинь ******* залгаад намайг “чиий хажууд яасан удаан зогсдог юм, чи буудал орж юу хийсэн юм, чи хэнтэй орсон бэ?” гэж асуухаар нь “ бөөгийнд орж засал хийлгэчхээд гарч ирлээ” гэсэн чинь “читэй явалдсан юм уу, чи буудал орж хүнтэй унтсан” гээд уурлаж байсан.

2025 оны 12 сарын сүүлээр мал зарна гэсэн зарын дагуу мал үзэх гээд эгчийн хамт Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгаас урагш чиглэлд гарах гээд Дархан-2-ийн урд явж байхад ******* залгаад “хаана байгаа юм?” гэхээр нь хаашаа явж байгаагаа хэлэлгүйгээр “үхэр үзэх гээд явж байна” гэхэд “Дарханаас урагшаа гарч яах гэж байгаа юм, Дарханы урд хэсгээр тарган үхэртэй айл байхгүй шал дэмий сэлгүүцэх гэлээ” гээд уурлаад би хаашаа явж байгаагаа хэлээгүй байхад намайг хаашаа явж байгааг мэдээд байсан.

2025 оны 12 сарын дундуур миний хуурай эгчын машин хөлдөөд асаахаа больчихсон гэхээр нь түүнийг аваад Toyota sai маркийн******* ДАН Дархан сумын 15 дугаар багийн Хабитад хороолол ороод явж байхад ******* над руу залгаад “хаана байгаа юм” гэж асуухаар нь би хаана байгаагаа хэлэлгүй “ эгчийн машиныг асаах гээд явж байна” гэж хэлэхэд шууд “чи Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хабитад хороололд юу хийж яваа юм” гээд миний хаана байгааг мэдэж байсан. Өөр зөндөө тохиолдол байгаа, өдөр тутамд ийм зүйл болдог тул би бүгдийг нь яг сайн санаад хэлэх боломжгүй байна. Тэгээд сүүлд 2025 оны 12 сард ******* намайг хардаад бид хоёр муудалцаад хэрэлдсэн. Тэгэхэд “би Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд GPS буюу байршил тогтоогч төхөөрөмж суурилуулчихсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг хх-ийн 11-12, 16-18/,

Гэрчгийн: ...ажил тараад******* ажилчдаа хүргэж өгөөд явж байхад ******* хааяа******* рүү залгаад “чи хаана байгаа юм, ажил чинь тарсан юм уу, юу хийгээд яваад байгаа юм” гэдэг. Тэгэхээр нь******* нь өөдөөс нь “би хүн гэрт нь хүргэж өгч байна, одоо харина” гэж байсныг хэд хэдэн удаа сонсож байсан. *******ийн Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг******* байнга унадаг. ******* хааяа л унадаг гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрчы: 2024 онд цуг ажилладаг байхад ******* нь*******г ганц нэг хардаад байх шиг байдаг байсан. Харин одоо яадаг юм байгаа юм мэдэхгүй байна. Одоо тэр хоёрын хэрүүл маргаан харьцангуй гайгүй бага болсон. ******* нь*******г яг дагаж мөшгөдөг эсэхийг нь мэдэхгүй байна.******* надад “миний унадаг Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж суурилуулсан байна” гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-227/,

Гэрчын: Би *******,******* хоёрын харилцааг арай дэндүү үгээр хэлэхийн аргагүй гэж боддог. ******* нь аймаар хартай, эхнэр*******г байнгын хардаж дарамталж, хаана явж байгааг нь байнга мөрдөж “чи хэдэн боов суллав, тэр авгай чинь хэдэн залуу бэлдээд сууж байна, чи хаагуур банзалдаад, янхандаад явж байна пизда минь, гичий минь” гэх зэргээр байнга харааж зүхэж, хаана юу хийж явж байгааг нь байнгын бүртгэж мөрдөж байдаг хүн. Мөн эхнэрээ хардахдаа давхар намайг харааж, доромжилж байдаг.******* надад 2025 оны 11 сард “манай нөхөр миний унаж хэргэлдэг Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж суурилуулсан юм шиг байна. Би *******ид хаана байгаа, хаашаа явж байгаагаа хэлээгүй байхад намайг хаана байгаа, хаана явж байгааг мэдээд байх юм” гэж байсан. Үүнтэй холбоотойгоор нэлээдгүй хэдэн тохиолдол байгаа. Миний машин 2025 оны 12 сарын дундуур шөнө гадаа тавиад асахаа болчихсон байсан. Тэгээд би*******д “миний машин асахгүй байгаа” гэхэд “албадан асаагчтай хүн мэднэ тэрнээс аваад асаагаад өгье” гээд бид хоёр*******гийн Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хабитад руу явахдаа *******ид хэлбэл хардаад харааrаад эхэлнэ гэж бодоод түүнд хаашаа явж байгаагаа хэлээгүй юм. Тэгсэн ******* нь******* рүү залгаад “чи Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хабитад гэх газар юу хийж яваа юм?” гээд шууд мэдэж байсан. Дараагийнх нь 2025 оны 11 сард******* над руу залгаад “Дарханаас урагш чиглэлд гараад хөдөө явж үхэр үзээдэхье” гээд түүний Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр яваад Дархан-2 гэх газар өнгөрөөд явж байхад *******  залгаад “чи Дарханаас урагшаа чиглэлд гараад явж байх юм хаачих гэж байгаа юм” гээд шууд мэдэж байсан. 2026 оны 01 дүгээр сарын эхээр******* над руу залгаад “ ******* намайг гадуур явж байхад хаана явж байгаа, хаашаа явж байгааг мэдээд байхаар нь гайхаад байсан чинь миний унаж хэргэлдэг Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд адууны байршил тогтоогч төхөөрөмж байршуулсан байна” гэхээр нь би “чи яаж мэдсэн юм” гэж асуухад******* “би мэдсэнгүй надад манай адуучин хэллээ” гэсэн. Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг******* тогтмол өдөр тутамдаа унаж хэрэглэдэг гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

Гэрчын: Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийн машин гэдгийг нь мэдэхгүй байна.******* эгч өдөр тутамдаа унаж хэрэглэдэг. ******* ах 2 ширхэг адууны байршил тогтоогч төхөөрөмж адуундаа суурилуулж хянаж байсан. Тухайн байршил тогтоогч төхөөрөмж нь сүлжээгүй газар байршил заадаггүй байсан тул 2025 оны 11 сард шинэ сүлжээгүй үед ч байршил заадаг байршил тогтоогч төхөөрөмж авч хуучныгаа сольсон. Тухайн хуучин байршил тогтоогч төхөөрөмж дээрээ “Хар азарга”, “Хонгор азарга” гэж гараар бичсэн байсан ба дээрээ унаганы зурагтай байршил тогтоогч төхөөрөмж байсан. 2025 оны 12 сард******* эгчээр Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр нь ******* ахын адуун дээр буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хороололд хүргүүлэх гээд явж байхад******* эгч надад “ ******* ах чинь намайг хаана яваад байгааг мэдээд байх юм. Миний унадаг Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэг юм тавьчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуучин адууны байршил тогтоогч төхөөрөмжийн байршлыг өөрийн гар утаснаас хянадаг байсан тул гар утас руугаа байршил тогтоогч төхөөрөмж хаана зааж байгааг газрын зурган дээр харуулдаг гар утасны аппликейшин рүүгээ ороод хартал “Хонгор азарга” гэх байршил тогтоогч төхөөрөмж нь миний сууж явсан буюу******* эгчийн унаж явсан Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн явж байгаа газрыг алдалгүй зааж байсан. Тэгээд******* эгчид “таны унаж байгаа Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “Хонгор азарга” гэх нэртэй байршил тогтоогч төхөөрөмжийг суурилуулсан байна” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/,

“...хар өнгийн байршил тогтоогч төхөөрөмж нь 9.5 сантиметр урттай, 6.5 сантиметр өргөнтэй, дээрээ “Хонгор” гэж гараар зорж бичсэн, “Aduunii Gps hudaldaa 9985-10858 8998-1085” гэх бичиглэлтэй хүрэн зүсмийн унаганы зурагтай байв” гэх хохирогч*******гээс гаргаж өгсөн хар өнгийн байршил тогтоогч төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, уг төхөөрөмжийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 46-49/,

“...байршил тогтоогч төхөөрөмж Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн багаажны ар хэсэгт таггүй онгорхой нүхэн дотор байсан гэж зааж байгааг харуулав” гэх хохирогч*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 50-53/,

“...байршил тогтоогч төхөөрөмжийн байршлыг шалгадаг аппликейшн рүү ороод Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байрлуулсан “Хонгор азарга” гэх нэршилтэй хяналтын цэсийг сонгон ороод 2025 оны 11 сарын 01-ээс 2026 оны 01 оны 27 хүртэлх түүхийг,*******гийн дугаарын утас руу ирсэн, явсан зурвасууд болон утсаар ярьсан түүхийг тус тус гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх шүүгдэгч *******ийн Iphone 17 Pro max загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлж авсан гэрэл зургуудыг хуулсан нэг ширхэг сиди /хх-ийн 58-60/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь эхнэр*******г хардаж, улмаар машинд нь GPS буюу байршил тогтоогч төхөөрөмж тээврийн хэрэгсэлд нь суурилуулж мөрдөж мөшгөсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хохирогч*******гийн Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй байх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгчийн талаас гэм бурууд огт маргадаггүй. Яллах дүгнэлтийн 2025 оны 09 сараас гэмт хэрэг эхэлсэн гэж байгаад 2025 оны 11 сараас болгосныг дэмжиж байна. Хэрэгт авагдсан баримтаар энэхүү цаг хугацаа нь тогтоогдож байна. Харин төгссөн хугацааг 2026 оны 01 сарын 27-ны өдөр гэж тогтоосон байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн мэдүүлэгт “2025 оны 12 сард нөхөр бид хоёр хэрэлдэхэд машинд GPS суулгасан байгаа гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Түүнчлэн гэрчын мэдүүлгээр энэ нь тогтоогддог учраас энэхүү гэмт хэрэг нь 2025 оны 12 сард төгссөн гэж үзэж байна. Яагаад гэвэл энэхүү гэмт хэрэг нь хохирогчид ямар нэгэн байдлаар мэдэгдэхгүйгээр буюу хууль бус аргаар мөрдсөн байхыг шаарддаг. Хохирогчийн мэдүүлгээр өөрөө мэдсэн болох нь тогтоогддог. Хохирогч нь уг тээврийн хэрэгсэлд GPS байгааг мэдсээр байж унаж хэрэглэж явсан. Энэ үйлдлээрээ шүүгдэгчийн үйлдлийг хүлээн зөвшөөрч ашигласан. Тийм учраас гэмт хэргийн нөхцөл байдал болон цаг хугацааг тогтоосноор шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх учир гэм бурууг тогтоохдоо цаг хугацааг 2025 оны 12 сард төгссөн гэж тогтоож өгнө үү гэв.

   Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2025 оны 11 сараас 2026 оны 01 сарын 27-ныг хүртэл хугацаанд эхнэр*******гийн өдөр тутамдаа унаж хэрэглэдэг өөрийн өмчлөлийн Toyota sai маркийн******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт 9.5 сантиметр урттай, 6.5 сантиметр өргөнтэй, дээрээ “Хонгор” гэж гараар зорж бичсэн, “Aduunii Gps hudaldaa 9985-10858 8998-1085” гэх бичиглэлтэй хүрэн зүсмийн унаганы зурагтай хар өнгийн байршил тогтоогч төхөөрөмж байрлуулж, өөрийн Iphone 17 pro max загварын гар утсанд суулгасан аппликейшнээр хаана явж байгааг нь хянаж*******г хүүхдийн сургууль, ажил, цэцэрлэг, гэрээс өөр тийш явбал “чи хаана байна, юу хийж байна” гэж асууж, түүнийг хардаж хэрүүл маргаан хийж байсан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн үйлдлийг хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд атлаа эхнэр*******г хаана, юу хийж явж байгааг мэдэх зорилгоор тээврийн хэрэгсэлд нь байршил тогтоогч төхөөрөмж байрлуулж, хаана явж байгааг нь хянасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

          Хохирогч******* нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотойгоор хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.

          Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

          Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчид 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймаг Дархан сумаас гарахааргүй тогтоолгох саналтай гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэмт хэрэг гарах шалтгаант нөхцөл байдал нь адуундаа хэрэглэж байсан GPS төхөөрөмжөө ашиглахаа больж, хуучин төхөөрөмжөө гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг тээврийн хэрэгсэлдээ суурилуулсан. Санаа зорилго нь алга болохоос сэргийлэх, аливаа зүйлсээс урьдчилан сэргийлэх зорилготой байсан. Гэтэл гэр бүлийн харилцаанд таагүй харилцаа бий болж эхлэхэд шүүгдэгч нь хохирогчийг хаана явж байгааг харах болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн буюу хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн харилцаатай хүмүүс, асуудлаа шийдээд одоо ч хамтдаа амьдарч байгаа. Адуу мал нь хөдөө байдаг, өөрсдөө мал махны наймаа хийж амьдардаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар боломжит богино хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

          Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, эхнэртэйгээ эвлэрч хамт амьдарч байгаа байдал, эрхэлдэг ажил, хувийн аж ахуйн онцлог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах 50 цагийн сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

          Эд мөрийн баримтаар хураагдсан 9.5 сантиметр урттай, 6.5 сантиметр өргөнтэй, дээрээ “Хонгор” гэж гараар зорж бичсэн, “Aduunii Gps hudaldaa 9985-10858 8998-1085” гэх бичиглэлтэй хүрэн зүсмийн унаганы зурагтай хар өнгийн байршил тогтоогч төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

          Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах 50 цагийн сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг байршил тогтоогч төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР