Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2024/01307

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 29 181/ШШ2024/01307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити Тауэр, 20 давхарт байрлах, ******* /РД:5459567/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Батмөнхийн гудамж, 44-р байр, 39 тоотод оршин суух, *******/РД:ГР71071002/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 460,795 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.Уранбилэг, хариуцагчийн өмгөөлөгч******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "Ард Кредит ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11169505/20а тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, зээлийн гэрээгээр 480,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг.

Хариуцагч нь зээлийн гэрээ болон "Ард апп"-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компаний зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг тус тус зөрчиж байна.

Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11169505/20а тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн төлбөр 460,795 төгрөг, үндсэн хүүд 0 төгрөг, нийт 460,795 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч В.Уранбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "*******-ны нэхэмжлэлд хариуцагч иргэн В.Уранбилэг миний бие өмгөөлөгч*******ийн хамтаар дараахь тайлбар болоод хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч "Ард кредит ББСБ" ХК нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ ... "үндсэн төлбөр болох 460,795 төгрөг, үндсэн хүүнд 0 төгрөг, нийт 460,795 төгрөгийг нэхэмжилж байна" хэмээн зээлдэгч В.Уранбилэгээс нэхэмжилж холбогдох дансны хуулгуудыг хавсаргажээ. Гэтэл тус компаниас над руу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн асуудлаар холбогдон ярьж хугацаа хэтэрсэн төлбөрөө төлөхийг шаардсаны дагуу 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу ярьснаас 2 хоногийн дараа үндсэн төлбөр болох 473.420 төгрөгийг тус компанийн ХААН банкны ******* тоот данс руу шилжүүлсэн байхад дансны хуулгыг нь шүүхэд хавсаргаж өгөөгүйгээр үл барам худал нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Үндсэн төлбөрөө төлснөөс хойш 10 дугаар сарын эхээр тус компанийн ажилтан Буянзаяагийн 94900244 дугаарын утсаар нь холбогдож зээлийн хүү болон алдангийн талаар ярилцан 100.000 төгрөг хасч хөнгөлөхөөр тохирон дахин хөнгөлж өгөх хүсэлтийг маань эргэж холбогдон ярихаар тохирсон боловч яриагүй ба 11 дүгээр сарын 01-ний өдөр эрхэм шүүгч таны туслах Мөнхзулаас нэхэмжлэл ирсэнийг мэдэгдэж өмгөөлөгч маань 02-ны өдөр очиж танилцсан.

Тус компанийн ажилтан Буянзаяа эргэж холбогдох, дахин зээлийн хүү алдангиас хөнгөлсөн эсэх шийдээ ярихгүй таг байж байгаад шүүхэд яагаад үндсэн төлбөр гэх 460,795 төгрөг нэхэмжилж байна хэмээн худал нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Мөн 2020 оноос эхэлж Ковид хэмээх тахал өвчин дэлхий нийтэд гарч манай улс 2022 оны эхэн хүртэл хөл хорио болон хоригууд тавьснаар иргэн, ААН байгууллагууд орлогогүй болж зарим нь үүд хаалгаа барихад хүрсний улмаас Төр засгаас санхүү зээлийн үйл ажиллагаа явуулдаг банк, ББСБ, болон бичил зээлийн үйлчилгээ явуулдаг бүхий л байгууллагуудын хүү алдангийг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Гэвч "Ард кредит ББСБ ХХК-ийн ажилтнуудад энэ талаар сануулж хүсэлт тавьж холбогдон ярихад манайд хамааралгүй асуудал гэж үндэслэлгүй хүсэлтийг маань хүлээж авахгүй байсан ба 100,000 төгрөг хөнгөлж хасья дахин хөнгөлөх асуудлаар удирдлагатайгаа ярья гээд яриагүй шүүхэд хандсан байна.

Энэ бүгдийг дүгнэж үзэн дээр нь тус компаниас хөнгөлөлт үзүүлэх амлалт өгсөн зэрэг байдлуудыг харгалзан миний зүгээс одоо нэхэмжлээд байгаа /программаасаа шүүж үзсэн гэх/ 460,795 төгрөгийн 50 хувь болох 237,000 төгрөгийг энэ сар буюу 11 сардаа багтааж төлөх санал хүсэлтийг "Ард кредит" ХХК-нд тавьж байгааг уламжлан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

3. Нотлох баримтын тухайд:

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Итгэмжлэл /Хх4/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх5/, харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ /Хх6-7/, цахим зээлийн эрх нээх гэрээ /Хх8-10/, зээлийн дансны хуулга /Хх11-15/-г шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч тал нотлох баримт: дансны хуулга /Хх32/-г гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь манай байгууллагатай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11169505/20а тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, зээлийн гэрээгээр 480,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлж авсан. Хариуцагч нь тус зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг тус тус зөрчиж, төлөлтийг хийхгүй байх тул үндсэн төлбөр 460,795 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Цар тахлаас үүдэлтэйгээр зээлийн хүү, алдангийг зогсоохыг хүсч, өргөдөл өгсөн боловч нэхэмжлэгч байгууллага энэ хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн тус байгууллагын ажилтан нь надад хөнгөлөлт үзүүлэх талаар удирдлагатайгаа зөвлөлдөж, эргээд ярина гээд ярилгүйгээр шүүхэд хандсан байна. Хөнгөлнө гэж амлаж байсан зэргийг нь харгалзаад нэхэмжлэлийн 50 хувь 237,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэв.

 

4.    Хариуцагч В.Уранбилэг нь зээл авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд үндсэн төлбөрийг төлсөн гэж, мөн хүүгийн төлбөрийг бууруулахаар маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Нэхэмжлэгч ******* нь цахим мөнгө гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

-       Хариуцагч В.Уранбилэг нь *******-тай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11169505120а дугаар Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, мөн Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 480,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

-       Хариуцагч В.Уранбилэг нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 473,420 төгрөгийг өөрийн Хаан банкны 5024087648 дугаартай данснаас шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

6.    Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй болно.

 

7.    Зээлдэгч В.Уранбилэг нь зээлийн гэрээний 5.2.5-т заасан Цахимаар авсан зээлийн бүтээгдэхүүн тус бүрийн ард апп дахь зээлийн дансны төлөлт хийх хуваарь цэсэнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүү, шимтгэлийг ББСБ дахь өөрийн данс болон арилжааны банкууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх гэснийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, В.Уранбилэгийн зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

8.    Зээлдэгч буюу хариуцагч В.Уранбилэг нь үндсэн зээлийн төлөлт 473,420 төгрөг, хүүний үлдэгдэлд 461,583 төгрөг төлөх ёстойгоос 473,420 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагчийн зээлийн дансны хуулгад үндсэн зээлийг 473,420 төгрөг, хүүний үлдэгдлийг 461,583 төгрөг гэж зааснаас харахад хариуцагч нь үндсэн зээлийн төлөлтийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь хүүгийн үлдэгдлийг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нь хүүг төлөх үүрэгтэй байна.

 

9.    Талуудын байгуулсан гэрээний харилцааны үед 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэгжиж байсан байх тул энэ харилцаанд энэ хуулийг хэрэглэнэ.

 

10. 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно гэж заажээ. Хариуцагч В.Уранбилэг, нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлийн дансны хуулгад зээл эхлэх огноог 2021 оны 04 дүгээр сарын 25, зээл дуусах огноог 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэж тэмдэглэсэн байх тул дээрх хуулийн дагуу энэ 6 сарын хугацааны хүүг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

11. Иймд дансны хуулга дээрх 65 удаагийн 789,03 төгрөг болох 51,286 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 409,508 төгрөгийг хариуцагч В.Уранбилэгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч В.Уранбилэгээс 409,508 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 51,286 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Уранбилэгээс 12,935 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ