Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/14

 

 

Т.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзулыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/103 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор Л.М-ын эсэргүүцлээр шүүгдэгч Т.М-д холбогдох 2219000040032 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ч овгийн Т-ын М, Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны аж ахуйч мэргэжилтэй, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн хамтын нийгэмлэгийн харьяа Сайншанд техник үйлчилгээний газрын ахлах байцаагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт *** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Т.М нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, Эрх чөлөөний гудамж, ** дүгээр байрны ** тоотод байрлах өөрийн гэртээ гар утсаар Pokerrrr-2 гэх фейсбүүк цахим хаягаар буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 9868471 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                        

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу “1....Шүүгдэгч Т.М нь хяналтын прокурорт хүсэлт гаргахдаа өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг бичээгүй, энэ талаар шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд хүсэлт гаргаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэж дүгнэв гэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ...гэж хуульчилсан байна. ...дээрх заалтаар ял оногдуулж гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт бөгөөд зөвхөн үүрэг хүлээлгэх бус эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх, оногдуулсан ялыг тэнсэж болох зохицуулалт бөгөөд ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хуульчилсан байна. 2. ...Т.М-ийн эзэмшдэг Хаан банкны 5360394779 дугаарын харилцах дансанд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн тэмдэглэлээс үзэхэд зарлагын гүйлгээг хааснаас хойш үлдэгдэл төгрөгийн зөрүү гарсныг шалгах шаардлагатай, орлогоосоо зарлага нь давсан байдал, мөрийтэй тоглоом зохион байгуулсан ашгаас 7553481.68 төгрөгийг хувьдаа зарцуулсан гэсэн нь үлдэгдэл болон бусад тооцоонууд бүгд зөрүүтэй” гэсэн үндэслэлээр яллагдагч Ч овогт Т-ын М-д холбогдох эрүүгийн 2219000040032 дугаартай хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг А-8 маркийн гар утсыг хэргийн хамт прокурорт шилжүүлж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.М эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийн хэргийг буцаасан үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн үндэслэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс улсын яллагчтай маргасан, үл ойлгосон зүйл гаргаагүй ба Т.М өөрийн сайн дураар хүсэлтээ гаргаж ял тохирсон түүнээс үүсэх үр дагаврыг ойлгож буй талаар мэдүүлгээ өгсөн болно. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй ба ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно. Иймд шүүгдэгч Т.М-д холбогдох 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/103 дугаартай шүүгчийн захирамжийг хянуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр “Хэргийг прокурорт” буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

            Мөрдөгчөөс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учир “хэргийг прокурор”-т буцаалгүйгээр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэлтэй байна.

 

            Тухайлбал шүүгдэгч Т.М-аас үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасныг прокуророос хүлээн авч хангаж, шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус нийцсэний гадна яллагдагчид хэргийн зүйлчлэл болон түүнд ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, журмыг тус тус танилцуулахад яллагдагчаас зөвшөөрч, гарын үсэг зуржээ.

 

            Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйн зэрэгцээ шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан тухай баримтгүй байх тул шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 

            Мөн шүүгдэгч Т.М-ийн “Мөрийтэй тогтоом зохион байгуулсан”-ны улмаас бусдын эд хөрөнгөд шууд учирсан хохирол, хор уршиг тогтоогдохгүй байх тул шүүгчийн захирамжид дурдсан “...яллах дүгнэлтийн хавсралтын 5 дугаарт гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэж дүгнэв гэсэн нь ойлгомжгүй” гэсэн нөхцөл байдлыг “хэргийг прокурор”-т буцаалгүйгээр анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ прокуророос тодруулах боломжтой.

 

Хэдийгээр хэрэгт мөрдөгчийн санал/хх 13/ болон прокурорын тогтоол/хх-14/-д шүүгдэгчийн эзэмшдэг банкны дансны гүйлгээг хязгаарласан мөнгөн дүнг 2308495.16 төгрөг гэж тэмдэглэсэн байх боловч энэ үнийн дүн нь мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл/1хх 20/-д 1888695 төгрөг гэж дээр дурдсан мөнгөн дүнгээс зөрүүтэй байна. Гэхдээ шүүхээс эдгээр зөрүүтэй нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгасны эцэст тухайн баримтууд хэргийг шийдвэрлэхэд хамааралтай эсэхийг хянах нь зүйтэй.     

 

            Түүнчлэн шүүгдэгчээс 2021-09-15-ны өдрөөс 2021-11-15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 3219 удаагийн гүйлгээгээр  249023314 төгрөгийн  орлого, 951 удаагийн гүйлгээгээр 239154870 төгрөгийн зарлага хийгдсэнийг мөн цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж, 9868471 төгрөгийн хууль бус орлого олсноо хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн байх ба энэхүү мэдүүлэг нь мөрдөгчөөс түүний Хаан банкны 5360394779 дугаар дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэлээр дахин нотлогдон, тогтоогдож байх ба уг үзлэгт яллагдагчаас гадна хөндлөнгийн хоёр гэрч биечлэн оролцож улмаар тэдний зүгээс үзлэгийн үйл явц, үр дүнтэй холбоотой ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.

 

            Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Т.М-ийн холбогдсон энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тус тус нотолж, тогтоосон байх тул  анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулан, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтуудыг шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, үнэлэн хэргийг шийдвэрлэх нь нотлох баримтыг шалгаж үнэлэх хуульд заасан шаардлагад,  түүнчлэн анхан шатны шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуульд заасан ялын зорилгод тус тус нийцнэ.

 

            Иймд эдгээр үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хангаж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           

            Анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 202/ШЗ/99 дугаартай шүүх хуралдааны тов тогтоох тухай шүүгчийн захирамжаар яллагдагч Т.М-г шүүхэд шилжүүлсэн/хх 59/ атлаа хэргийг прокурорт буцаасан захирамждаа Т.М-г шүүгдэгч болон яллагдагч гэж хоёр өөр байдлаар тэмдэглэсэн байгааг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.     

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/103 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор Л.М-ын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                      А.САЙНТӨГС

 

                                                                                                     Н.БОЛОРМАА