Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч О , түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626022545 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О , Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Харгуйн хурдатгал” ХХК-д замчин ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт  оршин суух, ял шийтгэлгүй, , Шүүгдэгч О  нь 2016 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла баарны гадна Б.Дарханбаатарт хөөгдөж, зугтааж байхдаа чулуу шидэж толгойд зүүн чамархай ясны цөмөрсөн ил хугарал, хуйханд шарх, тархины эд болон хуйханд цус хуралт, тархины эдэд хий, цус хуралт буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Ундрах, Сайнтүшиг, Даш-Очир, Билгүүнтөгс нартай хамт дэлгүүрээс гараад явж байтал Дарханбаатар болон түүний найзууд Билгүүнтөгсийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд биднийг явж байтал араас ирээд бид нар луу дайрч Даш-Очирыг цохиж унагаасан. Тэгхээр нь би зугтаасан. Намайг зугтаахад араас 2 хүн хөөхөөр нь эргэж харалгүй чулуу шидсэн” гэв. Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би БГД-ийн 5 дугаар хороонд үйл ажиллалгаа явуулах Стелла бааранд хамгаалагч ажилтай бөгөөд хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, 9 дүгээр сарын дундуур байхаа ажил дээрээ байж байтал шөнө 02:00 цагийн үед манай баарны зүүн талын Анжел баарны урд талд хэдэн залуучууд муудалцаад, хөөцөлдөөд гараад ирсэн. Намайг харахад энэ цохиулсан гэх залуутай 2 залуу хамт явж байсан, нэг нь 180 см өндөртэй махлагдуу залуу байсан, нөгөөх нь дунд зэргийн нуруутай махлагдуу залуу байсан, харин цохиулсан гэх залуу 170 см өндөртэй байсан. Дарханбаатарыг цохисон гэх залуу нь өөрөөсөө гадна 3 эрэгтэй, нэг эмэгтэйгийн хамт явж байсан бөгөөд Анжел баарны тэндээс гарч ирэхдээ л хоорондоо маргалдаад, Дарханбаатар гартаа чулуу барьсан 3 залуугийн хойноос хөөгөөд гүйж байтал нөгөөх нь гартаа барьсан чулуугаа арагшаа саваад шидчихсэн чинь ард нь хөөж явсан Дарханбаатарыг оноод, Дарханбаатар газар унасан. Тэр үед нь би Дарханбаатар дээр яваад очиход хажууд нь 2 найзууд нь зогсоод сэрээх гээд нэрээр нь дуудаад байсан. Намайг харахад Дарханбаатарын найз нь болох махлаг залуу маргалдсан хүмүүсээ барьж авах гээд хойноос нь гүйгээд байсан, нөгөөх 1 залуу, 1 хүүхэнтэй хамт явсан 3 залуу зугатаах маягтай л харагдаад байсан. Дарханбаатарыг чулуугаар цохисон гэх залуу уг нь би чулуу шидлээ шүү холд гээд анхааруулаад байхад Дарханбаатар “Наад муугийн чинь цохино гэж юу байдаг юм, бариад ав гээд араас нь хөөгөөд байсан. Миний харахад зугатааж байсан залуу нь гүйж байхдаа л арагшаа чулуугаа саваад зугатаачих шиг болсон.Тэгэхэд нь Дарханбаатар ард нь гүйж байсан тул чулуунд нь оногдсон байх. Чиглүүлж байгаад бол шидээгүй, баруун гартаа барьсан байсан чулуугаа зүүн мөрөө давуулаад арагш нь чулуудчихсан, Дарханбаатар нилээн ойрхон гүйж байсан тул тэр чулуунд нь оногдчихсон байх гэж бодож байна. Яг л барьж авах гээд ард нь гүйж байсан юм. Энэ үйл явдал чинь хоромхон хугацаанд л болсон бөгөөд өөр бусад хүмүүүс бол зодоон цохион хийгээгүй юм” гэсэн мэдүүлэг. /хх-н 13-14/, Яллагдагч О  мөрдөн байцаалтад өгсөн: “...Дарханбаатар болон нэг найзтайгаа намайг хөөсөн би зугтаж гүйж явахдаа бусдын биед санаатай гэмтэл учруулая гэж бодоогүй. Өөрөө айсан байсан, Дарханбаатар болон найзыг нь айлгах зорилготой эргэж харалгүй чулуу шидсэн. Хохирогчийг ийм байдалтай болгосонд маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 126/, Шинжээчийн 13170 тоот дүгнэлтэд: “...Дарханбаатарын биед зүүн чамархай ясны цөмөрсөн ил хугарал, хуйханд шарх, тархины эд болон хуйханд цус хуралт, тархины эдэд хий, цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 20/, 4 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тогтоол /хх- н 2/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 43, 141/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 75/, хорооны тодорхойлолт /хх-н 76/, өвчний түүх /хх-н 93-102/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 114, 117-118/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-н 115- 116/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-н 134-138/-ууд, эмчилгээний баримт /хх-н 147-150/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв. Прокуророос шүүгдэгч О  нь 2016 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла баарны гадна Б.Дарханбаатарт хөөгдөж, зугтааж байхдаа чулуу шидэж толгойд зүүн чамархай ясны цөмөрсөн ил хугарал, хуйханд шарх, тархины эд болон хуйханд цус хуралт, тархины эдэд хий, цус хуралт буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О  цагаатгахаар шүүх шийдвэрлэлээ. Хэрэгт гэрч Ц.Бат-Эрдэнийн: “...Дарханбаатар гартаа чулуу барьсан залуугийн хойноос хөөгөөд гүйж байтал нөгөөх нь гартаа барьсан чулуугаа арагшаа саваад шидчихсэн чинь ард нь хөөж явсан Дарханбаатарыг оноод, Дарханбаатар газар унасан. Дарханбаатарыг чулуугаар цохисон гэх залуу уг нь би чулуу шидлээ шүү холд гээд анхааруулаад байхад Дарханбаатар “Наад муугийн чинь цохино гэж юу байдаг юм, бариад ав” гээд араас нь хөөгөөд байсан. Миний харахад зугатааж байсан залуу нь гүйж байхдаа л арагшаа чулуугаа саваад зугатаачих шиг болсон.Тэгэхэд нь Дарханбаатар ард нь гүйж байсан тул чулуунд нь оногдсон байх. Чиглүүлж байгаад бол шидээгүй, баруун гартаа барьсан байсан чулуугаа зүүн 5 мөрөө давуулаад арагш нь чулуудчихсан, Дарханбаатар нилээн ойрхон гүйж байсан тул тэр чулуунд нь оногдчихсон байх гэж бодож байна. Яг л барьж авах гээд ард нь гүйж байсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ууганбаатарын “...бид нарын хэн нь маргаан үүсгэснийг санахгүй байна, нэг харахад Дарханбаатар нэг залууг хөөгөөд гүйж байсан, нөгөөх нь эргэж хараад юм аваад шидчих шиг болсон....гартаа чулуу бариад гүйж байсан, араас нь Дарханбаатар хөөгөөд гүйж байсан ба тэр залуу эргэж хараад чулуугаа шидчихсэн чинь Дарханбаатарыг оночихсон” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Даш- Очирын: “...Гранд нэртэй баарны үүдээр өнгөрч явж байтал тэрний урд 3 согтуу залуу зогсож байснаа Билгүүнтөгсийг янхан, банзан бөгстэй, ямар ч бөгсгүй гичий гэж хоорондоо чанга чанга яриад инээлдэж байсан. Би найзыгаа өмөөрөө та нар хуц гэж өөдөөс нь уурласан. Билгүүнтөгс намайг дуугай бай гээд цааш бид нар алхаад туслах зам дээр очоод такси барих гээд зогсож байтал араас тэр 3 ирээд намайг юу гэнээ ахын дүү, алив нааш ир гээд том биетэй залуу нь намайг заамдсан. Билгүүнтөгс бид хоёрын дундуур ороод хаагаад зогссон чинь манай найз охиныг түлхээд намайг шууд цохисон. Би газар уначихсан, миний нүдний шил газар унасан байсан. Намайг босоод ирэхэд том биетэй залуу нь дахиад намайг заамдсан ба манай найз охин доош нь гарыг нь дарж байгаад салгасан. Би хараа муутай болохоор газраар нүдний шилээ хайгаад малгайгаа авчихаад босоод хартал надтай муудалцсан том биетэй залуу Билгүүнтөгс бид 3 зогсож байсан ба манай хэд байхгүй болчихсон байсан. Том биетэй залуу над руу дайраад байхаар нь би тэр залуугаас уучлалт гуйгаад одоо болчих гэж хэлээд замаас таксинд суугаад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Сайнтүшигийн: “...такси барих гээд зогсож байхад нөгөө 3 залуу ардаас ирээд яасан ахын дүү нар гээд бид нарыг дээрэлхсэн. Бид нар эрүүл байсан болохоор ямар ч асуудал байхгүй, уучлаарай гэхэд том биетэй залуу нь Даш-Очирыг цохиж унагаасан. Тэгээд Даш-Очир газар хүчтэй унасан. Даш-Очирыг босгоод байж байтал арай жижиг биетэй залуу нь том биетэй залуугаа наадахаа цохиод ав гэж шургасан. Тэгээд том биетэй залуу нь бид нар луу дайраад байхаар нь Ундрах бид хоёр зам гараад баруун урагшаа, О  зүүн тийшээ зугтаасан” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Билгүүнтөгсийн: “...3-4 согтуу залуучууд зогсож байснаа намайг өнгөрсөн чинь бөгсгүй пизда гэж хэл амаар доромжлоод байсан. Манай 6 найз залуу Даш-Очир эргэж хараад юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуучууд бид нарын араас ирээд манай найз залууг нэг залуу нь заамдаж авсан. Намайг харсан чинь Даш-Очир хойшоо уначихсан байсан. Даш-Очиртой нэг залуу маргалдаад үлдсэн бусад нь байхгүй болчихсон байсан. Би тэр хоёрын голоор ороод зүгээр больчих гэж хэлээд найз залуугаа аваад явсан” гэсэн мэдүүлэг, О  яллагдагчаар өгсөн: “...нэг залуу нь Билгүүнтөгсийн найз залуу Даш- очирыг цохиж унагаасан. Над руу 2 залуу нь дайраад Дарханбаатар нь миний нүүр лүү гараараа цохихоор нь би зугатаасан чинь хохирогч Дарханбаатар нэг найзтайгаа намайг хөөсөн. Би зугтаж байхдаа газраас чулуу аваад шидсэн. Тэр хоёрыг оносон үгүйг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд цугларчээ. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, үнэлэж үзэн хэргийн бодит байдлыг тогтооход шүүгдэгч О  болон түүний найз нар болох гэрч Д.Даш-Очир, М.Сайнтүшиг, Ш.Билгүүнтөгс, Ундрах нарын зүгээс ямар нэгэн хууль бус үйлдэл гаргасан болох нь тогтоогдоогүй бөгөөд харин хохирогч Б.Дарханбаатар, Г.Ууганбаатар, Э.Пүрэвжав нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамж талбайд бусдыг хэл амаар доромжлон улмаар гэрч Д.Даш-Очирыг цохиж унагаасан, шүүгдэгч болон бусад гэрч нар луу дайрч шүүгдэгч О  хохирогч Б.Дарханбаатар нь цохиж улмаар зугтах үед нь араас нь хөөсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нөхцөл байдал нь хохирогч, шүүгдэгч нартай хамт явсан хүмүүсийн мэдүүлгүүдээс гадна уг хэрэгт ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй уг болсон нөхцөл байдлыг харсан ганц хөндлөнгийн гэрч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч нь найз Д.Даш-Очирыг цохиж унагаан, өөрийг нь цохиж зугтах үед нь араас нь хөөсөн хохирогч Б.Дарханбаатарын бодит довтолгооны үед барьж байсан чулуугаа шидлээ шүү гэж анхааруулан арагш шидсэн нь аргагүй хамгаалалтын арга хэмжээ байна гэж шүүх дүгнэлээ. 7 Энэ нөхцөл байдал нь гэрч Ц.Бат-Эрдэнийн “Дарханбаатарыг чулуугаар цохисон гэх залуу уг нь би чулуу шидлээ шүү холд гээд анхааруулаад байхад Дарханбаатар “Наад муугийн чинь цохино гэж юу байдаг юм, бариад ав” гээд араас нь хөөгөөд байсан. Миний харахад зугатааж байсан залуу нь гүйж байхдаа л арагшаа чулуугаа саваад зугатаачих шиг болсон. Тэгэхэд нь Дарханбаатар ард нь гүйж байсан тул чулуунд нь оногдсон байх. Чиглүүлж байгаад бол шидээгүй, баруун гартаа барьсан байсан чулуугаа зүүн мөрөө давуулаад арагш нь чулуудчихсан, Дарханбаатар нилээн ойрхон гүйж байсан тул тэр чулуунд нь оногдчихсон” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заасан ба хуулийн дээрх шаардлагад шүүгдэгч О  үйлдэл нийцсэн байна гэж шүүх дүгнэв. Хохирогч Б.Дарханбаатарын үйлдэл нь Үндсэн хуульд заасан “хүний...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх болон бусад эрхээ эдлэх” эрхэд нь халдсан довтолгоон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно. Шүүгдэгч О  нь зугтаж болох байсан, бусдаас тусламж авахаар хандаж болох байсан зэрэг нь түүнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэв. Шүүгдэгч нь хохирогчид тухайн үед баригдсан бол ямар нөхцөл байдал үүсч болох байснаас үл шалтгаалан шүүгдэгч нь өөрийгөө хамгаалах эрх зүйн үндэслэлтэй юм. Шүүгдэгч нь өөрт нь халдсан халдлага нэгэнт эхэлсэн, үргэлжилж байхад аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн байх ба халдлага бодитой эхлээгүй, эсхүл довтолгоон төгссөн үед үйлдэл хийсэн байдал тогтоогдоогүй болно. 8 Иймд улсын яллагчийн шүүгдэгч О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч О  нь хохирогч Б.Дарханбаатарт учирсан гэмтлийн улмаас гарсан зардал 1.100.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй. Хохирогч Б.Дарханбаатар нь цаашид гарах хор уршигийн талаарх нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх ба шүүх шүүгдэгч О  цагаатгаж шийдвэрлэсэн тул уг хүсэлтийг хангах боломжгүй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заажээ. О д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоогүй тул хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж үзлээ. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий сиди-г хэрэгт хавсаргаж, Б.Дарханбаатарын тархины томографикийн 2 ширхэг зургийг Б.Дарханбаатарт буцаан олгохоор шийдвэрлэв. О д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар О  цагаатгасугай.

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сиди-г хэрэгт хавсаргаж, Б.Дарханбаатарын тархины томографикийн 2 ширхэг зургийг Б.Дарханбаатарт буцаан олгосугай.

3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч Б.Дарханбаатарт 1.100.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

4. О д авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О д хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР