Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2019/01007

 

“ТШЕ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00851 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ТШЕ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гэх 4 275 384 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Отгонбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Золбоо,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТШЕ” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Сэлбэ хотхоны 97/3, 97/4-р байруудын орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ болон дундын эзэмшлийн эд хөрөнгөд үйлчилгээ үзүүлэх гэрээг тухайн байруудыг барьж ашиглалтад оруулсан “Сүмт өргөө” ХХК-тай орон сууцны СӨХ болон ОСНААК-ын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус 2 байр нь шинээр орсон цөөхөн айлтай СӨХ-нь байгуулагдаагүй байсан тул СӨХ-ны үйл ажиллагаа болон нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ, харуул цэвэрлэгээг түр хугацаагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн байрны СӨХ байгуулагдсан тул нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг тухайн СЭЛБЭ-180 СӨХ-д албан ёсоор нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Манай байгууллага нь УБДТС ТӨХК, ЦТС ТӨХК, УСУГ, Нийтлэг үйлчилгээний газар, лифтний “Сигма отис” ХХК зэрэг газруудад гэрээтэй ажилладаг ба заасан хугацаанд гэрээний дагуу нэхэмжлэлээр ирүүлсэн төлбөрийг төлөх үүрэгтэй ба энэ нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд гарч буй зардал хамааралтай тул сар бүрийн 15-ны дотор төлдөг. Энэ өдрөөс хойш алданги хүлээдэг тул хэрэглэгч оршин суугчид нь төлбөрөө цаг хугацаанд нь төлөх талаар утсаар болон албан мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан. Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 97/3 дугаар байрны 01 тоотод байрлах “С” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний хөлс болох төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. “ТШЕ” ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар саруудад Сэлбэ хотхоны 97/3, 97/4 дүгээр байруудын оршин суугчдад сантехникийн засвар үйлчилгээ болон дундын эзэмшлийн эд хөрөнгөд үйлчилгээ үзүүлж байсан. “С” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ыг дуусталх хугацаанд сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний хөлс болох нийт 3 813 384 төгрөгийг манай байгууллагад гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ төлбөр дээр “С” ХХК-ны эзэмшлийн зогсоол болох № 24, 25 дугаар зогсоолын төлбөр 462 000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасны дагуу холбоог бүртгэх үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар хариуцаж, гэрчилгээ олгодог. Гэтэл “ТШЕ” ХХК нь албан ёсны СӨХ-ны гэрчилгээгүй. Зөвхөн орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд билээ. Албан ёсны СӨХ-ны гэрчилгээ байхгүй буюу эрхгүй байгууллага хирнээ хариуцагчаас гражын үйлчилгээний мөнгө гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь Сэлбэ хотхоны 97/03, 97/4 дүгээр байрны оршин суугчдад СӨХ-ны үйлчилгээ үзүүлдэг байсан гэх боловч бодит байдал дээр үйлчилгээг маш муу үзүүлдэг буюу цэвэрлэгээг огт хийдэггүй, харуул хамгаалалт ажиллуулдаггүй, мөн цахилгаан лифт ихэнхдээ гацаатай ажилладаггүй гэх зэргээр үйлчилгээг үзүүлсэн зүйлгүй байж оршин суугчдаас СӨХ-ны мөнгө авч байгаа нь буруу гэж үзэж байна. Мөн 2017 онд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол 97/3 байр, зоорийн давхрын грашд харуул хамгаалалт байдаггүй улмаас хоёр ч удаа хулгай орсон байдаг. Оршин суугчид харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулж байсан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалт нь дангаар өмчлөх хэсгийн заалт буюу суугч өмчлөгч өөрийн өмчлөлийн сууцны халаалт, ус, цахилгааны төлбөр зэрэг ашиглалтын зардлыг өмчлөгч өөрөө хариуцаж зохих байгууллагад төлөхийг зохицуулсан хуулийн заалт. Уг хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч “С” ХХК нь орон сууцны нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-д 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын зардлын төлбөр 4 279 368 төгрөгийг төлж барагдуулсан. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардал буюу өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.14-т нэрийн заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хамгаалалт засвар үйлчилгээ зэргийн зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг албан ёсны СӨХ-ны үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авч эрх нь нээгдсэн СӨХ-д олгосон заалт. Мөн Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь хуульд заасан үүргээ буюу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд орон сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгайлсан зохицуулалтыг хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн байна. Нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж албан ёсны гэрчилгээ аваагүй буюу СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага буюу тус шүүхэд СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэхээр хандах эрхгүй этгээд тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 4 095 384 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 180 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 474 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 80 476 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч "С" ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 97/3 тоот байрны 1 тоот хаягт байрлах 272.3 м.кв талбай бүхий анхнаасаа үйлчилгээний зориулалттай баригдсан талбайг худалдаж авсан ба тус үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг орон сууц гэж үзэх учир үйлчилгээний зориулалттай "С" ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууц гэж үзэхгүй буюу сууц өмчлөгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх хуулийн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан хуулийн зохицуулалтууд нь орон сууц өмчлөгчийн эрх, үүргийг заасан, мөн орон сууцны дундын өмчлөлийн зүйл, түүний төлбөр зардлыг хуваарилах журмыг зохицуулсан байх бөгөөд уг зохицуулалтад нийтийн зориулалттай орон сууц дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн асуудлыг зохицуулаагүй, мөн ариутгал, цэвэрлэгээний тоног төхөөрөмж худалдаа, оффисын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг хариуцагч компанийн хувьд сууц өмчлөгчийн эрх, үүргийг хүлээхгүй. Мөн "...орон сууцны байшингийн дундын өмчлөлтэй холбоотой аливаа асуудлаар бусад сууц өмчлөгчөөс хамааралгүй орших, тайлбарлах боломжгүй" гэжээ. Нийтийн зориулалттай орон сууц дахь орон сууцны бус зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь сууц өмчлөгчийн нэгэн адил СӨХ-ны гишүүн заавал байх, зардлыг төлөх талаар хуулиар үүрэг хүлээгээгүй боловч хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгө орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой бол тодорхой хэмжээний зардал төлөх үүрэг үүсч болох юм. Гэтэл “С” ХХК нь анх 2014 онд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа орцны хаалганаас тусдаа 3 гарц хаалга гарган ашиглаж ирсэн ба оршин суугчдад ямар ч саад болохооргүй хэсгийг өмчилж, ашигладаг, үүнтэй холбоотой ашиглалтын зардлаа төлдөг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гэх 4 275 384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Сэлбэ хотхоны 97/3, 97/4 дүгээр байруудыг “Сүмт өргөө” ХХК барьж, ашиглалтад оруулан, нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц СӨХ болон ОСНААК-ын эрх шилжүүлэх” гэрээг байгуулсан байна. /1 дүгээр хх-ийн 7-8 дугаар тал/

Уг гэрээгээр нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Сэлбэ хотхоны 97/3, 97/4 тоот орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж байсан нь “цэвэр усаар хангах хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”, “дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээ”, “хог тээвэрлэх гэрээ” зэргээр тогтоогджээ. /1 дүгээр хх-ийн 9-11 дүгээр тал/

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Сэлбэ хотхоны 97/3 тоот байрны 01 тоотод байрлах, 272.3 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060816 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 97/3 байрны зоорийн давхрын 24 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064098 дугаартай, 25 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064100 дугаартай, тус бүр нь 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь хариуцагч “С” ХХК нь болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /1 дүгээр хх-ийн 100-101, 139 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь 2015 оны 5 сарын 1-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж байсан тул хариуцагчаас 2015 оны 5 сарын 1-ний өдрөөс 2016 оны 10 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гэх нийт 4 275 384 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь “Сүмт өргөө” ХХК-тай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцах этгээд нь сууц өмчлөгчдийн холбоо байхаар зохицуулсан, “Сүмт өргөө” ХХК нь СӨХ-ны эрхийг шилжүүлэх эрхтэй этгээд биш байх бөгөөд нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь сууц өмчлөгчдийн холбоо биш тул Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжтой. Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогчийн гарын үсэг бүхий баримтаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тодорхойлох үндэслэлгүй юм. /хх-ийн 121-р тал/

Нэхэмжлэгч нь мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар төлөгдөх ёстой төлбөр болох ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөртэй хамтатгаж, хооронд нь ялган зааглаагүй, хариуцагчийн өмнөөс ямар байгууллагад, хэдэн төгрөг төлсөн эсэхээ баримтаар нотлоогүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бол нөхөн төлүүлэхээр шаардаж болох боловч энэхүү нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан 4 275 384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “С” ХХК-иас 4 275 384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 476 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.       

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                  Г.ДАВААДОРЖ