Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 152/ШШ2024/00206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар .........., Б ургийн овогт С-гийн Х-ын,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Х шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1985 оны 6 дугаар сард илгээлтээр Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар томилогдон ажилласан ба 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Улмаар 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдан Хилийн цэргийн 0130 дугаар ангид цэргийн алба хааж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс Туяа нэгдэлд малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Дараа нь 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Шинэ үе нэгдэлд шилжин 1993 оныг дуустал малчнаар ажилласан. 1992 онд Шинэ үе нэгдэл Шинэ үе ХК болоход мөн л ажиллаж байсан. Миний ажиллаж байх хугацааны 1985-1987, 1989-1990 он, Шинэ үе нэгдэлд 1991-1994 онд ажиллаж байсан зарим жилийн цалин архиваас гараад, зарим цалингийн баримт гарахгүй байна. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал Шинэ үе нэгдэл болон Шинэ үе ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 56, 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр Малчид, гишүүд шилжүүлэх тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар Хувьчлалын төсөл хэлэлцэх тухай тогтоол, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0801/2714 дугаар лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар лавлагаа, Х.Ц-гийн цалингийн баримт, гэрч Ж.Д, О.Т нарын иргэний үнэмлэхийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Ж.Д, О.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Хын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.Хын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч С.Х-ын хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр зөвлөмжийн хуудсанд: С.Х-ын Туяа нэгдэлд ажиллаж байсан 1985-1987, 1989-1990 он, Шинэ үе нэгдэлд 1991-1994 онд ажилд орсон, ажлаас гарсан тушаал гараагүй тул уг хугацааны жилийг тэтгэвэр тогтоолтод оруулан тооцох боломжгүй байна гэжээ.

 

4.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 56, 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Сэржмаагийн Хын 1990 оны 5-10 дугаар сард Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд, 1992 оны 1-12 дугаар сард Шинэ үе нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.

 

4.3. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр Малчид, гишүүд шилжүүлэх тухай тушаалаар Туяа нэгдэлд ажиллаж байсан С.Х-ыг 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Шинэ үе нэгдлийн мэдэлд шилжүүлсэн байна. Мөн Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар Хувьчлалын төсөл хэлэлцэх тухай тогтоолд Шинэ үе нэгдлийг 7003,4 мянган төгрөгийн хөрөнгө хувьчлах төслийг зөвшөөрсөн байх тул эдгээр тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

 

4.4. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар архивын лавлагаанд: С.Х-ын ажиллаж байсан Шинэ үе ХК 1992-1993 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэжээ.

 

4.5. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0801/2714 дугаар лавлагаанд: С-гийн Х нь Увс аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагджээ гэжээ.

 

4.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Д, О.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Д Миний бие 1984 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Хархираа бригадад тасгийн эрхлэгч, агент, тоо бүртгэгээр, 1991 оноос 1992 оныг 02 дугаар сарыг дуустал Шинэ үе нэгдлийн Хархираа бригадын даргаар, 1992 оны 3 дугаар сараас 1994 оны 3 дугаар сар хүртэл Шинэ үе хувьцаат компанид тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан. С.Х 1985 оноос 1987 оны 10 дугаар сар хүртэл Тариалан сумын Туяа нэгдлийн Хархираа бригадын нэгдлийн туслах үйлдвэрийн ажил, адуучин зэрэг ажлуудыг хийж байсан. С.Х 1987 онд цэргийн албанд татагдаж, 1989 онд цэргээс халагдаж ирээд Туяа нэгдэлд үхэрчнээр үргэлжлүүлэн 1990 оныг дуустал ажиллаж байсан. Дараа нь 1991 оноос 1993 оныг дуустал Шинэ үе нэгдэл болон Шинэ үе хувьцаат компанид үхэрчин, саальчнаар ажилласан. Шинэ үе нэгдпийн 1991, 1992, 1993 оны цалингийн баримтуудыг Увс аймгийн Архивын тасагт өгсөн байдаг. Тухайн үеийн удирдлагууд зарим цалингийн баримтуудыг архивд өгөөгүй. С.Х 1991 оноос 1993 оныг дуустал Шинэ нэгдэлд болон Шинэ үе хувьцаат компанид ажиллаж байсан нь үнэн болно гэж, гэрч О.Т Миний бие 1981 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Хархираа бригадад малчнаар, 1991 оноос 1993 он хүртэл Шинэ үе нэгдэлд малчнаар ажиллаж байсан. С.Х нь 1985 оноос 1987 оны 10 дугаар сарыг хүртэл Тариалан сумын Туяа нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. С.Х 1987-1989 онд цэргийн алба хаасан. Дараа нь 1989 оноос Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд үхэрчнээр 1990 оныг дуустал ажиллаж байгаад 1991 оноос 1993 оныг дуустал Шинэ үе нэгдэлд үхэрчнээр ажилласан. гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлхо баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

 

5. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Хын хувийн хэргээс түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтыг гаргуулах гэсэн боловч байхгүй гэсэн хариуг ирүүлсэн болно. С.Х-ын эхнэр Х.Ц-гийн цалингийн баримт нь тухайн иргэний хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

6. Нэхэмжлэгч С.Х 1985 оны 6 дугаар сард илгээлтээр Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар томилогдон ажилласан ба 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртэл ажилласан гэх боловч хэрэгт тухайн нэхэмжлэлийг нотолсон баримт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь цэргээс халагдаж ирээд 1990 оны 5 дугаар сараас Туяа нэгдэлд ажиллаж эхэлсэн болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 56, 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүврээр тогтоогдож байх тул түүнийг цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь 1993 онд Шинэ үе ХК-д ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг дуустал, 1993 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Харин нэхэмжлэгч нь 1990 оны 5 дугаар сараас 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Шинэ үе нэгдэл болон Шинэ үе ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 56, 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр Малчид, гишүүд шилжүүлэх тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар Хувьчлалын төсөл хэлэлцэх тухай тогтоол, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

8. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бөх ургийн овогт Сэржмаагийн Хын 1990 оны 5 дугаар сараас 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Шинэ үе нэгдэл болон Шинэ үе ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг дуустал, 1993 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт С-гийн Хын 1990 оны 5 дугаар сараас 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Шинэ үе нэгдэл болон Шинэ үе ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1985 оны 6 дугаар сараас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг дуустал, 1993 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ