Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

  

 

 

О.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Шүүгдэгч: О.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлоор шүүгдэгч О.А-т холбогдох 2119002070203 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн О-ны А, Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар баг, *** гудамж, **-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.  

 

Шүүгдэгч  О.А нь 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, *** тоотод оршин суух У.Б-ийн байшингийн цонхоор орж ширээн дээр нь байсан Замбалгарав нэртэй хүрэл бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт О-ны А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.А-ыг 1 жил хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-ын цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

Шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын гол үндэслэл: Шүүхээс нотлох баримтын нотолгооны хамаарал бүхий үндэслэлтэй холбогдуулан эргэлзээ бүхий бүрэн биш баримтад дутуу дүгнэлтийг хийж ЭХХШТХуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байгаатай холбоотой болно.

Үүнд: 1. Шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт нь ЭХХШТХуулийн 27.1-д заасан шинжилгээ хийлгэх болон 27.6-д заасан шинжээчийн дүгнэлт гаргах журамд нийцсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд өөрөөр хэлбэл уг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь ЭХХШТХуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шаардлагыг бүрэн хангаж чадаагүй ба шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш байгаагийн гадна улмаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинэ нөхцөл байдал бий болсон зэрэг хууль зүйн үндэслэлүүдтэй холбогдон зайлшгүй анхаарч үзэх хүчин зүйлийн нөхцөл байдлуудыг анхаарч үзэхийг хүсч байгаа юм.

Шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө хамарвал зохих хүрээ асуумжууд дутагдалтай байсан бөгөөд өөрөөр хэлбэл А-ын хамгийн ойр дотны хүн болох хамтран амьдардаг түүний ээж О-аас асуумж өгүүлэл огт аваагүй судалж үзээгүй зөвхөн А-ын асуумжаар газ хэрэглээний нөхцөл байдлыг хөндсөний гадна шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцсон шинжээч Э-ээс хэрэгт авагдсан нэр бүхий гэрч болон О-ы мэдүүлэгт үндэслэсэн гэх боловч энэ нь хангалтгүй хавтаст хэрэгт авагдсан О-ны мэдүүлэгт миний хүүгийн эрүүл мэнд ... гээд гүйцэд бичигдээгүй дутуу өгөгдсөн баримт нь шаардлага хангахгүй юм. Тиймээс гэрчээр О-ыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж хүүхдийнх нь газ үнэртэх хэмжээний талаар асуухад өдөрт 5-6 лааз газ хэрэглэдэг гэх бөгөөд энэхүү мэдүүлэгт тулгуурлаж шинжээч эмч Э-ээс уг газ үнэрлэх хэмжээ нь А-ын сэтгэцэд хэрхэн нөлөөлөх талаар асуухад үнэхээр ийм хэмжээгээр хэрэглэх тохиолдолд уг хүн ямар ч ухаанаа алдана гэсэн хариултыг өгч байсан болно.

Улмаар шинжээч эмч Э нь ...шаардлагатай гэж үзвэл аав, ээж зэрэг ойр дотны хүмүүсээс нь мэдээлэл авдаг. Тухайн хүний сэтгэцийн байдлыг тодорхойлох гэж байгаа учраас хөндлөнгийн нөлөөлөл оруулахгүй гэдэг үүднээс хувь хүнээс түлхүү асуумж авдаг юм гэсэн атлаа энэхүү зайлшгүй шаардлага бүрэн хангагдаж чадаагүй нь дүгнэлтийг бүрэн биш гэж үзэх нөхцөл байдлыг бүрдүүлж эргэлзээ төрүүлж байгаа болно.

Өөрөөр хэлбэл А-ын сэтгэцийн байдлыг бүрэн тогтооход шаардлагатай асуумж дутуу байгаатай холбогдуулан түүний өдөр тутмын хэрэглэж байсан газны хэмжээ тодорхой тогтоогдоогүй ба нөгөө талаас газ үнэрлэх хэмжээгээр түүний сэтгэц мансуурлын байдал бодитойгоор тогтоогдох учиртай байсан үндэслэлүүд нь бүрэн хангагдаж чадаагүй орхигдсон гэхэд эргэлзэх зүйлгүй болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэх нь чухал юм.

Хэрвээ тухайн үед ээжээс нь өгүүлэмж аваад энэ талаар судалсан бол газ хэрэглэсэн хэмжээ нь бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдох байсан. Тийм учраас хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломж нөхцөлийг олгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч О.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө буруу хэрэг хийснээ ойлгож байна. Газ хэрэглээд биеийн байдал эрүүл бус бага зэрэг хүндрэлтэй байгаа. ...Би тухайн хэрэг болдог өдөр байшингийнх нь гадаа газ хэрэглэж байсан. Тэгээд нэг мэдэхэд орчихсон байсан. Сайн санахгүй байж байгаад маргааш өглөө  нь цагдаагийн байгууллагад хэргээ хүлээсэн. Буруугаа ухаарч байна. Би уг нь газ үнэрлэдэггүй бол хэрэг тарьдаггүй томоотой хүн. Эрүүл хүний ухаанаар бодоход тэр төмөр юм шиг бурхан надад ямар ч хэрэггүй.” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Ж.Ж-аас гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О.А нь ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар баг, ** тоотод оршин суух У.Б-ийн байшингийн цонхоор орж гэрээс нь “Замбалгарав” гэх хүрэл бурхныг хулгайлж, 400000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах болон прокурорын хяналтад хэргийн оролцогч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулсан, тэдний зүгээс тусгайлсан санал хүсэлтийг гаргаагүй ба мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч О.А-ын хохирогч У.Б-ийнх эзэнгүй байх үед байшингийнх нь цонхоор орж, гэрээс нь бурхан хулгайлж, 400000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан “ ... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол, ... энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай ...байранд нэвтэрч үйлдсэн бол” гэсэн хулгайлах гэмт хэргийн шинжүүдэд,   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэсэнд тус тус нийцсэн.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч О.А-ыг хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

 

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн бол “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ялын доод хэмжээнээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлж шүүгдэгчид нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу “Шударга ёсны зарчим”-д нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч О.А нь ахуйн газ үнэрлэдэг, гэмт хэрэг үйлдэх үедээ газ үнэрлэж мансуурсан байсан тул түүний сэтгэцийн байдалд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилж, гарсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 32 дугаартай дүгнэлтээр “...О.А нь сэтгэцийн хувьд F60.3 бие хүний сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох эмгэг, дэгдэмхий уусгагч бодисын хэрэглээтэй байна, А нь одоогоор дэгдэмхий уусгагч бодисын хэрэглээтэй байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” /хх 96-99/ гэж тогтоосон.

 

Анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/578 дугаартай “Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу яллагдагч О.А-ыг шинжилгээний байгууллагад буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүргэж шинжилгээг хийлгэсэн ба үзлэгийн явцад болсон хэргийн талаар өөрийн үгээр “газ сорчихсон байж байгаад хулгай хийсэн, 2 удаагийн үйлдэлтэй юм, 1 үйлдэл нь дэлгүүрээс 30 гаран мянган төгрөгийн хүнс авсан, нөгөө үйлдэл нь бурхан айлаас авсан юм, 2 үйлдэл дээрээ газ сорчихсон байсан юм, тухайн үед зориг ороод л авчихсан юм, тэгээд маргааш нь очоод хэргээ хүлээсэн” гэж,  комиссын үзлэгт “ ... зүс таних айлд бурхан ширээн дээр нь байхаар нь аваад гарсан, ... цонхоор нь ороод, цонхоор нь гарсан” гэж тус тус өгүүлсэн нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг /хх 4-8/,  эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 32/, хохирогч У.Багаагийн мэдүүлэг /хх 13-14, 46/, шүүгдэгч О.А-ын гэрчээр болон яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх 19-20, 44, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэгтэй тохирдог.

 

Иймд мөрдөгч, прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгч О.А-т холбогдох хэргийн бодит байдлыг тогтоосон ба хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

 

Анхан шатны шүүхийн хуралдаанд шүүгдэгч О.А болон түүний ээж Х.О нарын мэдүүлгүүдээр тэрээр газыг их хэмжээгээр хэрэглэдэг нөхцөл байдал үгүйсгэгдээгүй боловч энэ нь түүний сэтгэцийн талаарх шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөх, улмаар шүүгдэгчийг хэрэг хариуцах чадваргүй гэж үзэх үндэслэл болох тухай нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... шинжээч нарыг дүгнэлт гаргахдаа түүний ээж О-аас асуумж тодруулга аваагүй, ...анхан шатны шүүх хуралдаанд ээж О-ыг оролцуулж тодруулахад тэрээр хүүхдээ өдөрт 5-6 лааз газ үнэрлэдэг гэснийг шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч “... ийм тохиолдолд ямар ч хүн ухаанаа алдана”  гэж тайлбарласныг шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж  дахин шинжээч томилуулж,  дүгнэлт гаргуулах”  гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Ж.Ж-ны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч О.А-ын цагдан хоригдсон 43 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                    А.САЙНТӨГС