Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 257

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 201726030432 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 16-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төрийн тусгай хамгаалалтын газарт хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ,,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, З овогт Д-ын Б-

 

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 24:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,, тоотод салсан эхнэр С.С-ыг бусадтай хардаж, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хутга авч булаацалдах явцад түүний цээжний зүүн талд суганы урд хэсгээр цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдэж нэвтэрсэн шарх, цээжний зүүн талын хөндий дэх цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 24:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,, тоотод салсан эхнэр /хохирогч/ С.С-тай “хүүхэдтэй уулзуулсангүй” гэж маргалдан бусадтай хардан айлгахаар хутга авахад хохирогч хутгыг авахаар булаацалдан өөр рүү татахад нь хутгатай гараараа түлхэж болгоомжгүй үйлдлээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...Хохирогч С.С- бид хоёр хүүхдээ бодоод эргээд нийлэх гэж байгаа. Бие биенээ уучилсан...Би хүүхэдтэйгээ утсаар яриад хүүхдээ санаад очсон...Намайг хүүхэдтэй минь уулзуулахгүй хөөгөөд байсан...Би 2-3 пиво уусан байсан...Намайг хутгаа тавь гээд миний гарыг мушгиад авах гэхээр нь би өгөхгүй гээд тавьсан чинь халтираад унасан...Би хүүхдээ санаад хүүхэдтэйгээ уулзах гээд утас руу нь гурван удаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би гэрийн хаалгыг нь татсан чинь хаалгаа түгжээгүй унтсан байсан. Тэгээд намайг ороход “чи яах гэж ирсэн юм бэ” гээд хөөсөн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй... Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч С.С-ын Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3/

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/

4. Хохирогч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...2017 оны 3 дугаар сарын 18-ны орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,, тоот гэртээ охин Х-, И-, нөхөр Ба нарын хамт гэртээ байж байгаад орой 23:00 цагийн орчим унтах гээд утасны дуугаа хаасан байсан. Миний 99044402 дугаарын утсанд салсан нөхөр Б-гийн 90800316 дугаарын утаснаас 2-3 дуудлага ирсэн байсан. Ингээд гэртээ амарч байх үед 00:00 цагийн орчим нөхөр Б- гаднаас орж ирээд “хүүхэд минь хаана байна, би санаад байна” гээд янз бүрийн үг хэлээд байхаар нь би архи уусан байна гэж тухайн үед бодсон. Ингээд гэрт орж ирээд уурлаад үглээд байсан. Тэгээд гал тогооны өрөөний шүүгээнээс хутга аваад гартаа барьчихсан хэл амаар доромжлоод байсан. Ингээд намайг айлгах гээд хутга бариад байсан. Тэр хүн хүн хутгалах хүн биш намайг айлгах гэж хутга барьсан байх. Тэгэхээр нь би Б-гийн гарнаас хутгыг нь авах гэж хэсэг булаацалдсан. Булаацалдаж байх үедээ өөрлүүгээ хүчтэй татсан чинь өөрийн хүчиндээ газар унасан байсан. Ингээд босоод ирсэн чинь миний гарнаас цус гарсан байдалтай байхаар нь хутгыг нь далд хийсэн. Тухайн үед миний гарнаас цус гоожихоор нь шоконд ороод хутгалуулчихлаа гэж бодож маш их айж байсан...Үүний дараа Ба цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа нар ирээд 103 дуудахад яаралтай авч явах хэрэгтэй гэж аваад явсан байгаа. Цэргийн төв эмнэлэг дээр очоод үзүүлэхэд гэрэлд харж байж шийднэ гэсэн. Ингээд өглөөний 7-8 цагийн орчим зураг аваад хэвтэж эмчлүүл гэсэн. Цэргийн төв эмнэлэгт 6 хоногт хэвтэн эмчлүүлсэн байгаа. Тухайн үед би сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж Б-д маш их уур хүрч гомдож байсан тул гомдлоо өгсөн. Эргээд санахад яг ч намайг шууд хутгалчихаагүй зууралдаж байх явцад ийм асуудал болсон байсан. Тухайн үед миний цээжний зүүн талын суганы орчим зүсэгдсэн байсан...эмчилгээний зардалд 1.0 сая төгрөг болсон байгаа. Энэ мөнгөө би нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16, 114/

5. Гэрч Г.Ба-н мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...би 2017 оны 3 дугаар сарын 18-ны орой 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89-35 тоот гэртээ эхнэр С-, охин Х-, И- нарын хамт гэртээ амарч байхад Б- гэнэт өрөөнд ороод ирсэн. Тэгээд охин И-ээ хайгаад эхнэр С-тай маргалдаад байсан. Тэгээд байж байтал Б- нь гал тогооноос хар өнгийн иштэй хутга гаргаж ирээд бид нарыг айлгаж хутгаар чичээд байсан. Би тухайн үедээ согтуу байна гэж бодоод Б-гаас айсан. Гэтэл С- Б-гийн барьж байсан хутганаас барьж аваад хутга булаацалдаад чи наад хутгаараа яах гээд байгаа юм бэ гээд орилоод байсан. Тэгээд С- Б-гийн барьж байсан хутганаас зууралдаж байх үедээ орны хажууд унасан. Гэтэл С- намайг хутгалчихлаа гээд уйлаад байсан. Ингээд би харсан чинь С-ын гарнаас нь цус гоожиж байхаар нь гарыг зүссэн байна гэж бодоод яаралтай эмнэлэг, цагдаа дуудсан. Би хутгалж байхыг нь хараагүй. Учир нь Б-, С- хоёр хутгаа булаацалдаж байгаад С- орны араар унасан. Ингээд босоод ирсэн чинь гарнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4088/-ний дүгнэлт:

                        -С.С--н биед цээжний зүүн талд зүүн суганы урд хэсгээр цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талын хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амв насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26/

7. Яллагдагч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “...тухайн үед эхнэр хүүхдээ хүний өвөрт хэвтэж байхыг хараад уур хүрсэн нь үнэн. Тэгээд хамт хэвтэж байсан залууг нь айлгах гээд хутга авсан нь үнэн. Энэ үед эхнэр С- босч ирээд хутгаа тавь гээд миний хутгыг булаацалдаж эхэлсэн. Ингээд би хутгаа өгөхгүй барьж байгаад тавьсан чинь хүчиндээ...унаад өгсөн байгаа. Үүнээс болж ийм асуудал үүссэн байгаа. Тэрнээс биш эхнэрийг санаатай хутгалсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 110-111/

             8. Цэргийн төв эмнэлгийн өвчтөний түүх /хх-ийн 62-71/

            9. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “...Хэргийн газраас хураан авсан хар өнгийн иштэй 1 ширхэг хутга нь эд мөрийн баримт болох нь тогтоогдож байх тул...эд зүйлийг хавтаст хэрэгт хавсаргахаар тогтов...” /хх-ийн 86/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Б- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4088/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 24:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ,,,, тоотод салсан эхнэр /хохирогч/ С.С-тай “хүүхэдтэй уулзуулсангүй” гэж маргалдан бусадтай хардан айлгахаар хутга авахад хохирогч хутгыг авахаар булаацаалдан өөр рүү татахад нь хутгатай гараараа түлхэж болгоомжгүй үйлдлээр бусдын бие махбодид цээжний зүүн талд зүүн суганы урд хэсгээр цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талын хөндий дэх цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулсныг бусдад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Б-г бусдад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан хэдий боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, мөн түүний хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж /хохирогч С.С-д 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн/ хор уршгийг арилгасан, хохирогч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед би...Б-д маш их уур хүрч гомдож байсан тул гомдлоо өгсөн. Эргээд санахад яг ч намайг шууд хутгалчихаагүй зууралдаж байх явцад ийм асуудал болсон байсан. Тухайн үед миний цээжний зүүн талын суганы орчим зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 48/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.

Харин түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Д.Б- нь ямар нэг асуудлаар хохирогч С.С-тай маргаан үүсгэж, зүй бус авирлаж байгаа зан үйлээ засах үүргийг тэнссэн хугацаагаар шүүхээс хүлээлгэснийг ойлгоно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, энэ хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан журмын дагуу биелэлтэд нь хяналт тавин...” гэж зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн иштэй 30 см урттай /ажлын хэсэг 20 см урттай, бариул 10 см урттай/ хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6-36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Д-ын Б-г бусдад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.2, 9 дэх хэсэгт зааснаар З овогт Д-ын Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Д.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн иштэй 30 см урттай /ажлын хэсэг 20 см урттай, бариул 10 см урттай/ хутгыг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг сануулсугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР