Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 117/ШШ2021/0007

 

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жид холбогдуулан гаргасан “2020 оны 8 сарын 27-ны өдрийн ... дугаартай Д.Өт холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын байцаагч А.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Өт шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт зөрчлийг мэдүүлгээр нотлогдсон гэж бичсэн боловч мэдүүлгээр тухайн зөрчил нь нотлогдоогүй, бусад нотлох баримтаар нотлоогүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээ хэсэгт Зөрчлийн тухай хуулинд заасан нэгжээр бичээгүй 50.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан.

Мөн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар тодорхой бичээгүй, ямар хуулийн зүйл заалтаар шийтгэх оногдуулах үндэслэлтэй байгаа талаар бичээгүй, зөрчил үйлдсэн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн болохыг тогтоогоогүй болох нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн.

Улсын байцаагч А.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Ө маршрутын бус замаар тээвэр хийж хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх журам зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн А хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр холбогдогч Д.Ө ... дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Ө нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус тусад нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Өт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив”  гэжээ.

2021.02.03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжлэлдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг, материалыг шалгаж шийтгэлийн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч А.Жид холбогдох “2020 оны 8 сарын 27-ны өдрийн ... дугаартай Д.Өт холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Аймгийн Прокурорын газрын прокурор М.Үийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичигт нэмэлт санал байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор М.Үээс тус аймгийн мэргэжлийн хяналтын газрын  Б  хяналтын улсын  байцаагч А.Жид   хариуцуулан “Д.Өт   холбогдох 2020 оны 08-р сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг[2] /нэхэмжлэл/ гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  2.1 дүгээр  зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 “зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасныг дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т “баталсан удирдамжийн дагуу хянана” гэж заасанчлан Дундговь аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг[3] үндэслэн хэрэг үүсгэн[4] хянан шийдвэрлэх ажиллагааг  явуулсан.

1.Д.Өт давхардуулан хариуцлага тооцсон гэх улсын байцаагч Н.Бын 2020.08.27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудаст[5] холбогдуулан  нэхэмжлэгчээс  шүүхэд  маргаагүй болно.

2.Уг зөрчлийн  торгуулийг буюу 2020 оны 8-р сарын 27-ны өдрийн ... дугаартай   актыг биелүүлж, төрийн  банкны  мөнгөн шилжүүлгийн баримтаар[6] 2020 оны 8-р сарын 27-ны өдөр төлсөнг үндэслэн өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг   бичгээр[7] ирүүлсэнд хуульд заасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлж[8] хариуцагчаас авсан тайлбарт[9] “2021 оны 2-р сарын 03-ны өдрийн өөрчилсөн шаардлагад нэмэлт саналгүй,хууль хэрэглээний хувьд батлагдсан маягтад багтаах байдлаар хуулийн үг үсгийг орхигдуулж бичсэн, хүн хуулийн этгээдийг тогтоогоогүй, торгууль оногдуулахдаа нэгжээр бус 50,000 төгрөгөөр гэж шууд бичсэн, ямар зөрчилд шийтгэл оногдуулсан болон хуулийн нэрийг бүрэн гүйцэд бичээгүй /ЗТХ-гэж ойлгомжгүй/ зөвхөн  мэдүүлгээр буюу  дан нотлох баримтаар шийтгэл оногдуулсан зэргээр хуулиар тогтоосон  ажиллагааг бүрэн гүйцэд бус, зөрчиж хэрэгжүүлснээ хүлээн зөвшөөрсөн, хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйлгүй, шүүгчийн захирамжийн үр дагаврыг танилцуулсанг ойлгосон” гэх хариуцагчийн зөвшөөрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.

3.Зөрчилд холбогдогчийг 2020 оны 8-р сарын 27-ны өдөр  маршрутын бус замаар тээвэр хийсэн гэх зөрчилд холбогдогчийн  өөрийнх нь  мэдүүлэгт[10] үндэслэн  Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  зааснаар 50,000 төгрөгөөр торгож[11] шийтгэсэн гэх  зөрчлийн ажиллагаанд хариуцагч А.Ж шүүхэд гаргасан 2020.12.27-ны өдрийн тайлбарт[12] “шийтгэлийн хуудсыг холбогдох дүрэм журам батлагдсан маягтын дагуу гаргасан прокурор нь зөрчлийн хэрэг материалыг хянаж  үзэхдээ удирдамжгүй,  төлөвлөгөөгүйгээр хийж дуртай үедээ  татан авах нь буруу. Хөрс хамгаалах цөлжилтөөс  урьдчилан сэргийлэх  тухай хуулийн 4.1.4 “хөрс  хамгаалах” гэж  хөрсийг хүний  болон  байгалын хүчин зүйлийн нөлөөгөөр доройтохоос хамгаалах,  нөхөн сэргээх ажиллагааг хэлнэ. Мөн хуулийн 6-р зүйлийн 6.1-д хөрс хамгаалахад авах авах  нийтлэг арга хэмжээг  заасан”, 6.1.6-д “олон салаа зам гаргахгүй байх” гэж тус тус заасан байдаг тул давхардуулаагүй гэж үзэж зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэх зарчмыг хэрэгжүүлсэн, үйлдсэн хүн нь,  нотлох баримт нь  ил тодорхой байсан учраас  хялбаршуулсан журмаар шийдсэн гэжээ.

4.Тус зөрчлийн хэргийн хяналтыг аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020.08.23-ны өдөр баталсан 13/168 тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж[13], Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайдын 2019.05.03-ны өдрийн 134 тоот автозамын ангилал шилжүүлэх тухай тушаал[14], түүний хавсралт[15], 8 сарын 24-өөс 8-р сарын 29-ний хооронд ажилласан томилолт, Сайнцагаан сумын Далай багийн засаг даргын 2020.08.17-ны өдрийн 61 тоот хүсэлт[16] зэргийг удирдлага болгон ажилласан байна.

5.Мөн энэ хэрэгт 2020.08.27-ны өдөр 13-04-010/123 дугаартай тэмдэглэлээр[17] авсан мэдүүлэгт “Хөгжлийн мөр ХХК-д жолооч ажилтай, компаниас энэ замаар явж болно гэсэн” гэх мэдүүлэгт үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн  3 дах заалтын 3.1,  4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй баримтгүй байх  тул  хууль ёсны төлөөлөгч тогтоох  боломжгүйд хүрсэн гэж үзэхээр байна.

Улсын байцаагч нь төрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд  ажиллаж  хууль хэрэглээний хувьд  алдаа гаргаснаа  хүлээн зөвшөөрснийг  үндэслэн  хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр   зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар  зүйлийн 67.1-т заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  М.Үийн нэхэмжлэлтэй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын б улсын байцаагч  А.Жид  хариуцагдах  “2020 оны 08-р сарын 27-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудас   хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 49 дүгээр  зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.4, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурьдаж, хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
  3. Энэ захирамжид давж заалдах гомдол гаргахгүй, уг  асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүйг  тус тус тайлбарласугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.С

 

 

 

 

[1] Хэргийн 6 талд

[2] Хэргийн 1-2 талд

[3] Хэргийн 18-20 талд

[4] Хэргийн 21-22 талд

[5] Хэргийн 13 талд

[6] Хэргийн 7 талд

[7] Хэргийн 103 талд

[8] Хэргийн 104 талд

[9] Хэргийн 105 талд

[10] Хэргийн 8 талд

[11] Хэргийн 4-9 талд

[12] Хэргийн 29-28  талд

[13] Хэргийн  67-68 талд

[14] Хэргийн 99 талд

[15] Хуудсаар 2 хэргийн100-101 талд

[16] Хэргийн 70 талд

[17] Хэргийн 8 талд/арын нүүрэнд/