Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/00526

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2024/00526

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, О овогт Б.Э/РД: ...................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,******* байрлах, МОУЧТ ХХК/РД: ......, гүйцэтгэх захирал C. Y./-д холбогдох,

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан-Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие МОУЧТ ХХК-д жолоочоор ажиллахаар болж 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус компанитай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Ажилд орсноос хойш өөрийн үүрэгт ажлыг хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журамд заасны дагуу хийж гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэг байдлаар ажлын хариуцлага алдаж сахилгын болон бусад шийтгэл авч байгаагүй билээ.

Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай МОУЧТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаартай тушаалыг надад танилцуулж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан.

Уг Б-06 дугаартай тушаалд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлээ ажлын байр хасагдсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримталсан талаар дурджээ.

Миний бие захирлын тушаалтай танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийг судалж үзэхэд тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, "8.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй" гэж заажээ.

Гэтэл МОУЧТ ХХК-ийн зүгээс надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах гэж буй талаараа хуульд заасны дагуу урьдчилан амаар болон бичгээр огт мэдэгдээгүй бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэнэт гэрээг дуусгавар болгох тушаалыг надад танилцуулж, ажлаа даруй хүлээлгэн өгөхийг шаардсан.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4, мөн 43.2.10 цахь хэсгүүдэд зааснаар ажилтны хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, мөн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй үндэслэлээ тайлбарлаж, танилцуулах үүрэгтэй байтал ямар ч сахилгын болон бусад алдаа дутагдал гаргахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан надад урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэт хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаа даруйхан хүлээлгэж өг хэмээн дээрэнгүй хандлага гаргаж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөнд миний бие гомдолтой байсан тул МОУЧТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан.

Тус гомдлыг хэлэлцэх гурван талт хорооны хуралдаанд МОУЧТ ХХК-ийн зүгээс эвлэрэн хэлэлцэх санал гаргасныг үндэслэн тус комиссоос эвлэрэх хугацааг өгсөн.

Миний бие уг эвлэрэх саналын дагуу МОУЧТ ХХК-тай очиж уулзахад чи компанийн нэр хүндэд халдлаа. Наад өргөдлөө буцаан ав гэсэн шахалт үзүүлж эвлэрэн хэлэлцэх ямар ч оролдлого гаргаагүй тул Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд эвлэрэх боломжгүй болсон талаар мэдэгдэж, уг хорооноос 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай шийдвэрээр уг маргааныг дараагийн шатанд буюу шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд МОУЧТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаартай Б.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилуулж. 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээд явсан. Энэ нь 2023 оны 3 дугаар сард ажил олгогчийн зүгээс цуцалсан гэж байгаа. Тэр 07 дугаартай тушаал гаргаад чөлөөлөөд дараа нь Б-06 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр гарсан гэж байна. Хэрвээ тийм юм байгаа бол Б-07 дугаартай тушаал нь хаана байгаа юм бэ? Тэрийгээ мэдэгдээд өгч танилцуулсан нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх ёстой. Тэр нь хэрэгт өгөгдсөн зүйл байхгүй. Тийм учраас хариуцагчийн зүгээс өгч байгаа тайлбар нь өөрсдийгөө зөвтгөх үүднээс гаргаж байгаа үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч МОУЧТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь манай компанид жолоочоор ажиллаж байсан ба ажлаас чөлөөлөхөөс өмнөх сүүлийн 5 сарын хугацаанд нэг ч удаа ажилд дуудан ажиллуулаагүй, цаашид тухайн орон тоо байх шаардлагагүй болсон тул ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгааг мэдэгдэж, учир шалтгааныг ойлгуулсны үндсэн дээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жолооч Б.Э нь бидний нөхцөл байдлыг ойлгож өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөөр харилцан тохиролцсоны үндсэнд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б-04 тоот дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл Б.Э жолооч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргах хугацаа хожимдуулсан тул дахиж нөхөж тушаал гаргаж өгнө үү гээд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дахиж Б-06 дугаатай тушаал гаргаж өгсөн. Ажилгүйдлийн тэтгэмж олгуулах нөхцлийг хангах үүднээс ажил хийгээгүй байсан ч 2023 оны 3 дугаар сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалыг төлж өгсөн. 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа. Компанийн зүгээс ажилчнаа ойлгоод эрх ашгийг бүх талаараа бодолцоод хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэж байгаа. Хууран мэхэлж дахин тушаал гаргуулсанд харамсалтай байна. Манай захирал 50,000 юань буюу 25,000,000 төгрөгийг жолооч Б.Эт зээлдүүлсэн байсан. Одоо хүртэл буцааж аваагүй, нэхээгүй байгаа. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Эын 2022 оны 01 дүгээр сараас, 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт, МОУЧТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар тушаалын хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан МОУЧТ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Э хариуцагч МОУЧТ ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилуулж, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МОУЧТ ХХК нь тухайн орон тоо байх шаардлагагүй болсон тул ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгааг мэдэгдэж, ажлаас чөлөөлсөн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагчид жолоочоор ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 3 дугаар сарын 22-ний өдрөөс дуусгавар болгосон болох нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.1-т ... ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэж заасан.

 

Хариуцагч нь ажлын байр хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан жолоочийн ажлын байр хасагдсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1 ... 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг гэнэт танилцуулж, ажлаа даруй хүлээлгэн өгөхийг шаардсан гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай нэхэмжлэгчид 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай нэхэмжлэгчид 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... гэж заасан.

 

Хариуцагч байгууллагын жолоочийн ажлын байр хасагдсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба, түүнчлэн хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

 

Хариуцагчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад нийцээгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т Шүүх гомдлыг хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:, 160.1.1-т хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох ... учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн олгох; гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.

 

Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн жолоочийн ажилд эгүүлж тогтоох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1,000,000/1,000,000+1,000,000+1,000,000=3,000,000:3=1,000,000/ /нэг сая/ төгрөг болох нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх 10/арав/ сар, ажлын 12/арван хоёр/ хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрт хариуцагчаас нийт 10,571,428/1,000,000:21=47,619, 47,619x12=571,428, 1,000,000х10=10,000,000, 571,428+10,000,000=10,571,428/ /арван сая таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.

 

Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг өөрийнх нь хүсэлтээр нөхөж гаргасан, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тушаал гаргасан гэж тайлбарлаж байх боловч тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч МОУЧТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Эыг хариуцагч МОУЧТ ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч МОУЧТ ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,571,428/арван сая таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, хариуцагч МОУЧТ ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МОУЧТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 184,092 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч МОУЧТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б-06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Эыг хариуцагч МОУЧТ ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч МОУЧТ ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,571,428/арван сая таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, хариуцагч МОУЧТ ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлөхийг даалгасугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МОУЧТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 184,092 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ