Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2024/00417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: А. Хаяг: Б аймаг, С  сум 05 дугаар багт оршин суух,

 

Хүсэлтийн  шаардлага: Б аймгийн У газрын худгийн бригадад 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны  9 дүгээр сарын 23-ны хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч А ,

Гэрч Ш ,

Орчуулагч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалтгаангүйгээр ба хүсэлт гаргагчаас түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч А  нь Б аймгийн У газрын худгийн бригадад 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 23-ны хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие Б аймгийн У газрын худгийн бригадад нормчноор 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 23-ны хүртэл ажилласан.

1.2 Тухайн үед ажиллаж байх хугацаандаа ажил олгогчоос миний гарт хөдөлмөрийн дэвтэр өгөөгүй. Хөдөлмөрийн дэвтэр цөөхөн ирдэг байсан болохоор зарим хүмүүст хүрдэггүй байсан. Аймгийн архивын тасгаас ажиллаж байсан талаар материал хайгаад үзэхэд ямар нэгэн материал гараагүй. Нийгмийн даатгалын газарт хандахад шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн.

1.3 Мөн саяхан нээсэн хөдөлмөрийн дэвтэр маань байгаа боловч тухайн үеийн бичилт хийгдээгүй болохоор шүүхэд хандсан. Иймд миний Б аймгийн У газрын худгийн бригадад 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 23-ны хүртэл нормчноор ажилласныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 33 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, хамт ажилласан гэх Д , Б , Ш  нарын тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШЗ2024/01205 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 193 дугаартай албан бичгээр тэтгэврийн байцаагч С эд олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 472 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 473 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 410 дугаартай албан бичгээр ирүүлсэн А  болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 115 дугаартай албан бичиг, хамт ажилласан гэх Д , Б  нараас 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр авсан гэрчийн тэмдэглэл, тус аймгийн архивын тасагт 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... тухайн үед би ажиллаж байх хугацаандаа миний гарт хөдөлмөрийн дэвтэр өгөөгүй. Хөдөлмөрийн дэвтэр цөөхөн ирдэг байсан болохоор зарим хүмүүст хүрдэггүй байсан. Аймгийн архивын тасгаас ажиллаж байсан талаар материал хайгаад үзэхэд ямар нэгэн материал гараагүй. Нийгмийн даатгалын газарт хандахад шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн. Мөн саяхан нээсэн хөдөлмөрийн дэвтэр маань байгаа боловч тухайн үеийн бичилт хийгдээгүй болохоор шүүхэд хандсан гэжээ.

6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

6.1 Хүсэлт гаргагчаас 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 33 дугаартай архивын лавлагаа, хамт ажилласан гэх Д , Б , Ш  нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтыг уг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд шүүх дээрх тодорхойлолт бичсэн иргэдээс гэрчийн мэдүүлэг авсан болно.

 6.2 Шүүхийн санаачилгаар авсан 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 115 дугаар албан бичигт Б аймгийн У газрын даргын 1979, 1980 онуудын тушаалуудыг шүүн үзэхэд иргэн А -т холбогдох баримт гараагүй гэсэн мөн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт очиж Б аймгийн У газрын даргын 1979 оноос 1980 он дуустал хугацааны тушаалуудад шүүхийн журмаар үзлэг хийхэд хүсэлт гаргагч А -т холбогдох баримт гараагүй болно.

6.3 Мөн шүүхийн санаачилгаар авсан тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 410 дугаартай албан бичгээр ирүүлсэн  хүсэлт гаргагч  А ийн 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хөтөлсөн ХААТР-11 дүгээр маягтын Хөдөлмөр эрхлэлтийн байдал хэсэгт тус аймгийн У газрын худгийн бригадад бус  тус аймгийн Ойн аж ахуй, ажилд орсон нь 1979 он бус 1983 он, модны тасагт, эрхэлдэг ажил мод, ногоо, таригч гэж бичигдсэн байна.

7.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтыг хооронд нь харьцуулан шинжлэн судалбал, хүсэлт гаргагч А  Б аймгийн У газрын худгийн бригадад 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 23-ны хүртэл нормчноор ажиллаж байсан  байдал нь тогтоогдохгүй байна.

8.Шүүхэд нотариатчаар гэрчлүүлж тодорхойлолт өгч, шүүхэд болон шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Д , Б , Ш  нарын гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хүсэлт гаргагч А ийг 1979 оны 3 дугаар сарын 21-ээс 1980 оны 9 дүгээр сарын 23-ны хүртэл тус аймгийн У газрын худгийн бригадад нормчноор, манаачаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчүүдийн мэдүүлэг нь нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч тэдгээрт дурдагдсан баримтат мэдээллийг шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх замаар дүгнэлт хийх боломжтой. Гэтэл гэрч нарын мэдүүлэгт дурдсан баримтат мэдээллүүдийг харьцуулах өөр нотолгооны хэрэгсэл хавтаст хэрэгт байхгүй тул гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцээгүй гэж шүүх үзлээ.  

9.Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар А  нь Б аймгийн У газрын худгийн бригадад 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 23-ны хүртэл нормчноор ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.                      

10.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А-ийн Б аймгийн У газрын худгийн бригадад 1979 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1980 оны 9 дүгээр сарын 23-ны хүртэл нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЖАРХЫНГҮЛ