Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00593

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00593

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байрлах, ЭТМС ХХК/РД: ................, гүйцэтгэх захирал М.Е/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,******* оршин суух, Б овогт Б.Х/РД: .........................../-д холбогдох

 

5,470,200 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЭТМС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭТМС ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний Kirby Sentria төхөөрөмжийг худалдан борлуулдаг билээ. Иргэн Б.Х нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Б.Х нь 5,700,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 300,000 төгрөгийг 3 хоногт,үлдсэн төлбөрийг 18 сарын туршид 300,000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр тохиролцон гэрээ байгуулсан. Үүний дараа Б.Х нь дараах байдлаар төлөлт хийсэн. Үүнд: 2014 оны 04 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл 3.600.000 төгрөгийг төлөөгүй юм. 

Гэрээнд заасны дагуу /6.4/-д үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан ба алдангийг иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 1,800,000 төгрөг, мөн эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, үндсэн төлбөр 3,600,000 төгрөг, нийт 5,470,200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эхлээд 5 сая гаран төгрөг авсан. Манайд дорож угааж өгөөд хөөс л гарсан юм байсан. Тэгээд мэргэжлийн хүнийг авч ирж үзүүлье гэж хэлсэн чинь нэг ч хүн ирээгүй. Би ганцхан тоосонцорын бөөрөнхий зүйлийг л хэрэглэдэг. Өөр юу ч хэрэглээгүй. 4, 5 жилийн өмнө эдний нэг ажилчин хүрч ирээд та төлөх үү, эсхүл буцааж өгөх үү гэхээр нь буцааж өгье гэсэн. Төхөөрөмжийн ганцхан зүйлийг л ашигласан. Ноолуур, ор, хөнжил, хөшиг, дорож угаадгийг ерөөсөө хэрэглээгүй. Мэргэжлийн хүнээ авч ирж сургалт хийж өгнө, хошууг нь бичиж өгье гэсэн нэг ч хүн ирж юу ч бичиж өгөөгүй. Тэгээд сүүлд нэг залуу ирж байсан. Манайх өгсөн мөнгөө буцааж авна гэсэн. Тэгээд 1 сая төгрөгийг буцаана гээд за яахав олон жил болсон юм байна гэж бодсон. Манайх хүрч ирээд сургалтаа хийж өгөөч гэж өчнөөн залгаж хэлсэн. Тэгээд за буцааж өгье гэсэн. 1 сая төгрөгийг буцааж өгнө гээд тэр чигээр нь авч яваад байхгүй. Тэрнээс хойш 4, 5 жил болсон байна. Манайх төхөөрөмжөө буцаагаад өгсөн. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан ЭТМС ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЭТМС ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний бараа хүлээлгэж өгсөн актын хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00687 дугаар шийдвэрийн хуулбар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28ж3-2/287 дугаар албан бичгийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЭТМС ХХК хариуцагч Б.Хд холбогдуулан үлдэгдэл төлбөр 3,600,000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг, алданги 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг, зардал 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг, нийт 5,470,200/таван сая дөрвөн зуун далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Х манайх төхөөрөмжөө буцаагаад өгсөн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээний болон Худалдах-худалдан авах гэрээний Барааны хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ болон Худалдах-худалдан авах гэрээний Барааны хавсралтад зааснаар нэхэмжлэгч нь Кирби сентриа төхөөрөмжийг иж бүрдлийн хамт хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь Кирби сентриа төхөөрөмж болон иж бүрдлийн нийт үнэ 5,700,000/таван сая долоон зуун мянга/ төгрөгөөс 300,000/гурван зуун мянга/ төгрөгийг 3/гурав/ хоногийн дотор, үлдсэн төлбөрийг 18/арван найм/ сарын хугацаанд 300,000/гурван зуун мянга/ төгрөгөөр сарын бүрийн 25-ны өдөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ болон Худалдах-худалдан авах гэрээний Барааны хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Зохигчийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчид Кирби сентриа төхөөрөмжийг иж бүрдлийн хамт хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь Худалдах-худалдан авах гэрээний болон Худалдах-худалдан авах гэрээний Барааны хавсралтын хуулбар, Худалдах-худалдан авах гэрээний бараа хүлээлгэж өгсөн Актын хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь Кирби сентриа төхөөрөмж болон иж бүрдлийн нийт үнэд 5,700,000/таван сая долоон зуун мянга/ төгрөгийг төлөхөөс 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 2,100,000/300,000+300,000+600,000+300,000+600,000=2,100,000/ /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг төлж, үлдэгдэл 3,600,000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь төхөөрөмжөө буцаагаад өгсөн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Кирби сентриа төхөөрөмж болон иж бүрдэл нь биет байдлын болон эрхийн доголдолтой болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Кирби сентриа төхөөрөмж болон иж бүрдлийн үлдэгдэл төлбөрт 3,600,000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 3,600,000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 6-ийн 6.2-т ... төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд Гүйцэтгэгчид төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.1% тэнцэх алданги тооцох болно ... гэжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний Гэрээний 6-ийн 6.2 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Хариуцагчийн төлөх үлдэгдэл төлбөр болох 3,600,000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., мөн хуулийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан төлбөрийг төлсөн хамгийн сүүлийн өдөр болох 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх алдангийг тооцоход алданги нь үлдэгдэл төлбөр 3,600,000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн 50/тавь/ хувь болох 1,800,000/3,600,000х0.1%=3,600, 3,600х730хоног=2,628,000, 3,600,000:2=1,800,000/ /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөс хэтэрч байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргаж байсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00687 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч төлбөр төлсөн 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 3/гурав/ жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь алдангийн хэмжээ ихсэх үндэслэл болсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алданги 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийн 10/арав/ хувьтай тэнцэх алданги буюу 180,000/1,800,000х10%=180,000/ /нэг зуун наян мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 1,620,000/нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, цагдаагийн байгууллагаас хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00687 дугаар шийдвэрийн хуулбар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00687 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2017 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид холбогдуулан Гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00687 дугаар шийдвэрээр цагдаагийн байгууллага хариуцагчийг 2023 оны 01-р сар хүртэл эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Хаас нийт 3,850,200/гурван сая найман зуун тавин мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭТМС ХХК-д олгон, үлдсэн 1,620,000/нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ЭТМС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 76,553 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭТМС ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.           Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Х-аас нийт 3,850,200/гурван сая найман зуун тавин мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭТМС ХХК-д олгон, үлдсэн 1,620,000/нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ЭТМС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 76,553 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭТМС ХХК-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

, С.ХИШИГБАТ