Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/259

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай                        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

цагаатгагдсан этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/732 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр Б.Б-д холбогдох эрүүгийн 2102 00323 0252 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             А.Б, 1988 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй.

            Б.Б нь 2021 оны 6 дугаар сард Becanex.com /Беканекс.ком/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидол /Cannabidol/-ын агууламж бүхий бүтээгдэхүүн “Becanex CBD oil” /Беканекс СиБиДи ойл/ гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, “Becanex CBD oil” /Беканекс Си Би Ди ойл/ гэсэн бичиглэл бүхий хүн бор 12 шилтэй шингэн зүйл, “Becanex CBD balm” /Беканекс Си Би Ди балм/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолттойгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

             Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Б-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхээ эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Becanex CBD ойл /Беканекс СиБиДи ойл/ гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, Becanex CBD balm /Беканекс СиБиДи ойл / гэсэн бичиглэл бүхий хүрэн бор 12 шилтэй зүйл, Becanex CBD balm /Беканекс СиБиДи балм/гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...цагаатгах тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3146 дугаартай “ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Becanex CBD massage oil” гэсэн шошготой дээж, “Natural Hemp Flavouring Preparation” гэсэн шошготой дээж, “Beganex CBD balm” гэсэн шошготой дээжээс каннабидол /cannabidol/ илэрсэн...” /хх 66-68/ гэх, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4652 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Becanex CBD massage oil” гэсэн шошготой дээж, “Natural Hemp Flavouring Preparation” гэсэн шошготой дээж, “Beganex CBD balm” гэсэн шошготой дээжээс каннабидол /cannabidol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын” 1 дүгээр жагсаалтад багтдаг болно...” /хх 82-83/ гэх дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр шүүгдэгч Б.Б-гийн захиалан авчруулсан бараанаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу каннабидол илэрсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна. Гэтэл анхан шатны шүүх “хэрэгт авагдсан гадаад хэл дээрх баримтат мэдээллүүдийн албан ёсны орчуулгаар гоо сайхны зориулалттай бүтээгдэхүүн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ” гэж орчуулгын баримтыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээс илүүтэйгээр үнэлэн дүгнэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ. Прокуророос шүүгдэгч Б.Б-г хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүнийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 248 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж бичиг, техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан бүхий л шинжүүдийг тодорхойлон бичсэн буюу урьд яллагдагчаар татахдаа дурдсан гэмт хэргийн шинжээ зөв тодорхойлж бичсэн атлаа зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж буруу бичжээ. Угтаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр ... хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх ба Б.Б-д холбогдох хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл анги буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан зүйл ангиар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлүүлэх нь дээрх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх буюу яллах дүгнэлтэд гарсан тооны техникийн шинжтэй алдааг засч хэргийн процессыг анхнаас нь зөвтгөж хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргуулахын тулд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Б.Б-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын комисс хуралдаад Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу 1961 оны конвенцийн 4 дүгээр жагсаалтаас “Сannabidol” гэх бодисыг хасах шийдвэрийг гаргасан. Прокурор болон шинжээч нар 1961 оны конвенцийн 1 дүгээр жагсаалтад “Сannabidol” гэх бодис бичигдсэн байна гэж үзсэн. Гэвч тус конвенцийн 1 дүгээр жагсаалтаас харахад “каннабис” болон “каннабисийн давирхай” гэж орчуулагдах бодисыг дурдсан байдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулах газраас “Сannabidol гэх бодис нь 1961, 1971, 1988 оны конвенцуудад байхгүй” гэх албан бичгийг ирүүлсэн. Мөн Эм судлалын салбар зөвлөл хуралдаад “...“Сannabidol” гэх бодис нь Олон Улсын сэтгэцэд нөлөөтэй эмийн шар жагсаалтад багтдаггүй. Мөн Монгол Улсын мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн шар жагсаалтад бүртгэгдээгүй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан. “Сannabidol” гэх бодис нь дангаараа сэтгэцэд нөлөөлөхгүй, гоо сайханы бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Уг бодис нь гэмт хэргийн объект биш. Иймээс Б.Б-г цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Б.Б- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокурорын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2102003230252 дугаартай тогтоол /хх 86-88/-оор Б.Б-г “2021 оны 6 дугаар сард Becanex.com /Беканекс.ком/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидол /Cannabidol/-ын агууламж бүхий бүтээгдэхүүн “Becanex CBD oil” /Беканекс СиБиДи ойл/ гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, “Becanex CBD oil” /Беканекс Си Би Ди ойл/ гэсэн бичиглэл бүхий хүн бор 12 шилтэй шингэн зүйл, “Becanex CBD balm” /Беканекс Си Би Ди балм/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолттойгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба яллах дүгнэлт үйлдэх үедээ уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй буюу яллагдагч Б.Б-г буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг аливаа байдлаар хөнгөрүүлэн өөрчлөөгүй байхад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Улмаар анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Б.Б-гийн хувьд түүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хэрэглэх байсан гэх шингэн болон тосон бүтээгдэхүүнүүдийн гарал үүсэл, зориулалт, олон улсын хэмжээнд чөлөөтэй худалдаалдаг, тухайн бүтээгдэхүүнүүд нь хориглосон мансууруулах эм, бодисын жагсаалтад багтдаг эсэхийг нарийвчлан тогтоох, бүтээгдэхүүний найрлагад агуулагдах эзэлхүүн, тун ямар хэмжээнд байгаа, нэр бүхий дээрх бүтээгдэхүүнийг ямар хэмжээ тунгаар хэрэглэсэн тохиолдолд хүний бие, сэтгэхүйд мансууруулах нөлөөлөл үзүүлдэг болох, шүүгдэгч уг бодисыг хэрхэн, ямар хэмжээгээр хэрэглэж мансуурч донтож байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчилсан нь нэг талаас шүүх хуралдааныг чиглэсэн тодорхой зорилгын хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, нөгөө талаас ямар ч тохиолдолд шүүгдэгчийн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой.

Шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээ гэдэг нь яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэгдсэн болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжсэн гэмт хэргийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай шүүгчийн захирамжийн агуулгаар хязгаарлагдана.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох ба харин хэргийн зүйлчлэлийг өөрчлөх замаар илүү хүнд ял хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хэргийг прокурорт буцаана.

Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааны журмыг тогтоон хуульчилсан бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтууд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд хангалттай эсэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэр нь энэ хуульд нийцсэн эсэхийг сайтар шалгах үүрэгтэй ба шаардлагатай бол хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх эрх хэмжээг шүүгч өөрийн санаачилгаар бие даан хэрэгжүүлдэг.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:”-ийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;” гэж,

- мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”-ийн 1.2-т “хэргийг прокурорт буцаах;” гэж,

- мөн зүйлийн 6 дахь хэсэг “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”-ийн 6.4-т “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт;” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцдаа яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулахаар өөрийн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлээгүй, прокуророос ч энэ талаар хүсэлтийг гаргаагүй байна.

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар эргэлзээгүй тусгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

Шүүх хэдий хөндлөнгийн байгууллага ч илт илэрхий алдааг мэдсээр байж засуулаагүй, прокурор алдаагаа засах талаар санаачилгатай байж хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйг буруутгав.

Иймд яллах дүгнэлтэд дурдагдсан зөрчлийг арилгахыг хүссэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/732 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хэрэг очтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН