| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03162/И |
| Дугаар | 181/ШШ2024/00692 |
| Огноо | 2024-02-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/00692
| 2024 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2024/00692 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* байрлах, О овогт Д.Н/РД: ...................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,, байрлах, БМТТ УТҮГ/РД: ..........., захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Э/-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал бодож олгохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Хариуцагч БМТТ УТҮГ-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н-ийн буруутай үйлдлээс болж миний бие өнөөдрийг хүртэл хохирч байгаа тул өнгөрсөн хугацааны цалин хөлс, нэмэгдэл 9,108,000 төгрөг олгох, түүний гаргасан хууль бус тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэл гаргаж байна.
Мөн миний хувьд БМТТ-ын 2022 оны санхүүгийн аудитын шалгалт, тайлангаар өөрчлөлтгүй үнэлгээ авч, ажил мэргэжлийн хувьд сайнаар үнэлэгдсэн тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-д заасан Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж, урамшуулж болно гэсэн заалтын дагуу балансын нэмэгдлийн урамшууллыг 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 4,400,000 төгрөгийн урамшуулал олгохыг тус, тус нэхэмжилж байна.
Д овогтой Н миний бие БМТТ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Т-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус газрын нягтлан бодогчийн албан тушаалд түр томилогдсон, 2022 оны 04 дүгээр сарын 01 ны өдрийн Б/20 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ-г хугацаагүйгээр байгуулан үр бүтээлтэй ажиллаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Н-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/54 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн билээ. Миний бие доорх үндэслэлээр Ц.Н-ийн гаргасан хууль бус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь Ц.Н нь намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа "Хөдөлмөрийн дотоод журам-н 1 дугаар зүйлийн 7.4.1 дэх заалт болон Хөдөлмөрийн гэрээний 5.4.1 дэх заалтад заасан Ажил олгогчийн хөрөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргах, гаргасан нь тогтоогдсон буюу ажил үүрэг гүйцэтгэхдээ төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, үр ашиггүй зарцуулсан ноцтой зөрчил гаргасан нь Үндэсний аудитын газрын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №11/А0170460, СНАГ-2023/96НА-СТА-ТШЗ дугаартай актаар тогтоогдсон гэж үндэслэл болгожээ.
Үндэсний аудитын газрын актад Байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулахад зарцуулсан 14,910,000 төгрөгийг барагдуулах талаар дурдсан байдаг.
Дээрх 14,910,000 төгрөгийн зөрчил нь Ньюс аженси ХХК, Оюунлаг эргэлт медиа групп ХХК, Медиа групп ХХК, Гэгээн далай ХХК-иудтай гэрээг БМТТ Улсын төсөвт үйлдвэрийн газрын ерөнхий менежер Н.Э-тай байгуулж, захирлаар ажиллаж байсан Ц.Т нар баталсан нь холбогдох баримтаар нотлогдоно.
Дээрх гэрээний зорилго нь "... Боловсролын салбарын бодлого, боловсролын салбарын цахим шилжилт, хоцрогдол арилгах төлөвлөгөө, арга хэмжээний хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар мэдээ, ярилцлага зэргийг телевизийн эфир болон вэб сайтаар дамжуулан олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх ажлыг хийж гүйцэтгэх юм.
Миний тухайд захирлаар ажиллаж байсан Ц.Т-ийн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн тул Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарийн дагуу 2 дугаар гарын үсэг зурж гүйлгээг хийсэн бөгөөд өөрийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзэхгүй байгаа юм.
Түүнчлэн Ц.Н нь Үндэсний аудитын газрын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №11/А0170460, СНАГ-2023/96НА-СТА-ТШЗ дугаартай актад дурдсан зөрчилд дурдагдсан төлбөртэй холбоотойгоор Медиа групп ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл 30 хувийн төлбөрийг шилжүүлэх баримтад өөрөө 1 дүгээр гарын үсэг зурж, надад үүрэг чиглэл өгсний дагуу би гарын үсэг зурснаар төлбөр хийгдсэн нь мөн адил манай байгууллагын санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоно
Ц.Н нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан тушаалд томилогдсоноосоо хойш намайг ажлаа өг, ажилтай чинь ярина шүү гэж 2 удаа шахаж, дарамталж байсан.
БМТТ улсын төсөвт үйлдвэрийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/20 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон тушаалын эх хувь, Аудитын дүгнэлтийг эх хувийг гаргуулан авах. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу ажлаас хууль бусаар халагдсан 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлсөө нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгааг хүлээн авна уу. гэв.
Нэхэмжлэгч Д.Нийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн Ажил гүйцэтгэх гэрээ гэдэг нь хуулиар талууд ямар эрх, үүргээр оролцох вэ, мөн гэрээнд заасан эрх, үүргийг тодорхойлсон. Тэр харилцааны үүргийн хүрээнд байгууллага төлбөрөө төлөх үүрэгтэй. Тухайн үед менежер болон захирлын зүгээс гэрээ байгуулсан. Гэрээнд Д.Н оролцоогүй. 1-р гарын үсгийг захирал зурж байгаа. Тэгэхээр захирлын гарын үсэг зурсан төлбөрийн даалгаврын дагуу гүйлгээ хийх ажлыг нягтлан бодогч өөрийнхөө ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ үндсэн дээр гүйцэтгэсэн байна гэж харж байна. Тэгэхээр захирал үнэхээр алдаатай шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа бол түүнийгээ нягтлан бодогч руугаа чихэж нягтлан бодогчийг халж шийдвэрлэж байгаа нь шударга биш байна. Хоёрдугаарт зөрчил байсан гэж тооцогдсон нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан процесс, журмыг зөрчсөн гэж харж байна. Яагаад гэвэл 05 дугаар сарын 08-ны өдрийн тушаал гарахдаа 1-р заалтаар 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дугаар бүхий актаар тогтоогдсон гэж байгаа. Энэ 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш буюу илрүүлснээс 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай байдаг. Хуульд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ажилтны тухайд зөрчил илрүүлснээс хойш 1 сарын хугацаа, зөрчил гарснаас хойш 6 сарын хугацаа байхаар тодорхойлсон байдаг юм байна. Гэхдээ нягтлан бодогч Д.Нийн хувьд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй гэдгийг хариуцагч хариу тайлбараар ирүүлсэн. Тэгэхээр илрүүлснээр хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сар гэдэг. Энэ хуулийн хугацаанд аль алийг нь зөрчсөн. Тухайн үед төлбөр гүйцэтгэсэн урьдчилгаа 70%-ийн төлбөрийг гүйцэтгэснийг шүүх харгалзаж үзэх нь зүйтэй байх. Мөн 02 дугаар сарын 24-ний өдрийн актыг Ц.Н захиралд хэзээ мэдэгдсэн талаарх баримтыг дүгнэхэд 05 дугаар сарын 08-ны өдөр тушаал гаргасан нь алдаатай байна гэдэг нь бүрэн тодорхойлогдохоор байна. Иймээс үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн, ажлаас халсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах хууль зүйн бүрэн үндэслэл байна. Энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулъя гэж хүсэж байна. Өнөөдрийн байдлаар бид нар нэхэмжлэлийн шаардлагаа анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гэж тодорхойлсон. 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажлын өдрүүдийг бид нарын зүгээс тодорхойлсон. 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажлын өдөр 18 хоног байх ёстой, 06 дугаар сард 21 хоног, 07 дугаар сард 16 хоног, 08 дугаар сард 23 хоног, 09 дүгээр сард 21 хоног, 10 дугаар сард 22 хоног, 11 дүгээр сард 21 хоног, 12 дугаар сард 20 хоног, 2024 оны 01 дүгээр сард 22 хоног, 02 дугаар сард 20 хоног гээд ийм ажлын үр дүн байна.
Урамшуулал бодож олгохыг хариуцагчид даалгах гэж байгаа. Энэ нь хуулиар болон Үндэсний асудитын газрын дүгнэлт, Төрийн нарийн бичгийн даргын албан бичгүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлтэй гэж үзэж байна. Байгууллага 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулалыг олгодог байсан байна. Анхны нэхэмжлэл дээр бид нар 4,000,400 төгрөг гэж тодорхойлж байсан. Гэхдээ энийг хатуу тодорхойлох нь үндэслэлгүй юм байна гэж үзээд ажил олгогчийн эрх хэмжээнд үлдээх нь зүйтэй юм байна. Ямар ч байсан урамшуулал олгохыг даалгах байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж хүссэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа. гэв.
Хариуцагч БМТТ УТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад ...Ц.Н-ийн буруутай үйлдлээс болж миний бие өнөөдрийг хүртэл хохирч байгаа тул өнгөрсөн хугацааны цалин хөлс, нэмэгдэл 9,108,000 төгрөг олгох, түүний гаргасан хууль бус тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэл гаргаж байна... гэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
БМТТ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Н-ийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцсэн тушаал болно. Энэ нь нягтлан бодогчийн эрх, үүргийг тодорхойлсон хууль тогтоомжийн зохицуулалтаар баталгаажна. Үүнд:
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нягтлан бодогчийн эрх, үүргийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
20.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна. 20.1.2. нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, 20.2. Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ, 20.2.4 нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, 20.2.5 дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; 20.2.8 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны хүлээх үүргийг 42.2 дугаар зүйлд тодорхойлсон бөгөөд хуулийн 42.2.12-д хууль тогтоомжид заасан бусад үүрэг-ийг мөн хүлээх талаар заасан. Гэтэл нэхэмжлэгч Д.Н хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ...Дээрх 14,910,000 төгрөгийн зөрчил нь Ньюис аженси ХХЗ, "Оюунлаг эргэлт медиа групп ХХК, Медиа групп ХХК, Гэгээн далай ХХК-тай байгуулсан гэрээг Боловсролын мэдээллийн төв-ийн ерөнхий менежер Н.Эрдэнэжав байгуулж, захирлаар ажиллаж байсан Ц.Т нар баталсан нь холбогдох баримтаар нотлогдоно... Миний захирлаар ажиллаж байсан Ц.Т гүйлгээ хийхийг зөвшөөрсөн тул тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарийн дагуу 2 гарын үсэг зурж гүйлгээг хийсэн.... гэсэн нь хуульд нийцэхгүй тайлбар гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Н нь хууль тогтоомжид харшилсан шийдвэр буюу Улсын Төрийн хэмнэлтийн тухай хууль-д заасан зөрчилтэй гүйлгээ болзошгүй гэдгийг мэдсэн атлаа энэ талаар төвийн захирлаар ажиллаж Ц.Т, Ц.Н нарт мэргэшсэн бөгөөд мэргэжлийн нягтлан бодогчийн хувьд зохих зөвлөгөө тайлбар өгөөгүй, хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбараас тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад ...Мөн миний хувьд БМТТ-ийн 2022 оны санхүүгийн аудитын шалгалт, тайлангаар өөрчлөлтгүй үнэлгээ авч, ажил мэргэжлийн хувьд сайнаар үнэлэгдсэн тул нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-д заасан Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно гэсэн заалтын дагуу балансын нэмэгдлийн урамшууллыг 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 4,400,000 төгрөг урамшуулал олгохыг тус тус нэхэмжилж байна... гэсэн нь тодорхой заасан үндэслэлгүй бөгөөд зөвхөн аж ахуйн нэгж байгууллагын Удирдлагын эрх хэмжээнд хамаарах асуудал тул заавал биелүүлэх үүрэггүй тул хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Д.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ХГ2022/-04 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Албан тушаалын тодорхойлолтын хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Б/18 дугаар тушаалын хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/54 дугаар тушаалын хуулбар, Үндэсний аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн № 11/АО170460СНАГ-2023/96/НА-СТА-ТШЗ Актын хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн № 69 дугаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, Д.Нийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн цалингийн тооцоолол, хариуцагчийн баримтаар гаргасан Боловсролын мэдээллийн төвийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/20 дугаар захирлын тушаалын хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/07 дугаар захирлын тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №159, №160, №161, №162 Төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №422 Төлбөрийн хүсэлтийн хуулбар, Үндэсний аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн БМТТийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №БМТТ/2022-29 Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбар, №БМТТ/2022-30 Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбар, №БМТТ/2022-31 Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбар, №БМТТ/2022-32 Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/08 дугаар Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, 2022 оны Санхүүгийн аудитын тайлангийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11/АО170460, 12/АО170460 дугаар үндэсний аудитын актын хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2/3151 дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2/3151 дугаар албан бичгийн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н хариуцагч БМТТ УТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 33,220,000/гучин гурван сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, урамшуулал бодож олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч БМТТ УТҮГ нь хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хариуцагчид нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь ажил үүрэг гүйцэтгэхдээ төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, үр ашиггүй зарцуулсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болох нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/54 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ... эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;, 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ... ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; гэж заасан.
Үндэсний аудитын газраас хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн болох нь Үндэсний аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн № 07/366 Өөрчлөлтгүй дүгнэлтийн болон БМТТийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангийн хуулбараар тогтоогдож байна.
Үндэсний аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн № 07/366 Өөрчлөлтгүй дүгнэлт болон БМТТийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар хариуцагч нь байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулахад зориулан 4 хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулан 14,910,000/арван дөрвөн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг зарцуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно:, 15.1.4-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх гэж заасантай нийцэхгүй Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.
Уг зөрчилтэй холбоотой 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Үндэсний аудитын газраас 14,910,000/арван дөрвөн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг Аудитын шалгалтын орлогын дансанд төвлөрүүлэх тухай № 11/АО170460СНАГ-2023/96/НА-СТА-ТШЗ Акт тогтоосон болох нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн № 11/АО170460СНАГ-2023/96/НА-СТА-ТШЗ Актын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Үндэсний аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн № 11/АО170460СНАГ-2023/96/НА-СТА-ТШЗ Актад гомдол гаргаагүй байна.
Хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Оюунлаг эргэлт медиа групп ХХК-тай №БМТТ/2022-29 Ажил гүйцэтгэх гэрээ-г 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай, Ньюс-Аженси ХХК-тай №БМТТ/2022-30 Ажил гүйцэтгэх гэрээ-г 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай, Гэгээн далай ХХК-тай №БМТТ/2022-31 Ажил гүйцэтгэх гэрээ-г 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай, Медиа групп ХХК-тай №БМТТ/2022-32 Ажил гүйцэтгэх гэрээ-г 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай байгуулжээ.
Дээрх гэрээнүүдэд зааснаар хариуцагч нь ажлын хөлсөд ажил гүйцэтгэгч нарт нийт 14,910,000/арван дөрвөн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №159, №160, №161, №162 Төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №422 Төлбөрийн хүсэлтийн хуулбар, Үндэсний аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн БМТТийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад заасан ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий ажилтан болох нь нэхэмжлэгчийн Албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилт хэсгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн Албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилт хэсгийн 3-т Төвийн төсвийн төсөл зохиох, зардлыг зөв зохистой зарцуулах ... гэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн мөнгө болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн мөнгө болон эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд байх боловч хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 1-ийн 1.5-д Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдан зохион байгуулна ... гэжээ.
2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №БМТТ/2022-29 Ажил гүйцэтгэх гэрээ, №БМТТ/2022-30 Ажил гүйцэтгэх гэрээ, №БМТТ/2022-31 Ажил гүйцэтгэх гэрээ, №БМТТ/2022-32 Ажил гүйцэтгэх гэрээ-г хариуцагчийн захирал байгуулжээ.
Хариуцагч нь Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө дээрх гэрээнүүдийг байгуулжээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2 дахь заалтад зааснаар нягтлан бодогч нь хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхтэй байх боловч хариуцагчийн захирал нь Хөдөлмөрийн дотоод журмын 1-ийн 1.5-д зааснаар Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбоотой дээрх Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаагүй, ажлын хөлсийг шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
Хөдөлмөрийн дотоод журмын 1-ийн 1.5-д зааснаар хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-с татгалзаагүй, ажлын хөлсөд нийт 14,910,000/арван дөрвөн сая есөн зуун арван мянга/ төгрөгийг шилжүүлэх шийдвэр гарган ажлын хөлсийг шилжүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болон Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.4.1-т заасан ноцтой зөрчил буюу ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтад заасан зөрчил гаргаагүй байх тул хариуцагчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/54 дугаар Д.Нтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь заалтад нийцээгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.
Хариуцагч нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн нягтлан бодогчийн ажилд эгүүлж тогтоох үндэслэлтэй.
Хариуцагчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/54 дугаар Д.Нтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож байх тул нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоох нь бие даасан шаардлагад хамаарахгүй ба нэхэмжлэлийн үндэслэл гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 3,036,000/3,036,000+3,036,000+3,036,000=3,036,000:3=3,036,000/ /гурван сая гучин зургаан мянга/ төгрөг болох нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 4 дүгээр сарын сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажлын 204/хоёр зуун дөрөв/ хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт хариуцагчаас нийт 29,492,484/3,036,000:21=144,571, 144,571x204=29,492,484/ /хорин есөн сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 3,727,516/33,220,000-29,492,484=3,727,516/ /гурван сая долоон зуун хорин долоон мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид урамшуулал олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно. гэж заасан.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан ажилтныг шагнаж урамшуулах эрхтэй байх ба уг зохицуулалт заавал биелүүлэх шинжтэй үүрэг хүлээлгэсэн зохицуулалтад хамаарахгүй.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид урамшуулал олгох эсэхийг бие даан шийдэх эрхтэй байх тул нэхэмжлэгчийн урамшуулал олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нийг хариуцагч БМТТ УТҮГ-ын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч БМТТ УТҮГ-с дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 29,492,484/хорин есөн сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгон, хариуцагч БМТТ УТҮГ-т олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, үлдсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу урамшуулал бодож олгохыг даалгах, 3,727,516/гурван сая долоон зуун хорин долоон мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч БМТТ УТҮГ-с улсын тэмдэгтийн хураамжид 357,612 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нийг хариуцагч БМТТ УТҮГ-ын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч БМТТ УТҮГ-с дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 29,492,484/хорин есөн сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгон, хариуцагч БМТТ УТҮГ-т олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, үлдсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу урамшуулал бодож олгохыг даалгах, 3,727,516/гурван сая долоон зуун хорин долоон мянга таван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч БМТТ УТҮГ-с улсын тэмдэгтийн хураамжид 357,612 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ