Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/40

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч: Г-ын өмгөөлөгч Д.Дашцэрэн,

Хохирогч: Г, Н,

Шүүгдэгч: Г, Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н нарт холбогдох эрүүгийн 201715010078 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Жем Хужирт ХХК-д савлах машины оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхэд, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Г

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 07 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхэд, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Н-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  Н нь согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр айлд очиж адуу тавих гэж байгаа талаар хэлэх гэж яваад замаараа Н-ын гэрт орсон. Н бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд би цаашаа нөгөө айлдаа очиж уулзчихаад буцахдаа Н-ын гэрээр дахиад орсон. Тухайн үед Н гэртээ байхгүй байсан. Эхнэр нь Н-ыг төв рүү явсан гэж хэлээд цаадахаа нааш нь явуулчихаарай архидаад алга болчихно гээд байсан. Би төв рүү ороод Н руу залгасан чинь намайг хүрээд ир гэсэн. Очиход Н айлын хашаанд нэг залуутай архи уугаад сууж байгаад барилдах уу гээд барилдсан. Н намайг үүрч шидсэн. Би газар унахдаа шанаагаа шалбалчихсан. Би Н-ыг чөлөөтөөр барилдаж байсан чамтайгаа байлгүй дээ гээд барьж аваад хөлийг нь чагталж эргүүлсэн чинь Н хөл хөл гээд байсан. Би хөлийг нь тавьсан чинь намайг цохиод авсан. Өмнө нь гэмтэлтэй байсан болохоор өвдөөд байсан байхаар нь би хөл өвдөөд байна гэж хэлсэн. Н миний нүд рүү цохьсон. Би уурандаа хавсраад унагасан” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байтал Г манайд ирсэн. Ирээд 1 шил архи хувааж уугаад айлд очиж гүүгээ тавиад ирнэ гэсэн. Би сумын төв ороод бензин аваад ирэхдээ найз Э-тай таарсан. Би Г-ыг залгахаар нь дуудаад харих болоогүй юу гэхээр нь хүрээд ирэх үү гэсэн чинь яах юм гэсэн. Бид хоёр барилдаж байгаад би Г-ын нүүрийг нь халцалсан. Тухайн үед би согтуу байсан. Найзынхаа нүд рүү цохьсондоо гэмшиж байна” гэсэн мэдүүлэг

Хохирогч Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Согтуурч өөрийн буруугаас болж хохирсон” гэв.

Хохирогч Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:” Бид хоёр архи ууж согтуурсан. Биедээ хүнд гэмтэл авсан. Одоо биеийн байдал сайн байгаа” гэв.

Хохирогч Г мөрдөн байцаалтын шатанд 2017-06-13-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би Д гэх хүнтэй цуг мотоциклтой нь Хужирт сумын 2 дугаар багийн нутагт айлд адуу тавих талаар ярих гэж айл руу явж байгаад хөдөө замаараа Н-н гэрээр ороод гарсан. Тухайн үед би 1 шил архитай тэдний гэрт орсон. Тэгээд архиа Н бид хоёр хувааж уучихаад би цаашаагаа нөгөө айл руугаа явсан. Тэгээд тухайн айлдаа орж уулзчихаад эргээд буцах замаараа  Н-ын гэрээр орсон чинь Н байхгүй эхнэр нь хэлэхдээ төв рүү явсан. Цаадахаа олоод наашаа явуулаарай халуураад архи уугаад явчихвий гэж хэлсэн. Тэгээд төв рүү ороод би Д-г гэрт нь буулгачихаад Н руу утсаар ярихад урд хороонд байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очиход Н нь айлын хашаанд Э гэх залуутай 1 шил 0,75 граммын “Харзтай” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд бид 3 тэнд айлын хашаанд нэлээн юм ярьж сууж архиа ууж дуусчихаад явъя гээд боссон чинь Н барилдах уу гээд бариад авсан. Тэгэхээр нь би барилдъя гээд бариад авсан чинь Н өмсөх мэх хийгээд газар унагаасан. Тухайн үед би унахдаа нүүрээрээ унаж шанаагаа халцалсан. Тэгээд би босож шанаа халцалаад хаячихлаа гэж хэлээд чөлөөтөөр барилдаж байсан чамтайгаа байлгүй дээ гээд хөлд нь хэрээс мэх хийгээд эргүүлсэн чинь Н яая хөл гээд байсан. Тэгээд би тавьсан чинь Н босож ирээд миний нүд рүү гараараа цохьсон. Зүүн талын шанаа халцарсан. Зүүн талын нүд хавдаж цус хурсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 11-13/ гэсэн мэдүүлэг, 

Хохирогч Н мөрдөн байцаалтын шатанд 2017-06-13-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би хөдөөнөөс би төв рүү орж ирээд Э гэх найзтайгаа уулзаад байж байсан чинь Г над руу утсаар залгаад хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь Э-тай уулзаад урд хороонд Ч ахын хашаанд байна гэж хэлтэл хүрээд ирсэн. Тэгээд Э, Г бид 3 “Харзтай” нэртэй 0,75 граммын архи хувааж уусан. Тэгээд тэндээс явах гээд хашаанаас гараад гудамжинд мотоциклийн хажуу талд байсан чинь Г намайг бариад  авсан. Тэгэхээр нь би барилдаж байгаа юм байх гэж бодоод газар унагаачихсан чинь Г-ын нүүр халцарчихсан юм. Тэгсэн чинь Г барилдаагүй байхад нүүр халцалаад хаячихлаа гээд над руу уурлаад намайг барьж аваад газар унагаад дээрээс дараад байсан. Тухайн үед миний хуучин бэртэлтэй байсан хөл өвдөөд байхаар нь хөл өвдөөд байна бос болио гэж хэлээд босонгуутаа хөл өвдөөд байхад боль гээд байхад чинь гэж хэлээд би Г-ын нүд рүү гараараа цохьсон. Тэгсэн чинь Г уурлаад намайг газар унагаагаад толгой болон цээж рүү 2-3 удаа өшиглөөд тэгээд яваад өгөх шиг болсон. Би тухайн үед ухаан балартаад тэнд үлдсэн. Э гэдэг залуу байсан. Намайг боль гээд цохьлоо гэж уурлаж зодсон байх. 2 хавирга хугарч, цээжинд хий хурч, тархины хаван үүссэн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 8-10/ гэсэн мэдүүлэг,

Гэрч Э мөрдөн байцаалтын шатанд 2017-06-15-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би хөдөөнөөс Хужирт сумын төв дээр орж ирчихээд буцах гэж яваад орой 18 цагийн орчим Н-тай тааралдсан. Тэгээд Н 2-уулаа ганц шил архи хуваагаад уучихъя гээд өврөөсөө 1 шил 0,75 граммын “Харзтай” нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд бид 2 тухайн архийг Гүнсэн гэх дэлгүүрийн гудамжинд хувааж ууж байсан чинь Н утсаар яриад хүн дуудсан. Тэгээд удалгүй Г гэх залуу ирсэн. Тэгээд бид 3 тухайн архиа хувааж уусан. Архиа ууж дууссаны дараа Г гэх залуу Н 2 хоорондоо барилдъя гээд барилдаж байснаа Г-ыг Н газар шидээд нүүрээр нь газар унагаагаад хацар шанааг нь халцалсан байсан. Тэгээд Г нь уурлаад байсан. Тэгээд явцгаая гээд хөдлөх гэсэн чинь гэнэт Н Г-ыг боль гээд орилсон. Тэгэхээр нь хартал Н газар уначихсан Г шилэн хүзүү рүү нь гараараа цохиод байсан. Тэгэхээр би боль гээд очоод салгахад Г гарынх нь суга орчим руу нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд би салгаад явцгаая гээд явсан. Н газар хэвтчихсэн, Г хажууд нь суугаад үлдсэн. Хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Намайг салгах гээд очиход шилэн хүзүү рүү 2-3 удаа гараа цохиод босож ирээд суга руу нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Барилдаж байгаад газар нүүрээр нь унагааж нүүрийг нь халцалсан. Намайг харж байхад цохиж барьсан зүйл байхгүй. Н нилээн согтуу байсан. Харин Г гайгүй байсан...” /хх 14-15/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №177 дугаартай дүгнэлтэд “1. Г-ын биед, зүүн нүдний алим, зүүн нүдний доод зовхи, зүүн хөлийн өвдөгт цус хуралт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь тайлбарлаж байгаа зодуулсан гэх үйлдлээс үүссэн байх боломжтой. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №6869 дугаартай дүгнэлтэд: “1. Н-ын биед цээжний зүүн 6,7-р хавирганы уушгийг гэмтээсэн зөрүүтэй хугарал, цээжний зүүн хөндийн хий шингэн хуралдалт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 28/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 80/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

- Шүүгдэгч Г-ыг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр /хх 38-40/, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 83-84/, шүүгдэгч Н-ыг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр /хх 41-42/, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 81-82/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65-66/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г, Н нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г, Н нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Г-ын эзэмшлийн “Хонда Сивик” маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Н-ын эзэмшлийн 3 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Г, Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай..

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г-ын эзэмшлийн “Хонда Сивик” маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Н-ын эзэмшлийн 3 тооны адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН