| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2111000000945 |
| Дугаар | 2022/ДШМ/260 |
| Огноо | 2022-03-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ДШМ/260
М.Г-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ундармаа,
шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор М.Г-од холбогдох эрүүгийн 2111 00000 0945 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
М. Г, 2001 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй.
М.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 23 цагийн үед, Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** тоотод “Миний дууг хорилоо, хоолой боож багалзуурдлаа” гэх шалтгааны улмаас Н.Д-ын зүүн гарын шуун тус хэсэгт хутгаар зүсэж, гараараа хоолойг боох зэргээр эрүүл мэндэд нь “хүзүүний зулгаралт, зүүн шууны шөрмөсний зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт нь 289 мм хэмжээтэй ажлын хэсэг 156х32 мм хэмжээтэй хар өнгийн бариултай заазуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон мод 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх улсын яллагчийн ялын саналд хэт хөтлөгдсөн. Шүүгдэгч М.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж, хохирлыг барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан энэ гэмт хэрэг үйлдэгдсэн, үүнийгээ ч хохирогч ойлгон гэмшиж, мөрдөн шалгах ажиллагааны үед гомдолгүй гэдгээ мэдүүлж, шүүх хуралдаанд оролцохгүй болохоо бичгээр илэрхийлсэн болон цаг үеийн нөхцөл байдал, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялын хэмжээг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг болгон бууруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Л.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийгээгүй. Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчилж, шүүгдэгч М.Г-д оногдуулсан торгох ялын хэмжээг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг болгон бууруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Гнь мэс хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
М.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 23 цагийн үед, Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** тоотод “Миний дууг хорьлоо, хоолой боож багалзуурдлаа” гэх шалтгааны улмаас Н.Д-ын зүүн гарын шуун тус хэсэгт хутгаар зүсэж, гараараа хоолойг боох зэргээр эрүүл мэндэд нь “хүзүүний зулгаралт, зүүн шууны шөрмөсний зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч Н.Д- нь: “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** тоот хашаанд хамт байдаг айлын охин Мөнхгэрэл нь найз Г гэгч залуугийн хамт гаднаас орж ирээд өөрийнхөө гэр рүү яваад орсон. ... Мөнхгэрэл надтай үерхэж байсан боловч давхар Г-той үерхсэн асуудлын талаар бид гурав ярилцсан. Тэгээд ярилцаж байх үед би Мөнхгэрэлээс “Г-ын орлогч нь би байсан юм уу” гэж асуухад Мөнхгэрэл хариу хэлээгүй ба хажуугаас Г- орж ирээд “Тийм ш дээ, чи мэдээгүй юм уу, чи одоо больчих, алга бол” гэсэн. Тэгэхээр нь би Г-од “Би Мөнхгэрэлээс асууж байна, чи зүгээр чимээгүй бай” гэж хэлсэн. Тэр үед Г- “Чи миний дууг хорьдог хэн бэ” гэж хэлээд уурлахаар нь би урдаас нь “Чи ер нь яах гээд байгаа юм” гээд босоход Г- газар байсан заазуурыг аваад баруун гартаа бариад боссон. Мөнхгэрэл бид хоёрын дундуур ороход Г- над руу ойртож ирээд миний хоолойг зүүн гараараа багалзуурдаад намайг хойш нь түлхэхэд би хойшоо тэнцвэрээ алдаад орон дээр биеийнхээ ар хэсгээр унасан. Тэгтэл Г- миний зүүн гарын бугуйны хэсэгт баруун гартаа барьсан байсан заазуураар 1 удаа цохиод миний гарын бугуй хэсэг зүсэгдээд цус гарсан. Тэгээд би зүүн гараа өргөх гээд хөдөлгөж болохгүй, их өвдөж байсан. ... нэг харахад Г өөрийнхөө зүүн гарыг гэмтээчихсэн гараас нь цус гарч байсан. ... Тэгээд би 103-т дуудлага өгөөд удалгүй ирэхээр нь гарахад цагдаагийн автомашин ирсэн байсан. Би гэмтлийн эмнэлэгт очиж хагалгаанд орсон ба “Зүүн гарын шууны хэсэгт 2 шөрмөс тасарсан байсан” гэж эмч хэлсэн. Хагалгааны зардал улсаас олгож буй халамжийн мөнгөөр төлөгдсөн. Би өөрөө хувиасаа 50.000-60.000 орчим төгрөгөөр эм тариа авсан. ... Би Г-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Г- миний хоолойг нэг гараараа боож нөгөө гартаа барьсан байсан заазуураар зүүн гарын шууны хэсэгт 1 удаа цохисон. ...” /хх 19-20/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:
- тухайн болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Г.Мөнхгэрэлийн “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 21 цаг өнгөрч байх үед, намайг гэртээ байж байхад Г “Д-ыг дуудчих, хачин аашных нь талаар ярилцъя” гэж хэлсэн. ... тэгээд Д орж ирснийхээ дараа “Мөнхгэрэлээ чи миний чихийг цэвэрлээд өг, чих цэвэрлэх бодисоо аваад ир” гэсэн. Тэгэхээр нь би Д-ын чихийг цэвэрлэж өгсөн. Тэгэхэд Г- Д-ыг “Та өөрөө хөл гартай байж яагаад манай найз охиноор чихээ цэвэрлүүлээд байгаа юм” гэж асуухад Д- хариуд нь “Би өөрөө мэдчихье” гээд уурласан янзтай хэлсэн. Тэгээд би Д-ын чихийг удаан цэвэрлээгүй, хэдэн секунд болоод дуусаад босоод хоолоо бэлдсэн. Энэ үед Г, Д- хоёр хоорондоо юм ярилцаж байгаад сүүлдээ маргалдаад эхэлсэн. Тэгтэл зуухны хоёр талаас босож ирцгээгээд нэгнийгээ хараагаад “Чи миний дууг хорьдог хэн бэ” гэж нэгэндээ хэлээд бие бие рүүгээ ойртоод бие биеийнхээ хоолойг гараараа боохоор нь би очоод салгахад удалгүй эргээд Д, Г- руу ойртож очиход Г- заазуураар мод цуулж байсан ба Г-, Д- хоёр заазуураа булаацалдаад байх шиг байсан ба нэг харахад л энэ хоёрын гар нь зүсэгдсэн цус гарсан байсан. Би энэ хоёрыг гараа яг юугаар яаж зүссэнийг бол нүдээр хараагүй. ...” /хх 31, 34-35/,
- хохирогчийн биед халдах болсон шалтгаан, өөрийн гэм буруутай үйлдлийн талаар шүүгдэгч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн “...би гал түлэх гээд заазуураар мод хагалж байхад гаднаас Д- орж ирсэн. Д “Чих цэвэрлээд өг” гээд Мөнхгэрэлд зандрангуй хэлсэн. Улмаар өөрийн хийж болох зүйлийг Мөнхгэрэлээр хийлгээд байсан учраас би бухимдан Д-ыг “Боль” гэхэд “Чамд хамаагүй” гэсэн. Би заазуураар мод хагалж байхад Д намайг ирээд заамдсан. Ноцолдож байх явцад би Д-ын зүүн гарыг заазуураар зүссэн. Д айлд ожр ирээд миний найз охиныг дээрэлхээгүй бол ийм зүйл болохгүй байх гэж бодож байна. ...” /хх 74-76, 119-120/ гэх мэдүүлгүүд,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/,
- хэргийн газарт үзлэг хийх явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх нийт урт нь 289 мм хэмжээтэй ажлын хэсэг 156х32 мм хэмжээтэй хар өнгийн бариултай заазуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон мод 2 ширхгийг эд мөрийн баримтаар хураан авч, биологийн болон криминалистикийн шинжилгээ хийсэн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №2881, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №4549 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11, 45-53/,
- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №9000 дугаартай дүгнэлт /хх 42-43/ зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.
Гэмт хэрэг гарсан тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүйн гадна, шүүгдэгч нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Д-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн №9000 дугаартай дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүн, зүүн шууны шөрмөсний зүсэгдсэн шархыг оёх мэс ажилбарын талаарх эмчийн дүгнэлт зэрэгт үндэслэн гаргажээ.
Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Оюун-Эрдэнэд хууль сануулсан, тэрээр шинжилгээ хийх явцдаа болон дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүйгээс гадна, уг дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Н.Д-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч М.Г-ын багалзуурдах, заазуураар зүсэх үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн этгээдээс хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс М.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нар давж заалдсан гомдолдоо: “...тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялын хэмжээг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг болгон бууруулж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг иш татсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН