Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 117/ШШ2022/0025

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч Д.Мд холбогдуулан гаргасан “2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай Д.Эд холбогдох шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах-ыг хүссэн нэхэмжлэлийг /дүгнэлт/ 2022 оны 10 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч Д.М нь “Д.Э нь Г сумын . дугаар баг . гэх газраас байгалийн өнгөт болон үнэт чулуу олборлосон, тээвэрлэсэн...” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Эийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав.

Материалд Б хяналтын улсын байцаагч Д.Мань “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл”, “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, холбогдогч Д.Эээс мэдүүлэг авах зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэжээ.

Тусгай зөвшөөрөлгүй хүн хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл  өнгөт  чулууг  олборлосон,  тээвэрлэсэн  бол  Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1, 7.4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд  заасан  хугацаа,  хэмжээ,  ургамал түүж бэлтгэх журам зөрчиж” гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагч Д.Мын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1, 7.4 дэх хэсэг болгон өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс Тусгай зөвшөөрөлгүй хүн хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон, тээвэрлэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1, 7.4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх заалтаар шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт[1] шүүхэд  ирүүлжээ.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын б хяналтын улсын байцаагчаас  иргэн Д.Эийг байгалийн өнгөт чулуу болон үнэт чулуу тээвэрлэсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1-д зааснаар 1000 нэгж буюу 1000000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[2] оногдуулсныг зөрчилд холбогдогч Д.Э хүлээн зөвшөөрч 2022 оны 06 сарын 06-ны өдөр 200000 төгрөгийг төлсөн болох нь  баримтаар[3]  тогтоогдож байх тул зөрчилд холбогдогчийг гуравдагч этгээдээр татаагүй болно.

Хариуцагч прокурорын дүгнэлтийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг3 шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав.

Захирамжид  давж  заалдах  журмаар гомдол гаргахгүй, мөн  уг  асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэргийг  танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай Д.Эд холбогдох шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай “Хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ хэсгийн 1-р заалтын Зөрчлийн тухай хуулийн 7.11.7.7.1 гэснийг  “Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.1, 7.4” гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-2 хуудас

[2] Хэргийн 17 хуудас

[3] Хэргийн 34 хуудас

[4] Хэргийн 35 хуудас