Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01046

 

Д.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00932 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НГА, ХУДГА-д холбогдох,

Эд хөрөнгөд учирсан хохирол 18 727 450 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б надад ХУДГА-ны буруугаас болж байршил нь зөрчигдөж баригдсан блокон хашааг газрын албаар нураалгаж, хаягдлыг тээвэрлүүлж зөөж, хог хаях цэгт буулгуулж, уг хашааг бариулсан зардал, орц материалын өртгийн нөхөн төлбөрийг газрын албанаас гаргуулж өгнө үү. ХУДГА нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд Д.Бгуайд хашаагаа буулгах тухай шаардах хуудас удаа дараа өгөөд байхад биелүүлэхгүй байгаа. Барьсан хашааг өөрөөр нь нураалгаж, буулгуулж өгнө үү гэж зөрчилдсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр “Иргэн Д.Б-д үл хөдлөх хөрөнгийн бодит хохирол гараагүй болохоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж 102/ШШ2015/04148 дугаартай шийдвэр гаргасан. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дахин Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь анхан шатны шүүхийн 102/ШШ2015/04148 дугаар шийдвэрийн дагуу ХУДГА-ны  шаардлагыг биелүүлж 2016 оны 4 дүгээр сард байршил зөрчигдсөн гээд байгаа блокон хашааг нурааж, буулгаж хаягдал болсон материалыг тээвэрлэн зөөж хогийн цэгт хаясан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нь 2004 онд хоёр айлын газар хашаалж банзан хашаа барьсан боловч ХУДГА-ны  албан тушаалтнуудын хууль бус ажиллагааны улмаас үрэгдэж үгүй болсон банзан хашааны 3 064 200 төгрөг, 2012 оны 9 дүгээр сард бариад 2016 он 4 дүгээр сард нурааж, буулгаж хаясан блокон хашааны үнэ 15 663 250 төгрөг, бүх үл хөдлөх хөрөнгийн бодит хохирлын үнэ 18 727 450 төгрөгт хамаарах хэсэг нь Дүүргийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/04148 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна гэж дүгнээд 183/ШШ2017/01199 дугаар шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн бодит хохирлын нөхөн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн 102/ШШ2015/04148 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа нь үнэн гэж 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1617 магадлал гарсан. Хяналтын шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй нь үнэн байгаа тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон 001/ХТ2017/01524 дүгээр тогтоол гаргаж, асуудлыг шийдвэрлээгүй орхисон учир үл хөдлөх эд хөрөнгийн хохирлын бодит өртөг болох 18 727 450 төгрөгийг Хан-Уул дүүргийн газрын албаар нөхөн төлүүлж хохирлыг барагдуулж өгнө үү. Миний хүү Б.Б-ны хувьд 2004 онд газрын албанаас олгосон батламжийн дагуу бариад газрын зөвшөөрөл гарах гэж удааширсаар 2009 он гэхэд үрэгдэж үгүй болсон банзан хашааны үнэ 3 064 200 төгрөгийн тал хувийг гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч НГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хороолол Бурхантын гүвээ гэдэг газар Хан-Уул дүүргийн засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны А/386 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/730 дугаар захирамжаар өмчлүүлсэн. Иргэн Д.Б нь Хан-Уул дүүргийн газрын албанаас хохирол нэхэмжилж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 00934 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4148 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1199 дүгээр шийдвэрээр 23 997 650 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1617 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж Хан-Уул дүүргийн газрын албанаас 3 170 000 төгрөг гаргуулахаар, НГА-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01524 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасан, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь НГА-д холбогдох хэсгээс татгалзсан тул 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь НГА-д холбогдуулан тус асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Иймд уг асуудлыг урьд өмнө шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, НГА-д холбогдуулан уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХУДГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-д дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/386 дугаар захирамжаар 14 дүгээр хороо Бурхант 3-4-318б тоот хаягт байрлах 18627297693089 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/730 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Иргэн Д.Б нь олгогдсон зөвшөөрлийн дагуу хашаагаа бариагүйн улмаас дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/223 дугаар захирамжаар иргэн С.Ганбатад олгосон Бурхант 3-4-319б тоот 18627297729097 дугаар бүхий нэгж талбар Д.Шонхорт олгосон Бурхант 3-4-318д тоот 18627297717075 дугаар бүхий нэгж талбар, мөн В.Амартүвшинд олгосон Бурхант 3-4-316а тоот 18627297754083 дугаар бүхий нэгж талбар, С.Отгонцэцэгт олгосон Бурхант 3-4-319а тоот 18627297742062 дугаар бүхий нэгж талбаруудтай давхацсан зөрчилтэй байгаа нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн сансрын зураг болон 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр газар дээр нь авсан фото зурагнуудаас харагдаж байна. Иргэн Д.Б нь Хан-Уул дүүргийн газрын албанаас хохирол нэхэмжилж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 00934 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4148 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1199 дүгээр шийдвэрээр 23 997 650 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1617 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Хан-Уул дүүргийн газрын албанаас 3 170 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01524 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар НГА, ХУДШГА-аас үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол 1 532 100 төгрөг гаргуулах тухай Б овогт Б.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар НГА, ХУДГА-аас үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол 17 195 350 төгрөг гаргуулах тухай Б овогт Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 123 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэн Д.Б, Р.Б бид нарт учруулсан үл хөдлөх эд хөрөнгийн бодит хохирлын нөхөн төлбөрийг Хан-Уул дүүргийн газрын албанаас гаргуулах нэхэмжлэлийг нотлох баримтад тулгуурлах, хуулийн дагуу шударга шийдвэрлэхгүй, төрийн албан хаагчийн илэрхий буруутай үйл ажиллагааг хаацайлж хариуцагчийг хэтэрхий хамгаалж шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэдэг нэрийдлээр удаа дараа хэрэгсэхгүй болгон хохироож байгаа учраас уг шийдвэрийг өөрчилж үнэн зөв шийдвэрлэж хохирлыг барагдуулж өгнө үү. Газрын албаны газар зохион байгуулагч нар Газрын тухай хуулийг алхам бүртээ зөрчиж ажилласан үйлдэл нь үл хөдлөх хөрөнгийн бодит хохирол гарах шалтгаан үндэслэл болсон. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас блок болон банз модон хоёр хашааны бодит хохирлын нийт өртөг 18 727 650 төгрөг байгаа боловч 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны 102/ШШ2015/04148 дугаартай шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хохироосон бөгөөд тухайн үед би блокон хашаагаа нурааж буулгаагүй байсан болохоор иргэн Д.Б-д үл хөдлөх хөрөнгийн бодит хохирол гараагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 102/ШШ2015/04148 дугаартай шүүхийн шийдвэрийг удаа дараа, ахин дахин шүүхийн тогтоол шийдвэрт хамааруулан буруу шийдэж байгааг залруулан, газрын албаны буруугаас болж үрэгдэж үгүй болсон банз модон хоёр хашааны үнэ 3 064 400 төгрөг, нурааж буулгасан блокон хашааны үнэ 15 663 250 төгрөг, нийт 18 727 650 төгрөгийн бодит хохирлын нөхөн төлбөрийг Хан-Уул дүүргийн газрын албанаас гаргуулж иргэд бид нарын гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б, Б.Б нар нь хариуцагч НГА, ХУДГА-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол гэх 18 727 450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв газрыг нэхэмжлэгч Б.Б-д Нийслэлийн Засаг даргын 2003 оны 570 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Д.Б-д Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/730 дугаар захирамжаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б, Б.Б нар нь өөрсдийн өмчлөлийн газарт хашаа барихдаа бусдын эзэмшил, өмчлөлийн газар давхардуулан барьсан болох нь зохигчдын тайлбар, газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зураг, шаардах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-7, 75-79, 116-117 дугаар тал /

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хашааг давхардуулан барихад ХУДГА-ны  буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж тодорхойлжээ. Иймд нэхэмжлэгч Б.Б нь 2004 онд 3 064 200 төгрөгөөр барьсан хашааг нураасан тул өөрт ногдох 1 532 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б өөрийн өмчлөлийн газарт хашаа барихдаа бусдын газар давхардуулан барьсан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тухайн хашааг нураахад хариуцагч нар буруутай гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй, нэхэмжлэлээр шаардсан 1 532 100 төгрөгийн хохирол учирсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх Б.Б-ны нэхэмжилсэн 1 532 100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2004 онд барьсан банзан хашааны үнэ 1 532 100 төгрөг, 2012 оны 9 дүгээр сард барьсан блокон хашааны зардал 15 663 250 төгрөг, нийт 17 195 350 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч уг маргааныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 102/ШШ2015/04148 дугаар шийдвэрээр шийдвэрлэжээ. Шүүхийн дээрх шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд эд хөрөнгөд учирсан хохирол гэх 17 195 350 төгрөг гаргуулах тухай Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 13-20, 154-р тал/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 587 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                                   Г.ДАВААДОРЖ