Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2024/00823

 

 

 

 

 

 

 

 

2024 02 28

181/ШШ2024/00823

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух, Д овогт О.О/РД: ................./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,******* оршин суух, Ч овогт С.Б/РД: ......................./-т холбогдох,

 

4,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О би 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С.Б гэдэг хүнээс Prius 30 маркийн автомашин 14,000,000 төгрөгөөр худалдан авсан. Машин зарахдаа зүгээр асуудалгүй гэсэн боловч машин нь материа нь шатсан эвдэрхий машин байсан. Залгахад утсаа авахгүй салгаад таг болсон тул мөнгөө буцаан авах хүсэлтэй байна. 14,000,000 төгрөгийг С.Баас гаргуулж өгнө үү.

Машинаас нь маш хурц үнэртүүлэгч үнэртээд байсан. Би 2 жоохон хүүхэдтэй байсан. Бодоод байсан чинь ямар хурц үнэртүүлэгч вэ. Тэр машинаас зунжингаа өмхий үнэртсэн. Норсон машин байсан юм байна билээ. Тэгээд форматлуулаад бид нарт зарсан. Би 14 сая төгрөг өгчхөөд машиныг хадгална гэж байхгүй шүү дээ. Баярын өдөр байсан. Бид нар хүүхдээ аваад агаар салхинд гарсан. Тэгж яваад эвдэллээ гэсэн байсан. Би тэр өдөр үдээс хойш чам руу зөндөө залгасан, бичсэн. Цагдаад өгнө шүү, утсаа авахгүй, машин ийм байна гээд зургийг нь хүртэл дараад хэдэн оны хэдэн цагт гээд хавсаргасан байгаа. Машины масло гэж юу ч байгаагүй, мотор нь явахгүй таг болчихсон. Түүнээс хойш би өчнөөн зүйл хийлгэсэн. Зарим баримтыг хадгалаад байсан, заримыг хаячхаж. Батарей муу, мотор, чек нь асчихсан, маш хурц үнэртүүлэгч үнэртээд 4 сартай 2 хүүхэд байгаа юм чинь гээд цонхоо онгойлгосон.

Моторын мөнгө, батарейны мөнгө, бусад зардлыг оруулсан байгаа. Ямар ч байсан машиныг явдаг болгоё, машины засварт 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Бас урсгал зардал гээд сар болгон моторын тос хийнэ, сая свечэг сольсон, одоо бүүр байхгүй. Тэр мөнгө ороод л 4,000,000 төгрөг. Танай машиныг 10,000,000 сая төгрөгөөр ч авахгүй байсан юм байна билээ. гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь*******,*******, Хандгайт 22-83 тоотод оршин суудаг бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Prius 30 маркийн .....УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг О.О гэгч иргэнд 14,5 сая төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцсон бөгөөд тухайн үед иргэний хүсэлтээр өөрийн машиныг авто оношилгоонд шалгуулсны үндсэн дээр яндангийн асуудал байна гэж 500,000 төгрөг хасаад 14 сая төгрөгөөр тохиролцсон. Тухайн иргэнд худалдаж авахаа болих уу? гэж санал болгоход 14 сая төгрөгөөр авна гээд хуулийн дагуу нотариатаар батлуулж хүлээлгэн өгсөн. Тухайн өдрөөс хойг 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд хөдөө орон нутагт зорчсон нь төлбөрийн нэхэмжлэлээр надад мэдэгдсэн. Мөн одоог хүртэл ахуйн хэрэгцээндээ хэрэглэж, авто машины батарейг эд анги бусад зүйлсийг сольсон байхыг үгүйсгэхгүй тулд тухайн иргэний гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье.

Тэр норсон гэж байгаа нь манай хүүхдүүд ард талын сандал дээр сууж байгаад савтай усыг унагаагаад асгасан. Би тэрийг зөндөө шавхсан, тоос сорогчоор ч сорсон. Тэрнээс болоод гэрэл ассаныг мэдэхгүй л байна. Приус машины батарейг солиход 30 минутын дотор сольчихдог юм байна билээ. Тэгэхээр Приус машин яасныг би сайн мэдэхгүй байна. Яасан ч юм билээ, эвдрэл гэмтэл боллоо гэдэг нь өөрсдийнх нь асуудал. Бид нар унаж явж байгаад тийм болгоогүй. Би бүгдийг нь үзүүлсэн. Сайн хараарай, дараа нь ийм асуудал болох вий дээ гэж хэлж л байсан. Хараад гайгүй юм байна гээд сүүлдээ яндангүй юм байна 500,000 төгрөгийг хасъя гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд И-мартын дээр гараад нотариат хийлгээд нэр шилжүүлэхэд заавал оношилгоонд ордог, оношилгоонд орохын тулд худалдаж авч байгаа хүн өөрөө жолоочийн хариуцлагын даатгал хийх ёстой гэсэн. Тэр өдөр баярын өдөр байсан учраас бүх юм хаагаад наадам болоод өнгөрсөн. Ийм л асуудал болсон. Тэгээд асуудалгүй юм чинь нотариат хийгээд мөнгөө өгөлцөж авалцсан. Утсаа аваагүй гэж байна, би тэнд лангуу нааш цааш зөөгөөд хүнээс юм авч байсан учраас сонсоогүй, яриагүй. Тийм зүйл байж л байдаг. 2,3 залгаад мессеж бичсэн байсан. Би гайхаад ямар асуудал байсан юм болоо гэж бодсон. Тэрнээс хойш ерөөсөө таг болсон. Хэрвээ бүүр болохоо байсан бол миний гэрийн хаяг байна, утасны дугаар байна, өдөр болгон залгаад яриад ингэчихлээ, тэгчихлээ гээд байвал хүн чинь бас юм бодно. Ингэсэн юм болов уу, яасан юм бол гэж бодно. Би ч хэлж л байсан. Бүүр болохгүй байвал над руу яриарай. Телевизийн тэнд таньдаг газар байгаа, янз бүр болбол үзүүлж харуулна шүү гэж хэлж байсан. Нэхэмжлээд байгаа 14 сая төгрөг, 4 сая төгрөгийг яагаад ч зөвшөөрч чадахгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан: О.Огийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний хуулбар, гар утасны дуудлагын жагсаалт, фото зургийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.О хариуцагч С.Бт холбогдуулан 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Б нь авто машины батарейг, эд анги бусад зүйлсийг сольсон байхыг үгүйсгэхгүй тулд гомдлыг хүлээн авах боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 14,000,000/арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000/арван сая/ төгрөгөөр багасгаж хариуцагчаас 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Зохигчид 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй Тоёота приус маркийн .....УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Зохигчид 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч нь Тоёота приус маркийн .....УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь № 03301342 Техникийн тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Тоёота приус маркийн .....УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 14,000,000/арван дөрвөн сая/ төгрөгийг бүрэн төлсөн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний 3-ын 3.2 дахь заалтад зааснаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Тоёота приус маркийн .....УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлж, уг тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч машин нь батарей шатсан, эвдэрхий машин байсан, мотор нь явахгүй таг болчихсон гэх үндэслэлээр 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах ... сольж өгөх үүрэгтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн Тоёота приус маркийн .....УБА улсын дугаартай машины батарей шатсан, мотор нь эвдэрхий байсан гэх тайлбар үндэслэлтэй болох нь нэхэмжлэгч Гэрээг байгуулсан өдөр буюу 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн 99181578 дугаар луу залгасан дуудлагын жагсаалт, хариуцагчийн залгасан байсан гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Тоёота приус маркийн машины моторыг солиход хуучин мотор 1,100,000/нэг сая нэг зуун мянга/ төгрөг гэх үндэслэлээр моторын үнэ 1,100,000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч нь батарей солих шаардлагатай гэж тайлбарлаж байх боловч батарейн үнэд хэдэн төгрөгийг гаргуулахаар, түүнчлэн урсгал зардалд хэдэн төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг тодруулахгүй байна.

 

Тоёота приус маркийн .....УБА улсын дугаартай машины мотор доголдолтой болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул уг доголдлыг арилгахад гарах зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь батарейн үнэ, урсгал зардал гэх шаардлагыг тодоруулахгүй байх тул батарейн болон урсгал зардал гэх зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 1,100,000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 2,900,000/4,000,000-1,100,000=2,900,000/ /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Баас нийт 1,100,000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Од олгон, үлдсэн 2,900,000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.Огийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Од олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Баас нийт 1,100,000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Од олгон, үлдсэн 2,900,000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.Огийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид 30,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Од олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

, С.ХИШИГБАТ