2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1381

 

 

     






 

   2026       05            12                                    2026/ШЦТ/1381


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Б.Очгэрэл, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, 

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2602 00000 0191 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Эрдэнэт хотод төсөл хэрэгжүүлэх гээд санхүүжилт хайж байгаад  ******* гэж хүнтэй танилцсан. Гэхдээ царай төрхийг нь харж байгаагүй. Вайбераар холбогддог байсан. Тэр хүн надад “Арабуудаас санхүүжилт босгож өгнө” гэж хэлсэн. Би энэ талаар нь хүлээн зөвшөөрөөд хоорондоо ярилцаж байхад “танайх татварын өртэй юу” гэж надаас асуухад “50 гаран сая төгрөгийн өр байгаа гэж хэлж байсан. Тэгэхэд “Арабууд ийм юманд дургүй, наад өрийг чинь дарахгүй бол болохгүй, би татварын газарт ажилладаг” гэж албаны үг хэллэг хэлээд надаас мөнгө авч байсан. Эцэстээ санхүүжилтийн асуудал ч байхгүй, нөгөө ******* гэх хүн нь залилангийн хүн болж таарсан. Ийм үйл явдал болсон.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  “******* гэж Баянгол дүүрэгт бүртгэлтэй аж ахуй нэгжээс ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй компаниас санхүүгийн анхан шатны баримт болох 700 сая төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлж 636,363,636.36 мөнгөний НӨАТ-ын баримттай 63,636,363.64 мөнгөний хохирол учруулсан. Үүнийг Татварын ерөнхий газарт олгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

 

Татварын ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 07/2637 дугаартай албан бичиг /хх-ийн 3-27/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/, *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-56/, 

 

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад *******ийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 47250059 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 65-75/, *******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-51, 143-144/, 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 147/, 

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 148/, 

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 150/, 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 151-152/, 

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162/, 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдан авсан хуулийн этгээдийн падааны мэдээлэл 2 хуудас зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх    нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс 63,636,363.64 төгрөгийг гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Тухайн үед ямар шалтгаанаар татварын тайлангаа буруу мэдүүлсэн талаараа тайлбарлахдаа *******д залилуулсан гэх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байсан. ******* гэх хүн нь өөрийгөө татварт ажилладаг гэдгийг итгүүлж мөнгө авсан гэдгийг гэрчүүд хэлдэг. Тухайн үед шүүгдэгч нь татварын сайт руу орж шалгаагүй, *******д нэг удаагийн кодоо өгч нэвтрүүлээд татвар төлсөн асуудал байдаг. Буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа.” гэх дүгнэлтийг, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Төлөгдөөгүй байгаа татварыг Татварын ерөнхий газарт олгуулж хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгч “Би хохирлыг бүрэн төлж барагдуулна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

 

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороон * хэсэгт бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “*******” ХХК-иас 6 ширхэг падаанаар 636,363,636.36 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63,636,363.64 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Татварын ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 07/2637 дугаартай “...*******" ХХК /РД:0000000/-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж хяналт шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдэл илэрсэн тул мэдээллийг хүргүүлж байна..” гэх албан бичиг /хх-ийн 3-27/, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжээчийн магадалгаагаар "*******" ХХК нь 2024 онд “*******” ХХК-иас 6 ширхэг падаанаар 636,363,636.36 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63,636,363.64 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учруулсан хохирлыг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, 

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагаас 2625802148 тоот томилолтын дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч ******* миний бие болон татварын байцаагч *******ийн хамт тус аж ахуйн нэгжийн 2021-2024 оны татвар төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар "*******" ХХК нь 2021-2024 оны хугацаанд нийт 602 татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөхгүй байх боломжоор хангаж татварын хий бичилт бүхий баримт үйлдсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж танилцуулга бичсэн. Мөн 2021-2024 оны 51,606,954,509.23 төгрөгийн 5,160,695,460.03 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан гэж үзэж байна. Тус аж ахуйн нэгж нь нийт 31 сугалааны дугаартай 400 орчим сая төгрөгийн и-баримтыг шивж олгосон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, 

*******ын сэжигтнээр өгсөн: “Би тухайн аж ахуйн нэгжийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр танил ах *******тэй хамтарч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулъя гээд ******* гэх хүнээс шилжүүлж авч байсан. Тэгээд ******* эгч ажил хийнэ гэж байгаад бид 2 муудалцаад холбоогүй болсон. Түүнээс хойш 2023 онд би түүний ажлын хуурай дүү гэх ******* гэж хүнтэй танилцаад ******* эгчийн надад шилжүүлж өгсөн “*******” ХХК гэж аж ахуйн нэгж байдаг талаар хэлсэн. Тэгэхэд ******* надад “Би Арабуудтай хамтарч ажилладаг 3 ширхэг Араб компани хөрөнгө оруулалт хийнэ, хамтарч ажиллая ашигтай гэж хэлсэн. Түүний дагуу би 2023 онд түүнтэй хамтарч ажиллахаар аж ахуйн нэгжийн татвар төлөгчийн кодыг татварын байгууллагаас авч байсан. ******* 2024 оны 09 дүгээр сар хүртэл Арабууд ирж байгаа гэж хэлдэг байсан ч одоог хүртэл тийм хүмүүстэй хамтарч ажилласан удаа байхгүй. Түүнээс хойш 2024 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн татварын хэлтсээс ******* гэх байцаагч намайг дуудаад “*******” ХХК-ийн татварын өртэй байгаа талаар танилцуулсан. Би тухайн үед очихдоо татварын эрх, кодоо хаалгачихсан байсан бөгөөд удалгүй тус татварын хэлтсээс манай аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт хийж байгаа талаар мэдэгдэж намайг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/, 

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад *******ийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 47250059 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 65-75/, 

*******ийн сэжигтнээр өгсөн: “...Тэгээд би *******д компанийхаа татварын нэвтрэх нэр, нууц кодыг өгсний дараагаар нь манай нягтлан ******* над руу холбогдоод “захирлаа манай компанийн НӨАТ-ын өр 7 сая орчим болоод буурчихсан байна, нэг компаниас худалдан авалт ороод ирчихсэн байна, ингэж болохгүй шт..” гэхээр нь би “наадах чинь татварын хүмүүс нь өөрсдөө болно гэсэн, хөнгөлөлт ч билүү нэг юмаар өөрсдөө болгож байгаа” гээд уурлангуй, загнасан байдлаар хэлсэн...”, яллагдагчаар өгсөн: “*******” ХХК-ийн талаар мэдэхгүй байна... Тухайн үед ******* гэх эмэгтэй танай “*******” ХХК нь татварын өр байгаа юу гэж асуусан. Тэр үед манай компани 50,000,000 төгрөгийн өр байсныг хэлэхэд би татварын ерөнхий газарт ажилладаг танай компани татварын хөнгөлөлтөд хамрагдаад 28,000,000 төгрөгөөр өргүй болох боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн асуудлыг тодруулах зорилгоор чиний ярьж байгаачлан татварын хөнгөлөлтөд хамрагдах нь хууль ёсных юм уу гэж асуухад би татварын ерөнхий газар ажилладаг хүн болно гэж хэлж байна гээд загнах шахуу юм болсон. Тэгээд *******д 28,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Хэсэг хугацааны дараа Татварын ерөнхий газрын системээр компани нэвтрэх эрхээр орж шалгатал өргүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51, 143-144/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж  тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.

 

“*******” ХХК нь “*******” ХХК болж нэрээ өөрчилсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан *******ийн мэдүүлэг, улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдсон, мөн шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч *******нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо * хэсэгт бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй “*******” ХХК-иас 6 ширхэг падаанаар 636,363,636.36 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 63,636,363.64 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн идэвхтэй гэмт үйлдэл хийсэн нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх  албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Энэ гэмт хэргийн улмаас улсын төсөвт 63,636,363.64 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *******с 63,636,363.64 төгрөг гаргуулан Татварын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа учраас түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгч “Татварын ерөнхий газарт учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.  

 

Шүүхээс шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар: 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******с 63,636,363.64 төгрөг гаргуулан Татварын ерөнхий газарт олгосугай. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 





 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.СОЛОНГОО