| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03465/И |
| Дугаар | 181/ШШ2024/00836 |
| Огноо | 2024-02-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/00836
| 2024 оны 02 сарын 29 өдөр | Дугаар 181/ШШ2024/00836 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,******* оршин суух, Б овогт П.Э/РД: ................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,*******, байрлах, ДХТ ХХК/РД: ................, гүйцэтгэх захирал Б.Т/-д холбогдох,
Ажилд эгүүлэн томилуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Э миний бие нь ДХТ ХХК-тай 2023.01.10-ны өдөр 3 сарын туршилтын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулан эмч, эрүүл ахуйч албан тушаалд томилогдон, ажиллаж эхэлсэн юм. Ингээд туршилтын гэрээний хугацаа 2023.04.11-ний өдрөөр дуусгавар болсон боловч ажлаас эсхүл, жинхлэх ямар нэг тушаал гаргалгүйгээр миний биеийг үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан юм. Миний бие нь ажил олгогчдоо энэхүү хоёр тушаалын аль нэгийг гаргах, түүнчлэн ажилд зайлшгүй шаардлагатай бичиг баримт, нөхцөл, зарчим хууль дүрэмд заасны дагуу тухай бүрд нь шаардаж, өөрийн мэдэх чадах хэмжээгээрээ зөвлөж байсан боловч ажил олгогчийн зүгээс миний үгийг үл тоодог байсан. Миний энэхүү ажилдаа сэтгэл гарган зохих журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэх гэсэн үйлдэл минь харин ч эсрэгээрээ хэл амтай, ёс зүйгүй үйлдэл гэх мэтээр ойлгогдож байсныг ажлаас халагдах үедээ мэдлээ.
Миний бие нь өвчний улмаас 2023.5.18.-ны өдрөөс 2023.5.25-ны өдөр хүртэл албан ёсоор цалингүй чөлөө авсан байсан бөгөөд 2023.05.26-ны өглөө ажилдаа ирэхэд мөн огноотой ДХ-23/22 тоот Хөдөлмөрийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх тухай эх захирлын тушаалыг танилцуулсан. Уг тушаалд миний биеийг удирдлагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлэн, ажилтнуудтай зүй бус харьцсан, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил Хөдөлмөрийн Тухай Хуульд заасан үндсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байсан.
Гэтэл энэ тухай ажил олгогчоос надад урьдчилан мэдэгдээгүй, ямар нэг тайлбар аваагүй бөгөөд дээрх зөрчил гэж үзсэн бүх нөхцөлүүд нь ойлгомжгүй, хэзээ, ямар байдлаар хэрхэн зөрчил гаргасан нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээнд байхгүй зүйл заалтуудыг ноцтой зөрчил гэж үзэн түүнийгээ үндэслэсэн илт хууль бус тушаал гаргасан түүнчлэн Хөдөлмөрийн тухай Хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлаад байна уу, эсхүл мөн хуулийн 123 дугаар заасан сахилгын зөрчилд тооцон шийтгэл оногдуулаад байна уу гэдэг нь ойлгомжгүй үндэслэлгүй тушаал гарсан.
Үүнээс гадна бидний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т: Ажилтны туршилтын хугацаа дуусаж, жинхэлсэн тухай Ажил олгогчийн тушаал гарсан тохиолдолд ажилтныг ажилд анх туршилтын хугацаагаар томилон өдрөөс энэхүү хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно гэж заасны дагуу туршилтын хугацаа дууссан боловч ажил олгогчийн хэрхэх тухай тушаал гараагүй тул хугацаанд бидний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн тушаал гаргах нь ойлгомжгүй байна.
Иймд миний бие нь ажилд эргүүлэн томилуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагыг гаргаж байна. гэв.
Нэхэмжлэгч П.Эын өмгөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын тушаал маань Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний зүйлийн 8.4.10-ыг үндэслэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 нь ноцтой зөрчил гаргасан гэсэн энэ агуулгатай байдаг. Хөдөлмөрийн гэрээнд одоо заасан 8.4.10 гэдэг заалт ажил олгогчидтой байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд 8.4.10 гэдэг заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 нь ноцтой зөрчил гаргасантай холбоотой зохицуулалт. Яг ямар ноцтой зөрчил гаргачхаад байгаа юм бэ, Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчил юм бэ гэдгийг тухайлан заасан байх ёстой. Гэтэл энэ нь ойлгомжгүй. Мөн гүйцэтгэх захирлын тушаалын 1-т эмч, эрүүл ахуйч ажилдаа П.Э нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.1 гэсэн, энэ 4.2 өөрөө ажил олгогчийн өөрийнх нь эрх, үүргийг зохицуулж өгсөн буюу ажилтантай ямар ч холбоогүй зохицуулалт байгаа. Тэгэхээр ийм одоо утга агуулга нь ойлгомжгүй, үндэслэлгүй, мөн ямар үүрэг даалгавар өгөөд тэрийгээ яаж үл биелүүлээд яаж ажилтнуудтайгаа бол зүй бус харьцсан нь тодорхойгүй, ямар зөрчил гарсан нь ойлгомжгүй. Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтад тусгаагүй юмыг үндэслэл болгоод ажилтны Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Ийм учраас гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож, П.Эыг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нөхөн бичилт хийж, нөхөн төлүүлнэ гэсэн шаардлага гаргаж байгаа. Ажилгүй байсан хугацааг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлохдоо 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс буюу гүйцэтгэх захирлын тушаал гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 9 сар 3 хоногийн хугацаагаар шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл 1 сарын хөдөлмөрийн хөлс 3,250,000 төгрөг. Энийг яаж тогтоосон бэ гэхээр талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хавсралт 1-ийн 3-р хэсэгт ажилтны 1 өдрийн цалинг 125,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. П.Э нь нэг сард 26 хоног ажилладаг, 4 хоног амралттай байдаг. Тийм учраас 26 хоног ажиллах ёстой байсан гэдэг утгаар 1 сарын цалинг 3,250,000 төгрөгөөр тогтоож, 9 сар 3 хоногийг ажиллах ажилгүй байсан хугацаа гэж тодорхойлоод нийт 29,625,000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд нөхөн гаргуулна гэж шаардлага гаргаж байна. гэв.
Хариуцагч ДХТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Э нь 2023 оны 5 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд компанидаа урьдчилан мэдэгдэж, зохих журмын дагуу чөлөө зөвшөөрөл авалгүй ажил тасалсан бөгөөд энэ нь Цагаанхад салбарын ажилчдын цаг бүртгэлийн хуудсаар нотлогдон харагддаг юм. Нэхэмжлэгч П.Э нь зан харилцааны хувьд нэлээд доголдолтой байсан нь удирдах ажилтны ээлжит бус хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг.
Тэгэхээр П.Эыг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.9-д заасан Хүндэтгэх шалтгаангүйгээр хуанлийн 3 /гурав/ хоног дараалан ажил тасалсан, 8.2.1.3-д ... туршилтаар ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргасан", 8.2.15-д ....хамтран ажиллагсад болон өөрийн шууд ..удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж, биед нь халдсан гэсэн ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж зааснаар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
П.Э нь шүүхэд ирүүлсэн материалдаа 2023 оны 6 дугаар сарын 08- ны өдрийн лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт хуудас өгсөн байх бөгөөд түүний 2023 оны 2-5 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт харагдаж байна. Эндээс харахад тэрээр манай компаниас ажлаас гарахаасаа өмнө буюу 5 сард ЖИ БИ АР ЭС ХХК-д ажиллаж, нийгмийн даатгал төлсөн байгаа нь харагдаж байна.
Манай компани П.Эын 5 сарын нийгмийн даатгалыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ нь Ажилтны цалингийн хүснэгт болон ДХТХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хүснэгт, тайлангаар нотлогдох юм.
Эндээс П.Э нь 2 компаниас зэрэг цалин авав уу? тэрээр одоо ажилгүй байгаа эсэх? нийгмийн даатгал төлөгдөж байгаа эсэх? нэхэмжлэлийн шаардлага хэдэн төгрөг вэ гэх мэт тодорхойгүй асуултууд гарч байгаа юм.
Хариуцагчийн зүгээс П.Эын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт ДХТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэх хэсэг бол ажилтан сахилга хариуцлага алдсан буюу сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.9-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуанлийн 3 хоног дараалан ажил тасалсан, 8.2.1.3-д туршилтаар ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргасан, 8.2.15-д хамтран ажиллагсад болон өөрийн удирдлага, ажилчидтай зүй бусаар харьцах, биед халдсан гэсэн ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж ажил олгогчийн зүгээс үзэж байгаа. Энэ нь ажил олгогчийн зүгээс буюу хариуцагчийн хэрэгт өгсөн бүх удирдах ажилчдын хурлын протокол, нэхэмжлэгч П.Эын ажлын цагийг бүртгэсэн ажлын цагийн бүртгэл, цалин хөлс тооцож олгосон баримтууд зэргээр нотлогдож байдаг. П.Э нь хэдийгээр шүүх хуралдаанд би 4 дүгээр сард өвчтэй байсан гэдэг зүйл ярьж, өвчтэй байхад нь халсан мэтээр ярьдаг боловч энэ нь 5 дугаар сарын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал буюу 5 дугаар сарын 23-25-ны өдрийн хооронд 3 өдөр дарааллан чимээ сураг өгөхгүй ажил тасалсан гэдэг үндэслэл байгаа. Энэ хугацаанд П.Э нь өөрийгөө өвчтэй байсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэсэн бичиг баримт, эмнэлгийн акт, лист ямар нэгэн тийм нотлох баримт ирүүлээгүй. Одоо хэрэгт өгсөн эмнэлгийн магадалгаа гэсэн баримт нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн акт байх боловч үүнийг дагаж гарсан 5 дугаар сард энэ хүн өвчтэй байсан гэж нотлох лист болон бусад зүйл байдаггүй. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ДХ-23/22 дугаар Хөдөлмөрийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны дөрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байнга оршин сууг хаягийн лавлагаа, 2023 оны 2-5 сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл, шийдвэрийн хуулбар, П.Эын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Эмнэлгийн магадалгаа, зөвлөгөө, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Э.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Удирдах ажилтны ээлжийн бус хурлын тэмдэглэл, ДХТ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06/23 дугаар журам батлах тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, ДХТ ХХК-ийн дотоод журмын хуулбар, Цагаан хад салбарын эмч П.Эын 1-5 сарын ирцийн бүртгэлийн дэлгэрэнгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн Гарах хуудасны хуулбар, П.Эын 2023 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн Өргөдлийн хуулбар, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн П.Эын 2023 оны 2-9 дүгээр сар хүртэлх Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Э хариуцагч ДХТ ХХК-д холбогдуулан эмч-эрүүл ахуйчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 29,625,000/хорин есөн сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ДХТ ХХК нь ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хариуцагчид эмч-эрүүл ахуйчийн ажилд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасныг үндэслэн үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэн, удаа дараа ажилтнуудтай зүй бус харьцаж, хөдөлмөрийн гэрээний 8.2-т заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хөдөлмөр харилцааг цуцалсан болох нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ДХ-23/22 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4-т ... эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.
Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчтэй 3/гурав/ сарын туршилтын хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр ... үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд ... хувийг ажилтанд өгөх үүрэгтэй., мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна:, 50.1.2-т туршилтын хугацаагаар ажиллуулах; гэж заасан.
Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаатай байгуулж, нэг хувийг нэхэжлэгчид өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.2 дахь заалтад нийцсэн байна.
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 3/гурав/ сарын туршилтын хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагчид үргэжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ДХ-23/22 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр ... үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. гэж заасан.
Зохигчид Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.1-т гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох ... байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх;, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... гэж заасан.
Зохигчид хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1, 43.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байна.
Хариуцагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ДХ-23/22 дугаар тушаалд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 42.2.2, 4.2.3-т заасан үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэн, удаа дараа ажилтнуудтай зүй бус харьцсан зөрчил гаргасан гэсэн байх боловч зохигчид Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргээ зөрчсөн, тухайн зөрчлийг гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 8-ын 8.2-т заасан ноцтой зөрчил буюу 2023 оны 5 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд ажил тасалсан зөрчил гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн Цагаан хад салбарын цагийн бүртгэлд нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд тасалсан гэж бүртгэгдсэн болох нь Цагаан хад салбарын эмч П.Эын 1-5 сарын ирцийн бүртгэл дэлгэрэнгүйгээр тогтоогдож байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгаанаар 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны хооронд дахь ростер/ээлж/-ийн амралтыг 5 дугаар сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл авах хүсэлт гаргасан болох нь нэхэмжлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Өргөдлийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ростер/ээлж/-ийн амралтыг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл эдэлсэн болох нь Цагаан хад салбараас гарах нэхэмжлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Гарах хуудсын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн ээлж/ростер/-ийн амралтын хугацаа 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд ажлын байрандаа ирээгүй болох нь зохигчийн тайлбар, Цагаан хад салбарын эмч П.Эын 1-5 сарын ирцийн бүртгэл дэлгэрэнгүйгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь тухайн өдрүүдэд өвчтэй байсан гэх тайлбар гаргаж байх боловч уг өдрүүдэд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Зохигчид Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгчийн ажлын цагийн хуваарь тодорхой бус, нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд ажлын байрандаа ирээгүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа эсэх нь тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ДХ-23/22 дугаар тушаалд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн байх боловч нэхэмжлэгч нь уг зөрчлийг гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө тайлбар авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ДХ-23/22 дугаар Хөдөлмөрийн харилцааг цуцлах, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад нийцээгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн эмч-эрүүл ахуйчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 4,666,728/3,968,323.92+4,125,213.43+5,906,647.83=14,000,185.18,14,000,185.18:3=4,666,728/ /дөрвөн сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуун хорин найм/ төгрөг болох нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажлын 190/нэг зуун ер/ хоног ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нийт 42,222,750/14,000,185:21=222,225, 222,225x190=42,222,750/ /дөчин хоёр сая хоёр зуун хорин хоёр мянга долоон зуун тавь/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,625,000/хорин есөн сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул хариуцагчаас 29,625,000/хорин есөн сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад зааснаар хариуцагчид олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч П.Эыг хариуцагч ДХТ ХХК-ийн Эмч-эрүүл ахуйчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ДХТ ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 29,625,000/хорин есөн сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгон, хариуцагч ДХТ ХХК-д олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ДХТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 376,275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч П.Эыг хариуцагч ДХТ ХХК-ийн Эмч-эрүүл ахуйчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ДХТ ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 29,625,000/хорин есөн сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Эд олгон, хариуцагч ДХТ ХХК-д олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ДХТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 376,275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ