Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/00555

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/00555

*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, Студио сормуус салон ХХК*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Цоогон овогт Н.О /РД:ШУ04283101/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О миний бие О.Н-тэй 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сургалтын гэрээ байгуулан маникюр артист чиглэлээр 14 хоногийн 500,000 төгрөгийн үнэтэй 2 жил ажиллах гэрээ байгуулан үнэгүй сургаж авсан. Гэвч О.Н нь 6 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажиллаж үүнээс хойш ажилдаа ирээгүй. Гэрээний үүрэгт 2 жил ажиллаагүй тохиолдолд сургалтын төлбөр болох 500,000 төгрөг өгнө гэж заасан байдаг. Хариуцагч т мэдэгдсэн одоог хүртэл хариу өгөөгүй тул сургалтын төлбөр болох 500,000 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийн хамт гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.Н нь Баянгол дүүргийн 6-р хороо blue gem apartment 3 давхарт байрлах "si lash" салон 2023 оны 6-р сарын 13-наас 14 хоног дагалдангаар ажиллаж, 6-р сарын 28-наас эхлэн үндсэн ажилчнаар ажиллах болсон. 2023 оны 7-р сарын 5-нд чамтай гэрээ хийнэ гээд өмнө нь огт танилцуулахгүйгээр ажил тарж байхад дуудаж 4 гэрээнд гарын үсэг зуруулсан. Уншиж танилцах боломж байгаагүй. 1 хувь гэрээг өгнө гээд удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. Удирдлагын ёс зүйгүй байдлаас үүдэн цаашид ажиллах боломжгүй гэж үзээд 8-р сарын 27-ны өдөр ажлаас гарах шийдвэр гаргаж 1 хувь гэрээгээ авья гэхэд өгөөгүй.Сургалтын төлбөр 500,000 төгрөг нэхсэн. Надтай хийсэн гэрээнүүдийг өгөхгүй байсан тул ээжтэйгээ хамт 2023 оны 8-р сарын 28-ны өдөр байгүүллага дээр ирж 1 хувь гэрээгээ авсан. Ингээд******* 21-р хороо Булгын 21, тоот хаягт байрлах регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаартай " Студио сормуус салон" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.О / ажил олгогч/-той гэрээ хийснээ мэдсэн.

Нэг. Гэрээнүүдийг 2023 оны 6-р сарын 28-ны өдөр 1 хувийг авахад:

1. Хөдөлмөрийн гэрээ /он сар өдөргүй, тамга тэмдгээр баталгаажуулаагүй/

2. Дагалдан ажиллах хөдөлмөрийн гэрээ/ он сар өдөргүй, тамга тэмдгээр баталгаажуулаагүй/

3. Сургалтын гэрээ /он сар өдөргүй, 2023 оны 05 сар гэсэн, тамга тэмдгээр баталгаажуүлаагүй/

4. Нууцын гэрээ /2023 оны 7-р сарын 05, тамга тэмдгээр баталгаажуулаагүй/

Гэрээнүүдийн эх хувийг хавсаргав.

Ажилтныг ажилд орохоор ирэхэд байгууллагын дотоод журмыг танилцуүлж, манайд ажиллахад таньтай ийм ийм гэрээ хийнэ гэж гэрээнүүдээ танилцуулсны үндсэн дээр 2 тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрээ байгүулсны дараа ажилдаа ордог хууль дүрэмтэй.

Н.О захирал 2 жил гаруй үйл ажиллагаа явуулахдаа 1 ч ажилтантайгаа гэрээ хийж ажиллаж байгаагүй юм байна лээ. Энд ажиллаж байсан хүмүүс одоо бид нартай гэрээ хийх юм болов уу гээд тухайн үед гайхаж байсан.

 

Хоёр. Миний бие

А. 2018 онд "ҮЖИН" гоо сайхны студийн дэргэдэх сургалтанд "МАНИКЮРИЙН МЭРГЭЖИЛ"-ээр 1-р зэрэгтэй суралцаж төгссөж сертификат авсан.

Б. 2023 онд "u briliant beaty" салонд ахисан түвшиний сургалтанд сууж төгсөөд сертификатыг авсан. Хуулбаруудыг хавсаргав.

Миний бие О.Н нь анхан шатны сургалтыг 30 хоног, ахисан тувшины сургалтанд 21 хоног суралцаж энэ хүгацаанд хүвиараа болон зуны амралтаараа ажиллаж байсан туршлагатай. Тухайн үед Н.О захирал миний сертификатыг үзэж байсан.

 

Гурав. Ажлаас гарах болсон шалтгаан

1.2023 оны 6-р сарын 23-нд ханиад хүрээд өөрт нь хэлээд эмнэлэгт үзүүлээд ирэхэд дургүйцэж өвдөх эрхгүй шүү гэж анхааруулсан.

2.2023 оны 6-р сарын 23-нд нагац ах маань гэнэт нас барсан учир би 6-р сарын 28-ны өдөр гаргах байсан учир урьд өдөр очих гээд чөлөө авсан ч дугуйцэж байгаа нь ил байсан. Миний бие дотороо маш их харамсаж арга буюу тэвчээд л өнгөрөөсөн.

3. СХД-ийн Иргэний хэргийн шүүхээс 2023 оны 8-р сарын 25-ны өдөр 16 цагийн үед над руу залгаад 1 дэх өдөр буюу 28-ны 10 цагт ир гэж дуудсан. Би учрыг мэдэхгүй тул жаахан айдастай чөлөө авья гэхэд ажлаа ирж хий, худлаа ярьлаа гээд л намайг утсаар дарамталсан. Гэрчийн мэдүүлэг авах байсан юм бна лээ.

4. Ажилд ороход ажлын багаж хэрэгслээр бүрэн хангаагүй миний өмнө үйлчлүүлэгч ирээд суучихсан байсан учир шүүгээнд байсан хумсны дрилийг аваад хэрэглэсэн юм. Тухайн үед захирал эзгүй байсан. Намайг дураараа миний юм авлаа гээд бүх ажилчдын өмнө элдэв муухайгаар доромжилж надруу дрилээ хий гэж дрилийн хайрцагийг шидсэн.

5. Бүх ажилчдаар Хөдөлмөрийн гэрээнд заагаагүй байгууллагын үйлчилгээний том заалны шал угаах , 00 өрөөг цэвэрлэх , тоос шороо арчих, нойтон цэвэрлэгээ хийлгэдэг.Энэ нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй.

Захирал Н.О зөвхөн надтай биш бүх ажилчидтай ёс зүйгүй дорд үзэж, хэл аллаар доромжилж харьцдаг учир удирдлагын буруутай үйлдлээс болж ажлаасаа гарах шийдвэрийг гаргасан.

Би ажилд орохдоо оюутан гэдгээ ч хэлсэн хичээлээ зохицуулаад яваад байж болно гэж анхнаасаа тохирсон боловч ажиллаж байх хугацаанд гаргаж байгаа үйлдэл нь цаашид зохицох боломжгүй нь харагдаж байна.

Захирал маань хүнтэй хүнлэг, соёлтой сайхан харьцдаг байсан бол миний бие ажлаасаа гарах шийдвэр гаргахгүй л байлаа.

Н.О захирал нь надтай хийсэн гэрээгээ өгөхгүй байсан учир түүний хэл амнаас айгаад арга буюу ээжийгээ дагуулан авахаар гэрээ хийж юун мөнгө нэхээд байгааг мэдэхгүй байсан учир гэрээнүүдээ авахаар очсон. Гэтэл захирал Н.О, түүний эгч Н.Н хамт Цагдаа дууд, шүүхэд өгнө гэсэн. Ичихгүй ээжийгээ дагуулж ирлээ гэсэн. Ээж ч яагаад цагдаа дуудах гээд байгаа юм бид чамтай хэрүүл тэмцэл хийх гэж ирээгүй миний охинтой хийсэн гэрээг чинь авъя. Ямар юмны сургалтын мөнгө нэхээд байгааг чинь мэдэх гэж ирлээ гэсэн. Ингээд 1 хувь гэрээнүүдийг хувилуулж гарын үсэг зуруулж байгууллагад үлдэх гэрээнд 8-р сарын 29-нд авлаа гэж гарын үсгээ зураад гэрээгээ авсан.Н.О мөнгөө төл, төлөхгүй бол шүүх дээр уулзъя, Шүүх ямар байдгийг хараарай гэж далайлгаж байсан. /Энэ үйл явдлыг баталгаажуулж дуу хураагуурт бичлэг хийсэн байгаа/

Гэрээтэй танилцаад үзэхэд ямар ч сургалт явуулаагүй байж сургалт явуулсан мэтээр гэрээ хийж гарын үсэг зуруулсан учир сургалтын төлбөр төлөх үндэслэлгүй, харин дагалдангаар 14 хоног бол ажилласан. Үндэслэлгүйгээр албадлагаар хууль зөрчин, хүнийг барьцаалах үүднээс хийсэн гэрээ байна гэж үзсэн. Ийм ч учраас 500,000 төгрөгийг төлөөгүй.

Оюунчимэг нь 2 жил гаруй үйл ажиллагаа явуулсан гэх боловч 2023 оны 3-р сараас энэхүү компани байгуулж ажилласан юм байна лээ. Ажилчдаа хэл амаар доромжлох, элдэв хараал хэлэх, гэх мэт маш их харьцааны доголдолтой учир тогтвор суурьшилтай ажиллах ажилтан байдаггүй юм байна гэдгийг дотор нь ажиллаж байж мэдсэн.

Дээр дурьдсан бүх үйлдлээс харахад:

1. Чингилтэй дүүрэг 21-р хороо Булгын 21, тоот хаягт байрлах регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаартай "Студио сормуус салон" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.О /ажил олгогч/ хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Ажилтны Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, Хувь хүний орлогын албан татварыг Нийгмийн даатгал Татварын байгууллагад тайлагнаагүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Цалинг хувийн данснаасаа олгож байсан.

2. Сургалтын гэрээ, дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээнүүдийн эхэлсэн хугацаа 2-уулаа 2023 оны 6-р сарын 13-наас, 6-р сарын 28-нд ажиллаж эхэлснээр дуусгавар болсон. Энэ 2 гэрээний эхлэх хугацаа давхцаж байна. ямар ч сургалт явуулаагүй. Сургалт явуулсан бол сургалтын төсөв, хөтөлбөр, хичээлийн хуваарь сургалтын материал, дадлагажих тестүүд гээд сургалтын материаллаг бааз бүхий танхимаар багш хичээл заана биздээ. Тийм 1 ч цагийн сургалт явуулаагүй. Харин дагалдангаар бүтэн биш цагаар ирж өөрөө үйлчлүүлэгчээ олж хэд хэдэн будалт хийж шалгуулж байсан. Тэгээд 14 хоногийн дараа болж байна одоо үйлчлүүлэгч авч болно гээд миний нэр дээр үйлчлүүлэгчийн захиалгыг авч эхэлсэн. Ингээд 6-р сарын 28-наас ажиллаж эхэлсэн. Би өмнө нь мэргэжил эзэмшиж тодорхой хугацаанд ажиллаж байсан болохоор нэг их хүндрэл байгаагүй.

3. Ажилд орсон гарсан байгууллагын даргын тушаал шийдвэр байхгүй. Мэргэжилгүй хүнийг сургаж ажиллуулдаг болохоос мэргэжилтэй хүнийг сургаж авдаггүй, дадлагажуулж ажиллуулдаг юм аа.

4. Миний бие хувь хүн тэй гэрээ хийгээгүй, "Студио сормуус" ХХК-ийн гүйцэтгэх захирал /ажил олгогч/ хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

5. тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд мэргэжилтэй, мэргэжилгүй ажилтныг сургаж авах тухай 1 ч заалт байхгүй байна.

6. Байгууллагын дотоод журам гэж байхгүй. Сургалтын гэрээний 1.1-д Монгол улсын хууль, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг баримтална гэжээ. Хөдөлмөрийн гэрээнд сургалтын гэрээ байгуулах тухай 1 ч заалт байхгүй. Сургалт явуулдаг танхим ч байхгүй. Сургалтын гэрээний агуулга удирдлагын буруутай үйлдэл огт байхгүй зөвхөн ажилтан сайн дураар ажлаас гарвал... гээд нэг талыг барьж хууль зөрчиж гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ төөрөгдүүлж хийсэн хүчин төгөлдөр бүс гэрээ байна. Хүний эд эрхтэн /гарын гоо сайхан, маниюкр, хөлийн гоо сайхан пидиюкр/-д мэс хүргэж гоо сайхны үйлчилгээ үзүүлэх гэж байж 14 хоногт сургаад дагалдаад дадлагажаад хийчихдэг мэргэжил биш юм аа. Энэ мэргэжлийг хэдэн сараар, давтан сурч байж сая нэг мэргэшдэг мэргэжил юм аа. нь намайг мэргэжилдээ сайн чадварлаг болохоор намайг ажлаас гаргахгүй барьж байхын тулд төөрөгдүүлж намайг юм мэдэхгүй байдлыг далимдуулан хууль зөрчиж гэрээ хийсэн байна. нь Шүүхийг дарамталдаг байгууллага гэж үзээд шүүх цагдаа ямар байдгийг та нарт харуулна гээд сүрдүүлсэн. ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт

Нэхэмжлэгч талаас: Сургалтын гэрээ /Хх3-4/, итгэмжлэл /Хх37/, сургалтад суусан гар бүртгэл /Хх39/, гэрээнд өөрчлөлт оруулах тухай /Хх40/, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай /Хх41/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх43/-ыг гаргасан.

 

Хариуцагч талаас: иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх6/, дагалдангаар ажиллах хөдөлмөрийн гэрээ /Хх16-17/, сургалтын гэрээ /Хх18-19/, нууцын гэрээ /Хх20-22/, итгэмжлэл /Хх23/, хөдөлмөрийн гэрээ /Хх24-29/, сертификат /Хх30/, төгсөлтийн гэрчилгээ, орчуулга /Хх31-32/-ыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Студио сормуус салон ХХК нь хариуцагч тэй 500,000 төгрөгийн төлбөр бүхий, 14 хоногийн хугацаатай сургалтын гэрээг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан. Гэрээнд 2 жил ажиллавал сургалтанд үнэгүй суулгахаар тохирч, үнэгүй сургасан боловч хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул сургалтын төлбөр болох 500,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Студио сормуус салон ХХК-тай тус гэрээнүүдийг байгуулахад огт уншиж танилцуулаагүй, ажил тарах үеэр бөөнд нь зуруулсан тул би ямар гэрээ байгуулснаа мэдээгүй. Тус байгууллагын удирдлага нь надтай болон нийт ажилтнуудтайгаа зүй бусаар харьцдаг, гэрээ байгуулалгүй ажил үүрэгт нь байхгүй ажил хийлгэдэг, дарамттай байсан учир ажлаас гарсан. Мөн миний бие өмнө хэд хэдэн удаагийн сургалтанд хамрагдаж, маникюрын мэргэжлийг хэзээний эзэмшсэн байсан бөгөөд энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Гэтэл надад энэ мэргэжлийг зааж сургасан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэг ч удаа хичээл, сургалт ороогүй, сургалт явуулах өрөө талбай, баазгүй харин би өөрөө үйлчлүүлэгчээ олоод будалт хийж үзүүлээд болохоор юм байна гэж нэхэмжлэгчээс үзээд миний нэр дээр захиалга авч эхэлсэн. Иймд сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Талууд сургалтын болон хөдөлмөрийн гэрээг хариуцагчид танилцуулж, хуульд нийцсэн байдлаар байгуулсан эсэхэд, сургалтын үйл ажиллагаа явуулж, хариуцагч ийг сургасан эсэхэд, сургалтын төлбөр болох 500,000 төгрөг төлөх үүрэгтэй эсэхэд маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Талууд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын*******-ны өдрийн хооронд үргэлжлэх, 500,000 төгрөгийн үнэлгээтэй, Маникюр сэдэвт сургалтын гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч Студио сормуус салон ХХК нь сургалтыг заах, сургалттай холбоотой бүхий л зардлыг /Хоол, унаа/ хариуцахаар, нөгөө талаас сургалтын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. Тус гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу байгуулж, хариуцагч зөвшөөрч гарын үсгээ зурсан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр сургалтын гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд хариуцагч ийн гэрээнүүдийг байгуулахад огт уншиж танилцуулаагүй, ажил тарах үеэр бөөнд нь зуруулсан тул би ямар гэрээ байгуулснаа мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

-       Талууд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээ-г, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нууцын гэрээ-г тус тус байгуулжээ.

-       Хариуцагч нь 2018 онд Үжин гоо сайхан, студийн дэргэдэх сургалтанд маникюрын мэргэжлээр 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд суралцаж, 1 дүгээр зэрэгтэй төгсөж, мэргэжлийн үнэмлэх авч байсан болох нь, Ю бриллиант гоо сайхны салоны аюуа гелэн хумсны маникюр болон хумс заслын хичээлд амжилттай суралцаж, төгсөөд гэрчилгээ авч байсан болох нь хэрэгт өгсөн баримтаар тус тус тогтоогдож байна. Эдгээр баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч Студио сормуус салон ХХК-д ажиллаж, сургалтын гэрээг байгуулахаас өмнө тухайн мэргэжлийг хангалттай өндөр түвшинд эзэмшсэн байсан болох нь тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч Студио сормуус салон ХХК-иас маникюрын сургалтанд суусан ийн бүртгэлийг баримтаар гаргаж өгсөн боловч сургалтын үйл ажиллагаа явуулсан гэх, т ямар нэгэн чадварыг эзэмшүүлсэн гэх аливаа дэмжих баримтгүй байх тул хариуцагчийн тайлбар болох 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс*******-ны өдрийн хооронд өөрөө үйлчлүүлэгч олж, үйлчилгээ үзүүлж, нэхэмжлэгч байгууллагын захиралд шалгуулснаас бус сургалт ороогүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

6.    Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан. Үүний хүрээнд сургалтын гэрээний дагуу нэхэмжлэгч Студио сормуус салон ХХК нь өөрийн зардлаар нэхэмжлэгчийг сургаж, чадварыг эзэмшүүлэх, хариуцагч нь сургалтын үр дүнг хүртэж, сургалцаж, гэрээнд заасан үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

 

7.    Гэвч тус гэрээний дагуу нэхэмжлэгч Студио сормуус салон ХХК нь сургалтыг зохион байгуулж явуулаагүй, хариуцагч т чадвар эзэмшүүлсэн болох нь тогтоогдоогүй тул сургалтын төлбөр болох 500,000 төгрөгийг хариуцагч ээс шаардах эрхгүй байна.

 

8.    Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Студио сормуус салон ХХК-ийн хариуцагч т холбогдуулан гаргасан 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ