Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/261

 

З.Э-т холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай                        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч З.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2106 01634 1308 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          З.Э, 1976 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, оршин суух.

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 433 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,   

             З.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 13-наас 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамжны *** тоотод А.Д-ын амины орон сууцны вакуум цонхны түгжээг эвдэн нэвтэрч, орчин цагийн бурхан багшийн дүрс бүхий шармал бурхан 1 ширхэг, “Монголын бурхан шашны урлаг” хэмээх 2 боть зурагт ном зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 641.913 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Э-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-оос 641.913 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д-д олгож, шүүгдэгч З.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З.Э- гаргасан давж заалдах гомдолдоо: “...дүү А-ийн хамт зарим алдагдсан эд хөрөнгийг авч яваад цагдаад хураалгасан талаар мөрдөн шалгах ажиллагааны үед тодорхой мэдүүлсэн атал хариуцан арилгах хохирлыг ялгаж салгаагүй. Иймд шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүйг анхаарч, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э нь мөрдөн байцаалтын шатанд “...хулгайлсан эд зүйлсээ авч яваад цагдаад хураалгасан...” гэж мэдүүлдэг боловч яг ямар хүнд хураалгасан талаараа тодорхой хэлдэггүй. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар түүнээс тодруулахад “...хураалгаагүй, зарагдахгүй болохоор нь хаячихсан...” гэж мэдүүлдэг. Тэрээр үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

З.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 13-наас 5 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** гудамжны *** тоотод А.Д-ын амины орон сууцны вакуум цонхны түгжээг эвдэн нэвтэрч, орчин цагийн бурхан багшийн дүрс бүхий шармал бурхан 1 ширхэг, “Монголын бурхан шашны урлаг” хэмээх 2 боть зурагт ном зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 641.913 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч А.Д нь “...Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоот хашаанд байрлах сүүлийн 2 жил орчим эзэнгүй байгаа манай өвлийн сууцны вакуум цонхоор ороод шармал шар өнгөтэй, бурхан багшийн дүрс бүхий бурхан 1 ширхэг, бурхадын хайрцагтай, хайрцаг дотроо 2 ширхэг байдаг каталоги 1 ширхэг зэргийг хулгайлаад аваад явсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би хамгийн сүүлд 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хашаа байшингаа эргэж ирэхэд зүгээр байсан. ...” /хх 22-23/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - шүүгдэгч З.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тухайн өдрийг санахгүй байна. Коронавирусын хөл хорионы үеэр Эрдэнэтолгойн антены ойролцоо байдаг хашаанд блокон байшинтай айлын цонхны салхивчийг нь түлхэн орж бурхны зурагтай 2 ширхэг том ном, бурхны сувинер зэрэг эд зүйлийг хулгайлж авсан. Би тухайн айл руу ганцаараа орсон. ... 2 ширхэг номыг дүү А-ийн хамт авч явж байгаад хоёр цагдаад хураалгасан, гуулин бурхныг 10.000 төгрөгөөр худалдах гэсэн боловч хэн ч авахгүй байхаар нь хаячихсан. Би эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулах болно. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 30-31, 66/ гэх гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон нөхцөл байдал, гэм буруугийн талаар өгсөн мэдүүлгүүд,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-12/, энэхүү ажиллагааны явцад илэрсэн тамхины иш 2 ширхэгийг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авч, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх 13-14/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 73-80/ зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

            Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд оршин суугчийн эзгүйд амьдарч буй орон байрных нь цонхны түгжээг эвдэн орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

            Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхтэй үйлдлийг хамааруулж ойлгох ба гагцхүү уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

            Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч З.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана.

Шүүгдэгч З.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ бага, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

Шүүгдэгч З.Э давж заалдсан гомдолдоо “...дүү А-ийн хамт зарим алдагдсан эд хөрөнгийг авч яваад цагдаад хураалгасан атал хариуцан арилгах хохирлыг ялгаж салгаагүй...” хэмээн маргадаг боловч энэ нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, уг хэрэгт өөр бусад этгээдийн үйлдэл, оролцоо тогтоогдоогүй байна.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Э- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ “тухайн айл руу ганцаараа орсон” талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн байх бөгөөд ийнхүү мэдүүлэхэд нь аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлсөн, хуулиар хамгаалагдсан эрхийг нь хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, түүний үйлдлийг шууд санаа, шунахайн зорилготой гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлтэйн гадна, бусдад учруулсан хохирлыг дангаар хариуцан арилгавал зохих тул өөр бусад этгээдийг хамтран хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирол төлбөрийг хамтран хариуцах асуудлаар маргасан шүүгдэгч З.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шүүгдэгч З.Э- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

            Харин хэргийн материалыг судлахад, анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/177 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоох тухай” шүүгчийн захирамж /хх 107/-д тамга дарагдаагүйн гадна, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг /хх 123/-т шүүгдэгч З.Э-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үндэслэлийг тусгахдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхааруулан тэмдэглэж байна.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э-ын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 50 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

             3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН