Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01047

 

С.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00788 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36 536 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: М.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 24 000 000 төгрөгийг, 4 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй зээлдэж авсан. Үүнээс хойш зээлийн хүү болон үндсэн төлбөрөө төлөлгүй өдий хүрсэн байна. Иймд М.Г-ээс үндсэн зээл 24 000 000 төгрөг, түүний хүү 1 536 000 төгрөг, алданги 2018 оны 5 дугаар сарын 01-ээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 23 520 000 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нийт 36 536 000 төгрөгийг хариуцагч М.Г-ээс гаргуулж өгнө үү. Үл хөдлөхийн маргаантай холбоогүй. Хариуцагч талаас эргэлтийн хөрөнгө шаардлагатай талаар санал тавьсан учир нэхэмжлэгч нь банкнаас зээл авч, хариуцагчид зээлдүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байдаг. Багасгасан шаардлага 28 339 100 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 4 дүгээр сард зарын дагуу С.М-аас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48а, 1 тоот байрыг банкны лизингээр худалдан авсан. Тухайн байр нь 1 давхрын байр байсан учраас би дэлгүүр ажиллуулах сонирхолтой харилцан тохиролцож авсан. Би тухайн үед дэлгүүр болгох гэхээр гадагшаа хаалга байхгүй гэж хэлэхэд би гадагшаа хаалга гаргаад шат хийж өгье гэж байсан. Бид ярилцаж тохиролцоод дэлгүүрийн байр худалдаж авах гэж байгаа гэвэл банкны өндөр зээл гарах байх гээд харилцан тохиролцож байр зарсан. Улсад тушаах 2 хувийн татварыг чи өгчих, мөн бүх нотариатын мөнгийг 50 хувиар хувааж төлье, одоохондоо чи өгчих, би зээл гарангуут чамд өгье гэсэн. Мөн дэлгүүрийн архи зарах тусгай зөвшөөрөлтэй компани 6 000 000 гэж байна гэхэд яриад 5 600 000 авсны 50 хувиар хувааж төлье гэж тохиролцон банк руу тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрийн байр гэж материал өгсөн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын байр үнэлгээ бага байсан учраас төв банкнаас зээлийн үнийн дүн буурч батлагдан би уг байрыг 120 000 000 төгрөгөөр авсан. Тэгээд зээл 96 000 000 төгрөг гарч би С.М-т 24 000 000 төгрөг өгөх өртэй болсон. Би байрны урьдчилгаанд 2015, 2017 онуудын 2 приус 30 маркийн машин оролцуулж өгсөн. Тэгээд зээл гарсан өдөр бид 2018 оны 5 дугаар сарын 02 ны өдөр 24 000 000 төгрөгийн сарын 1,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Тэгээд ярьж тохирсноороо би тэр байранд гадагшаа хаалга гарган шат довжоо хийлгэн засвар хийсэн. Мөн би өөрөө худалдаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, тамхины зөвшөөрөл, галын дүгнэлт зэргийг гаргуулсан. Би өгөх 24 000 000 төгрөгөөс 24 000 000 зарагдсан байрны улсад 2 хувийг төлөх 670 000 төгрөг, үл хөдлөх гэрээгээ хурдан өдөрт нь батлуулж гаргахын тулд үл хөдлөхийн ажилтанд нийт 120 000 төгрөгийн 50 хувь болох 60 000 төгрөг, үл хөдлөх болон нотариат бусад зардал 357 800 төгрөг болсны тал 178 900 төгрөг, 640 000 төгрөг надад өгөхөөс надад 550 000 төгрөг шилжүүлж дутуу 110 000 төгрөг, байранд паар дагалдах зүйлс авсан 2 778 000 төгрөг, компани авсан 5 600 000 төгрөгийн тал гээд нийт 6 596 900 төгрөгийг үндсэн зээлсэн 24 000 000 төгрөгөөс хасаж нийт 17 403 000 төгрөг үлдсэн. Дээрх гарсан зардлуудыг хувааж төлнө гэж тохирсон байсан. Гэтэл хэд уулзахдаа би компани авсан 2 800 000 төгрөг төлөхгүй бусдыг нь зөвшөөрч байна, хоёулаа 20 000 000 төгрөгөөр тохиръё гэж надад хэлсэн. Гэхдээ тэр үед хүчингүй болсон тусгай зөвшөөрөлтэй компани авснаа би өөрөө ч мэдээгүй. С.М-ын ганц зөвшөөрөхгүй байгаа маргаж байгаа зүйл бол компани авсан мөнгийг анх тохирсноороо 50 хувийг төлж хасах. Би С.М-ын дансанд 2018 оны 7 дугаар сарын 04-нд 600 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 26-нд 400 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-нд 300 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 01-нд 300 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгийг хүү гэж төлсөн. Тиймээс би алданги төлөхгүй. Миний өгөх өглөг бол 17 403 000 төгрөг, миний сард төлөх хүү 278 448 төгрөг болно. Үндсэн мөнгөө анх ярьж тохиролцсоноороо хасаад тохирвол би төлөлт хийж эхлэхэд бэлэн байгаа. Анх орон сууц худалдаж авахаар болж 3 ширхэг автомашин, хашаа байшин, үлдсэн дүнг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч орон сууцны дагалдах эд хөрөнгө болох паарны зардлыг төлөхөөр тохиролцож хариуцагч банканд орон сууцны зээлд хамрагдсан. Банкны зээл гарч нэхэмжлэгчид шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс 24 000 000 төгрөгийн хүүг 4 сарын хугацаатай, 1 600 000 төгрөг, нийт 25 600 000 төгрөгөөр тохиролцсон. Зээлийн гэрээний үүрэгт 2 ширхэг приүс 30 маркийн автомашиныг 25 500 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчийн нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч М.Г-ээс 28 339 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.М-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 299 645 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Мэндбаяр овогтой Ганхишиг нь иргэн С.М-тай 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус-1 хорооллын 48а-1 тоот байрыг худалдах худалдан авах гэрээ хийсэн. Уг хэлцлийн үлдэгдэл төлбөр болох 24 сая төгрөгийг гэрээ хийн төлөх, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн ашиглалттай холбоотой гарах зардлыг харилцан төлөлцөхөөр тохиролцсон. Ингэхдээ сангийн зардал, паар шугам шинээр тавих зардлыг нэхэмжлэгч тал төлөхөөр, дэлгүүрийн тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах зардлыг тэнцүү хуваан гаргах, үл хөдлөх хөрөнгийн гадагш хаалга гаргах, довжоо хийх зардлыг нэхэмжлэгч тал гаргах, худалдах, худалдан авах гэрээний нотариатын зардлыг хуваан төлөхөөр тохиролцсон. Дээрх бүх зардлыг Ганхишиг би дангаар хариуцан төлсөн бөгөөд тухайн үед буцаан төлнө гэсэн боловч төлөөгүй. Төлөхийг шаардахад үндсэн зээлээс хасаад тооцъё, эсвэл зээл гарахаар бүтнээр төлнө гэсээр төлөөгүй өдийг хүрсэн. Зээлийн төлбөр төлөх гэж 2018 оны 7 сард ганцаараа 2 удаа, 2018 оны 8 дугаар сард ард нөхрийн хамт 2 удаа, мөн тус сард найз нартайгаа 3 удаа очиж уулзсан боловч дүнгийн зөрүүг төлөх тохиролцоонд хүрээгүй. 2018 онд 4 удаа Хаан банкны 5025256299 тоот дансанд нийт 1 600 000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр хийсэн болно. Харилцан тохиролцсон сангийн зардал 2 929 000 төгрөг, дэлгүүрийн тусгай зөвшөөрөлтэй гэрчилгээ худалдан авсан зардал 2 800 000 төгрөг, хаалга, довжоо гаргасан зардал 2 617 000 төгрөг, гэрээтэй холбогдон гарсан нотариатын зардал 50 хувь 178 900 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварын зардал 670 000 төгрөг, үл хөдлөхийн хүнд нэхэмжлэгч тал 2 удаа 60 000 нийт 120 000 төгрөгийг хариуцагч талаас дараа төлөхөөр авч өгсөн. Үл хөдлөх хөрөнгийн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хувийн хэрэгцээнд нэхэмжлэгч тал 640 000 төгрөг аваад 530 000 төгрөгийг буцаан төлсөн. Зөрүү 110 000 төгрөг, нийт 9 495 100 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох хүсэлтэй байна. Ингэхэд нийт 24 сая төгрөгөөс хасахад 14 504 900 төгрөг, үүний хүүнд сарын 1,6 хувь бодоход 6 сарын хүүний төлбөрт 1 392 470 төгрөг тооцохоор байна. Нийт төлөх дүн 15 897 370 төгрөгийг төлөхөөр байна. Үүнээс зээлийн төлбөрт төлсөн 1 600 000 төгрөгийг хасч тооцоход 14 297 370 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийг төлөхгүй гэж ямар нэг байдлаар шалтгаан гаргаж хойшлуулаагүй, харин ч олон удаа уулзаж ойлголцох гэж хичээсэн. Харин нэхэмжлэгч тал өөрийн хүлээсэн үүргээ хүлээхгүй, үндсэн төлбөрөөс гаргасан зардлыг хасаагүй эсвэл бэлнээр өгөөгүй болно. Иймд дээрх 14 297 370 төгрөгийг төлөх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч М.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 536 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа багасгаж 28 339 100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.М  нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч М.Г-тэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 24 000 000 төгрөгийг, сарын 1,6 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож хариуцагч М.Г-т зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагчийн “24 000 000 төгрөг нь С.М-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад төлөгдөөгүй үлдсэн төлбөр” гэх тайлбар нь үндэслэл муутай байна. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэг дууссан, нэхэмжлэгчээс эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 000 000 төгрөг зээлж авсан” гэж тайлбарласан байх бөгөөд хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар С.М-аас 24 000 000 төгрөгийг М.Г-т зээлдүүлсэн гэж үзэхээр байна. /хх-ийн 57 дугаар тал/

Түүнчлэн, хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч нь сангийн, дэлгүүрийн тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах, гадагш хаалга гаргах, довжоо хийх, нотариатын зэрэг зардлыг хуваан төлөхөөр тохиролцсон учир 9 495 100 төгрөгийг хасуулна гэх боловч талууд дээрх зардлыг хуваан хариуцахаар тохиролцсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд хариуцагч нь үндсэн зээл 24 000 000 төгрөг, 4 сарын хүү 1 536 000 төгрөг, алданги 11 000 000 төгрөг, нийт 36 536 000 төгрөг төлөхөөс нэхэмжлэгчид төлсөн 8 196 900 төгрөгийг /1 536 000₮, 6 596 900₮, 64 000₮/ хасч үлдэх 28 339 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00788 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 159 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                            ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                 Г.ДАВААДОРЖ