| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03246/И |
| Дугаар | 181/ШШ2024/00879 |
| Огноо | 2024-03-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/00879
| 2024 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 181/ШШ2024/00879 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* оршин суух, Ж овогт Б.Б/РД: .............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,,, байрлах, МТЗ ТӨХК/РД: .........../-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой Б нь улсад 28 жил тасралтгүй ажилссанаас 18 жил нь хүнд нөхцөлд илчит тэрэгний машинчийн ажлыг гүйцэтгэсэн 3-р зэрэгтэй мэргэшсэн машинч билээ. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ХДЗ-ТӨХК-д машинчийн ажлын байранд туршилтын 3 сарын хугацаатай ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан Өмнөговь аймаг Цогтцэций өртөөнд хөдөлмөрийн гэрээний үүргийн дагуу ажил үүргээ сэтгэл гарган гүйцэтгэж ирсэн. Гэвч 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 6/1475 тоот тушаалаар захирал П.Г хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргахдаа инженер техникийн ажилтан нарын аман яриа огт үзэж танилцаж байгаагүй ТӨХК-ний хөдөлмөрийн дотоод журмын мэдэхгүй 7-н заалтыг үндэслэл болгож нотлох баримтгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 43.2.4, 43.2.6, 53, 87, 88, 91 дүгээр зүйлийн 91.3, 94.4 дүгээр заалтуудыг тус бүр зөрчин ажилтан миний биетэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ/2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 44/48 тоот/ үл хайрхан мэргэшлийн ажлаа эрхлэн амьдрал ахуйгаа зохицуулах, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчсөн гэж үзсэн болно. Иймд байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комиссын үйлдвэрчний эвлэлийн байгууллага байхгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан асуудал шийдэгдээгүй тул, тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлд заагаагүй ажил үүргийг ажил ажил олгогчийн санаачилгаар гүйцэтгүүлж явахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, ажил амралтын дэглэм хооллох хэвийн нөхцөл ажил үүргээ гүйцэтгэхдээ холбоотой бичиг баримт зааварчилгаагаар бүрэн хангаагүй нөхцөлд томилолтын үүргийг хугацаанд нь гүйцэтгээд ирсэн боловч ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрлөх эрхийг зогсоосон тул МТЗ ТӨХК-ийн зүтгүүрийн машинчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын тасарсан хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргуулж байна. Иймд хүсэлтийг минь хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч МТЗ ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь МТЗ ТӨХК-д 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар Цогтцэций өртөөнд машинчаар томилогдож, хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.
-Хөдлөх бүрэлдэхүүнд холбох, салгах, галт тэрэгний тоормосны туршилт хийх, тоормосны ивүүрээр бэхлэх үед хоорондын замд хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдал, явах ангид, хөдөлгүүрийн ажиллагаанд хяналт тавих, галын аюулаас урьдчилан сэргийлэх,
-2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зүтгүүрийг Цогтцэций өртөөнөөс Зүүнбаян өртөөнд хүргэж холбогдох хэмжилт, шалгалтыг хийлгэж, акт үйлдэх,
-Зүтгүүрийг Зүүнбаян өртөөнөөс Сайншанд өртөөнд хүргэж гаалийн хяналт хийлгэх,
-Зүтгүүрийг Замын-Үүдээс БНХАУ-ын Эрээн хот руу 2023 оны 02 дугаар сарын 19- ний өдөр гаргах,
-Зүтгүүрийг БНХАУ-ын Эрээн хотод төлөөлөн зуучлагч Өвөр Монголын Жунтуо үйлдвэр худалдааны компани-д актаар 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээлгэн өгөх,
-Хүргэгч нар 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод зочид буудалд хоноод 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нийтийн тээврийн автобусаар Замын-Үүдэд ирэх,
-Хүргэгч нар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэргээр Улаанбаатар хотод ирэх тус, тус чиг үүрэгтэй ажиллах байсан.
Гэтэл БНХАУ-ын Эрээн хотод Цогтцэций өртөөний засварын хүлээн авагч Х.Б, машинч Б.Б нар нь байрласан буудлаасаа 2023 оны 02 дугаар сарын 25-ны өглөө хэл сураггүй буудлаас гарсан бөгөөд Хятадын талаас зүтгүүрийг хүлээж авахаар мэргэжилтнүүд нь ирсэн боловч зүтгүүр түгжээтэй хүлээлгэж өгөх боломжгүй байдалд хүрсэн бөгөөд машинч Б.Б, Х.Б нартай холбогдох ямар ч боломжгүй байсан учраас 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Зүтгүүрийн засвар хариуцсан инженер Г.Амарыг БНХАУ-ын Эрээн хот руу яаралтайгаар явуулсан. Мөн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сайншанд өртөөний замд зүтгүүрт очиж үзэхэд хаалга нь онгорхой байсан бөгөөд Засварын хүлээн авагч Х.Б, машинч Б.Б нартай очиж уулзахад УБТЗ ХНН-ийн орон сууцны буудалд согтуу байсан зэрэг нь Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа уусан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох үндэслэл болно гэж заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийг харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
Мөн нэхэмжлэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод албан томилолтоор ажиллах үедээ ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа уусан, согтуурсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолт болон албан томилолтын удирдамжид заасан чиг үүргээ биелүүлээгүй, ажилтны ёс зүйн дүрэмд харш үйлдэл зэрэг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан хурлын тэмдэглэл болон бусад албан хаагч нарын тайлбар, зураг зэргээр нотлогдох бөгөөд МТЗ ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн атлаа МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.
Иймд МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар зарын 22-ны өдрийн Б/145 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Б-ийн оршин суугаа хаягийн лавлагаа, МТЗ ТӨХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 6/145 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЦЦ/84 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, МТЗ ТӨХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/586 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6/291 дугаар, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 6/145 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбарууд, Б.Б-ийн гадаад паспортын хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар Томилолтын төсвийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн төлбөрийн 2254, 2253 дугаар даалгаврын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Замын-Үүд-Эрээн хотод ажилласан тодорхойлолтын хуулбар, Зүтгүүрийн аж ахуйн менежерт бичсэн Т.У-ын тайлбар, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн БНХАУ-ын Эрээн хотод албан томилолтоор ажиллах ажлын удирдамжийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Зүтгүүрийн аж ахуйн албанд гаргасан зүтгүүрийн засвар хариуцсан менежер Г.Амарын тайлбар, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, МТЗ ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч МТЗ ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан зүтгүүрийн машинчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч МТЗ ТӨХК нь Б.Б ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа уусан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хариуцагчид туршилтын хугацаатай Цогтцэций өртөөнд Машинч албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 6 дугаар сарын 13-ны Б/291 дугаар Б.Б-ийг ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЦЦ/84 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 28-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод албан томилолтоор ажиллах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолт болон албан томилолтын удирдамжид заасан чиг үүргээ биелүүлээгүй, ажилтны ёс зүйн дүрэмд харш үйлдэл зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон цуцалсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/145 дугаар Б.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4-т ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан.
Цогтцэций өртөөний засварын хүлээн авагч Х.Б, машинч Б.Б нар нь БНХАУ-ын Эрээн хотод албан томилолтоор ажиллах 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн удирдамжийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Цогтцэций өртөөнд хүйтэнд зогсож буй зүтгүүрийг гэрээний дагуу БНХАУ-ын Эрээн хот дахь төлөөлөн зуучлагч Өвөр Монголын Жунтуо үйлдвэр худалдааны компани-д актаар хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь томилолтоор ажиллах хугацаандаа буюу 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд согтууруулах ундаа уусан, мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод согтууруулах ундаа уусан болох нь хариуцагчийн гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Норовванчигийн Тодорхойлолт, Зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженер Т.У-ын тайлбар, Зүтгүүрийн засвар хариуцсан инженер Г.А-ын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь томилолтын хугацаа дуусаагүй байхад буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн өглөө БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсруу буцаж өдрөөр ажил тасалсан болох нь Зүтгүүрийн засвар хариуцсан инженер Г.Амарын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ЦЦ/84 дугаар Хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.1-т Ажилтан ... хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан дараахь ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч ... хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг хугацаанаас нь өмнө санаачлан цуцална. Үүнд: ... , 6.1.4-т ... албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа ууж ... ирсэн., 6.1.6-д ... урьдчилан мэдэгдэлгүй ажлаа өдрөөр тасалсан, ажлын цагаас удаа дараа хожимдсон, нийлбэр дүн нь нэг сард ажлын 8 цаг болсон. гэжээ.
Нэхэмжлэгч нь томилолтоор ажиллах хугацаандаа буюу 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болон 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундаа уусан, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өдрөөр ажил тасалсан буюу БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсруу томилолтын хугацаа дуусаагүй байхад зөвшөөрөлгүй буцаж Хөдөлмөрийн гэрээний 6-ийн 6.1, 6.1.4, 6.1.6-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч албан томилолтоор ажиллах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил тасалсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолт болон албан томилолтын удирдамжид заасан чиг үүргээ биелүүлээгүй, ажилтны ёс зүйн дүрэмд харш тухайлсан ямар үйлдэл, эс үйлдэл гаргасан болохыг баримтаар нотлоогүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар тайлбар авсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хурал хийсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан зүтгүүрийн машинчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн зүтгүүрийн машинчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн зүтгүүрийн машинчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ