Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/00935

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/00935

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* оршин суух Д овогт Э.Т/РД: ...................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******,******* байрлах, ЭМ ХХК/РД: .............., гүйцэтгэх захирал С.Н/-д холбогдох,

 

Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох татвар, шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, Х.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Т миний бие ЭМ ХХК-д 2015 оны 07 дугаар сараас хойш тогтвор суурьшилтай ажиллаж, хуулийн мэргэжилтнээс нэгжийн ахлах мэргэжилтэн хүртэл тодорхой үр бүтээл, ажлын амжилттайгаар дэвшин ажилласан бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЭМГЛ-64/ХГ дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтний ажпын байранд ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Монгол Улсын Сайд, засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.А 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэртэй холбоотой мэдээлэл өгөх үеэр ЭМ ХХК-ийн бүтцийг шинэчлэн орон тоог 89 болгож, нийт 88 орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан тухайн үед ажиллаж байсан бүх ажилтнуудыг ажлаас чөлөөлөхөөр болсон тухай олон нийтэд анх танилцуулсан.

Улмаар ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийт ажилтнуудтай уулзалт зохион байгуулахдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр тушаалыг тус, тус үндэслэн компанийн бүх ажилтнуудыг ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн. Дээрхтэй холбоотойгоор ЭМ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/970 дугаартай албан бичгээр Нэгдсэн удирдлага, стратегийн хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, миний ажиллаж байсан Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтний ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, дуусгавар болгохыг мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үйл явдал нь бөөнөөр халах ажиллагаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 81.3 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг бөөнөөр халахтай холбоотой 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг ажил олгогчид 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Уг шаардлагын дагуу ажил олгогч болон ажилтны төлөөлөл 3 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа ажилтнуудын тавьсан эхний 3 асуудлыг шийдвэрлэх боломжгүй гээд харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээг харилцан тохиролцсон.

ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар баталсан ЭМ ХХК-ийн шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтаар ажлын байрны орон тоог 70 орон тоотой байхаар баталсан. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн 56 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр тушаалаар баталсан компанийн шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтын дагуу бий болсон ажлын байрны орон тоог 89 орон тоотой байхаар нэмэгдүүлэн тогтоосон байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль болон миний хөдөлмөрлөх үндсэн эрхийг тус тус ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэн ЭМ ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 3 сарын 1-ний өдөр гомдол гарсныг 2023 оны 3 сарын 9-ний өдрийн хурлаар хэлэлцсэн. Тус хуралдаанаар ажил олгогчийн төлөөлөл нь эвлэрэн хэлэлцэх боломжгүй болохыг тодорхойлж №05 тоот хуралдааны тэмдэглэл гарч, мөн асуудлаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан.

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан дээр ажил олгогч нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж өмнө ажиллаж байсан ажилтнуудаа сонгон шалгаруулалтад оролцохыг зөвлөн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосноо хүлээн зөвшөөрдөг.

Комиссын бүрэлдэхүүн ажлаа хийж байсан ажилтнуудаа бүтцийн өөрчлөлт нэрээр халж, сонгон шалгаруулалт хийсэн нь хуульд нийцэж байгаа эсэхийг дахин харах шаардлагатай, мөн талууд харилцан тохиролцож, эвлэрэх боломжгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн агуулга бүхий №30 тоот хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 4 сарын 17-ний өдөр гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгож, түүнийгээ залруулах арга хэмжээг авахгүй байгаа тул ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, холбогдох шимтгэл татварыг нөхөн төлүүлж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Э.Тийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ бөөнөөр халах үйл явц болсонтой холбогдуулаад ажил олгогч хэлэлцээр хийх үүрэгтэй байгаа. Энэ үүргийнхээ хүрээнд сая нэхэмжлэгчийн зүгээс Хамтын гэрээ болон тухайн уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа 2021-2022 оны хамтын хэлэлцээрийг дурдсан байгаа. Энэ хэлэлцээрийг нотлох баримтаар өгсөн байгаа. Тус хэлэлцээрт заасны дагуу ажил олгогч нь ажил олгогчдын төлөөлөлтэй 45 хоногийн өмнө хэлэлцээр хийх үүрэг хүлээж байгаа. Гэтэл ажил олгогч нь түрүүн хэлсэнчлэн маш тодорхойгүй, хууль бус, хуульд нийцээгүй мэдэгдлийг тухайлсан ажилтан болгонд хүргээд бараг тулган шаардсан нөхцөл байдал бий болгосны дараа хэлбэрийн төдий буюу тухайн шийдвэрийг гарахаас 10 хоногийн өмнө ажилтнуудтай уулзалт хийсэн байдаг. Тэр нь ямар уулзалт вэ гэхээр та нарыг ажлаас чинь хална, тэтгэмжийн хэмжээн дээр зөвшилцөнө гэдэг асуудлыг ярьсан байдаг. Гэтэл энэ зөвшилцсөн асуудлаар бөөнөөр халах үеийн хэлцэл хийсэн гэж ажил олгогчийн зүгээс тайлбарлаад байна. Гэтэл Э.Т дээр хэлцэл хийсэн нь бөөнөөр халах үеийн хэлцэл хийсэн үйл баримт биш, тухайлан Э.Ттэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбогдуулаад ажилгүйдлийн тэтгэмж хэд байх юм бэ гэдэг дээр хэлцэл хийсэн л үйл явдал. ЭМ ХХК 2018 онд батлагдаад хэрэгжиж байгаа Хамтын гэрээ хэлэлцээр дээр 3-аас дээш сарын тэтгэмж олгох ёстой гэдэг чиг үүргийг ажил олгогчид өгсөн байгаа. Тэр үүргийнхээ хүрээнд Э.Ттэй хэлцэл хийсэн болохоос биш, Хөдөлмөрийн гэрээг нь цуцалсантай холбогдуулаад Хөдөлмөрийн гэрээгээ цуцлая гэдэг хэлцэл биш. Хоёрдугаарт бөөнөөр халах үеийн үйл явцтай холбогдуулаад ажилтны төлөөлтэй хийж байгаа хэлцэл биш нөхцөл байдлууд байгаа. Хэрвээ бөөнөөр халах үеийн чиг үүргийг хэрэгжүүлсэн бол 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хэлцэл хийх үе шатууд хэрэгжих ёстой байсан. Энэ чиг үүргүүдээ хэрэгжүүлээгүй учраас ажил олгогч нь бүхэлдээ Э.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үйл явц, мэдэгдэх үйл явц, мэдэгдэх, сонсгох үйл явц гээд тушаал гаргахдаа хууль зөрчиж гаргасан. Мөн дараагийн үйл явдал нь нэгэнт бөөнөөр халах үеийн процесс болсонтой холбогдуулаад ажил олгогч бөөнөөр халах процесс болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнтэй холбогдуулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.1.5-д заасны дагуу бөөнөөр халах үед хасагдсан ажлын байр нь дахин бий болсон тохиолдолд тухайн ажилтанд санал болгох үүрэгтэй, тухайн ажилтныг эгүүлж тогтоох боломжтой байсан энэ чиг үүргээ ч ажил олгогч биелүүлээгүй. Учир нь Э.Т энэ ажлын байрууд нэмэгдсэнтэй холбогдуулаад миний ажлын байр байгаад байна шүү дээ, энэ дээрээ би ормоор байна гэдэг хүсэлтүүдийг удаа дараа илэрхийлж байсан боловч тэрнийг нь хүлээж аваагүй, нэгэнт сонгон шалгаруулалт болоод бид нар өөр хүмүүс авсан гэдэг байдлаар ингээд нөхцөл байдлууд үүссэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад явж байгаа. Ажилгүй байсан хугацааны тэтгэмжийн асуудал бол Э.Т нь 2023 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сар, сүүлийн 3 сарын цалингийн дундаж нь нийт 4,728,728 төгрөг болж байгаа. Тухайн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэр гарснаас хойш өнөөдөр шүүх хуралдаан хүртэлх хугацаа нь нийт 13 сар 5 хоног болж байгаа. Ингээд нийт 13 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 61,473,466 төгрөгийг гаргуулж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. гэв.

 

Хариуцагч ЭМ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Төөс ЭМ ХХК-д холбогдуулан тус шүүхэд гаргасан ЭМ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, холбогдох татвар шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого-ын 6.4 дэх хэсэгт заасан Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор ЭМ ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан.

Дээрх тогтоолуудад үндэслэн ЭМ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт-ыг шинэчлэн баталсан.

Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлын хүрээнд ЭМ ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон тул Э.Тд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/970 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, нээлттэй зарласан ажлын байрнуудаас тавигдах шаардлагыг хангаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжийн талаар тус мэдэгдэлд дурдсан байдаг.

Э.Т нь тус компаниас нээлттэй зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэлцлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах-аар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар Э.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, ажилтантай тохиролцож хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Э.Тийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мэдэгдлийн тухайд мэдэгдэл хуульд нийцээгүй гэж ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ л гэж байгаа. Мэдэгдэл дээр ажил олгогч заавал ийм ийм үндэслэлүүдийг заах ёстой гэж байхгүй. Тэгэхээр энэ мэдэгдлийг өгөх гэдэг процесс ажиллагааг ажил олгогч хийсэн. Мөн түүнчлэн Э.Тийн ажлын байр нь өөрөө хасагдсан гэдэг нь тодорхой харагддаг. Э.Тийн гаргасан өөрийнх нь ажлын тайлангуудаас ч гэсэн тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл энэ ажлын тайлангууд дээр удирдамжийн хууль зүйн үндэслэлийг хянах болон зохицуулалтуудыг хуульчийнхаа хувьд хянадаг зүйл хийж байсан. Гэтэл одоо нэгдсэн удирдлагын бизнес хөгжлийн хэлтэс дээр ийм чиг үүрэг огт байхгүй. Өөрөөр хэлбэл энэ орхин хараах компаниуд руу энэ өөрийнх нь чиг үүрэг нь шилжээд ЭМ ХХК дээр энэ үүрэг нь үлдээгүй учраас хасагдсан гэж үзэж байгаа. Э.Т ажил олгогчтой хэлцэл хийсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцлийг хийснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн зүгээс дуусгавар болсон гэж үзэж байгаа. Иргэний хуульд ямар ч гэрээг талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр хийх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд ажил олгогч Э.Тд хуульд заасны дагуу 3 сарын тэтгэмж өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу өгсөн. Манайхаас 3 сарын тэтгэмжийг нь нэмье, та хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа харилцан тохиролцож дуусгавар болгох уу гэхэд Э.Т зөвшөөрөөд хэлцэл байгуулснаар энэ хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцож дуусгавар болгосон хэлцэл нь нотлох баримтаар авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл ЭМ ХХК-иас 6 сарын тэтгэмжийг өгсөн ийм үйл баримт байгаа. гэв.

 

Хариуцагч ЭМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Т нь тус компаниас нээлттэй зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох боломж нээлттэй байсан боловч өөрөө оролцоогүй. Харин энэ сонгон шалгаруулалтын үеэр 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогчтой хэлцэл хийсэн. Энэ хэлцлийн 1.3-т Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авч, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоё гээд ажил олгогчтой харилцан тохиролцоод хийсэн. Ийм учраас гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Э.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дууссан боловч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажил олгогчийн хувьд Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийнхөө хэрэгцээ шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааныхаа цар хүрээг тохируулаад дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, ажилтантай тохиролцож Хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн эрхтэй. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас Э.Тийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Албан тушаалын тодорхойлолт, ЭМ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/970 дугаар мэдэгдэл, ЭМ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЭМГЛ-64/ХГ дугаар хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаар ЭМ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын шийдвэр/тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Э.Тийн Монгол Улсын Их Сургуулийн D201021101 дугаар Бакалаврын дипломын хуулбар, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн D201702068 дугаар Бакалаврын дипломын хуулбар, Э.Тийн 4922 дугаар хуульчийн мэргэшлийн гэрчилгээний хуулбар, Э.Тийн 0130414 дугаар гэрчилгээний хуулбар, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ЭМ ХХК болон ЭМ ХХК-ийн Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шаардлагын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ажилтны төлөөлөлтэй хийсэн хурлын тэмдэглэл, хариуцагчийн баримтаар гаргасан ЭМ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын засгийн газрын 2022 оын 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолын хуулбар, ЭМ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолын хуулбар, ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн МГЛ-45/ХГ дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, ЭМ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-н өдрийн 01/970 дугаар мэдэгдлийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар хэлцлийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/11 дугаар тушаалын хуулбар, Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар тушаалын 3 дугаар хавсралт ажлын байрын тодорхойлолтын хуулбарууд, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/133 дугаар ЭМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2021 оны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хамтын гэрээний хуулбар,  ЭМ ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн 7 орон тоо, Хамтын ажиллагааны хэлтсийн 5 орон тоо, Хууль, эрх зүйн газрын 7 орон тооны ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Э.Тийн гаргасан хүсэлт, ЭМ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ажилтнуудын тэтгэмжийн жагсаалтын хуулбар, ЭМ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/13 дугаар албан бичгийн хавсралт ЭМ ХХК-ийн мэдэгдэл авсан ажилтнуудын жагсаалтын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Т хариуцагч ЭМ ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 61,473,466/жаран нэгэн сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах, холбогдох татвар, шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ЭМ ХХК нь зохион байгуулалтын өөрчлөлт хийж, ажилтантай тохиролцож хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтний ажлын байранд ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЭМГЛ-64/ХГ Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн компанийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтэн ажлын байр хасагдаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгосон болох нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно:, 78.1.1-т талууд харилцан тохиролцсон;, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.1-т аж ахуйн нэгж ... ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэж заасан.

 

Хариуцагчийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор хариуцагчийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолын болон тогтоолын хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн дүрмийн 7-ийн 7.7-д гүйцэтгэх удирдлага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 7.7.15-д ... ТУЗ-ийн шийдвэр, үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах; гэжээ.

 

Хариуцагчийн дүрмийн 7-ийн 7.7, 7.7.15-д зааснаар хариуцагчийн гүйцэтгэх захирал нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоол болон түүний хавсралтад зааснаар хариуцагчийн зохион байгуулалтын бүтцийн чиг үүрэг, орон тооны дээд хязгаарыг нэгдүгээр хавсралтаар, албан тушаалын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар, албан тушаалын тодорхойлолтыг гуравдугаар хавсралтаар баталсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар Гүйцэтгэх захирлын тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар Гүйцэтгэх захирлын тушаал болон түүний хоёрдугаар хавсралтын дагуу хариуцагчийн газар, хэлтэст бүтцийн өөрчлөлт хийж, Нэгдсэн удирдлага судалгааны газрыг Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар болгон, уг газрын Нэгдсэн удирдлага стратегийн хэлтсийг татан буулгаж, Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтэс, Нэгдсэн бүртгэл, тайлагналын хэлтэс гэсэн 2/хоёр/ хэлтэстэй болгон бүтцийн өөрчлөлт хийсэн байна.

 

Тус хэлтсүүдэд нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтэн гэсэн нэртэй ажлын байр батлагдаагүй байхгүй байх ба уг ажлын байр хасагдсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дугаар Гүйцэтгэх захирлын тушаалын болон тушаалын хоёрдугаар хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтний чиг үүргийг Хууль, эрх зүйн газрын Нэгдлийн компани, хуулийн этгээд хариуцсан хуулийн мэргэжилтэн хэрэгжүүлж байгаа Нэгдлийн компани, хуулийн этгээд хариуцсан хуулийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

 

Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтний Албан тушаалын тодорхойлолт дахь албан тушаалын зорилго болон Хууль, эрх зүйн газрын Нэгдлийн компани, хуулийн этгээд хариуцсан хуулийн мэргэжилтний Ажлын байрны тодорхойлолт дахь ажлын байрны үндсэн зорилт дахь зарим зорилго, зорилт давхцаж, тухайлбал нэгдлийн компаниудын үйл ажиллагааг уялдуулах, компанийн төлөөллийг хэрэгжүүлэгчийн баримтлах удирдамжийн төслийг боловсруулах зэрэг, мөн тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага адил буюу эрх зүйч гэсэн шаардлага тавигдаж байх боловч Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтний ажлын байр удирдах, Нэгдлийн компани, хуулийн этгээд хариуцсан хуулийн мэргэжилтний ажлын байр гүйцэтгэх ажлын байр болох нь Албан тушаалын тодорхойлолтын хуулбар, Ажлын байрны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтний Албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын нэр, албан тушаалын зорилт хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ахлах мэргэжилтний ажлын байранд ажиллаж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байсан байх ба харин Нэгдлийн компани, хуулийн этгээд хариуцсан хуулийн мэргэжилтний Ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны нэр, ажлын байрны зорилго хэсэгт зааснаар уг ажлын байр нь хууль эрх зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг бүхий мэргэжилтний ажлын байр болох нь тогтоогдож байна.

 

Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтний ажлын байр, Нэгдлийн компани, хуулийн этгээд хариуцсан хуулийн мэргэжилтний ажлын байр нь гүйцэтгэх ажил үүргийн хувьд өөр өөр ажлын байр болох нь Албан тушаалын тодорхойлолтын болон Ажлын байрны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэгдсэн удирдлагын ахлах мэргэжилтний чиг үүргийг Хууль, эрх зүйн газрын Нэгдлийн компани, хуулийн этгээд хариуцсан хуулийн мэргэжилтэн хэрэгжүүлж байгаа гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 2-ын 2.1-т зааснаар 45/дөчин тав/ хоногийн өмнө мэдэгдэнэ гэснийг зөрчсөн гэх тайлбар гаргаж байна.

 

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 2-ын 2.1-т Ажилтнуудыг бөөнөөр халах ... нөхцөл байдал үүссэн тохиолдолд аж ахуй нэгж, байгууллага /ажил олгогч/ нь 45 хоногийн өмнө холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэж ... гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 2-ын 2.3-т Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд ... дараах эрэмбээр үйлчилнэ:, 2.3.1-т энэ хууль;, 2.3.4-т салбар, салбар дундын хамтын хэлэлцээр;, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2 ... 80.1.1 ... 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр ... мэдэгдэх ... нотлох үүрэгтэй. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 2-ын 2.3, 2.3.1, 2.3.4, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай нэхэмжлэгчид 30/гуч/ хоногийн өмнө мэдэгдсэнийг хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын эрэмбээр мэдэгдсэн гэж үзэх ба хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30/гуч/ хоногийн өмнө мэдэгдсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1 дэх заалтад заасныг үндэслэн цуцалсан гэх тайлбар гаргаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр цуцалсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1 дэх заалтад заасныг үндэслэн цуцалсан нь хуульд нийцээгүй байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаал хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 61,473,466/жаран нэгэн сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах, холбогдох татвар, шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 61,473,466/жаран нэгэн сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах, холбогдох татвар, шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Тийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 61,473,466/жаран нэгэн сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулах, холбогдох татвар, шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Э.Тийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ