| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03056/И |
| Дугаар | 182/ШШ2024/02267 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2024/02267
2024 05 21 182/ШШ2024/02267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: тоот хаягт оршин суух, Б овогт Ж.Ү /РД:/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Ү
Гэрч Т.Ч, Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Ү нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ж.Ү миний бие 1984 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс Улаанбаатар хотын Ахуй үйлчилгээний удирдах газрын харъяа Үсчин гэрэл зургийн захиргааны гэрэл зургийн 2 дугаар салбарт лаборантаар ажилласан. 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс байгууллага маань зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Сүхбаатар дүүргийн Ахуй үйлчилгээний комбинат нэртэй болж өөрчлөгдсөн. Ингээд би Сүхбаатарын районы Ахуйн үйлчилгээний комбинатын харъяа гэрэл зургийн 2 дугаар салбартаа үргэлжлүүлэн ажилласан.
Гэвч архиваас шүүлгэхээр ямар ч баримт байхгүй байна.
Иймд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатарын районы Ахуйн үйлчилгээний комбинатад ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-3-4/
2.2 Ж.Үгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5-6/
2.3 Гэрч Т.Ч, Д.О нарын тодорхойлолт /хх-7-9/
2.4 Хүсэлт гаргагчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-11-12/
2.5 Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газрын Үсчин гэрэл зургийн захиргааны даргын 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21* дугаар тушаал /хх-13/
2.6 Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Социалист хөдөлмөрийн үсчин, гэрэл зургийн захиргааны даргын 1984 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11* дүгээр тушаал, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11* дугаар тушаал, 1987 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3* дугаар тушаал, 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17* дугаар тушаал, 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19* дүгээр тушаал /хх-14-21/
2.7 Гэрэл зураг /хх-22/
3. Шүүх гэрч Т.Ч, Д.О нараас 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авсан болно.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Ү нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэврийн хэмжээг нэмж тогтоолгох зорилготой, байгууллагын бүтэц өөрчлөгдөхөд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байх тул 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатарын районы Ахуйн үйлчилгээний комбинатад лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж тайлбарлаж байна.
2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2.1 Хүсэлт гаргагч Ж.Ү нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатарын районы Ахуйн үйлчилгээний комбинатад лаборантаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, даргын тушаалууд, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Т.Ч, Д.О нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.2 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр НААҮ-ийн ТМС-ийн захирлаас Ж.Үд №077958 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нээн олгожээ.
Уг дэвтэрт ...1984 оны 6 дугаар сарын 30-ны өдөр НААҮЯ-ны ТМС төгссөн тул УБ хотын Үсчин гэрэл зургийн захиргаанд шилжүүлэв.
1984 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Лаборантаар ажиллуулав.
1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр АҮЦГазрын 184 тоот тушаалыг үндэслэн зохион байгуулалтын өөрчлөлтөөр лаборантын ажлаас чөлөөлж СБ районы АҮ-ний комбинатын мэдэлд шилжүүлэв.
1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатарын районы АҮ Комбинатад лаборантаар томилон ажиллуулав.
1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дуудлага худалдаанд орж худалдагдсан тул лаборантын ажлаас чөлөөлөв гэх бичилт хийгджээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Социалист хөдөлмөрийн үсчин, гэрэл зургийн захиргааны даргын 1984 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 114 дүгээр ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаалд 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Ж.Үг лаборантаар ажиллуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй тохирч байна.
2.3 Дээр дурдсан үйл баримтуудын талаар гэрч Т.Ч нь ...Бид 1982 онд Нийтийн Ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд элсэн орж, 1984 онд төгссөн. Нийтийн Ахуйн үйлчилгээний харъяа гэрэл зургийн салбарт ажиллаж байсан. Хүсэлт гаргагч Ж.Ү бид хоёр 1984-1985 он хүртэл хамт ажиллаж байсан. Тухайн үед бид 2 гэрэл зургийн лаборантаар ажиллаж байсан..., ...Сүхбаатарын районы Ахуй үйлчилгээний комбинат гэж өөрчлөгдсөн шиг санаж байна..., ... Манай комбинат олон төрлийн ажил зохион байгуулдаг байсан. Тухайн үед Монголын хувьсгал залуучуудын үүр гэж байсан. Би үүрийн дарга байсан. Ж.Ү нь тухайн үед зохион байгуулж байсан спортын арга хэмжээнд оролцдог байсан...,
гэрч Д.О ...Би 1982 онд Нийтийн Ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд элсэн орж гэрэл зурагчин, лаборантаар 1984 онд төгссөн. Сүхбаатарын районы гэрэл зургийн 2 дугаар салбар гэж байсан. Тухайн газарт Ж.Ү, Т.Ч нартай хамт лаборантаар хуваарилагдаж очиж байсан..., ...хувьчлалын үеэр Нийтийн Ахуйн үйлчилгээг хамгийн эхэнд хувьчилсан. Тэгээд бид Цагаан морь гэх компанийг дотроосоо байгуулж, ажиллаж байгаад дараа нь Монсем гэх группт харьяалагдсан. Ингээд бид гурав 1995 он хүртэл хамт ажилласан... гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.
Мөн тэдгээрийн ажиллаж байсан байдалтай холбоотой байгууллагын даргын тушаалууд хэрэгт авагдсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүсэлт гаргагч Ж.Ү ийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Үндэсний төв архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Ж.Ү ийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон байна.
4. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, Ж.Ү ийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатарын районы Ахуйн үйлчилгээний комбинатад лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагч Ж.Үгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Ж.Ү /РД:/-ийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатарын районы Ахуйн үйлчилгээний комбинатад лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Ү ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ