| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/03301/И |
| Дугаар | 181/ШШ2024/01187 |
| Огноо | 2024-03-22 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/01187
| 2024 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 181/ШШ2024/01187 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, Х овогт М.M/РД: …. /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******, ЭБХХК/РД: ..., гүйцэтгэх захирал Г.А/-д холбогдох,
7,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Хариуцагч ЭБХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Мнь 2021 оны 06 сард ЕБС-аа төгссөн бөгөөд үүний дараагаар БНХАУ-д боловсрол эзэмших зорилготой байсан. Тухайн үед онлайн орчин дахь зар мэдээллээс ЭБХХК-ийн БНХАУ-д суралцахад зуучлах тухай мэдээллийг олж мэдсэн.
Зарын дагуу ЭБХХК-тай холбогдож тус компанитай БНХАУ-ын Нанжин хотын урлагийн их сургуульд тэтгэлэгтэй хөтөлбөрт зуучлах гэрээг 2022.09.14-ний өдөр байгуулсан. Тус гэрээг байгуулах үед ЭБХХК-ийг төлөөлж ажилтан А.Ж нь 2023.01 сараас 2023.02 сарын хооронд сургуульдаа суралцахаар явах тухай мэдээлэл өгсөн байдаг.
Талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний 2.2-р зүйлд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 6.000.000 /зургаан сая төгрөг/-ийг нэхэмжлэгчийн эгч М.Мийн Хаан банкны .... тоот данснаас 2022.09.15-ны өдөр ЭБХХК-ийн .... дансны дугаартай Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн.
Үүний дараа 2023.01 сард ЭБХХК-аас холбогдож сургуулийн урилга ирсэн тул ирж хүлээн авах тухай мэдээлэл өгсөн.
Улмаар 2023.01.24-ний өдөр ЭБХХК-ийн ажилтан А.Ж нь 'Зуучлалын гэрээний 2.3-р зүйлд заасны дагуу урилгыг хүлээн авахдаа үлдэгдэл төлбөр болох 6.000.000 /зургаан сая төгрөг/-ийг манай захирлын данс руу шилжүүл гэж хэлсний дагуу ЭБХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Агийн Хаан банкны 5/62163058 тоот данс руу нэхэмжлэгч М.Мгийн Хаан банкны ... тоот данснаас шилжүүлснээр их сургуулийн урилгыг хүлээн авсан байдаг.
Тухайн үед хариуцСан ажилтан мэдээлэл өгөхдөө сургуулийн урилга дээрх элсэлтийн огноотой ижил огноо буюу 2023.03 сараас 2023.04 сарын хооронд БНХАУ-ын Нанжин хотын урлагийн их сургуульд суралцахаар явах тухай мэдээлэл өгч байсан.
Дээрх үйл явдлууд болсноос хойш ЭБХХК-ийн зүгээс ямар ч харилцаа холбоо тогтоохгүй байсан тул нэхэмжлэгч М.Мнь 2023.03 сард тодруулахаар холбогдоход хятад улсын талаас сурагчдаа авахгүй болсон гэж хэлсэн.
Тус хугацаанаас хойш М.Мнь их сургуульдаа явна гэсэн итгэл үнэмшилтэйгээр хүлээсээр байсан боловч ЭБХХК нь ямар нэг мэдээлэл өгөлгүй зуучлалын гэрээний 1.2-т заасан Суралцагч талыг БНХАУ-д тэтгэлэгтэй суралцуулна, мөн гэрээний 3.1-д ...сургуульд шилжүүлэх хариу ирэхтэй холбоотой мэдээлэл болон хөтөлбөрт хамрагдах хугацааг урьдчилан мэдэгдэх гэсэн үүргээ тус тус биелүүлээгүй.
2023.03 сард нэхэмжлэгч М.Мнь тухайн компанийн Их Наяд Плаза-д байрлах оффис дээр очиход нүүсэн байсан. Компанийг төлөөлж гэрээ байгуулсан ажилтан
А.Жтай холбогдоход би ажлаасаа гарсан наад компани чинь угаасаа шал худлаа компани байна билээ гэж хэлсэн, түүнээс хойш утасны дугаар нь дуудлага хийхэд ашиглалтад байхгүй болсон байсан.
2023.05.02-ны өдөр ЭБХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Атай холбогдож уулзахаар .....т байрлах оффис дээр очиход тэрээр хэлэхдээ би өөр компанид ажилладаг болсон ЭБХХК-д одоо нэг ч ажилтан байхгүй, үйл ажиллагаа явуулахаа больсон гэж хэлсэн.
Г.А намрын элсэлтээр сургуульд зуучлах тухай ямар ч баримтгүй мэдээлэл өгсөн. Намар сурахаар явуулах нь үнэн үү, ямар нэг баримт үзүүлэх зүйл асуухад байхгүй байсан тул суралцахтай холбоотой гэрээ байгуулах үеийн төлбөр болох нийт 12.000.000 арван хоёр сая төгрөг/-ийг бүрэн буцааж авах тухай хэлэхэд Г.А нь болно би цааш нь сургууль руу нь хүсэлт бичээд төлбөрийг нь буцаан олгож байгаа бусад хүүхдүүд бас ингэж авч байгаа гэж хэлсэн. Гүйцэтгэх захирал Г.А нь сургууль руу нь хүсэлт бичээд төлбөрийг нь буцаан байгаа гэрээг цуцлахад өргөдөл бичиж өгөх шаардлагатай тухайн бичиж өгсөн мөнгийг чинь би цааш нь сургууль руу явуулна гэж хэлсэн. Үүний дагуу 2023.05.04-ний сургалтын гэрээний төлбөрийг бүрэн буцааж авах тухай өргөдлийг Г.Ад өгсөн. Өргөдөл хүлээж авахдаа тэрээр 30-45 хоногийн дотор төлбөрийн буцаан олгоно гэдэг мэдээлэл өгсөн. 2023.06.21-ний өдөр Г.Атай холбогдоход нэг тодорхой хариу өгөөгүй би одоо хөдөөгөөс хот руу орж ирж байна сүлжээ сургуультай нь холбогдож байгаад өнөө орой залгая гэж хэлээд залгаагүй. Мөн тухайн өдөр ЭБХХК-ийн толгой компани болох ЭБ ХХК-д энэ шийдвэрлэж өгөх хүсэлтэй өргөдлийн хамт очиж уулзахад Г.Атай холбоотой олон хүн ирж уулзаж байгаа бөгөөд Э Б-ийг бүх талаар хариуцаж байгаа гүйцэтгэх захирал нь Г.А тул тэр хүнтэй л харилцаж асуудлаа шийдвэрлэнэ 1Ү манай компанийн зүгээс хэрэгтэй мэдээллээр чинь тусалж болно гэж хэлсэн.
Ийнхүү зуучлалын гэрээний дагуу суралцагч талаас үүргээ бүрэн биелүүлсэн байхад суралцуулагч тал нь ямар ч үйлдэл хийлгүй суралцах хугацааг хойшлуулан, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсээр байгаа нь суралцагчийн эрх ашгийг хохироосоор байна.
Мөн түүнчлэн ИХ-ийн 189.1.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан байтал дээрх нөхцөлд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь нэг талын буюу компанийн эрх ашигт нийцсэнээс гадна гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн гэрээ байгуулсан.
ИХ-ийн 202.1.-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Мөн 202.2 Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна.
202.2.5.гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон гэж зохицуулсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4 дэх хэсэгт суралцагч тал гэрээ байгуулснаас хойш өөрийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд үйлчилгээний урьдчилгаа төлбөр болох 6,000,000 төгрөгийг буцаан олгохгүй ба учир нь тус төлбөрт үйлчилгээний төлбөр болон үйл ажиллагааны төлбөрийг тооцсон гэж заасан байгаа нь гэрээ байгуулснаас хойш ЭБХХК нь суралцагч талд ямар ч гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүйгээс гадна, үүргээ биелүүлээгүй байх тул ИХ-ийн 202.2.5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон гэдэгт хамаарч байх тул хуульд заасан гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн гэрээ иргэнтэй байгуулсан тул гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус болохоор байна. Үүнээс гадна ЭБХХК-иас 2023.01.24-ний өдөр хүлээж авсан урилгыг хуурамч аар үйлдсэн бөгөөд ямар ч баталгаагүй ямар нэгэн эрх зүйн, үр дагаврыг үүсгэхээргүй хуурамч мэдэгдэл байгааг хожим олж мэдсэн. ЭБХХК-ийн гэрээ байгуулах санал болон хүлээн авсан урилгыг нь дүр үзүүлсэн хуурамч болохыг нэхэмжлэгч М.Мнь мэдээгүй, хожим мэдсэн тул дүр үзүүлсэн хуурамч гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Учир нь тухайн компанийн оффис болон ажилчид байхгүй, үйл ажиллагаа явуулахгүй, ямар ч гэрээнд заасан үүргээ гэрээ байгуулснаас хойш хэрэгжүүлэхгүй байгаа нь анхнаасаа гэрээнд заасан үүрэг буюу зуучлах хүсэл, зорилгогүй дүр үзүүлэн, хууран мэхэлж, бодит үнэн нөхцөл байдлыг далдалж, нуун дарагдуулсан, хэлцэл хийх нөхцөлийг бүрдүүлсэн нь өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр гэрээ байгуулахыг зориогүй байна.
Мөн ИХ-ийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. гэж тус тус зохицуулсан байна.
Ийд талуудын хооронд 2022.09.14-ны өдөр байгуулагдсан гэрээ нь ИХ-ийн 202.1, 56.1.2. 59.1-дэх хэсгүүдэд хамаарч байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулан гэрээний төлбөрт төлсөн нийт 12,000,000 төгрөгийг барагдуулж, хохиролгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан М.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, М.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт зуучлах үйлчилгээ үзүүлэх гэрээ, ЭБХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.Мгийн Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № 22091501 Кассын орлогын ордерыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Мхариуцагч ЭБХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7,000,000/долоон сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ЭБХХК нь 5,000,000/таван сая/ төгрөг буцаан М.Мруу шилжсэн, эвлэрэх гэрээ байгуулах хүсэлтэй байна гэх тайлбар гаргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний төлбөрт 12,000,000/арван хоёр сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид 5,000,000/таван сая/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт зуучлах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан болох нь БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт зуучлах үйлчилгээ үзүүлэх гэрээ-р тогтоогдож байна.
2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт зуучлах үйлчилгээ үзүүлэх гэрээ-ий 1-ийн 1.2, 2-ын 2.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг БНХАУ-д тэтгэлэгтэй суралцахад зуучлах, нэхэмжлэгч нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт зуучлах үйлчилгээ үзүүлэх гэрээ-р тогтоогдож байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу ... хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь ... хөлс ... төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан Зуучлалын гэрээ/цаашид Гэрээ гэх/ шинжтэй байна.
Гэрээний 2-ын 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид зуучлалын хөлсөнд 12,000,000/арван хоёр сая/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.
Гэрээний 2-ын 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 12,000,000/арван хоёр сая/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № 22091501 Кассын орлогын ордероор тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202 дугаар зүйлийн 202.2.5 дахь заалтад зааснаар гаргасан зардлыг хэт өндрөөр тооцсон, Гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр зуучлалын төлбөрт төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.
Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан байх тул Гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас зуучлалын хөлсийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байгааг Гэрээнээс татгалзсан гэж үзнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг БНХАУ-ын Нанжин хотын Урлагийн Их сургуульд тэтгэлэгтэй суралцахад холбож өгөх үүрэг хүлээсэн болох нэхэмжлэгчийн тайлбар болон Гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг БНХАУ-ын Нанжин хотын Урлагийн Их сургуульд тэтгэлэгтэй суралцахад холбож өгөх үүргээ гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг БНХАУ-ын Нанжин хотын Урлагийн Их сургуульд тэтгэлэгтэй суралцахад холбож өгсөн болохоо баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйл, 225 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 226 дугаар зүйлийн 226.1-т Дараахь нөхцөл байдал байвал ... урьдчилан сануулах шаардлагагүй:, 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол; гэж заасан.
Гэрээ байгуулснаас хойш 8/найм/-н сарын хугацаа өнгөрч, хариуцагч нь нэхэмжлэгчид зуучлалын хөлсөнд төлсөн 5,000,000/таван сая/ төгрөгийг буцаан шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчид Гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гарахгүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал ... хохиролд тооцно. гэж заасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзсантай холбогдон нэхэмжлэгчид 7,000,000/12,000,000-5,000,000=7,000,000/ /долоон сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь Гэрээ, хариуцагчийн 5,000,000/таван сая/ төгрөгийг буцаан шилжүүлсэн тухай тайлбар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № 22091501 Кассын орлогын ордероор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 7,000,000/долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭБХХК-иас нийт 7,000,000/долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭБХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭБХХК-иас нийт 7,000,000/долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭБХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ