Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Иргэдийн төлөөлөгч Н.Баттөмөр,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Шүүгдэгч О , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О д холбогдох 201726020916 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-1, суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Урьд: Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 257 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Булган аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-д зааснаар 5 жил 1 сар хорих, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан О   Үйлдсэн хэргийн яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч О  нь 2017 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нягт хөөс” ХХК-ийн байрны урд голын эргийн дэргэд Т.Энэбишийн биед олон тооны гэмтэл шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр, түүнийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн бөгөөд яллах дүгнэлтэд тодорхой бичигдсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Хохирогч Т.Нэргүй мэдүүлэхдээ: “..Би Тэгшжаргалын Энэбишийн төрсөн эгч нь байгаа юм. Бид нар эхээс 3-уулаа төрсөн бөгөөд манай дүү Нямжав одоо надтай хамт амьдарч байгаа харин Т.Энэбиш манай хамгийн бага дүү байгаа юм. Би Энэбиш дүүтэйгээ уулзаагүй 3 жил гаран болж байна. 2014 онд байх Хэнтий аймаг руу би ажил хийх гээд Хэнтий аймагт байж байхад манай ээж Дэмбэрэлийн бие муудаад хэвтэрт орсон харах асрах хүн байхгүй гээд намайг гэртээ ирэхэд Энэбиш гэртээ ирэхээ больчихсон хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхээр нь ээжээс асуухаар ажил хийнэ гээд гэрээсээ гараад явсан ерөөсөө гэртээ ирдэггүй ш дээ гэж хэлж байсан. …Гэрээсээ яваад хаана хэнтэйгээ яаж амьдардаг бол ерөөсөө мэдэхгүй. Миний мэдэхийн гэр бүл хүүхэд байхгүй. Би Гомбосүрэнгийн О  гэж хүнийг танихгүй” гэжээ. /хх 27-28 хуу/ Гэрч Т.Нямжав мэдүүлэхдээ: “…Энэбиш нь 1997 он байх 11, 12 настай байхдаа гэрээсээ яваад өгсөн ба гадуур тэнэмэл амьдралаар амьдарч эхэлсэн юм. Би яг ямар шалтгааны улмаас гэрээсээ явсныг нь мэдэхгүй байна. Тэр цагаас хойш ер нь гэртээ бараг ирдэггүй жилдээ л нэг удаа ирдэг байсан ба манай ээж Дэмбэрэл өнгөрсөн 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нас барснаас хойш 8 дугаар сард байх нэг удаа манайхаар ирээд явсан. Тэрнээс хойш би Энэбиштэй ерөөсөө уулзаагүй. Энэбиш нь өөрийн гэсэн гэр оронгүй, гэр бүлгүй, үр хүүхэдгүй, архи байнга уугаад л Гурвалжингийн гүүрний ойролцоо тэнэмэл амьдралаар хог сав түүгээд л амьдардаг сурагтай байдаг байсан юм. Би ямар хүмүүстэй нийлдэг, ямар хүмүүстэй хамт явдаг талаар нь огт мэдэхгүй. Хамгийн сүүлд Энэбиш манайд 2016 оны 8 дугаар сард ирэхдээ халамцуу ганцаараа орж ирчээд л гараад явсан бөгөөд тухайн үед биед нь ямар нэг ил харагдах гэмтэл шарх байгаагүй юм” гэжээ. /хх 29-30 хуу/ Гэрч Я.Сувдаа мэдүүлэхдээ: “..Соривт хочтой О  нь Энэбиштэй хамт амьдардаг байсан. Энэ хоёр манайхаар ирж очоод цай уугаад явдаг байсан. Энэбиш манайд нэг ирж хоносон ба тэгэж ирж хонохдоо бие нь муу байсан, гуя өвдөг хөл нь зулгарсан хөхөрсөн шархтай, мөн толгой нь хавдсан байсан. Гэхдээ зүсэгдсэн язарсан шарх байгаагүй. Энэбиш манайд унтаж байгаад би нөхөр дээрээ очиж хононо одоо очихгүй бол бөөн юм болно гээд шөнийн 03:00 цагийн үед гараад явсан. Манайхаас Энэбишийн очих газар нь нилээд зайтай голын бургасан дунд байдаг. Энэбишийг манайхаас тэгэж явсанаас нь хойш Энэбиштэй огт уулзаагүй. 2 хоногийн дараа шил лаазаа тушаах гээд явж байтал О тэй таараад манай нөхөр Галбадрах “Энэбишийн бие нь зүгээр үү эм тариа авч өгөх үү” гэж асуутал “Энэбишийн бие нь гайгүй зүгээрээ, гэртээ байгаа” гэж байсан. Яагаад 03:00 цаг болж байсан гэдгийг мэдэж байна гэхээр Энэбиш унтаж байгаад, “Галаа ахаа” гэж дуудаад бид хоёр сэртэл Энэбиш “Галаа ахаа би явлаа шүү, цаадах чинь одоо зодно” гэж хэлээд гэрээс гараад явсан ба тэр үед Галбадрах цагаа хартал 03:00 цаг болж байсан юм. Миний санаж байгаагаар О тэй таарч Энэбишийн биеийг асуусанаас хойш 4-5 хоногийн дараа цагдаа дээр би ирсэн гэж бодож байна. Энэбиш надад хэлэхдээ би өөр хүнд хэлдэггүй, танд л хэлж байна, О  намайг их зоддог гэж ярьж байсан. Энэбиш Соривт намайг зодоод ийм болгосон гээд өмдөө доош нь шувталж хөл гуяа харуулсан ба Энэбишийн хөлний шилбэ, өвдөг, гуя нь хөхөрсөн, зулгарсан шархтай байсан ба Соривт намайг ийм болгосон гээд уйлаад надад харуулсан” гэжээ. /хх 31-32 хуу/ Гэрч Д.Жамъяндорж мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 27-ний өглөө би “Хос Хас” ХХК-ийн хашаанаас аргал түүхээр 09 цаг өнгөрөөд 10 цагийн үед гарсан. Тэгээд УБ пластикийн урдуур гараад урагшаа зам хөндлөн гарч дулааны шугамны доогуур бууж дунд голын орчмоор аргал түүхээр алхсан. Гол гарах санаатай 100 орчим метр яваад гол устай боловуу гээд хараад явж байтал миний зүүн талд 20-30 метрийн зайд целлотоор бүтээсэн юм шиг, хоолой ч гэх юм уу байж байсан. Тэгээд ажиглаад зогсож байтал гуталтай ч юм шиг юм харагдахаар нь хүн л хэвтэж байх шиг байна гэж бодсон. ...надад сэжиг бүхий юм ажиглагдаагүй. Энэ хавиар хүн барагтаа явдаггүй...” гэжээ. /хх 49-50 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2616 дугаартай дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн Б гарын эрхий гэх бичигтэй тунгалаг өнгийн уутанд байсан 10ммх3мм, Б гарын ядам гэх бичигтэй тунгалаг өнгийн уутанд байсан 9х1,5 мм хэмжээтэй хумснуудын завсар цагаан өнгийн утасны сэмэрдэс байна. 2. Бусад хумснуудад утас, хялгас, даавууны тасархай байхгүй байна” гэжээ. /хав 69 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2687 тоот дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас гарын хээний нэгдсэн санд MN000110009267, MN000110018029, MN0000НЦГ00210, MN000110015882 дугаараар 4 удаа бүртгэгдсэн Тэгшжаргал овогтой Энэбиш, Мөнхбаяр овогтой Энхбат, Энэбиш овогтой Энхжаргал гэж 3 удаа овог нэрээ өөрчилж бүртгүүлсэн 1 хүний гарын дардастай тохирч байна” гэжээ. /хх 76 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2615 дугаартай дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн НШШГ-ын БГДКШТ-ийн шинжээч, цагдаагийн хошууч Г.Цолмонгийн хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн “4” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна. Харин “1-3, 5-8” гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй байна. 2.Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй 1 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэжээ. /хх 82 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар 03-ны өдрийн 2614 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудын: -хар хөх цамцанд гарсан 5х2мм хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна. -хар хөх цамцанд гарсан 8 см, саарал цамцанд гарсан 3.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Хар хөх цамцанд гарсан 8 см хэмжээтэй уранхай шинээр гарсан байна. Харин саарал цамцанд гарсан 3.5 см хэмжээтэй уранхай хуучин уранхай байна. -цагаан саарал хүрмэнд гарсан 7х1 см, 11х1.5см, хар өмдөнд гарсан 9 см, хар саарал бээлийнд гарсан 1х1см, 5х5мм, хар хөх оймсонд гарсан 5х4мм, богино хар оймсонд гарсан 3.5х2.5см, урт хар оймсонд гарсан 3х1см хэмжээтэй уранхай болон цоорхой эдэлгээний явцад гарсан хуучин уранхай, цоорхой байна” гэжээ. /хх 89 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар 19-ны өдрийн 886 дугаартай дүгнэлтэнд: “Талийгаачийн цогцост баруун зулайн, духны урагдаж, хууларсан шарх, хамрын нуруу, уруулын няцарсан шарх, зүүн бугалганы гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун бугалганы далд, цээжний зүүн талын 8, 9 дүгээр хавирганы хугарал, хугарал орчмын булчин зөөлөн эдийн цус хуралт, зүүн өгзөг, зүүн шилбэний шарх, цус хуралт, зулгаралт, уйхны цус алдалт, дотор эрхтний цус багадалт, цус алдалтын шок, хүүрийн толбо бүдэг илрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо болон мохоо ирмэгтэй, хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи зулайн хуйх, дух, хамрын нуруу, уруулын гүн хууларсан шарх, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдаж, цус алдалтын шокийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 4.1% промилли спиртийн агууламж илэрсэн ба хүнд зэргийн согтолтын хэмжээ болно. 6.Талийгаач нь АВ IV бүлгийн цустай байна. Талийгаачийн үтрээний арчдаст үрийн шингэн илрээгүй болно” гэжээ. /хх 170-172 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 03 ны өдрийн 4386 тоот дүгнэлтэд: “1. Нэр, хаяг тодорхойгүй эмэгтэйн гэх цус АВО системээр АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна. 2. Нэр, хаяг тодорхойгүй цогцос нь бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэжээ. /хх 173 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4385 тоот дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн “А-886 Нэр хаяг tdгүй” гэж хаягласан цусанд 4,1 промилли, ходоодны шингэнд 6,0 промилли спиртийн агууламж илэрсэн. Элэгний эдээс гликоген илэрсэн” гэжээ. /хх 174 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4387 дугаартай дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяггүй цогцосны гэх үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн илрээгүй” гэжээ. /хх 175 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 сарын 11-ны өдрийн 4364 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Тэгшжаргалын Энэбишийн 10 ширхэг хумсанд биологийн мөр, цус, арьс илрээгүй” гэжээ. /хх 178 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4365 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хуванцар иштэй замаска татагч, саарал өнгийн хуванцар 8 см иштэй 27 см урттай 7 см өргөнтэй заазуур, 13 см бор өнгийн модтой иштэй 32 см урттай хутга, ишгүй 29 см урттай 6,5 см өргөнтэй заазуур, цагаан өнгийн цахилгааны залгуур, пүүдэр, цэнхэр өнгийн татуурга, 100 төгрөгийн дэвсгэрт, 50 төгрөгийн дэвсгэрт, цэнхэр өнгийн тагтай төмөр хайрцаг, пүүдрийн дугуй хэлбэртэй хайрцаг дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэжээ. /хх 181 хуу/ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 4363 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хар өнгийн оймс, цэнхэр өнгийн хос оймс, улбар шар өнгийн хос пүүз, ногоон, цагаан,хөх алаг өнгийн бэлтгэлийн цамц, хар хөх өнгийн футболка, хар өмд, юүдэнтэй саарал өнгийн цамц, саарал өнгийн өрөөсөн бээлийн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. /хх 182 хуу/ Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...талийгаачийн цогцост 2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр 15 цаг 19 минутанд үзлэг хийсэн байна. Энэ үед талийгаач нас бараад 24-с дээш цаг болсон байна. Талийгаачийн цогцост гадна үзлэг хийхэд илэрсэн гэмтэлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд, талийгаачийг амьд байхад үүссэн байна. Дээрх шилбэнд учирсан шарх, зулгаралтууд нь 24-72 цагийн дотор үүссэн байх боломжтой ба нарийвчлан 24 цаг 48 цагийн өмнө үүссэн гэж тогтоох боломжгүй. Талийгаачийн цогцост 2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр хийсэн үзлэгт 10-12 хоногийн өмнө авсан гэмтэл тогтоогдоогүй. Толгой болон хөл гаранд нь гэмтэл /хуучин/ тогтоогдоогүй. Амьсгалын үйл ажиллагаа алдагдаж коллаж болж архины комд ордог. “Коллаж” гэдэг нь ухаан алдахыг ойлгож болно. Идэвхтэй үйл хөдөлгөөн хийх чадвар багатай биеэ хамгаалах чадваргүй байна” гэжээ. ...Дээрх гэмтэл нь мохоо болон мохоо ирмэгтэй хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт гэх 2 метр 8 см урттай бургас модоор цохиход үүсэх боломжтой... /хх 183-185 хуу/ Иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 202, 205 хуу/ 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх 223-224 хуу/ 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол /хх 226-227 хуу/ 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоол /хх 228- 229 хуу/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 148-149, 150-155 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 156, 157-160 хуу/ Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 167-168 хуу/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5, 6-8/ хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10, 11/ хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12- 15, 16-20/ Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-22,23- 25/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч О  нь 2017 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нягт хөөс” ХХК-ийн байрны урд голын эргийн дэргэд Т.Энэбишийн биед олон тооны гэмтэл шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр, түүнийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нэргүй /хх 27-28/, гэрч Т.Нямжав /хх 29-30/, Я.Сувдаа /хх 31-32/, Д.Жамъяндорж /хх 49-50/, шинжээч Ц.Оюун-Эрдэнэ /хх 183- 185/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2616 /хх 69/, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2687 /хх 76/, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2615 /хх 82/, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2614 /хх 89/, 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 886 /хх 170-172/, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 4386 /хх 173/, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4385 /хх 174/, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 4387 /хх 175/, 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 4364 /хх 178/, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4365 /хх 181/, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4363 /хх 182/ дугаартай дүгнэлтүүд, Иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 202, 205/, 2001 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх 223-224/, 2006 оны 3 дугаар сарын 31- ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоол /хх 226-227/, 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоол /хх 228-229/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 148-149, 150-155/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 156, 157-160/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 167-168/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5, 6-8/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10, 11/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15, 16-20/, Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-22,23-25/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч О д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнд хүнийг онц харис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч О  нь хийсэн хэргээ хүлээн мэдүүлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс шүүгдэгч О ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 151 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метр, 8 см урттай, 1 кг 130 грамм жинтэй бургас модыг устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгах, хэрэгт хураагдан ирсэн “Цэнхэр өнгийн хуванцар иртэй замаска татагч, саарал өнгийн хуванцар иштэй заазуур, 13 см өргөнтэй, модон иштэй 32 см хутга, ишгүй 29 см урттай, 6,5 см өргөнтэй заазуур, цагаан өнгийн цахилгаан залгуур, пудр, цэнхэр өнгийн татуурга, 100 төгрөгийн дэвсгэрт, 50 төгрөгийг дэвсгэрт, цэнхэр өнгийн тагтай төмөр хайрцаг, пудрын дугуй хэлбэртэй хайрцаг, амь хохирогчийн 2 ширхэг оймс, цэнхэр өнгийн хос оймс, улбар шар өнгийн хос пүүз, бэлтгэлийн цамц, хар хөх өнгийн подволк, хар өнгийн өмд, саарал ангийн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, юүдэнтэй саарал өнгийн цамц, саарал өнгийн өрөөсөн бээлий” зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нэргүйд буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О ийг хүнийг онц харис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч О ийг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан О ийн 151 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метр, 8 см урттай, 1 кг 130 грамм жинтэй бургас модыг устгахыг эд мөрийн баримт усгах комисст даалгах, Хэрэгт хураагдан ирсэн: Цэнхэр өнгийн хуванцар иртэй замаска татагч, саарал өнгийн хуванцар иштэй заазуур, 13 см өргөнтэй, модон иштэй 32 см хутга, ишгүй 29 см урттай, 6,5 см өргөнтэй заазуур, цагаан өнгийн цахилгаан залгуур, пудр, цэнхэр өнгийн татуурга, 100 төгрөгийн дэвсгэрт, 50 төгрөгийг дэвсгэрт, цэнхэр өнгийн тагтай төмөр хайрцаг, пудрын дугуй хэлбэртэй хайрцаг, амь хохирогчийн 2 ширхэг оймс, цэнхэр өнгийн хос оймс, улбар шар өнгийн хос пүүз, бэлтгэлийн цамц, хар хөх өнгийн подволк, хар өнгийн өмд, саарал ангийн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, юүдэнтэй саарал өнгийн цамц, саарал өнгийн өрөөсөн бээлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нэргүйд буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О ийн эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР Ц.МӨНХ-ЭРДЭНЭ