Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э од холбогдох 1705005050112 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа оршин суух бүртгэлтэй боловч, урьд ял шийтгэлгүй Э . Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Э нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23б байрны гадна авто машин дотор найз эмэгтэй Б.Солонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. Хохирогч Б.Солонго мэдүүлэхдээ: “...баруун 4 замаас бөмбөгөр лүү орох уулзвар хэсэг дээр явж байгаад гэнэт зогссоноо чи аавынхруугаа зайл гэж хэлээд шууд 4 замаас эргээд 10 дугаар хороолол чигтэй явсан. Эргэх үедээ намайг зүүн гараараа түлхсэн ба энэ үед толгойгоороо цонх мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлж гарлуу нь цохиод чи одоо надад гар хүрч байгаа юм уу гээд маргалдаж нэг нэгийгээ түлхээд цохиж явсаар 10 дугаар хорооллын 23б байрны гадаа зогсоод би гэрлүүгээ орох гэтэл надад түлхүүр өгөөдөх гэж Э  хэлэхээр нь чи өөрийнхөө түлхүүрийг алга болгосон биз дээ өгөхгүй гээд маргалдаж байтал шууд цохиж зодож эхэлсэн. Хэвлийн баруун талын хавирга хэсэгрүү гараараа цохиж сандал хойшлуулж байгаад баруун талын гуян дээрээс хазаж, нүүр, толгойруу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний дээрээс дарж хоолой багалзуурдахаар нь хаалгыг нь онгойлгоод орилох гэтэл хоолой боосон учраас чадаагүй, арай гайгүй болохоор нь туслаарай гээд орилох үед дахин миний аман дээр дараад амьсгал боогдуулаад зүүн талын нүдрүү нэг удаа цохьж байсанг санаж байна. Ингээд би сарваганаад байж байтал үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн хажууд ирчихсэн Э ыг болиоч цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. миний баруун гарлуу цохиод байсан ба баруун гарны мөрнөөс тохой хүртэлх хөхрөлт энэ үед үүссэн байж магад, бусад гэмтлийг аавын гэрийн гадаа учруулсан” гэжээ. /хх 28-30 хуу/ Гэрч М.Баярмөнх мэдүүлэхдээ: “…30-40 орчим минутын дараа охин Солонго орж ирсэн ба Э  намайг гадаа зодчихлоо. Тэр гэрлүү явахгүй айж байна гэж хэлсэн. Ингээд хартал аль нүдийг нь санахгүй байна, улайгаад цус хурчихсан, толгой нь хавдсан, гар хөл нь эрээн болоод улайсан байсан...” гэжээ. /хх 33-34 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10084 дугаартай дүгнэлт: “Б.Солонгын биед тархи доргилт, зүүн нүдний алим, дээд зовхи, цээж, баруун мөр бугалга, баруун, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гамтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх 13 хуу/ Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 72, 73-74 хуу/ Хохирогч Б.Солонгын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх хүсэлт /хх 81/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Э нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23б байрны гадна авто машин дотор найз эмэгтэй Б.Солонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Солонго /хх 28-30/, гэрч М.Баярмөнх /хх 33-34/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10084 дугаартай дүгнэлт /хх 13/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 72, 73-74/, хохирогч Б.Солонгын хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх хүсэлт /хх 81/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Б.Солонго нь гомдол санал байхгүй /хх 81/ гэснийг тус тус дурдлаа. Шүүгдэгч Эыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э нь торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Эод урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ