Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2023/03113/И |
Дугаар | 181/ШШ2024/01016 |
Огноо | 2024-03-13 |
Маргааны төрөл | Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2024/01016
2024 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 181/ШШ2024/01016 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Б.Түмэнцэцэг нарын тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* байрлах, ТАЗ/РД: ................., дарга Б.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,*******,******* оршин суух, Б овогт Ц.Ц/РД: ................../-д холбогдох,
12,255,529 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, иргэдийн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов. Хариуцагч Ц.Ц-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ТАЗ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.
Ц.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар тус яамны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б-ыг албан тушаалаас нь халжээ.
Иргэн Ч.Б нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэр тус, тус гарч ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/80 дугаар дугаар тушаалаар 12,255,529 төгрөгийг Ч.Бт ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. Ц.Ц-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 12,255,529 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан Ц.Цээс гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ц би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус яамны харьяа Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б-ыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Би дээрх тушаалыг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д заасан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын чиг үүргийн дагуу гаргасан бөгөөд Ц.Ц гэх хувь хүний өмнөөс уг шийдвэрийг гаргаагүй.
Яамны нэрийн өмнөөс гарч буй бүхий л шийдвэрийн төслийг холбогдох ч мэргэжилтнүүд, хуулийн хэлтэс бэлтгэдэг бөгөөд иргэний шүүх дээрх тушаалын хуулийн үндэслэлийг хянасан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, Ч.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй байдлыг төрд санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан гэж үзэх нь өрөөсгөл юм.
Намайг дээрх албан тушаалыг хашиж байх үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны зарчим гэх 4 дүгээр зүйлийн 4.2.7-д Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж заасан байсан.
Харин 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх заалтыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэглэх ёстой гэж үзэж байна.
Улмаар ТАЗ нь уг хуулиас өмнө төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байсан бол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хариуцагч Ц.Ц-ийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Хариуцагч Ц.Ц-ийн хувьд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байх явцдаа 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б272 дугаар тушаалаар тус яамны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалаас Ч.Б гэх хүнийг сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ тушаалыг гаргаж байгаа үндэслэл нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6-р зүйлд Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийг зааж өгсөн. 9.6.11-д ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах гэдэг эрх хэмжээнийхээ хүрээнд энэ Ч.Батсансансарт сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалын үндэслэл нь Ч.Б нь удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй, өөрийн эрхлэх асуудлаар Монгол Улсын Өргөдлийн байнгын хороонд хийх тайлбар, хэлэлцүүлэгт удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллаагүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр чөлөөлсөн. Мэдээж хүн хуульд заасан үндэслэлээр энэ шийдвэрт маргаж болно. Ч.Бын хувьд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эс зөвшөөрөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тус шүүхээс хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ч.Б-ыг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг Ц.Ц дарга буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэдэг дүгнэлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-р талын 4-р догол мөрөнд бичээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ингэж хангаж шийдвэрлэснээр үр дагаврын хувьд Ч.Бт ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 6,624,504 төгрөг төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр давж заалдах гомдлыг буцаах тухай тус шүүхийн шүүгчийн 1895 дугаар захирамж гарснаар хүчин төгөлдөр болсон байдаг. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 5 хоногийн дараа Засгийн газрын тогтоолоор Ц.Ц-ийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Ингэснээр тухайн хүнийг шүүхийн шийдвэрийг аваад дахиж ажилд нь томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөө ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд Ч.Б ажилдаа томилогдож чадахгүй явсаар байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамд намайг ажлаас чөлөөлөөд ажилд авах хүртэл хугацаанд би бас цалин хөлсөөрөө хохирсон гээд нэхэмжлэл гаргаад Чингэлтэй дүүргийн шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 5,527,632 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 103,000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Хариуцагч нь Байгаль орчны аялал жуулчлалын яам гэж байгаа. Өмнөх хэрэг дээр Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц гэж явж байгаа. Дээрх 2 шүүхийн шийдвэрийн нийлбэр нь одоо нэхэмжилж байгаа 12,255,529 төгрөг болж байгаа. Яагаад энэ нэхэмжлэлийг татгалзаж байгаа вэ гэхээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэлээ нэхэмжлэлдээ дурдахдаа 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2 гэсэн заалтыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа. Гэтэл энэ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байдаг. Тэгэхээр уг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлж мөрдөгдөхөөс өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх явцдаа, албан үүргээ хэрэгжүүлэхдээ хууль буруу хэрэглэж гаргасан тушаалын улмаас ажлаас халсан нь энэ хуульд учирсан хохирол гэдэг Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2-т заасан зохицуулалтад хамаарахгүй байгаа. Харин энэ шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2002 оны Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байсан. Хуучин Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлд төрийн албаны үндсэн зарчмыг хуульчлахдаа хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэдэг үндсэн зарчим байсан. Гэтэл шинэ Төрийн албаны хуулийн 7-р зүйлд Төрийн албаны тухай хуулийн зарчмыг зааж өгөөд энэ зарчим хасагдаад, цоо шинээр 50.1, 50.2-р зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг буруу халсан юм уу, ажилд буруу томилсон шийдвэр гаргаад тэр нь шүүхийн шийдвэрээр хууль бус байх нь тогтоогдвол эргээд төрөөс ямар нэгэн цалин хөлсний олговор гаргасан байвал тэр шийдвэр гаргасан буруутай албан хаагч хариуцна гэдэг заалт орж ирсэн. Тэгэхээр хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой. Шинэ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хэрэгжиж эхэлсэн хууль хэрэгжихээс өмнө ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй холбоотой маргаан шүүхийн дийлэнх хэсгийг эзэлдэг. Энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудын 1 нь ч төрд учруулсан хохирол гэдэг байдлаар хариуцагч болоод явж байгаагүй. Гэтэл хуучин хуулийн үед гаргасан шийдвэрийг үндэслэж одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу. Яагаад гэхээр төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт байхад энийг буцааж хэрэглэнэ гэсэн ойлголт байхгүй. Харьцуулах гол хууль нь яг нэг харилцааг зохицуулсан 2002 оны, 2017 оны Төрийн албаны тухай хууль гэж 2 байгаа шүү дээ. 2002 оны Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн үүрэг, хориглох зүйлийг зааж өгсөн байгаа. Энэ үүрэг, хориглох зүйл дотор буруу шийдвэр гаргавал хална шүү гэсэн зохицуулалт байгаагүй. Нөгөө талаас Ц.Ц даргын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгоод байгаа үндэслэл нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн л гэж байгаа. Тэгэхээр Ц.Ц даргын хувьд өөрөө хуульч хүн биш, энэ ажилтанд тодорхой хэмжээний зөрчил байсан, харин сахилгын шийтгэл ногдуулах тухай, тэр холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж тухайн шийдвэр гаргасан нөхцөл байдал байгаа учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. гэв.
Иргэдийн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: Иргэн хүний хувьд, миний бодлоор н.Цэнгэл гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас ажилтныг халсан нь шүүхээр тогтоогдсон. н.Батсансарын ажилгүй үеийн цалин хөлсийг төрөөс гаргах ёсгүй гэж үзэж байна. Тиймээс 12,000,000 төгрөгийг н.Цэнгэлээс гаргуулах нь зүйтэй. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан ТАЗ ТБАГУТҮГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаар ТАЗийн тогтоолын хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/1022 дугаар албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалын хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 95, 96 дугаар төлбөрийн хүсэлтийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 05/6482 Албан бичгийн болон түүний хавсралтын хуулбар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1895 дугаар захирамжийн хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал болон хавсралтын хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ТАЗ хариуцагч Ц.Цд холбогдуулан төрд учирсан хохиролд 12,255,529/арван хоёр сая хоёр зуун тавин таван мянга таван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.Ц нь хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж тухайн шийдвэр гаргасан нөхцөл байдал байгаа учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэдийн төлөөлөгч М.Н нь Ц.Ц гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас ажилтныг халсан нь шүүхээр тогтоогдсон. Н.Батсансарын ажилгүй үеийн цалин хөлсийг төрөөс гаргах ёсгүй гэж үзэж байна. Тиймээс 12,000,000/арван хоёр сая/ төгрөгийг Ц.Цээс гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.
Дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсэг үндэслэлтэй байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалаар Ч.Б-ыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс төрийн албанаас халсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/272 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Б-ыг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын албанд тушаалд эгүүлэн тогтоож, тус яамнаас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөд 6,624,504/зургаан сая зугаан зуун хорин дөрвөн мянга таван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан Ч.Бт олгохоор шийдвэрлэсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1895 дугаар Давж заалдах гомдлыг буцаах тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ч.Б нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,527,632/таван сая таван зуун хорин долоон мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 103,393/нэг зуун гурван мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг тус тус гаргуулан Ч.Бт олгохоор шийдвэрлэсэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон хавсралтад тусгасан аж ахуйн нэгж, байгууллагад хохирлыг барагдуулахад 2,280,547,800/хоёр тэрбум хоёр зуун наян сая таван зуун дөчин долоон мянга найман зуу/ төгрөгийг олгохыг зөвшөөрсөн болох нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаалын болон хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаал болон түүний хавсралтад зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрийн дагуу Ч.Бт учирсан хохиролд 6,624,504/зургаан сая зугаан зуун хорин дөрвөн мянга таван зуун дөрөв/ төгрөгийг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэрээр Ч.Бт учирсан хохиролд нийт 5,631,025/таван сая зургаан зуун гучин нэгэн мянга хорин тав/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу Ч.Бт учирсан уг хохирлыг барагдуусан болох нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тушаалын болон хавсралтын хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн № 00000095 дугаар Төлбөрийн хүсэлтийн болон № 00000096 Төлбөрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Ц.Ц-ийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № 05/6482 Албан бичгийн болон түүний хавсралтын хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т ... төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар ... халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн ... этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх .../ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.
Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарах Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа төрийн албан хаагч болох Ч.Б-ыг хууль бусаар халж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хохирол учруулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50,1, 50.2-т заасан зохицуулалтад хариуцагчид хамаарахгүй гэх тайлбар гаргаж байна.
Хариуцагч нь Ч.Б-ыг хууль бусаар халсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрээр тогтоогдож, хариуцагчийн тус хууль бус үйлдэл түүнийг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үргэлжилсэн байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт зааснаар хариуцагчаас түүний хууль бус шийдвэр гаргасан болон түүний хууль бус үйлдэл үргэлжилсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэр болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00680 дугаар шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 12,255,529/арван хоёр сая хоёр зуун тавин таван мянга таван зуун хорин ес/ төгрөгийг төлөхийг даалгажээ.
Дээрх шүүхийн шийдвэрүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд төлбөрийг төлөхийг даалгасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлбөр төлөгч гэж үзэх ба Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 12,255,529/арван хоёр сая хоёр зуун тавин таван мянга таван зуун хорин ес/ төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй болох нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн № 00000095 дугаар Төлбөрийн хүсэлтийн болон № 00000096 Төлбөрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.
40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Ч.Бын нэг сарын цалин 868,628.9/найман зуун жаран найман мянга зургаан зуун хорин найман төгрөг есөн мөнгө/ төгрөг, нэг өдрийн цалин 39,483/гучин есөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөг болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0447 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 11,125,574 /2019.07.22-2019.12.25=4 сар, 26 хоног, 4х868,628=3,474,512, 26x39,483=1,026,558, 3,474,512+1,026,558=4,501,070, 4,501,070+6,624,504=11,125,574/ /арван нэгэн сая нэг зуун хорин таван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгон, үлдсэн 1,129,955 /12,255,529-11,125,574=1,129,955/ /нэг сая нэг зуун хорин есөн мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цээс 11,125,574/арван нэгэн сая нэг зуун хорин таван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгон, үлдсэн 1,129,955/нэг сая нэг зуун хорин есөн мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 192,959 төгрөгийг гаргуулан улсын ологод оруулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-ээс 11,125,574/арван нэгэн сая нэг зуун хорин таван мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгон, үлдсэн 1,129,955/нэг сая нэг зуун хорин есөн мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 192,959 төгрөгийг гаргуулан улсын ологод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ерөнхий ШҮҮГЧ Н.оюунтуяа
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ