2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1409

 

 

 

 

 

 

 

 

2026         05            14                                       2026/ШЦТ/1409

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзаяа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогч Г.М,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2611 00000 0582 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө *********** дүүргийн ******* дүгээр хороо *********** CU дэлгүүрийн гадна зам дээр иргэн Г.Мыг ямар ч шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба надаас эхэлж уг үйл явдал болсон. Өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна. Эхнэртэйгээ хамт урдаас жимс оруулж ирж зарж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 164,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйсан. Миний буруу” гэв.

Хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би амралт хариуцаж ажиллуулдаг ба тухайн орой хүүхэдтэйгээ гэртээ харих гээд явж байсан. Гэтэл машины урдуур орж ирэхээр нь цонхоо онгойлгоод яасан юм бол гэж асуухад такси юу хүргээд өгөөч гэхээр нь би такси биш гээд хэлсэн чинь Н.Б гартаа барьсан байсан лаазтай пивоо шидсэн. Тэгээд машинаас буугаад ирэхэд чи яасан том юм бэ гээд дайраад байсан. Би уг нь зугтах гэсэн боловч араас хөөгөөд явуулахгүй байсан ба араас нь 2 залуу гарч ирээд нийлээд дөрвүүлээ болсон. Тэгээд хоёр залуу нь надтай зууралдаад байсан болохоор нь би цагдаа дуудсан. Надад хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Нэг удаа холбоо барихаар нь хамраа үзүүлсэн талаараа хэлээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж хэлсэн боловч надад хохирол төлөөгүй байгаа. Би ажил хийж байх хугацаандаа 2,800,000 төгрөгийн цалин авдаг байсан боловч үүн дээр нэмэгдээд амралтын хугацаандаа хувь авдаг шүү гэдгээ Баярбаясгаланд хэлсэн чинь за би таны хохирлыг барагдуулна гэж хэлж байсан. Сая хурал эхлэхээс өмнө 1,400,000 төгрөгийг данс руу хийсэн. Одоо би хамраа янзлуулах мөнгөө нэхэмжилж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин гэж 1,400,000 төгрөг нэхэмжилж байгаа ба тухайн хугацаанд эхнэр маань гадаад явсан байсан учраас би хүүхдээ харж, хичээл сургуульд нь зөөж байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "Би 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 00 цагийн үед өөрийн ажил болох ******* дүүргийн *** дүгээр хороо баянбулагт байрлах "************" амралтын газраас гараад өөрийн эзэмшлийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад Гоодой маркетын ойр орчимд явж байхад зам дээр машины урд 25-30 насны орчим нэг залуу гэнэт гарч ирж машин зогсоосон. Би тэгээд цонх тогшихоор нь яасан гээд юм ярьж байсан чинь цаанаас нь хамт явж байгаа гэлтэй нэг залуу гартаа байсан лаазтай пиво хүүхэд сууж байсан цонхруу шидэхээр нь би машинаасаа буугаад чи яаж байгаа юм мэдрэл муутай юм уу гэсэн чинь тэр пиво шидсэн залуу намайг үгийн зөрүүгүй шууд нүүрлүү цохиод хамар хэсэгрүү мөргөчихөөд цаашаагаа зугтаасан тэр хавьд байсан СЮ-гээс тэр хүмүүстэй хамт явж байсан 2 залуу гарч ирээд намайг юу болов ах гээд ярьж байсан, би тэгээд цагдаагийн байгууллагат дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0726/2681 дугаартай "Г.Мын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжтой. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

- ************ ХХК-ны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Тус компанийн ажилтан Г.М нь ********** гэр бүлийн амралтын газарт зохион байгуулагч, менежер албан тушаалтай ажилладаг ба сарын 2,800,000 төгрөгийн цалинтай. 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүнд зодуулж, бэртэл авсан учир 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд өвчтэй шалтгаанаар ажиллагаагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/,

- Элгүн эмнэлгийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний 19/26 дугаартай албан бичиг /хх-ийн 27 дугаар хуудас/,

- Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 164,000 төгрөгийн хохирлыг төлсөн баримт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Н.Бгаас хохирогч Г.Мын эмчилгээний зардалд 4,500,000 төгрөгийг төлж барагдуулсан баримт /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө *********** дүүргийн ******* дүгээр хороо ********** CU дэлгүүрийн гадна зам дээр иргэн Г.Мыг ямар ч шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ажилгүй байсан үеийн цалин орлого гэж нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан байна. Харин эмчилгээний зардалд нэхэмжилсэн 4,500,000 төгрөгийг цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогч Г.М нь уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 164,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд шүүгдэгч нь уг хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганбаатар шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Н.Б өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу болон хэргийн зүйчлэл дээр маргахгүй, өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Өөртөө дүгнэлт хийж, хохирогчоосоо уучлалт гуйж, дахин дээрх үйлдлийг гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хохирол хор уршгийн хувьд тухайн хүний гаргасан тодорхойлолт дээр байсан мөнгийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан мөнгийг төлсөн. Хамрын хагалгааны төлбөрийн хувьд баримтынхаа хүрээнд иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байгаа учраас түүнийг төлөхөд бэлэн байгаа” гэв.

Шүүгдэгч Н.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ********** дүүргийн ********* дүгээр хороо ***************** CU дэлгүүрийн гадна зам дээр иргэн Г.Мыг ямар ч шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "Би 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 00 цагийн үед өөрийн ажил болох ******** дүүргийн **** дүгээр хороо баянбулагт байрлах "**********" амралтын газраас гараад өөрийн эзэмшлийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад Гоодой маркетын ойр орчимд явж байхад зам дээр машины урд 25-30 насны орчим нэг залуу гэнэт гарч ирж машин зогсоосон. Би тэгээд цонх тогшихоор нь яасан гээд юм ярьж байсан чинь цаанаас нь хамт явж байгаа гэлтэй нэг залуу гартаа байсан лаазтай пиво хүүхэд сууж байсан цонхруу шидэхээр нь би машинаасаа буугаад чи яаж байгаа юм мэдрэл муутай юм уу гэсэн чинь тэр пиво шидсэн залуу намайг үгийн зөрүүгүй шууд нүүрлүү цохиод хамар хэсэгрүү мөргөчихөөд цаашаагаа зугтаасан тэр хавьд байсан СЮ-гээс тэр хүмүүстэй хамт явж байсан 2 залуу гарч ирээд намайг юу болов ах гээд ярьж байсан, би тэгээд цагдаагийн байгууллагат дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0726/2681 дугаартай "Г.Мын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжтой. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Г.Мын эрүүл мэндэд халдаж хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Г.Мын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Н.Бгийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Дээрх ялын саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн бага насны хоёр хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Г.М эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж, тус тус зааснаар шүүгдэгч Н.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Г.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ажилгүй байсан үеийн цалин хөлс 1,400,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч шүүхийн шатанд төлсөн байна.

Мөн хохирогч Г.М нь эмчилгээний зардалд 4,500,000 нэхэмжилсэн ба шүүхээс уг эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нараас хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хүртэлх хоногоор завсарлуулж уг хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдаж байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.М нь эрүүл мэндийн даатгалын сангаас 164,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан болно.

Хохирогч Г.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Н.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсарган хадгалсугай

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

            8Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮУШЖАВ