Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01477

 

М.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01382 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБЕГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 973 750 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.О ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О-ыг захиргааны хэргийн 3 шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Оюуны өмч, УБЕГ-ын даргад даалгаж шийдвэрлэсэн ба уг шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02588 дугаартай шийдвэрээр 2018 оны 3 сарын 28-наас 2018 оны 12 сарын 1-ний өдөр хүртэл хугацааны 8 199 258 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаанд байгаа. УБЕГ-аас М.О нь ажилгүй байгаа 2018 оны 12 сарын 1-нээс 2019 оны 5 дугаар сарыг дуустал үеийн цалин олговор бүгд 5 973 750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.О-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан УБЕГ-аас ажилгүй байгаа үеийн 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 2019 оны 5 дугаар сарыг дуустал үеийн цалин олговор 5 973 750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад УБЕГ-ын хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бид дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 213 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 459 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 322 дугаартай тогтоолыг тус тус биелүүлж М.О-ын Хаан банкны данс руу 2018 оны 10 дугаар сарын 18- ны өдөр шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02588 дугаартай шийдвэрийг биелүүлж, М.О-т ажилгүй байсан хугацааны цалин болох 8 199 258 төгрөг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүрэн олгогдсон. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд өөр хүн ажиллаж байгаа бөгөөд, М.О-т 2018 онд Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар, УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчаар, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллахыг тус тус санал болгосон боловч М.О зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэр биелээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан хариуцагч УБЕГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 973 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч М.О-ын болон хариуцагч УБЕГ-ын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УБЕГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБЕГ-аас 110 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... М.О анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх асуудлыг нэхэмжлэлд дурдаагүй байхад шүүхийн шийдвэрт уг асуудлаар санаачлагаар дүгнэлт гарган нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шийтгэлийг хуульд заасан хувь тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УБЕГ-т даалган шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй шийдвэр байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 181/ШШ2019/01382 дугаарт шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч УБЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 973 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч М.О-ыг Оюуны өмч, УБЕГ-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын ажил, албан тушаалаас чөлөөлсөн боловч Нийслэл дэх захиргааны хэргийг анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0459 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 322 дугаар тогтоолоор М.О-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргасан нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 5-27 дугаар тал/

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/02588 дугаар шийдвэрээр УБЕГ-аас М.О-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 199 358 төгрөгийг гаргуулан шийдвэрлэжээ. /хх-ийн 26-27 дугаар тал/

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч тус үүргээ биелүүлээгүй нь М.О-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч М.О-т өөр ажил санал болгосон гэх тайлбар нь түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 38, 45-46 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч М.О-ын нэг өдрийн цалин 47 790 төгрөгийг, нэхэмжлэлээр шаардсан  2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажлын 125 хоногоор тооцож 5 973 750 төгрөгийг хариуцагч УБЕГ-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх асуудлыг нэхэмжлэлд дурдаагүй байхад шүүхийн шийдвэрт уг асуудлаар санаачлагаар дүгнэлт гаргасан...” гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2  дах хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч М.О-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                           

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                                  ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                                                                                Г.ДАВААДОРЖ