Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/00733

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/00733

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,,,,,-д холбогдох,

7,441,087 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан тэмдэглэл хөтлөв. 

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ХХК нь оросын холбооны улсаас гахайн мах оруулж ирэн хүнсний зах, хүнсний дэлгүүр, зоогийн газар, хиамны цех, үйлдвэр зэрэг газруудад нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд билээ. Манай компанид Хан-Алтай Фүүдс ХХК- иас гахайн мах нийлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2021 оны 01 сарын 05-ний өдөр 21/01/05/01 Мах нийлүүлэх гэрээ байгуулан тус гэрээний дагуу гахайн мах нийлүүлэх болсон. Мах нийлүүлсэн төлбөрийг Мах нийлүүлэх гэрээ-ний 4.2-т заасны дагуу барааг хүлээн авахдаа ******* ХХК-ын дансанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагчийн зүгээс удаа дараа энэхүү үүргээ биелүүлэлгүй төлбөрийг хойшлуулсаар ирсэн.

Манай компанийн зүгээс хариуцагч ХХК-д бараа бүтээгдэхүүн буюу нийлүүлсэн гахайн махны төлбөрийг төлж барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлөөгүй, компаний зүгээс бараа бүтээгдэхүүний төлбөрөө төлж барагдуулах боломж нөхцөлөөр хангаж байсан хэдий ч хариуцагчийн зүгээс төлөх идэвхи санаачилга гаргахгүй компанийг хохироож байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна.

Мах нийлүүлэх гэрээний 4.3-т зааснаар алданги хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон хоногт 0.5 хувиар тооцсон бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний үүргийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хамгийн сүүлийн төлөлт хийсэн, энэхүү өдрөөс хойш нийт 240 хоногийн алданги тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 4,960,725 төгрөгийн 50 хувь болох 2,480,362 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Иймд хариуцагч Хан алтай фүүдс ХХК-иас 21/01/05/01 Мах нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлсэн гахайн махны төлбөр болох 4,960,725 төгрөг, алдангид 2,480,362 төгрөг нийт 7,441,087 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани тогтвортой ажиллаж чадаагүйгээс дээрх төлбөрийг төлөх боломжгүй байна. Үндсэн төлбөр болох 4,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх боломжтой, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нотлох баримтын тухайд:

 

Нэхэмжлэгч талаас: Мах нийлүүлэх гэрээ /Хх6-7/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Хх8/, санхүүгийн баримт /Хх9-16/, зарлагын баримт /Хх17-22/, тооцоо нийлсэн акт /Хх23/, тооцоо нийлсэн баталгаа /Хх24/-ыг гаргасан байна.

 

Хариуцагч тал нотлох баримт ирүүлээгүй болно.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай компани Хан-Алтай Фүүдс ХХК-тай 2021 оны 01 сарын 05-ний өдөр 21/01/05/01 дугаартай Мах нийлүүлэх гэрээ-г байгуулан тус гэрээний дагуу гахайн мах нийлүүлж, төлбөрийг гэрээний 4.2-т заасны дагуу барааг хүлээн авахдаа манай дансанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлөөгүй. Иймд хариуцагч Хан алтай фүүдс ХХК-иас гэрээний дагуу нийлүүлсэн гахайн махны төлбөр болох 4,960,725 төгрөг, гэрээний 4.3-т зааснаар алдангийг хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон 2,480,362 төгрөг нийт 7,441,087 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч Хан-Алтай фүүдс ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани тогтвортой ажиллаж чадаагүйгээс дээрх төлбөрийг төлөх боломжгүй байна. Үндсэн төлбөр болох 4,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх боломжтой, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.    Нэхэмжлэгч нь хариуцагчид олгосон бараа, материалын үнийг гаргуулахаар нэхэмжилж, харин хариуцагч нь алданги төлөхгүй гэж талууд маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       Талууд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 21/01/05/01 дугаартай Мах нийлүүлэх гэрээ-г байгуулж, нэхэмжлэгч талаас хариуцагчид шаардлагатай байгаа гахай болон үхрийн махыг нийлүүлэх, нөгөө талаас хариуцагч нь барааг хүлээн авч, төлбөрийг бэлнээр төлөхөөр талууд харилцан тохиролцож тус гэрээг байгуулжээ.

-       Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Хан алтай фүүдс ХХК-ийн тооцооны үлдэгдлээр 4,960,725 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нь тогтоогдож байна. Мөн талууд энэ үлдэгдэл дүн дээр маргаагүй.

-       Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Хан алтай фүүдс ХХК-ийн тооцоо нийлсэн баталгаагаар хариуцагч байгууллагын нэхэмжлэгчид төлөх төлбөр 9,137,650 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын тайлбарт дурдсанаар хариуцагч нь төлөлт хийж, 4,960,725 төгрөгийн үлдэгдэл үлдсэн болох нь тогтоогдож байна.

 

6.    Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч гэрээний зүйл болох махыг хариуцагчид шилжүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.

 

7.    Иймд хариуцагч Хан алтай фүүдс ХХК нь хуульд зааснаар нэхэмжлэгчид гэрээний зүйлийн үнэ болох махны төлбөр 4,960,725 төгрөгийг төлөх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

8.    Талуудын байгуулсан гэрээний 4.3-т Төлбөр тооцоог бүтээгдэхүүн нийлүүлснээс 7 хоногийн дотор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлвөл зохих үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж зааж, талууд гэрээгээр алдангийн зохицуулалтыг тохиролцжээ.

 

9.    Иргэний хуулийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.3 Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.4 Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан бөгөөд талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй үед алданги нэхэмжлэх эрхтэй байхаар бичгээр тохирсон, мөн хуульд зааснаар 0,5 хувийн алданги тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцож алдангид 2,480,362 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч ******* ХХК алданги шаардах эрхтэй, хариуцагч Хан алтай фүүдс ХХК нь алданги төлөх үүрэгтэй байна.

10. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох мах нийлүүлсний үндсэн төлбөрт 4,960,725 төгрөг, алдангид 2,480,362 төгрөг нийт 7,441,087 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч Хан алтай фүүдс ХХК-иас 7,441,087 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан алтай фүүдс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134,010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ