Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/305

 

Ж.М-д холбогдох эрүүгийн

                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

цагаатгагдсан этгээд Ж.М-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр Ж.М-д холбогдох эрүүгийн 2103 00197 0312 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.М-, 1973 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

             Ж.М- нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “Howo ZZ 4257” загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 цагийн үед тус замаар зорчиж явсан “Nissan Terrano” загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Г нь “Howo ZZ 4257” загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

             Тээврийн прокурорын газраас: Ж.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Ц.Арвинбуудай тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний улмаас хуульд заасан хохирол учруулсныг ойлгоно. Ж.М- тээврийн хэрэгсэл нь эвдэрсний улмаас удаан зогсолт хийхдээ замыг аль болох чөлөөлсөн, ослын зогсолтын тэмдэг тавьсан боловч алга болчихсон байсан, тээврийн хэрэгсэл хүнд ачаатай байсан болохоор чирэх боломжгүй байсан гэж тайлбарлан мэдүүлдэг боловч энэ нь жолооч автомашинаа замын зорчих хэсгээс чөлөөлөх, зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай бусад арга хэмжээг даруй авах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв замыг бүрэн чөлөөлсөн, зорчих хэсэг дээр ослын зогсолтын тэмдэг байрлуулж аюулгүй байдлаа бүрэн хангах арга хэмжээ авсан байсан бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан нь тээврийн хэрэгслүүд анх мөргөлдсөн А цэг нь замын зорчих хэсэг дээр байгаагаас тодорхой болно. Ж.М- нь автомашиныг зорчих хэсгээс чөлөөлөхгүй байх нь замын хөдөлгөөнд эрсдэлтэй байдал бий болж зам тээврийн осол гарч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан. Иймд түүний хайхрамжгүй байдлаас үүдэн гарсан зам тээврийн ослын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байна. Тодруулбал: автомашинаа замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлөөгүй, зайлшгүй зогсолтын тэмдэг алга болсон нь аюулгүй байдлыг хангах бололцоотой бусад арга хэмжээ аваагүйн улмаас хүний амь нас хохирсон нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж  байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...тухайн осол 05 цагийн үед гарсан. Гэрэл гэгээтэй цаг биш байгаа. Ямар ч ослын зогсолтын тэмдэг тавиагүй. Гадна гэрэлтүүлэг ослын гэрэл, дохио асаагаагүй байсан. Жолооч нь аюулгүй байдлыг хангаагүй, бүхээг дотроо унтсан байдаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болох үндэслэлтэй. Хууль, дүрмээр хориглосон хэм хэмжээ зөрчсөн байгаа. Жолооч Ж.М- нь осол гарахаас өмнөх өдрийн 15 цагийн үед эвдэрсэн тээврийн хэрэгслийг янзлуулаад тухайн замыг чөлөөлөх боломжтой байсан. Гэтэл ослоос сэргийлэх ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Ж.М-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь шууд шалтгаант холбоотой байна. Иймд түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлээс: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Б.Нарангэрэл мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “талийгаачийн буруутай үйл ажиллагаа байгаа учраас цагаатгагдсан этгээд Ж.М-ыг буруутгах шалтгаангүй” болохоо илэрхийлсэн. Гэхдээ биеийг нь асууж эмчилгээтэй холбоотой зардалд нь туслах болов уу гэж хардаг тухайгаа хэлсэн. Тэрээр осол болсноос хойш байнга эмнэлэгт хэвтэж байгаа. Цагаан сарын үеэр бие нь муудсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, их хэмжээний зардал гарсан. 3 дугаар эмнэлгээс оношилж үзэхэд “ослоос үүдэлтэй тархи, мэдрэл, нугасны өвчлөл байна. Биеийн байдал муудах магадлалтай” гэж дүгнэсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.М-аас тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Цагаатгагдсан этгээд Ж.М-ын өмгөөлөгч Х.Даваахүү хариу тайлбартаа: “...цагаатгах тогтоолыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэлд Ж.М-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасныг зөрчсөн гэж үзсэн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон газрыг заасан байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ тодорхой бичсэн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 түр зогсохыг хориглосон газар, мөн дүрмийн 14.9 түр зогсохыг хориглосон газарт удаан зогсохыг хориглосон заалтууд байгаа. Тухайн осол болсон газар нь хориглосон газар биш гэж үзэж байна. Зайлшгүй зогсолт нь жолоочийн биеийн байдал, зорчигч нарын биеийн байдал муудах, ачиж явсан ачаа нь нурах, мөн техникийн эвдрэлийн үед зогссон зогсолтыг хэлж байгаа. Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдол байсан гэж Ж.М- өөрөө хэлсэн. Хавтаст хэргийн 35 дугаар талд гэрч Н.Түвшинтулгаас “ослын зогсолтын тэмдэг тавьчихсан байсан” гэж мэдүүлсэн. Хавтаст хэргийн 91 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд “автомашиныг цааш үргэлжлүүлэн хөдөлгөх боломжгүй,  чирч зайлуулах боломжтой” гэж дүгнэсэн. Энэ хооронд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Ослын дохионы гэрлийг асаасан гэдгийг өөрөө мэдүүлдэг. Мөн аккумуляторын цэнэг дууссан учраас унтарсан байдаг. Тухайн осол гарах үеийн Ус, цаг уурын удирдах газрын “үзэгдэх орчныг хүний нүдээр харахад харагддаг” гэсэн лавлагаа байгаа. Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын тэмдэглэлээр тогтоогдсон гэж байгаа. Автомашин ямар ч хөдлөх боломжгүй байсан. Автомашиныг чирээд хөдөлгөх боломжгүй байсан. Зорчих хэсгийн хөвөөн нь 3 метр байгаа. Тэгээд автомашинаа шахаж байрлуулсан. Зорчих хэсэгт урд талын дугуй 20 см, хойд талын дугуй 30 см орсон байгаа. Автомашины бодит жин нь 20 тонн, мөн 17 тонн ачаатай. Нийтдээ 40 гаруй тонн байсан. Тухайн үед бороо орж, замын хажуугийн хөвөө нь норсон. Хажуу тийш 2 метрийн өндөртэй далантай зам байсан. Ослын дохионы гэрлийг асаагаагүй. Ослын зогсолтын тэмдгийг тавьж байрлуулаагүй гэх асуудлууд нь шинжээч нарын дүгнэлтэд тусгагдаагүй байгаа. Зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй гэдэг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т зааснаар буруутгах боломж байдаг. Гэхдээ боломжийн хэрээр шахаж зогссон учраас шинжээч нар энэхүү заалтаар буруутгаагүй. Тухайн схем зургаас харахад сөрөг хөдөлгөөнтэй 4 эгнээ зам байсан. 1 чигтээ явдаг замын өргөн нь 7.7 метр байгаа. Эсрэг урсгал хүртэл 7.4 метр өргөнтэй. Үндсэндээ 2 дугаар эгнээ чөлөөтэй. 1 дүгээр эгнээгээр автомашин зорчих боломжтой. Ийм нөхцөл байдал зам дээр байсан. Хохирогчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар буруутгасан байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн аюулгүй байдлыг хангаж чадахааргүй байсан. Замын хөдөлгөөний дүрмийн аюулгүй байдлыг хангаж чадахаар үедээ жолооч замын хөдөлгөөнд оролцох ёстой. Тээврийн хэрэгсэл дотор сууж явсан гэр бүлийнх нь хүн болон түүний ач нь “өвөөг боль гэж байхад явна гэсэн. Ослын гэрлийн дохионы гэрэл асаасан байсан. Байнга эвшээж, үүргэлсэн явж байсан” гэж мэдүүлдэг. Осол гарах үндсэн шалтгаан нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Автомашины мөргөлдсөн хэлбэрийг харахаар зорчих хэсгийн эгнээнээс хажуу талаас ирж мөргөсөн байдаг. Хэрэв чигээрээ явсан бол осол гарахгүй байсан гэж үзэж байгаа. Техникийн шинжээчийн дүгнэлт болон прокурорын дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй. Цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Ж.М-ыг “2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “Howo ZZ 4257” загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 04 цагийн үед тус замаар зорчиж явсан “Nissan Terrano” загварын,*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Ганбаатар нь “Howo ZZ 4257” загварын, ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Шүүгдэгч Ж.М- тээврийн хэрэгсэл нь эвдэрсний улмаас осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчээр тодорхойлогдсон эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ зорчих хэсэгтэй, нийт 15,2см өргөнтэй, 3м хөвөөтэй замын хажуугийн хөвөө рүү 2,5м өргөнтэй тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйг (нийт замын өргөний 15м-т) 20см, зүүн хойд дугуйг (нийт замын өргөний 14,9м-т) 30см хэмжээтэй зогсоож зорчих хэсгийг бүрэн чөлөөлөлгүй зайлшгүй зогсолт (Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т “зайлшгүй зогсолт” гэж ... техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг;) хийсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хангалттай тогтоогдож байна. Хэдийгээр шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл мөн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай болоод болгоомжгүй хэлбэрийг хангахгүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй...” гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хүн аливаа үйлдэл (эс үйлдэхүй)-ийг ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу гүйцэтгэдгээс гадна бүхий л юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог.

Тиймээс дээрх ойлголтууд нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох болон гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох, түүнчлэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг зөв хэрэглэхэд ч чухал ач холбогдолтой.

Гэм буруу нь нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог бол нөгөө талаас “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн зарчмыг хэрэглэх гол нөхцөл нь билээ.

Тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлон заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй хэлбэрийн талаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан тогтоожээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай хор уршигт хүргэнэ гэдгийг сайтар ухамсарлаж, үүнийг урьдаас мэдэж байснаар тухайн хор уршигт хүргэхгүй, гаргахгүй хэмээн бүрэн итгэж найдсан эсхүл хор уршиг учрахыг урьдчилан мэдэх бодит боломжтой  байсан боловч хайхрамжгүй байдлаасаа болж уг боломжийг ашиглаагүйн улмаас тэрхүү хор уршиг учирсан бол түүний гэм буруутайд тооцдог.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ж.М-ын жолоодон явсан “Howo ZZ 4257” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсолт хийхээс өмнө техникийн хувьд бүрэн бус эсхүл эвдрэл гэмтэлтэй байсан нь нотлогдоогүй бөгөөд ийнхүү жолоодон явахдаа цаашид юу тохиолдох, ямар үйл явдал өрнөхийг урьдчилан мэдэх боломж байгаагүй буюу араа солигдох механизм гэмтсэний улмаас зогсолт хийхэд хүргэснийг түүнийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсаны улмаас мэдээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй хэн нэгэн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд осолд тухайн хүний үйлдлийн шалтгаант холбоо тасрах бөгөөд хэн алин нь дүрэм зөрчсөнөөс гарсан ослыг шалтгаант холбооны хувьд шууд эсхүл нөлөөлөх төдий гэж үзэх боломж тун хомс байдаг. Харин тухайн жолоочоос үл хамаарах нөхцөл байдлыг үүнд хамааруулж болно.

Гэвч жолооч Ж.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг /хх 144-145, 207/-тээ “...харанхуй болж байх үед машинаасаа ослын зогсолтын тэмдэг гаргаж ойролцоогоор 15 алхаад зам дээр тавьсан. Ослын гэрлээ асааж байгаад аккумулятор муудчих байх гээд унтраасан. Унтраах үед багцаагаар 22 цаг болж байсан. Би ослын тэмдэг тавьсан учир гэрлээ унтраасан. Би 00 цагийн үед автомашиндаа орж унтсан. ... ослын тэмдгийг унтаж байх үед хүн аваад явчихсан байх гэж бодож байна. ...” гэх зэргээр өөрөөс хамааралтай шалтгаанууд дурдсанаас гадна, “...өөрийн мэдэх хэмжээнд автомашины арааг засах гэж оролдсон боловч чадаагүй. ... 18 цагийн үед хотод орж ирж засварын хүмүүстэй арааг яаж засах талаар уулзаж ярилцаад, буцаад 22 цагийн үед автомашин дээрээ очсон...” гэж замын зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээг нэн даруй авалгүйгээр, автомашинаа засварлаад явах гэж оролдсон зэргийг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаж, гэм буруугийн асуудалд дүгнэлт өгөлгүйгээр дан ганц амь хохирогчийн болгоомжгүй үйлдлийн улмаас осол гарсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Иймээс Ж.М-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Ж.М-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ж.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Дээд шатны прокурор Ц.Арвинбуудайн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ж.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН