Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 117/ШШ2022/0013

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Нд холбогдуулан гаргасан “2021 оны 05 сарын 13-ны өдрийн ... дугаартай А.Цад холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “... А.Ц нь иргэний үнэмлэхээ сунгуулаагүй...” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч А.Цад 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав.

Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтны “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”, иргэний үнэмлэхийн хуулбар, холбогдогч А.Цын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар А.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 45 насанд хүрсэн. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна гэж заасан. Тус хугацаанд А.Ц нь иргэний үнэмлэхээ сунгуулаагүй болох нь материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам маягт батлах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан тус тогтоолын 3 дахь заалтаар Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байхад дээрх зөрчилд Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар А.Цыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Нгийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол улсын засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам маягт батлах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан тус тогтоолын 3 дахь заалтаар Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байхад мэдээгүйн улмаас тухайн хүчингүй шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж иргэн А.Цыг ...дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь миний алдаа байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчаас баталсан загвар бүхий үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, дүгнэлт, шаардлага, мэдэгдэл, торгууль шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3/4998 дугаартай чиглэлээр Орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтсийн нярав, нягтлан бодогч нар тус газрын Санхүү аж ахуйн хэлтсээс хяналтын улсын байцаагчийн хэвлэмэл хуудсыг тухайн жилд хэрэглэгдэх тоо ширхэгээр хүлээн авах гэх чиглэлийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэгдсэн шийтгэлийн хуудсыг хүлээн авч үйл ажиллагаандаа хэрэглэж байсан.

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Цыг ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Н нь А.Цыг иргэний үнэмлэхээ сунгуулаагүй гэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулжээ.

Гэвч Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байхад хүчингүй болсон тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан гэж прокурорын дүгнэлт[2] бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч дээрх  прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах юм.

Зөрчилд холбогдогч А.Ц 2021 оны 05 сарын 17-ны өдөр “Төрийн сан ... Ду... торгуулийн орлого” дансанд торгуулийн 20000 төгрөг төлсөн байх ба шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор орон нутгийн орлогод төлөгдсөн мөнгийг А.Цад буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг  асуудлаар  дахин  шүүхэд  нэхэмжлэл  гаргах  /дүгнэлт бичих/  эрхгүй  зэрэг  үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2021 оны 05 сарын 13-ны өдрийн ... дугаартай А.Цад холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2021 оны 05 сарын 13-ны өдрийн Төрийн банкны баримтаар төлөгдсөн торгуулийн 20000 /хорин мянга/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж зөрчилд холбогдогч Агийн Ц /.../-д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                              В.Ц

 

 

 

[1] Хавтаст хэргийн 9-р хуудас

[2] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[3] Хавтаст хэргийн   21-р хуудас

[4] Хавтаст хэргийн  23-р хуудас