Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01478

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01778 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.М-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 10 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Ч.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сард хашаа байшин зарна гэсэн мэдээллийн дагуу иргэн Ч.М-гийн утсаар холбогдож хашаа байшингийн үнийг 26 000 000 төгрөгөөр үнэлэн, урьдчилгаа болгон 10 000 000 төгрөгийг Хаан банкны дансанд шилжүүлэн, худалдах, худалдан авах зээлийн гэрээ байгуулж, үлдэгдэл 16 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгахаар гэрээндээ тусгасан. Гэрээ байгуулахдаа газрын гэрчилгээг үндэслэсэн. Иргэн Ч.М өөрөө газрын гэрчилгээ гарахгүй удаад байхаар нь мөнгө өгч байж гаргуулж байсан гэж ярьж байсан. Байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрөө гаргаад авна биз асуудалгүй гарна гэж хэлсэн. Энэ үгэнд нь итгэсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс нүүж орон амьдарч байна. Амьдарч байх хугацаанд өндөр хүчдэлийн шугамын анхааруулга ирсний дагуу дүүргийн газрын албанд очиж уулзахад “өмчлүүлсэн газраас гадна байшин баригдсан байна, байшингийн үл хөдлөх гарахад асуудалтай” гэж хэлсэн. Энэ байдлаа иргэн Ч.М-д хэлээд “байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгөөч” гэж хэлсэн боловч “чадахгүй мөнгөө авна” гэсэн. Иргэн Ч.М нь байшингийн гэрчилгээ гарах боломжгүйг хэлээгүй хуурч мэхэлсэн. Би гэрчилгээ гаргаж өгөхгүй болохоор хашаагаа буцаая гэдгээ хэлэхэд “үгүй, чадахгүй, наймаагаа буцаахгүй” гээд байна. Тухайн газар нь манайд таарахгүй, хэл амтай, байж болохооргүй байгаа. Худалдаж авсан газраа буцааж өгмөөр байна. Иймд Ч.М-гаас урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.М би 2018 оны 11 дүгээр сард хашаа байшин зарна гэсэн зарыг тавьсан. Б.Э гэгч нь хашаа байшинг хувь лизингээр зарах хүсэлт гаргасны дагуу урьдчилгаа болох 10 000 000 төгрөгийг өөрийн дансаар авсан нь үнэн болно. Байшин дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй гэж хэлсээр байтал “зүгээрээ” гээд авсан. Биднийг нотариат дээр очиход нотариатч “байшингийн гэрчилгээ гараагүй юм байна, газрыг 26 000 000 төгрөгөөр худалдаж авахыг хүлээн зөвшөөрч байгаа юу” гэхэд Б.Э “зөвшөөрч байна” гэсэн. Би энэ хүмүүсийг ав гэж шахаж шаардах зүйл байхгүй. Өөрсдөө хүсээд авсан. Нэхэмжлэгч Б.Э-ын гаргасан өргөдлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.М-гаас 10 000 000 төгрөг гаргуулан Б.Э-т олгуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-гаас 174 950 төгрөг гаргуулан Б.Э-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Би Б.Э-аас болж маш их хохирсон. 2018 оны 12 дугаар сарын 10-нд энэхүү айл орно гээд би гэрээсээ өвлийн хүйтэнд жирэмсэн байж хашаа байшингаа суллан өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 30-нд хашаа байшин зарсан үлдэгдэл мөнгийг авах хүүгүй 6 сарын хугацаа өгсөн. Хашаа байшингаа зарж байгаа болохоор түлээ түлш, мод, нүүрс бүгдийг нь хүмүүст тараан өгсөн. Б.Э нь намайг хуурч мэхэлсэн гэж гүтгэсэн. Надад хүнийг хуурч мэхлэх санаа байсан бол анхнаасаа мөнгөө бүтэн авах байсан. Бас 5 ханатай монгол гэр, саравч сүүдрэвч гэх эд зүйлсээ зун авахаар захиж үлдээсэн. Мөн анх худалдан авахдаа 3-4 удаа ирж үзсэн. Үзэх бүрт нь байшингийн үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй гэдгийг хэлсэн. Б.Э нь 3 сард ярихдаа хашаа, байшингаа буцаана, зах зээлийн хамгийн өндөр ханшаар бодож түрээс аваарай гэсэн. Хашаа байшингаа зарж байж Б.Э-ын мөнгийг өгнө. Энэ талаар Б.Э-т хэлэхэд мөнгөө өгч байж хашаа байшингийн түлхүүрээ ав, чамд харуулахаар үлдээсэн монгол гэр, мөн хашаа байшингаа шалгамаар байна гэхэд үгүй мөнгөө өгч байж түлхүүрээ ав гэсэн. Ажилгүй орлогогүй надад хашаа байшингаа зарж байж л мөнгийг хурдан гаргаж өгнө гэдгээ тодорхой хэлсэн. Дээрх үндэслэлээр иргэн Б.Э худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тул миний бие зах зээлийн хамгийн доод ханшаар хашаа байшингаа үнэлж түрээсийн хөлс нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож, 2018 оны 12 дугаар сарын 10-наас одоог хүртэлх нийт 8 сарын төлбөр 2 400 000 төгрөг, мөн байшиндаа 4 000 000 төгрөгийн засвар хийсэн байсан энэхүү айл маань амьдрах хугацаандаа засварыг өөрийн хэрэгцээнд тохируулан ашигласан тул засварын хөлс, цаашид амьдрахаар бол сарын түрээсийн хөлс төлөх, улсын тэмдэгтийн хураамж болох 174 950 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд миний гомдлыг харгалзан үзэж үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э  нь хариуцагч Ч.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Ч.М-гаас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар хэсэг 1653Б тоот хаягт байрлах, 468 м.кв талбайтай, 18651312596145 нэгж талбар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үл хөдлөх эд хөрөнгийг 26 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Б.Э нь Ч.М-д урьдчилгаа 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-6 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй боловч хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Б.Э-т эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 13/1646 дугаар албан бичигт “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар гудамжны 1653 тоот хаягт байрлах 468 м.кв талбай дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй, кадастрын зурагт ороогүй байна” гэжээ. /хх-ийн 36-38 дугаар тал/

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э  нь худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Нэгэнт худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж байгаа тул нэхэмжлэгч Б.Э-аас хариуцагч Ч.М-д төлсөн 10 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Б.Э-аас түрээсийн хөлс, засварын зардал гаргуулна гэх боловч хариуцагч Ч.М нь энэ талаар шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдлаа.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                     

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                              ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                                                Г.ДАВААДОРЖ