| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2024/01571/И |
| Дугаар | 182/ШШ2024/01410 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/01410
| 2024 04 02 | 182/ШШ2024/01410 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ХХК /РД:./,
хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Бийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Б нь Нтай 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 85194 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 240,000 төгрөгийн цахим зээл авч, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 20,280 төгрөгийн зээл сунгалтын төлбөр шилжүүлж, үлдэгдэл зээлийнхээ төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна.
Зээлдэгч О.Бээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 650 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/Ш32024/01556 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Одоогоор түүний хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Зээлийн явцын тэмдэглэл зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК нь зээлийн гэрээний үүрэг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Бийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд, оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан байна.
2. Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б овогт Оын Б /РД:.., Холбоо барих утас:.., .. /-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох тухай Н ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н ХХК, О.Бийн хаяг тодорхойгүйгээс зээлийн гэрээний үүрэг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй байгаа нь тогтоогдож байна.
Иймд О.Бийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д заасныг баримтлан Б овогт Оын Б /РД:.., Холбоо барих утас:.., .. /-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасан ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Утас:99910023/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БУД