Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/306

 

   Б.Н, О.Х нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч О.Х-гийн өмгөөлөгч М.Машбат,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н-, О.Х- нарт холбогдох эрүүгийн 2002005690348 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б.Н-, 1975 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч, сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн *** дугаар цэцэрлэгт эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. О.Х-, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “CU” сүлжээ дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

  Б.Н- нь Чингэлтэй дүүргийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа иргэн О.Х-гийн “өөрийн төрсөн хүүхдээ оршин суугаа газрын харьяаллын бус цэцэрлэгт бүртгүүлэн суралцуулах” ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын 2.18-д заасан “Хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах”, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай тушаал /Хамран сургах тойрог тогтоох тухай/-ын 2-т заасан “Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай” гэсэн заалтуудыг зөрчиж, хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлэн суралцуулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд иргэн О.Х-гаас хахууль өгөхийг шаардаж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны ******* дугаартай дансыг ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

О.Х- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн төрсөн хүү Г.Ц2ыг хамран сургах тойргийн бус цэцэрлэгт элсүүлэхээр Чингэлтэй дүүргийн*** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-д эрхэлж буй албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны****** дугаартай дансыг ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, О.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.          

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н-г нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Х-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Х-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялуудыг 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-гаас 500.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн, эрүүгийн хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

2.1. Дүгнэлтэд нөлөөлөх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.  О.Х-гийн хүү нь өөрийн төрсөн эцгийн гэрээс цэцэрлэгтээ явах болсон нь харьяалал зөрчөөгүй ба хорооны тодорхойлолтыг шүүхэд гарган өгсөн. Мөн СӨБ-ийн тухай хуульд цэцэрлэгийн эрхлэгч “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” бүрэн эрхтэй ба хуучин уг цэцэрлэгт харьяаллын дагуу явж байсан 3 настай хүүхдүүдийнхээ бүртгэлийг байгууллага дээрээ өгсөн чиглэлийн дагуу бүрэн хариуцан гүйцэтгэсэн байдаг. 500.000 төгрөгийн хандивын зарцуулалтыг шилэн дансаараа тайлагнасан, мөн хог ачуулсан, энэ тухай гэрчийг асуугаагүй ноцтой зөрчил гаргасан, Ковидтой холбоотой хувцас хэрэгсэл цэцэрлэгтээ авсан тухай талаар шүүхэд холбогдох баримтууд гарган өгсөн ч энэ талаар огт дурдаагүй ба энэ нь дүгнэлтэд зайлшгүй онцгой нөлөө үзүүлэх асуудлууд юм. Хэдийгээр дансаараа мөнгийг хүлээн авсан ч тэрхүү мөнгийг хандивт тусгасан зарцуулалтыг шилэн дансдаа тусган бүртгэж мэдүүлсэн. Энэ талаар баримтыг шүүхэд гарган өгсөн боловч энэ талаар мөн л ямар нэг дүгнэлт хийгээгүй байна. Дээрх нотлох баримтууд болон нөхцөл байдлууд хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлтийг шүүх анхааран үзээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

2.2. 500.000 төгрөгийг О.Х- нь хандив гэж өгсөн ба ийм мөнгө шаардаагүй гэх талаар ч шүүхэд тодорхой мэдүүлсэн, уг мөнгийг хэрхэн зарцуулсан тухай цэцэрлэгийн шилэн дансанд бүрэн тайлагнасан байдлыг анхаарч үзээгүй байна.

3. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцээгүй гэж үзэж байна. Би өөрийн дансаар авсан үйлдлийн тухайд ойлгож гэмшиж байгаа ба харин гэм буруугийн тухайд хэрэгт авагдсан өөрийн гэм буруугүй талаарх нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч тайлбарласаар байтал шүүх дээрх нөхцөл байдлын талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр, зөрүүтэй баримтуудыг шийтгэх тогтоолын гэм бурууг нотолсон баримтууд болгон дүгнэлт хийжээ. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүйгээс гадна яллах болон цагаатгах талын нотлох баримт бүрэн авагдаагүй, хэт нэг талыг барьсан, хууль зөрчиж авагдсан бичгийн баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны үед хамран сургах тойргийн бус хүүхэд Г.Ц2ыг Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Н- нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.5-д заасан “хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” бүрэн эрхийн хүрээнд элсүүлэн авсан. Мөн хуулийн 14 дүгээр зүйл /Эцэг эхийн эрх, үүрэг/-ийн 14.2.6 дахь хэсэгт “хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай бүрдүүлэхэд туслах, Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 56\64 тоот Цэцэрлэг сургууль хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэмд эцэг эхчүүдээс хандив тусламж авч болно” гэж заасныг тус тус үндэслэн 500.000 төгрөгийн хандивын тусламж авсан үйл баримтыг илтэд гуйвуулж хэт нэг талын дүгнэлт болох хээл хахууль авах гэмт хэргийн шинжтэй гэх дүгнэлтийг хийхэд хүргэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед зөвхөн Б.Н-гийн хувийн дансаар мөнгө орсон байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийснээс биш тухайн орсон мөнгө нь ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулагдсан болохыг гүйцэд шалгалгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасныг зөрчин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Улмаар Дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковидоос урьдчилан сэргийлэх хамгаалалтын хувцас авах мөнгө тус цэцэрлэгийн төсөвт тусгагдаагүй байсан тул хандивын арга хэмжээг авч хэрэгжүүлэн шийдвэрлэх боломжтой гэж цэцэрлэгийн зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэж А\17 тоот Хандивын тусламж авах тушаалыг батлан Нийслэлийн боловсролын газрын цахим санд бүртгүүлснээс гадна нэг хүүхдийн хандиваар хамгаалалтын хувцас, хэрэгсэл авсан талаарх тайлан мэдээ бүгд хэргийн материалд авагдаж, энэхүү бичгийн баримтуудыг талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтууд нь Б.Н- хээл хахууль авах зорилгоор биш харин тухайн цаг хугацаанд гэнэтийн давагдашгүй нөхцөл байдлын улмаас бий болсон бодит байдлыг өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн болохыг нотлох юм. Мөн анхан шатны шүүхээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хамран сургах тойргийн бус хүүхдийг авахыг хориглосон зүйл заалт хуульчлаагүй байгааг анхаарч үзсэнгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Х-гийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалтай холбогдож байгаа учраас шүүгдэгч Б.Н-гийн үйлдлийн талаар зайлшгүй ярих шаардлагатай болдог. Хамран сургах тойргийн асуудал дээр хориглосон заалт байдаггүй. Хавтаст хэргийн 34 дүгээр талд Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Мянганбаяраас мэдүүлэг авахад “...хамран сургах тойрог нь ерөнхий тойрог байгаа. Цэцэрлэгийн эрхлэгч өөрөө мэдэж тойргийн бус хүүхдийг цэцэрлэгтээ авч болно...” гэсэн байдаг. Авлигын гэмт хэрэг нь бусдад давуу байдал олгосны хариуд эд хөрөнгө, шан харамж авах байдлаар буюу материаллаг болон материаллаг бус давуу байдал өөртөө олж авдаг, шунахайн сэдэлттэй үйлдэгддэг. Гэтэл шүүгдэгч Б.Н- нь авсан мөнгөө буцаагаад цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан. Өөртөө завшиж, өөртөө шингээсэн байдал нотлогддоггүй. Тэгэхээр энэ гэмт хэргийн сэдэлт байхгүй байгаа. Хувийн дансаар мөнгө авсан үйлдэл нь хөдөлмөрийн харилцаа зөрчсөн асуудал. Хөдөлмөрийн харилцаа зөрчсөн сахилгын шийтгэл оногдуулах байсныг өнөөдөр гэмт хэрэг болгож оруулсан байна. ...” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11.1.5-д зааснаар “...хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах. ...” эрхтэй гэсэн тайлбар хэлсэн. Хэдийгээр ийм эрхтэй боловч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрхлэгчийн үүргийг зааж өгсөн байдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухай  хуулийн 11.2 дугаар зүйлийн 11.2.8 дахь хэсэгт “...хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх. ...” гэж заасан. Нийслэлийн боловсролын газрын бүрэн эрхийг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтооно. ...” гэж заасан. Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тодорхой заасан байдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэцэрлэгийн эрхлэгчийн үүргээ зөрчсөн байна. Хамран сургах тойргийн бус хүүхдийг авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй гэж тайлбар хэлсэн. Хэдий тийм боловч аймаг, нийслэлийн боловсролын газрын бүрэн эрхийн асуудал байна. Боловсролын газрын тушаалын дагуу батлагдсан тойргийн дагуу хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол олгож, ерөнхий боловсролын сургуульд хамруулан сургуулна. Үүнийг эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан. Үүргээ зөрчиж 500.000 төгрөг авч, Г.Цогбадрахыг өөрийн ажилладаг 56 дугаар цэцэрлэгт элсүүлсэн байдаг. Гэмт хэргийн санаа, сэдэлт тогтоогдохгүй байна гэж шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс тайлбар хэлдэг. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Н-гийн хувийн данс руу шилжүүлсэн. Тухайн үед шүүгдэгч Б.Н-гийн данснаас 500.000 төгрөгийн зарлага гарсан. Өөрийн гэрт авсан тавилгын төлбөрт 500.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- нь “...өөрийн эд зүйлийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардад тавьсан. Би бэлэн мөнгөтэй байсан. Дансаар мөнгө орж ирэхээр нь шилжүүлсэн. ...” гэсэн тайлбар хэлдэг. 500.000 төгрөгөөр Ковид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хувцас хэрэглэл авсан, хог ачуулсан, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарладаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэснээр төгсөж байгаа хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байгаа. Цаашид 500.000 төгрөгийг юунд зарцуулсан, ямар үйл ажиллагаа явуулсан нь талаарх холбогдох баримтуудыг хавтас хэрэгт гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хуулиар эрх олгосон гэж ярьдаг боловч тухайн хамран суралцах тойргийн хүүхдийг авч элсүүлэх үүрэг, зорилго, зорилтыг тодорхойлсон байдаг. Тухайн хүүхэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн бус гэдгийг мэдсээр байж өөрийн тавилга захиалсан төлбөрийг барагдуулах санаа зорилгоор 500.000 төгрөгийг авсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох;

- Б.Н-д мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эх үүсвэр, болсон үйл явдлын талаар шүүгдэгч О.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “...манай хүүхдийг хадмууд маань хардаг байсан. Хамгийн ойрхон нь ** дугаар цэцэрлэг учраас Н- эрхлэгчийг утсыг нь олоод ярьсан. ... өөрийнхөө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 29-499 тоот хаягаа хэлэхэд “Харьяаллынх биш байна” гэсэн. Тэгэхээр нь “Манай нөхөр танай цэцэрлэгийн ойролцоо үндсэн хаяг нь байдаг юм аа” гэхэд “500.000 төгрөг шилжүүлчих, бид нар цэцэрлэгтээ наад мөнгийг чинь зарцуулна” гэж хэлсэн. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тухайн мөнгийг шилжүүлсэн бөгөөд шилжүүлэхдээ түүнээс дансны дугаарыг нь авч байсан. Надад мөнгө байхгүй байсан учир хадам эх Юмжирмаагаас мөнгө зээлээд данснаас нь шилжүүлж байсан. ...” /1хх 19, 250, 2хх 105, 213-215/ гэсэн мэдүүлэг,

- түүний мэдүүлгийг давхар нотолсон гэрч А.Ю-ийн “...Ц нь одоо 3 настай, Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгт 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс явж эхэлсэн. ... Тухайн үед харьяаллын бус гээд авахгүй болохоор нь таньдаг багш Н-тай утсаар ярьж хүүхдээ цэцэрлэгт оруулахаар гуйсан. ... миний санаж байгаагаар Г-ын эхнэр буюу манай бэр Х- нь тухайн үед надаас 500.000 төгрөгийн хэрэг байна гээд гуйж авсан. Тэгэхлээр нь би өөрийнхөө виза картаа өгч явуулж байсан. ...” /1хх 16-17/,

- дээрх мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүд /1хх 21, 191, 2хх 106-108, 212-215/,

- Б.Н-гийн эзэмшлийн Хаан банк дахь 5032668022 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 147-150, 151-164/,

- Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай “Б.Н-г 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай” тушаалын хуулбар /1хх 93/,

- Нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1хх 95-97/,

- Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаал, түүний хавсралтын хуулбар /1хх 100-115/,

- Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Нийслэлийн улсын бүртгэлийн газрын иргэний үнэмлэхийн лавлагаа ******** регистрийн дугаартай Б. Н-” /1хх 135/,

- Чингэлтэй дүүргийн тэргүүний *** дугаар цэцэрлэгийн захиргаа, бүлгийн багш, эцэг, эх, тэдний асран хамгаалагчидтай хийсэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гурвалсан гэрээ /1хх 57-59/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Б.Н- нь Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа иргэн О.Х-гийн “өөрийн төрсөн хүүхдээ оршин суугаа газрын харьяаллын бус цэцэрлэгт бүртгүүлэн суралцуулах” ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын 2.18-д заасан “Хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах”, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай тушаал /Хамран сургах тойрог тогтоох тухай/-ын 2-т заасан “Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай” гэсэн заалтуудыг зөрчиж, хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлэн суралцуулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд иргэн О.Х-гаас “хандив” нэрийдлээр мөнгө өгөхийг шаардаж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны ******** дугаартай дансыг ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

О.Х- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн төрсөн хүү Г.Ц-гг хамран сургах тойргийн бус цэцэрлэгт элсүүлэхээр Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-д эрхэлж буй албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны ********* дугаартай дансыг ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Б.Н-, О.Х- нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.

Хахууль авах, өгөх гэмт хэргүүд нь нэг талаас хахууль авагч нь албан тушаалаа ашиглан хялбар аргаар ашиг олох, нөгөө талаас хахууль өгөгч нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох үүднээс албан тушаалтны шунахайн зорилгыг гүйцэлдүүлэх зэргээр хоёр талын ашиг сонирхлын нэгдлийг агуулдаг.

Шүүгдэгч Б.Н- нь Чингэлтэй дүүргийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болохын хувьд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй бөгөөд тэрээр энэхүү албаны чиг үүргээ хэрэгжүүлж Г.Цогбадрахыг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд түүний эх О.Х-гаас 500.000 төгрөгийг “хандив” нэрийдлээр авсан, харин шүүгдэгч О.Х- нь тус цэцэрлэгт хүүхдээ элсүүлэх ашиг сонирхлын үүднээс түүний бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан дээрх мөнгийг түүний хувийн дансанд шилжүүлсэн явдал нь тэдний хоорондын ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлжээ.  

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд эцэг, эхчүүдээс цэцэрлэгийн тохижилт, үйл ажиллагаанд зориулан “хандив”, “буцалтгүй тусламж” авч болохыг хориглоогүй бөгөөд энэ хуулийн 14.2-т эцэг, эх, асран хамгаалагч нь “хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах, хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах” үүргийг хүлээсэн байна.

Энэхүү хуулийн үйлчлэл нь зөвхөн тухайн цэцэрлэгт хамрагдан суралцаж буй хүүхдийн тухайд л хамаарахаар байхад шүүгдэгч Б.Н- нь тухайн хүүхдийг элсүүлэхийн өмнө түүний эхээс урьдчилж “хандив” өгөхийг шаардсан, нөгөөтээгүүр хандивлагчийн хүсэл сонирхлыг үл харгалзан, өөрийн санаачилгаар, албадлагын шинжтэйгээр тухайн хөрөнгийг өөртөө татан төвлөрүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-д заасан тухайн хөрөнгийг хүлээн авах, хадгалах, зарцуулах тухай зохицуулалтуудыг илтэд зөрчжээ. 

Хэдийгээр шүүгдэгч Б.Н- нь дээрх 500.000 төгрөгийг цэцэрлэгийн тохижилт, цар тахлаас сэргийлэх ажилд зарцуулсан хэмээн тайлбарлаж, холбогдох баримтууд гаргаж өгдөг боловч тухайн баримтуудын эх сурвалж, хамаарал тодорхойгүйн гадна, гэрч Ч.Ү-ын “...Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс ирүүлсэн хуваарь дээр ** дугаар цэцэрлэгт 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ариутгал хийх хуваарьтай байсан. Энэ хуваарийн дагуу очиж ариутгал хийсэн. Тэгэхдээ ямар нэгэн төлбөр мөнгө аваагүй. ...” /1хх 24/ гэсэн мэдүүлгээр үгүйсгэгддэг.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч Б.Н- нь дээрх 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан мөн өдрөө Г.О-ийн эзэмшлийн Хаан банк дахь *********** дугаартай данс руу “0024” гэсэн утгаар шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд үүнтэй холбогдуулан гэрч Г.Одонгуагаас “...0024 гэдэг захиалгын хуудасны дугаар юм шиг байхаар нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн захиалгын хуудсыг шүүж үзлээ. 0024 гэсэн захиалгаар Б.Н- гэх хүн 2.422.000 төгрөгийн ханын стек /3 хос/ худалдаж авсан байна. ...” /1хх 20/ хэмээн мэдүүлж, тухайн захиалгын хуудас /1хх 49/-ыг гарган өгсөн зэрэг нь шүүгдэгч Б.Н-гийн шунахайн зорилгыг илтгэжээ.

Албаны чиг үүргээ хувийн зорилгод ашиглаж, албан үүрэгт нөлөөлөхүйц харилцаа бүхий этгээдээс мөнгөн тусламж авахдаа өөрийн албан тушаалын эрх хэмжээнээс хальсан буюу албан тушаалын хувьд өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн эсхүл хамаарагдахгүй аливаа эрх, үүргийг дур мэдэн хэрэгжүүлэхдээ хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-г нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Х-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-, О.Х- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар Б.Н-д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, О.Х-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялуудыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай...” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар гаргасан санал, түүний үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлийг дутмаг хийж, үүнийгээ давж заалдах шатны шүүхээр нөхөн гүйцэтгүүлдэг зөрчил олон удаа давтагдаж байгааг цаашид анхааруулж тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН