Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 117/ШШ2022/0012

 

             

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Нд холбогдуулан гаргасан “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай О.Лд холбогдох шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг 2022 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “... О.Л нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн ...” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч О.Лг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав.

Материалд Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Н нь “Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” болон “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “О.Л нь иргэний үрэгдүүлсэн” талаар тэмдэглэл үйлдсэн байна.

Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн   1   дэх  хэсэг  буюу   “тогтоосон   хугацаанд    иргэний    улсын      бүртгэлд  бүртгүүлээгүй” гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Нийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.

Хариуцагч Д.Н 2022 оны 04 сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд О.Л нь иргэний үнэмлэх үрэгдүүлсэн талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд шийтгэлийн хуудас бичих явцдаа алдаа гаргаж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалт “Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” гэх зүйл заалтаар шийтгэл оногдуулах байтал хайхрамжгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 15.24. дүгээр зүйлийн 1 дэх заалт “Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн зүйл заалтаар шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн байх тул ... дугаартай шийтгэлийн хуудсаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлөх хүсэлтэй байна. Миний бие алдаа, зөрчлөө хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс “.. иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх заалтаар шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн ... ” гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт[1] шүүхэд  ирүүлжээ.

Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаас  иргэн О.Лг иргэний үнэмлэх үрэгдүүлсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30 нэгж буюу 30000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[2] оногдуулсныг зөрчилд холбогдогч 2021 оны 12 сарын 07-ны өдөр биелүүлж төлсөн болох нь  баримтаар[3] тогтоогдож байна.

Хариуцагч прокурорын дүгнэлтийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[4] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах ба  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол  хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

Захирамжид давж заалдах журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэргийг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[5] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар  зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай О.Лд холбогдох шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                              В.ЦЭ

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-2 хуудас

[2] Хэргийн 7 хуудас

[3] Хэргийн 8 хуудас

[4] Хэргийн 19 хуудас

[5] Хэргийн 20 хуудас