Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/41

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч М-ийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Хохирогч М,

Шүүгдэгч Б, М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М нарт холбогдох эрүүгийн 201615010188 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 05 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б 2016 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт М-ийн гэрт санаатайгаар бензин цацсаны улмаас гал гарч хохирогч М-ийн 4 ханатай гэр болон бусад эд зүйлийг хууль бусаар олон хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн уг үйлдлийн улмаас хохирогч М, Т, Б нарын өөрөөр хэлбэл хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч М нь хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа шүүхийн хэлэлцүүлгийн үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Тэр өдөр тооны хүмүүс манай хотонд мал тооллогоор ирсэн. Тэр хүмүүст айраг, архи хийж өгсөн. Манайх нэг цагаан архи задалж хүмүүст өгсөн. Тэгээд тэр хүмүүс манайхаас гараад М ахынд орсон. Манай гэрийн үүдэнд машинаа орхисон байсан. Тэд нар М ахынд байж байгаад явсан. Тооны хүмүүсийг явсны дараа манайд үлдсэн байсан нэг шил архи, 5 летрийн савтай байсан монгол архийг бид нар хувааж уусан. Дараа нь архиа дуусчихаад буцаж М ахынд орсон. Би гэртээ харьчихаад буцаад М ахынд орох гээд явж байтал гэрийн хаяанд нэг хүрэн боргионы савтай зүйл байсан. Миний ам их цангаж байсан болохоор уух гээд гэр лүү аваад орсон. М ахынд барьж ороод үүдэнд нь зогсоод авч орсон хүрэн савтай зүйлээ уух гээд балгатал бензин байсан. Би уг бензиныг балгаад буцаагаад тургитал гэнэт гал гарсан. Би гарч өөрийнхөө галыг унтраагаад гэр дээр гараад гэрт байсан хүмүүсийг хартал бүгд байсан. Би гэрээсээ ус олж ирж цацсан. Сүүлдээ ус дуусаад 20 летр айраг цацсан. Гэрийнх нь галыг унтраасан хойно охин нь орж ирээд гэрээс юм аваад байсан. Би гэрийн тавилгыг зөөх гэснээ гал гайгүй болсон болохоор орон дээр нь гараад хэвтэж байтал нам унтсан байсан. Даараад сэрсэн чинь гэрт ямар ч хүн байхгүй гал унтараад нам гүм болсон байсан. Тэгээд гэртээ ороод унтаж байтал үүрийн 4-5 цагийн үед цагдаа нар ирсэн гэв.

Шүүгдэгч М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Малын тооны хүмүүс манайд ирээд мал тооллого хийсний дараа архи уусан. Малын тооллогын хүмүүс явсны дараа бид нар үлдсэн архийг уусан. Орой малаа хотлуулчихаад гэртээ ороод унтах гэж байхад манайд гаднаас Б хүрэн савтай зүйл барьж орж ирээд уух гээд ам руу гаа явуултал гэнэт гал гарсан. Эмнэлэг цагдаагийн тэрэг хамт ирээд бид нарыг аваад явсан. Тийм зүйл болсон” гэв.

Хохирогч 1971 онд төрсөн М мөрдөн байцаалтын шатанд 2017-01-14-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай хотонд тус сумын тооны хэсгийн хүмүүс ирсэн. Тооны хүмүүс эхлээд Б-ийн гэрт орж 0,5 граммын “Сархад” архийг талд нь ортол Ц, Б, Б, Б нар уучихаад манай гэрт орж ирсэн. Манай гэрт Ц, Б, Б, Б, Т бид нар 0.75 граммын гадаад нэртэй архи хувааж уучихаад буцаж Б-ийн гэрт орж хөзөр тоглож үлдсэн “Сархад” архины талыг хувааж уусан. Тооны хүмүүс явсны дараа Б надтай үхэр малныхаа талаар ярьж сууж байгаад миний хамар луу цохьчихоод морио унаад бор хавцал руу яваад өгсөн. Т, Б манай охин Г, Б-ийн эхнэр Х бид 5 үхэр мал, тугалаа хашчихаад манай гэрт бөөнөөрөө сууж байсан чинь Б гаднаас ороод ирсэн. Мөн дахиад л надтай хэрүүл маргаан хийж чи манай үхэр малыг сааж битгий бузарлаад бай гэх мэтчилэн хэл амаар доромжилчихоод манай гэрээс гараад явсан. Буцаад 5-10 минутын дараа манай гэрт нэг хүрэн савтай шингэн юм бариад ороод ирэх шиг л болсон чинь манай гэрт гал гарсан. Тэгээд тэнд байсан хүмүүс гэрээс гараад галаа унтраачихаад бор хавцал руу Г гэх айл руу явган явсан. Б тэнд ганцаараа үлдсэн. Манай охин буцаж гэртээ очиж дээл, мотоцикл авахад манай гэрийн дотор тал шатаад гал нь унтарчихсан Б манай гэрийн хаалгыг дараад сууж байсан гэсэн...” /1 дүгээр хх 42/ гэсэн мэдүүлэг,

Хохирогч М 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Б манай модны хөрөөг авч модоо хөрөөдсөн. Тэгэхдээ хаанаас бензин хийж хөрөөдснийг мэдэхгүй. Гэхдээ мод хөрөөднө гэж ерөнхийдөө бензин авчирсан байх. Манай ойр хавьд савтай бензин байгаагүй. Миний нүүр цээжний урд хэсэг бүхэлдээ, хоёр гарын алга нилэнхүйдээ түлэгдсэн. Би гэрийн хойд талд сууж байсан. Т, Б хоёр гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Миний охин зүүн талаар хог шүүрдээд байж байсан юм. Ч орон доогуур ороод нуугдсан. Тэгтэл Б орж ирээд шууд савтай бензин цацсан. Б-оос айгаад л нуугдсан. 4 ханатай гэр хуучин 600.000 төгрөг, модон авдар 2 ширхэг, нэг бүр нь 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөг, бурханы гуу 18000 төгрөг, ор 30000 төгрөг, гудас 3 ширхэг нэг бүр нь 8000 төгрөг, нийт 24.000 төгрөг, хөнжил 3 ширхэг нэг бүр нь 15000 төгрөг, нийт 45000 төгрөг, халуун сав 6000 төгрөг, данх 7000 төгрөг, халуун сав 8000 төгрөг, аяга 12 ширхэг нэг бүр нь 800 нийт 9600 төгрөг, халбага 10 ширхэг нэг бүр нь 200 төгрөг, нийт 2000 төгрөг, хутга 6000 төгрөг, заазуур 6000 төгрөг, сандал 2 ширхэг нэг бүр нь 5000 нийт 10000 төгрөг, тогооны тавиур 40000 төгрөг, хэрэглээний сэлээний хувцас 300.000 төгрөг, сур 3 боодол 12 алд нэг бүр нь 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөг, мөнгөн аяга 6 ширхэг дунд гарын нэг бүр нь 200.000, нийт 1.200.000 төгрөг, хөөрөг 2 дуваа толгойтой дунд үеийн манан хөөрөг нэг бүр нь 350.000 төгрөг нийт 700.000 төгрөг, гаанс түрүү үеийн 2.500.000 төгрөг, эмээлийн 6 ширхэг мөнгөн завхай хуучны 1.300.000 төгрөг, буу тоз-8 маркийн 250.000 төгрөг, ширдэг 100.000 төгрөг тус тус нийт 7.856.600 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгсөн. Тэр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад дууссан. Тэгээд 10.856.600 төгрөг төлсөн. 70.000.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь цаашид эмчилгээний зардал болон сэтгэл санааны маш их хохиролтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 43/

Хохирогч Т мөрдөн байцаалтын шатанд 2016-12-24-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт болсон асуудал юм. Би тухайн өдөр М гэх айлд очсон юм. Тэр өдөр малын тооныхон ирсэн. Тэгээд М-ийнд сууж байхад Б тооны хүмүүстэй орж ирсэн. Тооныхон ч явсан. Тэгээд М, Г, Б, Б, түүний эхнэр бид нар үлдсэн. Бид нар үлдээд Б морьтой мордоод бор хавцал руу явсан. Ямар ажилтай явсныг мэдэхгүй. Тэгээд бид нар унтах гээд орох засах гэж байтал нохой хуцаад Б гаднаас орж ирсэн. М-ийнд орж ирээд М-тэй Б амаараа маргалдаж байгаад Б гараад явсан. Тэгээд эргэж орж ирээд гал тавьсан. Бид нар хэвтэхээр дээш хараад орон дээр хувцастайгаа хэвтэж байсан юм. Тэгтэл бөөн гал гарсан. Савтай бензин авч орж ирсэн юм билээ. Тэгээд л бөөн гал гарч түлэгдэх нь түлэгдээд гарч зугтааж Г гэх айлд очсон...” /1 дүгээр хх 34-36/

Хохирогч Б мөрдөн байцаалтын шатанд 2016-12-26-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг М, Б нарын өвөлжөөн дээр болсон асуудал байгаа юм. Тухайн өдөр малын тооныхон ирсэн. Би М-ийнд задалсан архинаас нь ганц рүнкийг уучихаад малд явсан. Тэгээд М гуайнд М, Т, Г, Ч, Б нар байсан. Тэгээд Б чимээгүй гарч яваад мордоод яваад өгсөн. Бид нарыг орой сууж байхад гаднаас Б орж ирсэн. Тэгээд юу ч ярилгүй байж байгаад гарч яваад удалгүй буцаж орж ирээд пивоны хүрэн савтай зүйл авч орж ирэхэд нь монгол архи юм уу пиво юм уу гэж бодсон юм. Тэгтэл гал гарсан. Учир нь Б М гуайн гэрийн зүүн талын орны өмнө зогсож байгаад савтай зүйлээ амандаа балгаад тургисан. Тэгтэл гал гарч гэр дотор хүмүүс гал дундуур гарч гүйсэн. Гэрээс гараад тараад зугтаацгаасан. Тэгээд миний бие түлэгдэж биедээ гэмтэл авсан. Намайг ороход Б М ахыг мөргөж хамраас нь цус гойжуулсан. Намайг М ахынд гаднаас ортол М Б хоёр маргалдаж байсан. Тэгэхээр нь би буцаад гараад явчихсан. М ахыг Б мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэх /1 дүгээр хх 49/,

Гэрч Г мөрдөн байцаалтын шатанд 2017-02-22-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед манай хотонд тооны хүмүүс ирсэн юм. Тэгээд Б ахынд аав, Т, Б нар 1 шил архи, манайд мөн 1 шил архи уусан. Тэгээд би Б, ахтай цуг үхэрт яваад иртэл тооныхон явчихсан байсан. Тэгээд үхэрт яваад ирэхэд манай аав М, Б ахтай маргалдаад манай гэр рүү орж байсан. Юунаас яагаад маргалдсаныг би мэдээгүй. Тэгээд манайхаас Б гараад морио унаад яваад өгсөн. Тэгээд бид нар гэртээ амрах гээд би хог цэвэрлээд ор засах санаатай байж байтал Б ирж байгаа бололтой байсан. Манай Б ахын эхнэр Х, Т,  Б, манай аав М бид нар байсан. Б ах манайд орж ирээд аавтай үхэр малын хэрүүл хийж эхэлсэн. Тэгтэл Т ах Б-ийг чи одоо гэртээ орж унтаж амар гэсэн чинь гараад явсан. Удалгүй хүрэн савтай шингэн зүйл авч гэрт орж ирсэн. Тэгтэл гэнэт л гэрээр дүүрэн гал болсон. Б шатаана гээд шууд бензинээ цацаж шатаасан. Манай аавыг хэл амаар доромжлоод элдвээр хэлээд байсан. Тэгээд Т ахыг орон дээр хэвтэж байхад Б ах татаж босгож ирээд хэрүүл гуйгаад аав Т ах хоёрыг мөргөчихсөн. Тэгээд Б ах явлаа гээд яваад өгсөн. Явахдаа та нарыг хошногноос чинь улалзуулаад шатаана гээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд бор хавцал руу явж ирээд манай гэрт орж ирсэн. Тэгэхдээ та нар намайг элбэж зодсон гээд байсан. Тэгээд Т ах унтаж амар гэж хэлтэл Б ах гараад явчихсан. Б-ийн эхнэр Х нь Б ахыг ирж байна гээд орон доогуур ороод нуугдсан байсан. Тэгээд удалгүй Б эргэж орж ирээд савтай бензиний тагыг нь авч  май ингээд та нар шат гээд гэр дотор баруун тал руу цацсан. Тэгээд нэг мэдсэн аймар гал гарч бид нар гэрээс гарч зугтааж түлэгдэх нь түлэгдэж Г гэх айлд очицгооцсон. Түлээ хөрөөддөг хөрөөнд хийдэг савтай бензин байсан байхаа. Манайх түлээгээ хөрөөдөөд түлээнийхээ хажууд савтай бензинээ тавьдаг юм. Гэрийн хаяанд савтай зүйл байгаагүй...” /1 дүгээр хх 62/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №280 дугаартай дүгнэлтэд “1. Б-ын биед нүүр, хоёр сарвуу, биеийн нийт гадаргуун 4-5 хувь хамарсан II-III АБ зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх 69/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №279 дугаартай дүгнэлтэд “1. М-н биед нүүр, хүзүүний баруун хэсэг, цээжний дээд хэсэг, хоёр гарын алга, биеийн нийт гадаргуун 14-15 хувь хамарсан II-III АБ зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх 75/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №278 дугаартай дүгнэлтэд “1. Т-ийн биед нүүр, хүзүүний баруун хэсэг, баруун мөр, гар, цээжний дээд хэсэг, нуруу, зүүн сарвуу, хоёр сарвуу, биеийн нийт гадаргуун 16-18 хувь хамарсан II-III АБ зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх 81/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /2 дугаар хх 37/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх 2/,

- Боргионы савыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дүгээр хх 33/,

- Яллагдагч Б-ийг хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон сэтгэцийн шинжээч эмчийн 04 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх 86/,

- Хохирогч М-ийн шатсан болон бусад эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хх 246-248/

- Боргио шошготой саванд шатах тослох материал илэрсэн болохыг нотолсон шинжээчийн 2567 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх103/       

- Шүүгдэгч Б-ийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр /1 дүгээр хх 119-121/, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /1 дүгээр хх 122-123/, шүүгдэгч М-г 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр / 2 дугаар хх 25-26/, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /2 дугаар хх 28-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх 130, 2 дугаар хх 44/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчлөх зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б, М нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б-ийг эд хөрөнгийг хууль бусаар устгасан, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн, мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах,

шүүгдэгч М-г шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2016 оны 12 дугаар сарын 08-нд гарсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б, М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.  

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Боргио” гэсэн шошготой савыг устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б-ийг эд хөрөнгийг хууль бусаар устгасан, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн, мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, шүүгдэгч М-г шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б-д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд тус бүр 2.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч М-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б, М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Боргио” гэсэн бичигтэй бор хүрэн савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б-ийн эзэмшлийн 16 тооны үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б, М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б, М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН