| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2026/1232/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1323 |
| Огноо | 2026-05-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1323
2026 5 06 2026/ШЦТ/1323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
хохирогч Б, түүний өмгөөлөгч Д.Ганбат,
шүүгдэгч Ж, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жд холбогдох эрүүгийн “2611006510456” дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... нутаг дэвсгэрт Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүр болон бүсэлхийн тус газар нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөж бүсэлхийн 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархай, дагз, зүүн нүд болон хацарт зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б: “...Тухайн өдөр хажуу талын орцонд хүнтэй уулзах гэж байгаад Сгийн ажлын байр луу нь орсон. Тэгэхэд шүүгдэгч байсан. Би ороод мэндлэхэд дуугай байсан. Тог тасрахаар нь ганц шил архи ууя гээд хуваагаад уусан. Шүүгдэгч хадам дүүгээ архинд гаргасан. Би буйдан дээр сууж байхад дасгалын төмөр пүршээр цохисон. Тэгэхэд толгойноос цус гарсан. Би зугтаах боломжгүй байсан. Тэр үед С унтаж байсан. Би тэр үед зодуулаад байж байхад С сэрээд салгахад би зугтаад гарсан. Би хамрын хагалгааны зардлаа нэхэмжилж байна. Миний хамрын таславч мурийж гэмтсэн. Амьсгалахад их хүндрэлтэй байгаа. Шөнө унтаж чадахгүй, толгой их өвдөж байгаа. Тухайн үед эмчлүүлж байсан зардал буюу 2,040,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан. Одоо сэтгэцэд учирсан хохирол болон хагалгааны зардлыг нэхэмжилж байна.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
- Гэрч ...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1338 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
- Шүүгдэгч А мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-93 дахь тал/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ж нь 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... нутаг дэвсгэрт Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүр болон бүсэлхийн тус газар нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөж бүсэлхийн 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархай, дагз, зүүн нүд болон хацарт зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Бын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр очсон. Тэгтэл хуучин хамт ажиллаж байсан. Ж гэх хүн тухайн газарт чулуугаар нэг зүйл хийгээд байж байсан. Намайг очиход тэнд тог тасраад С нэг шил архи авсан. Тэрний дараа Ж бас нэг шил архи авсан. Тэрийг Ж, С, бид 3 хувааж ууж байсан. Тэгээд намайг Ж нэг шил архи авч өг гэсэн. Тэгээд би хүн рүү залгаад мөнгө зээлэх талаар асуутал тэр хүн зээлэх мөнгө байхгүй гэсэн. Тэр хооронд Ж хадам дүү гэх хүн хамт бас байж байсан. Тэр хүн архи огт уугаагүй, архи аягалж өгөөд байж байсан. Тэгээд Ж тэр хадам дүүгээ архинд гаргасан. Тэгээд авчирсан шил архийг задлаад төмөр пүрш барьж байгаад намайг "чи дээд талын үсээ ургуулаад халзнаа далдлах гэж байгаа юм уу" гэж хэлээд үснээс зулгааж тасарсан хэсгийг газар шидээд, намайг буйдан дээр сууж байхад дасгалын пүршээр дээр гараад намайг нүдсэн. Би нүүр толгойгоо хамгаалаад байж байхад цохиод бас өшиглөөд байсан. Миний толгойны дагз хэсэг рүү, мөн баруун зүүн талаас төмөр пүрш болон гараараа цохиж байсан. Мөн зүүн талын хавирга хэсэг рүү өшиглөсөн. Миний хувьд хэдэн удаа цохисон талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
- Гэрч Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би ажил дээрээ Содовын хамт ажлаа хийгээд сууж байсан чинь гаднаас Ж орж ирээд миний багажийг ашиглан сийлбэр өнгөлөөд сууж байсан. Удалгүй араас нь Б орж ирээд надтай ажил яриад сууж байхад тог тасраад бид хийх зүйлгүй болоод би нэг шил архи аваад Б, Ж бид 3 хувааж уусан. Тэгээд би тэр архи ууж байгаад өмнөх өдөр нойр муутай ширээн дээрээ унтаад өгсөн байсан. Энэ үеэр Ж, Б нар хоорондоо муудалцаад зодолдоод чимээ гарахаар нь би сэрээд салгахад Бын толгойноос цус гарчихсан байдалтай байсан. Би энэ хоёрыг явуулъя гээд ажлын байрнаас гаргасан чинь Б, Ж хоёр дахиж зодолдоод байхаар нь би салгаад Жын эхнэр нь ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0726/1865 дугаартай: “...Бын биед бүсэлхийн 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын талавчийн мурийлт, баруун чамархай, дагз, зүүн нүд болон хацарт зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, баруун чамархай, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0826/748 дугаартай “...Шинжлүүлэгч Б-ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
- Шүүгдэгч Жын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Өмнө мэдүүлэгтээ бүгдийг хэлж ярьсан байгаа. Нэмж ярих зүйлгүй. Хохирогч Бын эмчилгээний төлбөрийг баримтын дагуу төлж барагдуулна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Быг цохиж зодсон үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Жыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдаг.
Шүүгдэгч Ж нь хохирогч Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүр болон бүсэлхийн тус газар нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөж бүсэлхийн 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун чамархай, дагз, зүүн нүд болон хацарт зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх бүхий гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Бын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Жын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганбатаас: “...Тусгайлан гаргах саналгүй.” гэх саналыг,
Шүүгдэгч Жын өмгөөлөгч Т.Отгонсүрэнгээс: “...Улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байна. Миний үйлчлүүлэгч нь 4 хүүхэдтэй. Ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх хэрэгтэй. Миний үйлчлүүлэгч нь бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээс дээшгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, тус хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Жын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирлын зэрэг болон улсын яллагч, өмгөөлөгч нарын ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б нь баримтаар 2,037,328 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ж нь 2,040,000 төгрөг төлж барагдуулсан байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0826/748 дугаартай дүгнэлтээр хохирогч Бын сэтгэцэд учирсан хор уршиг гуравдугаар зэрэглэлээр тогтоогдсон байна.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж, уг хуультай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Улсын дээд шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 9-15 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон.
Дээрх гэмт хэрэг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн ба Үндэсний хорооноос улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Бын биед бүсэлхийн 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын талавчийн мурийлт, баруун чамархай, дагз, зүүн нүд болон хацарт зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, баруун чамархай, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсныг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 14,256,000 төгрөгөөр тогтоов.
Хохирогч цаашид эмчилгээ хийлгэнэ гэх тул цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж нь шүүх хуралдааныг завсарлуулж, дээрх сэтгэцэд учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан тул хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан 264,702 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж /РД:/-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жд оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Жаас 264,702 /хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж, хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хохирогч Бын цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ