Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/307

 

Б.Т-д холбогдох эрүүгийн

                                                          хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Т-ы өмгөөлөгч Г.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/285 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор М.Энхбаатарын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр Б.Т-д холбогдох эрүүгийн 2106 03466 0328 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.Т, 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан,

            Б.Т- нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ойролцоо орших ус цэвэрлэх байгууламжаас 100 метрийн зайд байрлах газраас “Өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1192.4 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагаас 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01 цаг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн арын зам дээр саатуулагдсан өөрийн найз Ө.Б-ийн*** улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын багааж болон арын суудлын доод талд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

             Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Б.Т- нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаандаа буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин мансууруулах бодисыг хэрэглэсэн болох нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн “...Б.Т-ы биеэс мансууруулах бодис хэрэглэсэн эсэх талаар дээж /шээс/ авах ажиллагааг тус цагдаагийн газрын тусгайлан бэлтгэсэн мэдүүлгийн 213 дугаартай өрөөнд 17 цаг 00 минутад эхлэв. ...Б.Т-ы хариу 5 дахь багана буюу ТНС гарсан тул гэрэл зургаар бэхжүүлсэн...” гэх мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх 153/-ээр тогтоогдож байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг зөрчиж уг асуудлыг шалгахгүй орхигдуулж, яллах дүгнэлт үйлдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчжээ. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон байхад шалгаж тогтоогоогүй /яллагдагчаар татах эсэх нь ч тодорхойгүй бус зөрчлийн шинжтэй/ үйлдлийг шалгаагүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн ноцтой зөрчсөн болох, түүний хууль зүйн үндэслэлийг захирамждаа тодорхой заагаагүй нь захирамжийг эсэргүүцэх бас нэг үндэслэл болж байна.

3. Б.Т- нь 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдан, тус аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад хорихоос өөр төрлийн ялаа эдэлж байхад нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж /шээс/ авч тестлэн шалгаж үзэхэд ТНС гарсан. Иймээс гэрэл зургаар бэхжүүлсэн гэх баримтууд нь Б.Т-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдсэн, мөн мансуурах зөрчил үйлдсэн гэж шууд үзэх нотлох баримт болохгүй ба хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж, шүүгдэгчид ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх ямар ч шаардлагагүй болно.

4. Мөн дээрх асуудлыг бүрэн гүйцэд шалгаагүй, орхигдуулсны улмаас хэргийг шийдвэрлэхэд шүүгдэгчийн гэм буруу, ял шийтгэл, түүний эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх талаар шүүгчийн захирамжид тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. Үүнтэй холбогдуулан шүүхэд нотлох баримт шинээр гаргаж өгч байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т-ы өмгөөлөгч Г.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шээсний шинжилгээнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн байдаг. Тухайн үедээ хэрэглэсэн асуудал байдаг боловч биеэс нь илрээгүй. Биедээ хадгалж явсан байдал тогтоогдоогүй. Мөн бэлтгэсэн асуудал байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хэрэглэсэн асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хангахгүй байгаа. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Т-ыг “2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ойролцоо орших ус цэвэрлэх байгууламжаас 100 метрийн зайд байрлах газраас “Өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1192.4 грамм хэмжээтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагаас 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01 цаг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн арын зам дээр саатуулагдсан өөрийн найз Ө.Б-ийн*** улсын дугаартай, “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын багааж болон арын суудлын доод талд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...Б.Т- нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан хугацаандаа буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин мансууруулах бодисыг хэрэглэсэн болох нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн “...Б.Т-ы биеэс мансууруулах бодис хэрэглэсэн эсэх талаар дээж /шээс/ авах ажиллагааг тус цагдаагийн газрын тусгайлан бэлтгэсэн мэдүүлгийн 213 дугаартай өрөөнд 17 цаг 00 минутад эхлэв. ...Б.Т-ы хариу 5 дахь багана буюу ТНС гарсан тул гэрэл зургаар бэхжүүлсэн...” гэх мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх 153/-ээр тогтоогдож байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг зөрчиж уг асуудлыг шалгахгүй орхигдуулж, яллах дүгнэлт үйлдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчжээ. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой байдаг.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Б.Т- нь 2021 онд “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 удаагийн үйлдлээр холбогдсон ба эхний үйлдлийг нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэж тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаанд тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэжээ.

Харин сүүлийн үйлдлийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад тэрээр тэнссэн хугацаандаа шүүхээс тогтоосон “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг зөрчсөн талаарх баримт мэдээлэл /хх 153/ илэрсэн байна.

Эдгээрээс үзэхэд, шүүгдэгч Б.Т- нь эрүүл мэндийн хувьд мансууруулах бодисын хамааралтай, донтолттой байж болзошгүй байхад мөрдөн шалгах ажиллагааны үед түүний энэхүү хувийн байдалтай холбоотой мэдээллийг огт шалгаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулсан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрлийг сонгож хэрэглэдэг билээ.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд эдгээр ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж болон магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/285 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Энхбаатарын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН