Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 421

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Урангуа хөтлөн,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Х.Түмэннасан

шүүгдэгч А , түүний өмгөөлөгч Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010003 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мон Ургамал” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А . Шүүгдэгч А  Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дахь хорооллын эцсийн буудлын замд 2017 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 7 цаг 30 минутын үед Mitsubushi Delica маркийн 45-00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Түмэннасанг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч А  шүүхийн хэлэлцүүлэгт: Би мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Х.Түмэннасанд 835.000 төгрөг төлсөн гэв. Хохирогч Х.Түмэннасан шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавьж явдаг хүн. Өдөрт 5 км орчим алхаж, алхасныхаа дараа заавал гимнастик хийдэг. Насны байдал болон биед гэмтэл учирснаас болоод биеийн дархлаа сулардаг юм байна. Миний эрүүл мэндэд хохирол учирсны улмаас эдийн засгийн нилээн их зардал гарсан. Тухайлбал хүүхдүүд гадаадаас ирсэн гэх мэт. Гэхдээ би энэ бүгдийг нэхэмжлэхгүй байгаа. Харин хавтаст хэрэгт нийт 1.700.390 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнээс 90.200 төгрөгийн, 104.890 төгрөгийн баримтууд давхардсан тул эдгээрийг хохиролоос хасаж тооцоход татгалзахгүй. А  надад 835.000 төгрөг өгсөн нь үнэн. Миний эрүүл мэндэд үнэхээр их хохирол учирсан болохоор цаашид би эмчлүүлэх шаардлагатай учир надад 2 сая төгрөг өгчих гэж би А д хэлсэн. Үүнийг нэхэмжилж байна гэв. Хавтаст хэргээс: Хохирогч Х.Түмэннасангийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...2017 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 07 цаг 30 минутын үед би хорооллын эцсийн замд явган хүний гарцаар хойноосоо урагшаа явж байсан. 1,2 дугаар эгнээний 2 машин зам тавьж өгч би цааш 3 дугаар эгнээ рүү ортол машинд мөргүүлсэн. Мөргүүлэхдээ 8-9 метр шидэгдэж газар унасан. Гэмтэлд үзүүлэхэд зүүн гарын мөр мултарсан байна гээд мөрөө оруулуулсан. Тэгээд ослын газарт очиж хэмжилт хийлгээд харьсан. Орой нь 20 цагт Интермед эмнэлэгт толгойны имрай зураг авахуулахад зүүн нүдний ухархай, ташаа тархин дотор 3 мм хэмжээтэй цус хуралттай байна гэсэн. Баруун гар маргаашнаас нь хавдаж эхэлсэн. 9-ний өдөр дахиад гэмтэлд үзүүлэхэд баруун гарын шууны яс цуурсныг тогтоосон. Гэрээрээ ар гэрийнхэн маань эмчилгээ сувилгааг маш сайн хийлгэсэн. Эрүүл мэндэд учирсан хохиролыг жолоочоос нэхэмжилж байна ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг, Иргэний хариуцагч А.Туяагэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:” Миний эзэмшлийн автомашиныг жолоодох зөвшөөрлийг А  надаас авсан. Тэр өдөр манай компаний эд зүйлийг таван шар хүргүүлэхээр явуулсан юм. Машинд эвдрэл байхгүй учраас үнэлгээнд оруулахгүй. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг, Яллагдагч А  мөрдөн байцаалтанд өгсөн:”... 2017 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 7 цагийн орчимд би Туяагэрэлийн эзэмшлийн Митцубиши Делика маркийн 45-00 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хорооллын эцсийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй 3 дугаар эгнээнд Драгон төв рүү явж байсан юм. Хорооллын эцсийн автобусны буудал дээр иртэл 2 дугаар эгнээнд Портер машин явж юу ч харагдахгүй урдуур нь гэнэт нэг өвөө гарч ирсэн. Би тоормос гишгээд өвөөг мөргөсөн. Би машинаас буугаад өвөө дээр очиж биеийг нь асуусан чинь машинаа аваад ир манайд очъё гэхээр нь би машинаа ойртуулж очоод өвөөг суулгаад гэрт нь хамт очоод хүүхдүүдтэй нь гэмтлийн эмнэлэг орсон. Тухайн үед гэмтлийн эмч нар өвөөгийн зүүн мөрийг мултарсан байна гээд оруулж өгсөн. Би тэр үед машинаа өвөөгийн гэрээ гадаа үлдээсэн. Тэгээд гэмтлийн цагдаад мэдэгдсэн чинь тэндхийн цагдаа замын цагдаа руу мэдэгдсэн. Тэгээд өвөө бид хоёр ослын газарт очиж хэмжилт хийлгэсэн. Би гэмтлийн эмнэлгээс гарын сойлт 2-ыг 40.000 төгрөг, толгойны имрай төлбөр 425.000 төгрөг зардал гаргасан. Нийт 465.000 төгрөгийн хохирол төлсөн. /хх-ийн 40/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8859 дугаартай: Түмэннасангийн биед зүүн атгаал ясны толгойн мултарсан хугарал, баруун шуу ясны алсын үзүүрийн зөрөөгүй хугарал, зүүн дух, шанаа, хацар, дээд доод зовхи, хамрын уг нуруу, зүүн суга, бугалаганд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, 2 хөлийн өвдөгт зулгарал цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 27/ Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 283 дугаартай: Мицубиши Делика маркийн 45-00 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Цэдэвсүрэнгийн А  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Х.Түмэннасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 32/ хохиролтой холбоотой /хх-ийн 58-60/ болон шүүх хуралдаан дээр гаргасан баримтууд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12/, явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 20/, шүүгдэгч А н хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- ийн 57/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч А  Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дахь хорооллын эцсийн буудлын замд 2017 оны 7 дугаар сарын 7-ны өглөө 7 цаг 30 минутын үед Mitsubushi Delica маркийн 45- 00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Түмэннасанг мөргөж, зүүн атгаал ясны толгойн мултарсан хугарал, баруун шуу ясны алсын үзүүрийн зөрөөгүй хугарал, зүүн дух, шанаа, хацар, дээд доод зовхи, хамрын уг нуруу, зүүн суга, бугалаганд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, 2 хөлийн өвдөгт зулгарал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь: хохирогч Х.Түмэннасангийн мэдүүлэг /хх-ийн 19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 27/, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, яллагдагч А гийн мэдүүлэг /хх-ийн 40/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх- ийн 8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12/, явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 20/, хохирогчоос гаргаж өгсөн хохиролын гэх баримтууд /хх-ийн 58, 60/, хохирол төлсөн гэх баримт /хх-ийн 69, 70/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Иймд шүүгдэгч А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүхээс шүүгдэгч А д ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирол төлбөрийн талаар хохирогч Х.Түмэннасангаас хэрэг бүртгэлтийн явцад хавтаст хэрэгт хавсаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан нийт 1.700.390 төгрөгийн үнийн дүн бүхий хохиролын баримтуудаас 90.200 төгрөгийн, 104.890 төгрөгийн баримтууд тус тус давхардсан, шүүгдэгч А  нь хохирогч Х.Түмэннасанд 835.000 төгрөг төлснийг тус тус хасаж тооцов. Хэрэгт авагдсан хохиролын баримтуудаас төлөгдөөгүй үлдсэн (1.700.390-90.200-104.890- 835.000)=670.300 төгрөгийг шүүгдэгч А гаас гаргуулж хохирогч Х.Түмэннасанд олгох нь зүйтэй. Харин хохирогч Х.Түмэннасангаас цаашид гарах эмчилгээтэй холбогдуулан нэхэмжилсэн 2 сая төгрөгийн нэхэмжлэлийг холбогдох баримтгүй үндэслэлээр энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. Шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд А гийн 272331 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэх хэрэгт хураагдан ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А г хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг А д мэдэгдсүгэй.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шүүгдэгч А гаас 670.300 төгрөг гаргуулж хохирогчид олгож, хохирогч Х.Түмэннасан эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Хэрэгт хавсарган ирсэн шүүгдэгч А гийн 272331 дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ