Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/297

 

Б.Ж-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

шүүгдэгч Б.Ж-ы өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Ж-д холбогдох 2103 00236 0324 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн Б-ын Ж, 1997 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.Ж нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 03:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Содон” чулууны дэлгүүрийн хойд замд “Субару импреза” загварын хх-хх УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авына” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Э-ыг мөргөж, түүний амь нас хохирсон,

улмаар мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газар: Б.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У овогт Б-ын Ж-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн дээрх гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 4 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Ж-ы №11ххххх дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төвд шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын нэхэмжлэлээс 4.610.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар болон гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шалгах явцад Б.Ж-ыг цагдаагийн байгууллага болон прокуророос цагдан хорьж шалгаагүй мөн оршуулгын зардал болох 16.000.000 төгрөгийг ч бүрэн барагдуулаагүй, хүний амь насыг хохироочихоод уучлалт гуйгаагүй, ажил явдлын дараагаар уулзъя гэж товлосон газар, цагтаа ирээгүй. Миний хувьд сэтгэл санааны хямралд орж, хүн алсан хүн хэргийн газраас зугтаасан, учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй мөртлөө ямар ч хорих ял байхгүйгээр гадуур эрх чөлөөтэй явж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх оршуулгын зардлаас буяны зан үйлд зарцуулсан мөнгийг хэрэгсэхгүй болгосон. Манай улсад буяны зан үйлд хэдэн төгрөгийг яаж зарцуулдаг талаар болон лам, бөө, шашны байгууллагууд нь төлбөрийн баримт өгдөггүйг бид сайн мэддэг. Би өөрийн боломжоороо баримт бүрдүүлж өгсөн. Мөн миний нөхөр идэр залуу насандаа ямар нэгэн хууч өвчин, эмгэггүй байсан. Түүнийг нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Мөргөсөн этгээд хурд хэтрүүлэн явснаас болж үхэлд хүргэсэн. Хотын хөдөлгөөнд хуульд заасан хурдтай явсан бол ядаж эрхтэн дутуу ч амьд үлдэж, гэр бүл, хүүхдүүддээ харагдаад явах байсан. Дүрэм зөрчиж осол гаргасан жолоочийн ослын улмаас хань ижлээ алдаж 2-5 насны хоёр охинтойгоо үлдсэн. Хууль зөрчсөн буруутай этгээдэд ял завшуулж байна. Миний хохирлыг бүрэн барагдуулж, буруутай этгээдэд хуулийн дагуу хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-аас гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгчээс хохирлыг барагдуулах талаар хэлсэн байдаг. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ж-ы өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс зан үйлтэй холбоотой зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгчээс энэ хохирлыг боломжоороо төлж барагдуулна гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Ж гэм буруу дээрээ маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардал болон зан үйлийн зардал гэж нийт 16.864.225 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлахад оршуулгын зардалтай холбоотойгоор хүнс болон эд зүйл худалдан авсан нийтдээ 61 ширхэг баримт байсан. Эдгээр баримтуудыг тооцож үзэхэд хохирлын төлбөр 12.753.070 төгрөг болсон. Үүнийг шүүгдэгч Б.Ж-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-д 10 сая төгрөгийг төлсөн. Үлдсэн 2.753.070 төгрөгийг шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж байгаад төлсөн байдаг. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-аас нэхэмжилсэн 4.610.000 төгрөгийн талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй учраас шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж гэм хорын хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхээс шүүгдэгч Б.Ж-д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж, засарч хүмүүжих, цаашид хохирогчийн ар гэрт туслалцаа үзүүлэх боломжийг хангаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Б.Ж нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 03:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Содон” чулууны дэлгүүрийн хойд замд “Субару импреза” загварын хх-хх УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагаа, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Э-ыг мөргөж, амь насыг нь хохироосон, улмаар мөн дүрэмд заасан осолд холбогдсон жолоочийн хүлээх үүргийг үл биелүүлж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын: “...Манай нөхөр намайг харчихаад зам хөндлөн гарсан. Тэр үед замын урд талын баруунаас зүүн явдаг чиглэлийн хоёрдугаар эгнээн дээр нөгөө машин манай нөхрийг мөргөөд, зогсолгүй шууд баруун тийшээ явсан. ...” /1хх 23/,

гэрч Г.О-ийн: “...А.Э ярьж зогсож байгаад гэнэт гүйх, шогших маягаар зам руу гүйхээр нь би зүүн тал руу харахад нэг машин их хурдтай ирж явсан. А.Э эхний урсгалаа өнгөрөөд эсрэг урсгал руу ороход машин А.Э-ыг баруун урд хэсгээрээ мөргөөд чигээрээ яваад өгсөн. ...” /1хх 87/,

гэрч А.Б-ын: “...Би оффис руугаа ороод түлхүүрээ хайж байгаад олж аваад ажлаас гараад иртэл А.Э машинд мөргүүлсэн байсан. Би гүйгээд очиход ухаагүй байсан. Мөргөсөн машин нь цаашаа чигээрээ зугтсан. ...” /1хх 92/,

гэрч И.Г-ын: “...А.Э буцаад зам гарахаар шогшоод явсан чинь тэр үед нэг цэнхэр машин баруун урд талаараа А.Э-ыг мөргөөд унагаасан. Тэгээд бид нар гүйж очоод, Одког “Дугаарыг нь хараарай” гэхэд “Сайн харж чадсангүй. 70-тай л дугаар харагдлаа” гэсэн. ...” /1хх 96/,

шүүгдэгч Б.Ж-ы анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Зам дээр хүмүүс байгааг харсан. Тухайн үед өөрийгөө амжаад гарчихна гэж бодсон. Гэнэт нэг хүн машины хажуу талаас гүйгээд орж ирсэн. Мөргөөд сандарсандаа зугтсан. ...Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явснаа мэдэж байсан. ...Миний буруутай үйлдлээс болж осол гарсан. ...” /1хх 244/,

шүүгдэгч Б.Ж-ы жолоодон явсан хх-хх УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн их гэрэл ойр дээрээ, баруун их гэрэл хол, ойр дээрээ гэрлийн тусгалын хүч нь стандартын шаардлага хангахгүй, энэ нь осол болсон газар дахь замын гэрэлтүүлэг, цаг агаарын нөхцөл муу үед жолоочид зам дагуух үзэгдэлт муу харагдах байдлаар нөлөөлнө, мөн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй, зүүн урд, баруун хойд дугуйн тоормос ажиллагаагүй болохыг тогтоосон Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 24997564 дугаартай дүгнэлт /1хх 153-160/,

хх-хх УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1, 5.2, 12.3-т тус тус заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Э-ыг мөргөсөн, мөн дүрмийн 3.5.а, 3.5.б, 3.5.г-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ихбаярын гаргасан магадлагаа /1хх 163-165/,

амь хохирогч А.Э-ын дух ясны зүүн хэсгээс зүүн ухархайн дээд хана хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн зулай, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр талын бөмбөлгийн дух, чамархайн суурийн хэсгээр аалзан хальсан доор цус харвалт, хоёр тал бөмбөлгийн чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархины гүүрний эдийн цус харвалт, нүүр, их бие, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдсон, эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1814 дугаартай дүгнэлт /1хх 119-124/

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 11-14/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ж-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, тус гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Амь хохирогч А.Э нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан нь шүүгдэгч Б.Ж-ы Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, бүрэн бус гэрэлтүүлэгтэй, хэвийн бус ажиллагаатай тоормос бүхий тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авалгүйгээр явган зорчигчийг мөргөсөн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан осолд холбогдсон жолоочийн хүлээх үүргийг үл биелүүлж, осол гаргасны дараа хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-ы хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, тус гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Ж-ы анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-аас оршуулгын зардал болон шашны зан үйлд зарцуулсан зардлыг тус тус нэхэмжилснээс шашны зан үйлд зарцуулсан гэх 4.610.000 төгрөгийн нэхэмжлэл нь баримтаар тогтоогдоогүй, хохирогч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх бөгөөд анхан шатны шүүх энэхүү үндэслэлээр иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар болон гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлээ шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа шийдвэрийг гаргахдаа гагцхүү нотлох баримтад үндэслэсэн байх ёстой бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоохдоо “баримт”-аар тогтоогдсон хэмжээгээр хуульд зааснаар гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-д гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг /1хх 228/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2.754.000 төгрөгийг /2хх 5/ тус тус төлсөн баримт хэрэгт авагдсан байх ба анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд эрүүгийн хэргийг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрх нь хязгаарлагдах бол нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон тохиолдолд нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй байхаар заасан.

Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гаргасан иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон мэтээр “шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байх тул шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “Шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй...” гэсэн хэсгийг “Шүүгдэгч Б.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-д гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд нийт 12.754.000 /арван хоёр сая долоон зуун тавин дөрвөн мянга/ төгрөг төлсөн...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                          Ц.ОЧ