| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/1006/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/999 |
| Огноо | 2026-05-13 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
улсын яллагч Б.Тогтох,
шүүгдэгч Ц.Г ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц.Г холбогдох эрүүгийн ********* тоот хэргийг 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн 5 дугаар танхимд хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х******овогт Ц**********ын Г***********/РД:**********/,
Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Хил хамгаалах Ерөнхий газрын 208 дугаар тусгай салбар, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 хороо Зүүн баян уул 27-34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн тухай /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Г нь 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 08 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн хотхоны баруун урд зам дээр скутер унаж явж байгаад явган зорчигч буюу хохирогч Г.Н санамсар болгоомжгүйгээр мөргөж биед зүүн чамархайгаас хөхлөг, сэртэн, чихний суваг дайрсан шугаман хугарал, тархины баруун чамархайн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цус хураа, баруун дух чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбээнд цус хуралт, дух хамарт зулгаралт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ:
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
- 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 30-р хуудас/,
- 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-13-р хуудас/,
- Хохирогч Г.Н “...2026 оны 3 дугаар сарын 30-ний өдөр 08 цаг 30 минутын үед гэрээсээ ажил руугаа явах гэж гарсан бөгөөд Гэгээнтэн цогцолбор урд талын авто машины замаар зам хөндлөн гарах гэж байсан буюу баруунаас зүүн чиглэл рүү зам хөндлөн гарах гэж байсан. Тухайн үед 2 урсгалын тээврийн хэрэгслүүд бүгд зогссон түгжрэлтэй байсан. Тэгээд би цааш юу болсныг санахгүй, юунд мөргүүлсэн, эмнэлэг рүү яаж явснаа санахгүй байсан, 10 цагийн үед сэргэхэд би эмнэлэгт байсан, ухаан санаа орж гараад самуурсан, юу болоод байгааг ойлгохгүй, толгой маш их өвдөж байсан. Тэгээд би буцаад ухаан алдсан ба дахин сэрэхэд толгойны томографт орж байсан бөгөөд өөрийгөө осолд орсон, гэмтэл дээр ирсэн юм байна гэдгээ мэдсэн. Би гарцаар гараагүй, бүх урсгал зогссон түгжрэлтэй байсан учраас гарцгүй газраар гарсан. Одоогийн байдлаар зүүн чихний чамархайн хугарал учраас миний зүүн чих битүү байгаа дотор нь юм хийчихсэн юм шиг байгаа мөн сонсгол муу байгаа, толгойны дагз хэсгээр хүрэх юм бол хөндүүртэй өвдөнө, хурдан ядарна. Тухайн осол болсон үеэс хойш таныг мөргөсөн хүн тантай холбогдсон, Намайг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад эргэж ирсэн, эмнэлгээс гарсны дараа тухайн хүн гэмтлийн чих хамар хоолойн тасгаар хамт явж эмчид үзүүлсэн, 2026 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл холбоотой байсан, одоо холбоогүй байгаа. Өчигдөр дугаар луу нь залгахад утсаа авахгүй байсан. Би одоохондоо тогтоолгохгүй, намайг мөргөсөн хүнтэй ярилцаж байж шийдье. Би эмчлүүлж байх эм тарианы мөнгө баримтаар нотлогдож байгаа 700,000 төгрөг, б энэ баримтыг авчирч өгнө, тухайн 7 хоног буюу 2026 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр би Солонгос улс руу явах ёстой байсан., тэрхүү билет хатуу нөхцөлтэй байсан учраас билетээ цуцлаад өдрөө хойшлуулаад шинэ билет авсан 1,200,000 төгрөг би ажлын 10 хоног ажиллаагүй цалинг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Ц.Б*********ын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******** дугаартай “...1.Г.Н******** биед зүүн чамархайгаас хөхлөг сэртэн, чихний суваг дайрсан шугаман хугарал, тархины баруун чамархайн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цус хураа, баруун дух, чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбээнд цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ байна. 3. Амь насанд аюулгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
- Яллагдагч Ц.Г*******ийн “...2026 оны 03 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 40 минутын үед зайсангийн Оргил худалдааны төв өнгөрөөд Гэгээнтэн цогцолбор хавьцаа замын гол хэсгээр өөрийн скүүтэртэй явж байсан. Тэгтэл дунд оврын автобусны араас явган хүнийг гарцгүй газраар гэнэт нэг эмэгтэй хүн гарч ирсэн ба үзэгдэх орчин хязгаарлагдмал, том машины араас гарч ирсэн учир самбаачлах хугацаа боломж олдоогүй. Тэгээд би тухайн эмэгтэйгийн хажуу талаас нь шулуун мөргөсөн, би тухайн үед тормос базах, хажуу тийш зайлах ямар ч боломжгүй байсан учраас нүүр нүүрээрээ мөргөлдсөн. Миний скүүтэр сууж явдаг байсан учраас хохирогчийн нүүр хэсгийг миний хацар шанаа хэсэг мөргөсөн, тухайн эмэгтэй надад мөргүүлээд замын гол ухаан нь балартаж унасан, улмаар хажуу талд байсан машинаас жолооч нь бууж ирээд цагдаа, түргэн тусламж дуудаж өгсөн бөгөөд 15 минут орчмын дараа тухайн эмэгтэй хөдөлж нүдээ нээж ухаан нь орж ирсэн. Тэгээд түргэн тусламж ирээд гэмтлийн эмнэлэг авч явсан. Би гэмтлийн эмнэлэгт очоод томографт харуулах, хэвтэн эмчлүүлэх тасаг руу зөөж туслалцаа үзүүлэн ар гэртэй нь уулзсан. Гэмтлийн эмнэлэг дээр хэвтэн эмчлүүлж байхад нь би нэг удаа эргэлтээр очсон, гэмтлийн эмнэлгээс гараад эмнэлгээр бас цуг явсан, 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн ******** тоот данснаас хохирогчийн хаан банкны ******** тоот Г****** Н*********гэсэн данс руу 3,000,000 төгрөг “Г********хохирол барагдуулав” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Тэгээд хохирогч Н******** гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас / шүүхийн хэлэлцүүлэгт урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэснийг дурдах нь зүйтэй.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт:
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Г нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Ц.Б*******лын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №******* дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Н*******гийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ц.Г нь скутер унаж явахдаа явган зорчигч буюу хохирогч Г.Н мөргөж гэмтэл учруулж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Г********“хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5. Хохирол, хор уршиг:
Хохирогч Г.Н нь надад гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч 3,000,000 төгрөгийг төлсөн /хавтаст хэргийн 57-р хуудас/ байх тул шүүгдэгч Ц.Г********бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Г********Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэснийг шүүгдэгч Ц.Г нь саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Ц.Г нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж заасан үндэслэлд хамаарч байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх шүүгдэгч Ц.Г*********ийг эрүүгийн хариуцлагыг оногдуулахаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б***** овогт Г*****ийн Г********нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г********эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
4. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА