Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01494

 

“БГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/01620 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “БГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К.Ч-д холбогдох,

Барьцаат зээлийн гэрээг цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 18 250 398 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ганбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Минжүүрдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БГ” ХХК нь хариуцагч К.Ч-д холбогдуулан 2017 оны 12 сарын 27-ны өдрийн ХЭ-64 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, гэрээний үүрэгт 18 250 398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Зээлдэгч К.Ч нь “БГ” ХХК-тай 2017 оны 12 сарын 27-ны өдөр ХЭ-64 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 11 440 000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг К.Ч-ын зааснаар, түүнд автомашин худалдсан “Эко кар центр” ХХК-ийн 5034864455 тоот дансанд ямар нэгэн шимтгэлгүйгээр зээлийн гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн. Барьцаат зээлийн барьцаанд 70-25 УБО улсын дугаартай, NHW207747207 арлын дугаартай, приус-20 маркийн хар өнгөтэй автомашиныг унаж явах нөхцөлтэйгээр барьцаалсан байдаг. Зээлийн гэрээний хавсралтаар фидуцын гэрээ хийсэн байдаг. Ингээд зээлдэгч К.Ч нь 2018 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн сар болгоны нэгний өдөр үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөхөөр зээлийн хувиар гаргуулсан боловч дээрх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй явсаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан өдөр хүрсэн байна. Зээлдэгч К.Ч нь 2018 оны 2 сарын 03-ны өдөр 600 000 төгрөг, 2018 оны 02 сарын 05-ны өдөр 31 000 төгрөг, 2018 оны 3 сарын 01-ний өдөр 320 000 төгрөг, 2018 оны 3 сарын 15-ны өдөр 524 000 төгрөг, 2018 оны 4 сарын 06-ны өдөр 617 000 төгрөг, 2018 оны 5 сарын 08-ны өдөр 739 000 төгрөг, 2018 оны 6 сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 7 сарын 02-ны өдөр 50 000 төгрөг, нийт 3 881 000 төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс хойш буюу 2018 оны 7 сарын 20-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 270 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдүүлэгч талаас зээлдэгчийн бүртгүүлсэн дугаарт удаа дараа залган зээлийн төлөлтийг шаардсан боловч зээлээ төлөхгүй, би төлөхгүй өөр хүн төлнө гэдэг зүйлийг хэлдэг. Зээл төлөх мэдэгдлийг мөн явуулсан. Зээлдэгч нь зээлийг төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй. К.Ч нь барьцаа хөрөнгө болох Приус-20 маркийн автомашиныг гуравдагч этгээдэд дамжуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болгосон. Ингээд 2019 оны 4 сарын 09-ний өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 10 055 316 төгрөг, зээлийн хүү 3 167 424 төгрөг, зээлийн гэрээнд заасан алданги болох 5 027 658 төгрөг нийт 18 250 398 төгрөгийг хариуцагч К.Ч нь зээлийн гэрээний үүргийн дагуу төлөхөөр байна. Алдангийг зээлийн гэрээнд зааснаар 0,5 хувиар бодсон байгаа. Үндсэн зээл болох 10 055 316 төгрөгөөс 0,5 хувиар алданги бодоход нэг өдрийн алданги 50 277 төгрөг болж байгаа. Үүнийг хугацаа хэтэрсэн 270 төгрөгөөр тооцож үзэхэд нийт 13 574 790 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 5 027 658 төгрөгөөр нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч К.Ч-аас 18 250 398 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 18 250 398 төгрөг гаргуулах гэж ойлгож байгаа. Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь гэрээний 5 дугаар зүйлд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлүүдийг зааж өгсөн байгаа. Зээлийн гэрээн дээр эдгээр заалтуудыг заасан байхад ямар үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах гэж байгааг нь ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл дээр хариуцагчид мэдэгдсэн гэх боловч ийм баримт хэрэгт авагдаагүй байгаа. Манайх мэдэгдэх хуудас өгсөн гэж байгаа боловч мэдэгдэх хуудас хэзээ өгсөн гэх баримт нь хэрэгт авагдаагүй байгаа. Мөн хариуцагчид сануулга өгсөн, нэмэлт хугацаа олгосон гэх баримтууд нь хэрэгт байхгүй. Тийм учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэгч байгууллагыг би барьцаалан зээлдүүлэх газар гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч байгууллага нь “Эко кар центр” ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлсэн хэрнээ хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг гэж шаардаад байгааг ойлгохгүй байна. К.Ч-д өгсөн гэх машины өмчлөгч нь нэхэмжлэгч байгууллага гэдэг нь нотлогдож байгаа. Өөрөө өмчилсөн хэрнээ зээлийн гэрээ, фидуцийн гэрээ гэж байгуулаад байгаа нь Иргэний хуульд заасан агуулгатай авцалдахгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч К.Ч-аас зээлийн гэрээний үүрэгт 18 047 253.25 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 203 145 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249 202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид 248 186 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч барьцаат зээлийн гэрээг цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 18 250 398 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд барьцаат зээлийн гэрээг цуцлуулах үндэслэл тодорхой бус. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т "гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно", мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т "нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой", 225 дугаар зүйлийн 225.2-т "үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан" гэсэн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн. Барьцаат зээлийн гэрээний 1.7-д "гэрээг цуцалснаас хойш ажлын 5 хоногт зээлдэгчийн эзэмшлээс тээврийн хэрэгслийг хураан авч зогсоолд байрлуулж зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар бичгээр мэдэгдэл хүргүүлнэ, мөн 1.8-д "мэдэгдэх хуудас авснаас хойш зээлдэгч нь 15 хоногийн дотор зээл төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулна" гэж заасан байхад энэ заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй, шүүх зээлдэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 219.3, 225.2 дах заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 219.3, 225.2-д заасан нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах зэрэг арга хэмжээ авсан гэх баримт хэрэгт авагдаагүй учраас гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй. Нэхэмжлэгч барьцаат зээлийн гэрээг цуцлах талаар хариуцагчид урьдчилан мэдэгдээгүй атлаа 2017 оны 12 сарын 27-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний ар талд "Казман овогтой Чинзул миний бие 70-25 УБО “Т Приус” маркын автомашиныг лизингийн нөхцөлөөр авсан 20180517798 итгэмжлэлийн дагуу зээлийн гэрээг үүрэг дуусгавар болгосны дараа Бямбаа овогтой Гантуяад шилжүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан Казман овогтой Чинзул 2018.05.17" гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргуулж, тэрхүү итгэмжлэл гэх бичигтээ "автомашины өмчлөх эрх шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсан “БГ" ХХК-ийн ажилтан ..." гэж эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан. Мөн нэхэмжлэгч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан Бямбаа овогтой Гантуяа гэгч этгээдийг барьцаат зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр оруулсан баримт байгаа. Хариуцагч дээрх баримт бичиг үйлдсэн асуудлыг гэрээний үүргийг Бямбаа овогтой Гантуяад шилжүүлсэн гэж ойлгож барьцаалсан гэх автомашиныг Б.Гантуяад шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч дээрх автомашины өмчлөгч учраас уг автомашиныг эрж хайх өмчлөх эрхээ хамгаалах талаар ямар ч арга хэмжээ авахгүй жил гаруй хугацаа өнгөрч байна. Барьцаат зээлийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа бол барьцааны зүйл нь гуравдагч этгээдийн эзэмшилд шилжээд байхад түүний эзэмшлээс эд хөрөнгөө шаардахгүй байгаа нь ойлгомжгүй. 2017 оны 12 сарын 27-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлийг үндэслэл болгосон нь Иргэний хуулийн агуулга, зарчимтай нийцэхгүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т барьцаалан зээлдүүлэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх эрхгүй гэсэн заалтыг нэхэмжлэгч зөрчиж байна. Барьцаат зээлийн гэрээний зүйл болох автомашины өмчлөгч нь “БГ групп” ХХК болох нь нотлогдож байгаа. Барьцаат зээлийн гэрээний 1.10-т энэхүү гэрээний 1.9-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйлийг түргэн борлогдох үнэ буюу 12 240 800 төгрөгөөр бусдад зарж зээл, хүүгийн төлбөр, бусад зардлыг гарган авахыг барьцаалуулагч К.Ч хүлээн зөвшөөрч байна гэсэн заалт байгаа бөгөөд нэхэмжлэгч дээрх заалтын дагуу автомашиныг худалдан борлуулах эрх нь нээлттэй. Барьцааны зүйлээ Иргэний хууль зөрчиж барьцаалж мөн захиран зарцуулах эрхтэй байхаар гэрээ байгуулж Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-ийг зөрчсөн. Барьцаат зээлийн гэрээний нэг тал нь "БГ" ХХК, барьцааны өмчлөгч нь "БГ групп" ХХК болох нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогддог боловч нэхэмжлэгч дээрх 2 хуулийн этгээд хоорондоо ямар хамааралтай болох талаар баримт шүүхэд ирүүлээгүй. "БГ” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогддог. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн "БГ'' ХХК-ийн нэхэмжлэлтэй К.Ч-д холбогдох барьцаат зээлийн гэрээг цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 18 250 398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “БГ” ХХК нь хариуцагч К.Ч-д холбогдуулан барьцаат зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18 250 398 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2017 оны 12 сарын 27-ны өдөр ХЭ-64 тоот барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч “БГ” ХХК нь 11 440 000 төгрөгийг, 1 сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хариуцагч К.Ч-д зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож, хариуцагч К.Ч нь 70-25 УБО улсын дугаартай “Т Приус” маркын автомашины өмчлөх эрхийг фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн байх бөгөөд хамтран зээлдэгчээр Б.Гантуяа оролцсон болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ /фидуци/, зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/

Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, хариуцагч К.Ч нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч “БГ” ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас 18 047 253.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 203 145 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дах хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар дүгнэсэн нь зөв болжээ. Талуудын байгуулсан гэрээний 5.1.2-т зээл төлөх хугацааг 7 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд  зээлийн гэрээг цуцлах талаар заасан байх тул дээрх нөхцөл байдал нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж үзэж зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БГ” ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул барьцааны зүйл нь хамтран зээлдэгч Б.Гантуяагийн эзэмшилд шилжээд байхад түүнээс эд хөрөнгөө шаардах эрхтэй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

 Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх эрхгүй гэх боловч хуулийн дээрх зохицуулалт нь барьцааны зүйлийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй, харин тухайн барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй талаар зохицуулсан. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэгч “БГ” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө буюу автомашиныг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 70-25 УБО “Т Приус” маркын автомашины өмчлөгч нь “БГ групп” ХХК гэж бичигдсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаанд дээрх автомашины өмчлөгчөөр “БГ” ХХК бүртгэгджээ. /хх-ийн 51-р тал/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/01620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                    Г.ДАВААДОРЖ