Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/298

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч А.Гантуяа, Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Гантуяа, Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2108 00000 1650 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Б-ийн Б, 1998 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнө 01:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, талбайн урд талын автобусны буудал дээр иргэн Г.С-ын гээгдүүлсэн “Хаблот” загварын бугуйн цагийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 348.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 07:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийтийн тээврээр зорчин явсан хохирогч Г.Б-ийн өмсөж явсан хүрэмний энгэрийн халааснаас “Самсунг-А71” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.100.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар:  Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Б.Б-ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.С, Г.Б нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б-ын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.А-ын асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэхийг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт зааснаар харьяалах Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Хохирогч нар хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Би 2019 оны 3 дугаар сард төрсөн охин Б.А-ын хамт амьдардаг бөгөөд охин минь одоо эцгээсээ хол, миний ах дүүстэй хамт амьдарч байна. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдон тухайн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээсэн бөгөөд өөрийн гэсэн ажил  хийж, нийгэмд зөв байр суурьтай хүн болох гэж гэр бүлтэй болсон хэдий ч эхнэр гадаад явж эргэж ирээгүй, охинтойгоо амьдарч байсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадахаа анхан шатны шүүх хурал дээр илэрхийлсэн. Цаашид шударгаар хөдөлмөрлөж амьдрахаа амлаж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч А.Гантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “2021 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө эхнэртэйгээ хамт гэртээ харих замдаа сууж явсан таксигаа зогсоогоод эхнэрийгээ тамхи авахуулах гээд гаргах үед үл таних хэдэн залуучууд манай эхнэрийг “Гичий минь” гэхээр нь эхнэрээ өмөөрч, машинаас буугаад муудалцахдаа бугуйн цагаа газарт унагасан байсныг гэртээ харих замдаа мэдээд тухайн газар руугаа буцаж таксины жолоочоор хайлгахад үл таних залуу миний цагийг аваад оронд нь өөр цаг өгөөд явсан байсан.” гэжээ. Б.Б тэр даруй гэм буруугаа хүлээж, цагийг эзэнд нь буцааж өгсөн, мөн хулгай хийж авсан гар утсаа хохирогч Г.Б-т бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөөд гэм буруугаа хүлээсэн. Б.Б бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхдийн эх хүүхдээ орхиж гадаад руу яваад холбогддоггүй, 2 настай охиноо багаас нь эхлэн өөрөө өсгөж байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Б.Б өмнө нь хоригдож байгаагүй бөгөөд анх удаа цагдан хоригдож, гэм буруугаа ойлгож, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж, гэмшиж байна. Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэргийнх нь хор уршгийн шинж чанар, учирсан хохирлоо бүрэн төлсөн болон хувийн байдал, ар гэрийн хүнд амьдрал, прокурорын гаргасан ялын санал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь хэрэг мөрдөн байцаалтад шилжсэнээс эхлэн тухайн гэмт хэрэг үйлдсэнээ үнэн зөвөөр мэдүүлж, учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь буруу болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс хамгийн хүндийг сонгон хэрэглэж буй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол төлбөрөө төлсөн зэрэгт нийцэхгүй байна. Хэдийгээр шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан боловч ялыг бүрэн эдэлж дууссан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй гэдгийг шийтгэх тогтоолдоо дүгнэсэн атлаа хамгийн хүнд ялыг сонгож байгаа нь бага насны хүүхдийн аюулгүй орчинд амьдрах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эрхийг зөрчиж, шүүгдэгчийг хүүхдээс нь салгаж байгаа нь энэрэнгүй ёсны зарчмыг зөрчиж байгаа хэлбэр юм. Хэдийгээр асран хамгаалах асуудлыг шийдвэрлэхийг шийтгэх тогтоолд заасан боловч бага насны хүүхэд нь эцэгтэй байх нь цаашид ямар хүн болж төлөвших, нийгэмд сайн хүн болох үндэс суурь нь тавигдана. Эдгээр нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэлгүйгээр хорих ялыг сонгон хэрэглэсэн, ял хүндэдсэн байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгчийн хувийн байдалд буюу засарч хүмүүжээгүй байдалд нь дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

1. Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, талбайн автобусны буудал дээр иргэн Г.С-ын гээгдүүлсэн “Hublot” загварын бугуйн цагийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 348.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.С-ын: “...2021 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, талбайн автобусны буудал дээр ...миний бугуйнд байсан “Hublot” брэндийн бугуйн цаг унасан байсныг гэртээ харьж явах замдаа мэдээд тухайн газар руугаа буцаж очоод таксины жолооч залуугаар тухайн цагаа хайлгахад үл таних нэг залуу өөдөөс өөр нэг ширхэг цаг шидсэн. ...” /хх 7/,

шүүгдэгч Б.Б-ын: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, талбайн автобусны буудал дээр ...би машиндаа суухаар явж байтал газарт шаргалдуу өнгийн хар оосортой “Hublot” гэх брэндийн цаг унасан байхаар нь өөрт байсан эвдэрхий цагаа үлдээгээд газарт байсан цагийг авсан. ...Газарт хаягдсан цаг байхаар нь өөрөө хэрэглэх зорилгоор аваад гартаа зүүгээд удаагүй байтал цагдаа нар залгаад тухайн цагийг буцаан өгсөн. ...” /хх 24/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.С-ын эзэмшлийн “Hublot” загварын бугуйн цагийн үнэлгээг 348.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт /хх 15-16/, хохирогчид бугуйн цагийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9/ болон бусад нотлох баримтуудаар,

2. Мөн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 07:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврээр зорчин явсан хохирогч Г.Б-ийн өмсөн явсан хүрэмний энгэрийн халааснаас “Самсунг-А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Б-ийн: “...Гар утсаа хүрэмнийхээ энгэрийн халаасанд хийгээд автобусны урд талын хаалгаар орсон. Явж байтал миний хажууд хар өнгийн хүрэмтэй, цагаан өнгийн канттай саарал өнгийн цүнх үүрсэн, 25 орчим насны залуу намайг шахаад байхаар нь би тухайн залууд “Цаашаа бай. Бариулнаасаа барьж яваач” гэж хэлээд түлхсэн. ...Би тухайн үед гар утсаа үзэхэд миний халааснаас алга болчихсон байсан. ...” /хх 62/,

шүүгдэгч Б.Б-ын: “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өглөө автобусанд суухад хүн ихтэй байсан ба би хойд талын хаалган дээр зогсож байгаад баруун талд зогсож байсан залуугийн зүүн талын халаасанд байсан хар өнгийн, гэргүй Самсунг-А71 загварын гар утсыг нь аваад халаасандаа хийгээд лабораторийн автобусны буудал дээр буусан. ...Тухайн үед мөнгө хэрэг болоод гар утсыг нь авсан. ...” /хх 102-103/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Г.Б-ийн эзэмшлийн Самсунг-А71 загварын гар утасны үнэлгээг 1.100.000 төгрөгөөр тогтоосон Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1285 дугаартай дүгнэлт /хх 64-65/,

гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 66-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирол учруулсан, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Мөн шүүгдэгч Б.Б-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бий болсноор төгссөнд тооцдог, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бол гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд бусдын хууль ёсны өмчлөгчийн эзэмшлээс гарсан, тухайлбал хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн боловч түүний өмчлөх эрх хэвээр хадгалагдаж байхад тухайн эд хөрөнгийг өөрөө хэрэглэх, зарж борлуулах зэргээр ашиглан шамшигдуулах гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үеэс төгссөнд тооцдог.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.С-ын гээгдүүлсэн бугуйн цагийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь тухайн цагийг өөрөө хэрэглэх зорилгоор авсан талаар яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн /хх 24/, мөн хохирогч Г.Б-ийн эзэмшлийн гар утсыг авах эрхгүй атлаа түүнд мэдэгдэхгүйгээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон нь  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь урьд хоёр удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.А-ын асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасан нь хуульд нийцсэн байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээ хийсэн зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулаагүй байгааг давж заалдах шатны шүүх нөхөн шийдвэрлэх боломжтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээний төлбөр 18.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж “Дамно” ХХК-д олгох өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Гантуяа, Х.Ургаа нарын гаргасан “Хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээний төлбөр 18.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж “Дамно” ХХК-д олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Гантуяа, Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ